Tuesday, September 23, 2008

"Mass Communication Theory" нэр томъёоны тухай

Саяхан нэг оюутантай харилцаж байгаад блог руу маань ордгийг мэдлээ. Уг нь би зөвхөн сэтгүүл зүйн багш нарт хэрэгтэй бичлэгүүдээсээ түүж тавьж байсан юм. Гэхдээ завгүйгээрээ шалтаглаад нэлээд удаан завсарлачихлаа. Тэгээд ч англи дээр байгаа зарим зүйлээ орчуулж амждаггүй. Ер нь блогоо зөвхөн багш нараар хязгаарласны хэрэггүй юм байна гэж бодлоо. Оюутнуудтайгаа, сэтгүүлчидтэйгээ хуваалцах санаагаа товч атугай бичиж байя гэж бодлоо. Зарим оюутнууд маань англи, солонгос, герман хэл сурцгаасныг ч олж мэдлээ. Тэгэхээр заавал монгол хэл дээр биш мөн англи дээрх материалаа тавьж болох юм байна гэж бодлоо.
Энэ удаа би саяхнаас зааж эхлээд байгаа онолын хичээлийн лекцнээсээ нэгэн нэр томъёоны тухай хэсгийг нь нийтэд хэрэгтэй санаа гэж үзээд авч тавихаар шийдлээ.
А.Оюунгэрэл

Хичээлийн нэр

Хичээлийн маань нэр “Олон Нийтийн Харилцааны Онол” гэж хэдэн жилийн өмнө боловсролын яамны батлагдсанаар бичигдсэн байгаа. Харин би заахдаа Олон Түмний Харилцааны Онол” гэж заана. Тиймээс би батлагдсан нэрний дор үүнийг давхар бичээд байгаа юм шүү. Та нарын толгойг эргүүлэх гэж ингэж байгаа юм биш. Хичээлийнхээ агуулгатай холбогдуулж нэр томъёогоо засаж хэрэглэе гэж бодсон юм. Энэ хичээлийн англи нэр нь “Mass Communication Theory” юм. Та нарыг “Mass” гэдэг үгэнд нь анхаарлаа хандуулахыг хүсье. Хэрэв Д.Алтангэрэлийн англи-монгол хэлний толь бичгийг сөхвөл энэ олон утгатай үгийн тайлбарт “олон түмэн, ард олон”, ба “олон нийтийн” гэсэн хоёр утгын аль аль нь орсон байгаа. Хоорондоо төстэй бөгөөд сүүлчийнх нь эхнийхээ дотор багтах ойлголт бүхий энэ холбоо үгсийн эхнийх нь буюу “олон түмэн, ард олон” гэдэг нь хэвлэл мэдээлийн нийгэм дотор үүсгэсэн ерөнхий харилцааны хувьд ихээхэн таарч тохирч байгаа юм.

Монгол оронд ХХ зууны эхээр олон түмэнд зориулсан хэвлэл, мэдээлэл үүсэж хөгжсөнөөс хойш сэтгүүл зүйн онолын тайлбаруудыг Зөвлөлтийн эрдэмтдийн бүтээлээс манайхан орчуулж буулгахдаа “Теория Массовой Коммуникаций” гэдгийг “Олон Нийтийн Харилцааны Онол”, “Средство Массовой Информаций” гэдгийг “Олон Нийтийн Мэдээллийн Хэрэгсэл” гэж хэрэглэх уламжлалыг тогтоосон нь өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Энэ нь тухайн нэр томъёонуудыг онож орчуулаагүй тохиолдол байж болох ч хэвлэл мэдээлэл нь үзэл суртлын онолоор ажиллаж байсан 1990-ээд оноос өмнөх үед “олон нийт” гэдэг ойлголт нь ухуулгын сэтгүүл зүйг хэрэгжүүлэхэд тун тохирч байжээ. Харин чөлөөт хэвлэл мэдээлэлтэй болсон энэ цаг үед уг нэр томъёо үнэхээр тохирохгүй болоод байна. Зүй нь Ц.Дамдинсүрэн, А.Лувсанвандан нарын зохиосон “Орос-Монгол Толь”-ийн 260 дугаар талд “масса” гэж үгийг “олон түмэн, өргөн олон, өргөн түмэн” гэж орчуулсан утга бидний энэ хичээлийн нэрний хувьд тохирох билээ.

Үнэн чанартаа бол “олон нийтийн” гэсэн холбоо үг нь англи хэлэнд эргээд буулгахад “public” гэж орчуулагдах болоод байгаа юм. Та нар дахиад Д.Алтангэрэлийн англи-монгол хэлний толь бичгийг сөхөөд үзээрэй. “Public” гэдэг үг “олон нийт” гэсэн утгаар л тайлбарлагдсан байгаа. Түүнчлэн “олон нийт” гэдэг нь “олон түмэн” гэсэн үгийн дотор нь багтах явцуу утгатайг Америкийн “Уэбстэрийн англи шинэ үгийн толь”, Английн “ХХ зуунд англи хэлэнд орж ирсэн шинэ үгс” толь бичгүүдийн тайлбар ч харуулж байна.

Түүнээс гадна “рublic” гэдэг англи үг нь “улсын”, “засгийн газрын”, “нийтийн” гэсэн явцуу утгаар хэрэглэдэг. Үүнийг дараах жишээгээр харуулъя.
Public school-Улсын сургууль
Public university-Улсын их сургууль
Public official-Төр, засгийн албанд сонгогдсон хүн
Public service-Олон нийтэд үйлчлэх
Public Television-Олон нийтийн телевиз
Public restroom- Нийтийн бие засах газар
Public speech-Нийтийн өмнө үг хэлэх гэх мэт
Оросоор ч гэсэн “рublic” гэдэг үгийг “общественность”(олон нийт), “общественный” (олон нийтийн) гэж орчуулдаг нь дээрх утгатай яг таарч тохирдог. Сургалтын явцад сэтгүүл зүйн чиглэлээр гарсан бүтээлүүдийг уншиж танилцахдаа ОНМХ (Олон Нийтийн Мэдээллийн Хэрэгсэл) гэж товчилсон үг тааралдвал ОТМХ (Олон Түмний Мэдээллийн Хэрэгсэл) болгон залруулж байх юм шүү.

Энэ хичээлээр бид нийгмийн доторхи харилцааг дэлхий нийтийн хэмжээний өргөн утгаар судлах тул нэр нь “Олон Түмний Харилцааны Онол” байх нь тун чухал юм. Ерээд оны эхээр олонтаа зохиогдож байсан хэвлэлийн эрх чөлөөний тухай семинаруудын нэг дээр хуульч Б.Чимид гуай “Олон түмний мэдээллийн хэрэгсэл” гэж хэлж тогтох тухай санал гаргаж байсан юм. Харамсалтай нь энэ саналыг тухайн үедээ хэн ч анхаарч өлгөж аваагүй орхижээ. Харин бид “Сэтгүүлч” коллеж дээрээ шинэ нэр томъёогоор нь олон түмний харилцааны онолыг заах гэж байна. Дашрамд хэлэхэд, манай кино урлагийхан нэр томъёогоо сэтгүүл зүйн бидэнтэй адил орос хэлнээс авсан мөртлөө “масс” гэсэн утгыг “олон түмэн” гэсэн зөв утгаар нь авч хэрэглэсэн байдаг юм. Тэд “массовка” гэдгийг “олон түмний хэсэг” гэж ойлгомжтойгоор орчуулсан бөгөөд энэ нь нийгмийн олон янзын давхаргыг төлөөлсөн туслах дүрүүдийг дэлгэцэнд гаргаж харуулдаг хэсэг билээ.
2008 оны 9 дүгээр сарын 1

3 comments:

batbayar said...

setguulch hun chin ooroo tal biriin medeelte baih hergeet shtee tegeed sain analiz hiideg http://ajiglagch.wordpress.com iim il bog bitgii bolgooroi gol in sain survaljlagch bolh bolon davuu taliin sain bicheeree bi serguulch bishee sonirhogch tes oor meregjiltee

A.Oyungerel said...
This comment has been removed by the author.
A.Oyungerel said...

Таны зөвлөгөөнд баярлалаа. Би сэтгүүлчдийнхээ онолыг мэдлэгт тус нэмэр болох гэж энэ блогоо нээсэн юм. Гэхдээ нийгмийн харилцаанд оролцож буй хүн болгон л хэвлэл мэдээлэлтэй харьцдаг тул өөр мэргэжлийн хүмүүст ч энэ талын мэдлэг бас хэрэгтэй л дээ. Тиймээс блогт минь зочилсонд тун их баярлалаа. Дашрамд хэлэхэд таны дурдсан блог бол одоогоор Монголд хэвлэл мэдээллийн, түүний дотор сэтгүүл зүйн шүүмжлэлийг дэмжиж буй цорын ганц блог юм шүү.
Ёслов,
А.Оюунгэрэл