Америкийн телевизийн хөгжлийн чиг хандлага
-Ямар ч их зурагт үздэг юм бэ дээ?
-Зурагтнаас би их юм мэдэж авдаг юм шүү дээ. Танин мэдэхүйн ач холбогдолтой гэж та мэдэх үү? Ядаж л ангийнхаа хүүхдүүдийг юуны тухай ярьж байгааг ойлгоод байдаг юм даа.
Ээж охин хоёрын ярианаас
Нэг. Эхлэл
Попын хаан Майкл Жексоны хачирхалтай үхлийн талаар яриа ид өрнөж байхад буюу 2009 оны долдугаар сарын 17-нд америкийн олон нийт “телевизийн сэтгүүл зүйн загалмайлсан эцэг” Уолтер Кронкайтын нас эцэслэсэн мэдээг хүлээн авсан юм. АНУ-д телевиз анхнаасаа л арилжааны чиглэлтэйгээр үүссэн бөгөөд 1961 онд Си Би Эс-д Уолтер Кронкайтыг уригдаж ирэх үед хүмүүс телевизийг зугаа цэнгээний хэрэгсэл л гэж үздэг байжээ. Тэр 1981 он хүртэл тэнд өглөөний нэвтрүүлгийн сурвалжлагчаас оройн мэдээний сурвалжлагч, нэвтрүүлэгч, редактораар ажиллахдаа шударга, үнэнч, хариуцлагатай сэтгүүлч байхыг биеэрээ үлгэрлэн харуулж, телевизийн мэдээ “шуурхай, үнэн зөв, тэнцвэртэй байх” стандартыг тогтоож өгсөн билээ.
Телевизийн мэдээний хөтөлбөр 15 минут байсныг хагас цаг болгон уртасгаад оройн хоолны цагаар цэнхэр дэлгэцээр дамжин айлд нэвтэрч ороод аль болох хэрэгтэй мэдээллийг нь хүмүүст олж өгөх гэж мэргэжил нэгтнүүдийнхээ хамт хичээдэг байжээ. Ингэснээр телевизийг мэдээллийн хэрэгсэл гэдэг талаас тодотгож ойлгуулсан юм. “Дэлхийн сэтгэл зүрхэнд ойр байхын тулд би сэтгүүлч болсон юм” гэж дурсамжийн номдоо бичсэн Уолтер Кронкайт 1972 онд рэйтингээрээ тэр үеийн олон улс төрч, нийгмийн зүтгэлтнийг ардаа орхин “Хамгийн их итгэл хүлээсэн хүн” болж байсан бөгөөд энэ хүндэтгэлийг алдалгүй явсны гэрч нь өнөөдөр олон нийт түүнийг дурсахдаа “Телевиз дэх хамгийн итгэл хүлээсэн дуу хоолой” гэж нэрлэсээр байгаа явдал юм.
Уолтер Кронкайтад эцсийн хүндэтгэл үзүүлэхээр ирсэн улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн сэтгүүл зүйд түүний үлдээсэн өв уламжлалынх нь талаар цохон тэмдэглэхдээ сүүлийн арваад жилд телевизийн ирээдүйн талаар нийгэмд өрнөсөн маргаанаас үүдэж гарч ирсэн “Телевизийн ирээдүйг мэдээллийн хөтөлбөр нь аварна” гэсэн америкчуудын дүгнэлтийг нэлээд бататгаж өгсөн юм.
АНУ-д телевизийн систем нь сүлжээний, кабелийн, орон нутгийн гэсэн гурван төрлийн телевизээс тогтдог бөгөөд эдгээрийг өөр хооронд нь ялгаруулдаг, өөрсдийнх нь хүчээр бүтдэг оригиналь бүтээгдэхүүн нь зөвхөн мэдээллийн хөтөлбөр нь байдаг билээ. Тиймээс тэд зах зээл дээр ямагт мэдээллийн хөтөлбөрөөрөө л өрсөлдөх болно. Нийгэмд ямар ч өөрчлөлт болж байлаа гэсэн мэдээллийн хөтөлбөр нь Уолтер Кронкайтын тогтоосон сэтгүүл зүйн зарчмаар л шуурхай, үнэн зөв, тэнцвэртэйгээр хийгдэх учиртай. Олон арван жилийн турш Си Би Эс, Эн Би Си, Эй Би Си гэсэн сүлжээний гурван телевизээс гол мэдээллээ авч дассан хүн ард нь ч сэтгүүлчдээс мэргэжлийн өндөр хэм хэмжээгээ барьж ажиллахыг алхам тутамд нь шаарддаг.
Хэрэглэгчид нь улам бүр илүү их мэдээлэл шаардах болсон тул телевизүүд мэдээний цагаа нэмэгдүүлж байна. 2003 онд долоо хоногт мэдээнд 3,7 цаг зориулдаг байсан бол 2005 онд 3,8 цаг болгож, харин 2007 оны сүүлч гэхэд 4,1 цаг зарцуулдаг болжээ. Түүнчлэн мэдээллийн хөтөлбөрийн цагийг өглөөний, өдөр дундын, оройн, үдшийн гэж хуваарилан мэдээг хүргэхийг хичээж байна. Хөгжлийнх нь шинэ хандлагыг тодорхойлсон нийгмийн их өөрчлөлтийн дунд америкийн сэтгүүлчид уламжлалын дагуу телевизийн сэтгүүл зүйн стандартад тохирсон мэдээллийг бэлтгэхийг чармайж байна. Гэхдээ мэдээллийн агуулга, үйлдвэрлэл, түгээлтэд нөлөөлөх асар их өөрчлөлтийн дунд мэдээ бэлтгэж байна.
Хоёр. Телевизийн эргэн тойронд болж байгаа өөрчлөлтүүд
Өнгөцөөр харахад Интернэтээс үүдэн бүх зүйл өөрчлөгдөж байгаа мэт байвч үнэн чанартаа маш олон хүчин зүйл АНУ дахь телевизийн системийг өөрчилж байгаа юм. Телевизийн эргэн тойронд болж байгаа өөрчлөлтүүдийг ерөнхийд нь эдийн засгийн, технологийн, хүн ам зүйн дэх өөрчлөлт хэмээн гурав ангилж болно.
Эдийн засгийн өөрчлөлт
Сүлжээний телевизүүд эдийн засгийн загвараа эргэн харж байна. Эхлээд Си Эн Эн, Фокс зэрэг кабелийн, дараа нь Он-Диманд, Пэй Рөр Ривью зэрэг төлбөрт сувгууд үүсэж хэрэглэгчдээс захиалгын үнийг урьдчилан авах болсон нь мэдээллийн үйлдвэрлэлийн санхүүжилтийг өөрчилж байна. Захиалгын үнэ нь кабелийн телевизийн орлогын тал хувийг бүрдүүлдэг тул сүлжээний телевизийн өмнө “Кабелийн хэлбэрт шилжих үү, үгүй юу?” гэдэг асуултыг тавьж байгаа бөгөөд зарим нь цөөн тооны хэрэглэгчид зориулсан кабелийн суваг ч нээгээд байна.
Түүнчлэн цахим сайтаар дамжуулан Гүүгль компанитай орлого хувааж болох хувилбар гарч ирсэн нь арилжааны телевизүүд зар сурталчилгаанаас гадна хэд хэдэн санхүүжилтийн эх сурвалжтай байж болохыг харууллаа. Эдийн засгийн загварыг өөрчлөхийн хувьд Эн Би Си сүлжээний бусад хоёр телевизээсээ илүү ахиц гаргажээ. Тэрээр Майкрософттой хамтран Эм Эс Эн Би Си хэмээх кабелийн телевиз нээж http://www.msnbc.msn.com/ гэсэн цахим хувилбартайгаар ажиллуулж байна. Эм Эс Эн Би Си ийнхүү Си Эн Эн, Фоксын зэрэгцээ АНУ-ын гурав дахь кабелийн телевиз болон нэмэгдэж 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулж, мэдээллийн хөтөлбөрөөрөө үндэсний хэмжээнд сүлжээний телевизүүдтэй өрсөлдөж эхэлсэн билээ.
Орон нутгийн телевизүүдэд ч эдийн засгийн загвараа эргэн харах шаардлага тулгарчээ. Учир нь эдийн засгийн хямралын энэ үед үзэгчдийн тоо нь буурснаас зар сурталчилгааны орлого нь багасчээ. 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үед л ашигтай ажиллаж чадсан байна. Дижитал системд шилжих үеийг 2009 оны хоёрдугаар сараас зургадугаар сар болгож хойшлуулсан хугацаанд аналог төхөөрөмжөө хадгалахын тулд багагүй мөнгө зарцуулжээ. Холбоотой ажилладаг кабель болон сүлжээний телевизүүд нь урьд нь тэдний эфирийн цагийг ашигласныхаа төлөө мөнгө төлдөг байсан бол одоо харин гэрээгээ шинэчилж шоу хөтөлбөрөө ашиглуулсны төлбөрийг тэднээс нэхэх болжээ. Энэ санаачилгыг Фокс телевиз гаргасан бөгөөд Си Би Эс эфир ашиглалтын мөнгөө аль хэдийнэ танаж багасгажээ.
Телевизүүд мэдээнийхээ зургийг авч, монтажилж нэвтрүүлэхэд бэлэн болгож чаддаг цөөн тооны хүмүүстэй ажиллахыг хичээж байгаагаас мэдээллийн албадад ажиллагсдын тоо эрс буурч байна. 2008 онд Радио-Телевизийн Захирлуудын Холбооноос мэдээний албаны 300 захирлын дунд хийсэн судалгаагаар мөн оны эхний хагас жилд мэдээллийн албад 1,5 хувийн цэвэр алдагдалтай ажилласан нь харагдсан тул энэ онд ч ажиллагсдаа цомхотгох нь үргэлжилж л байна. Ялангуяа өндөр хэмжээний цалин авдаг, удаан ажилласан нэвтрүүлэгчдээ нэлээд халжээ. Тухайлбал, 2008 оны 12 дугаар сард Нью Йоркийн Даблью Эн Би Си телевиз эфирт гардаг дөрвөн сурвалжлагчийг, Сан Диегогийн Эн Би Си-тэй холбоотой ажилладаг орон нутгийн телевиз мэдээллийн албаны 24 сурвалжлагчийг тус тус халжээ. Мөн тэр үеэр Твин Ситиес дэх Эй Би Си телевизийн холбоотон орон нутгийн телевиз 18, Солт Лэйк хотын Кэй Жэй Зи Зи телевиз мэдээний 24 ажилтнаа халсан байна. Үүнийг Лос Анжелес дахь Фокс телевизийн холбоотон Кэй Ти Ти Ви телевизийн нэвтрүүлэгч Жон Биэрд 2008 оны 11 дүгээр сард Нью Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа:
-Үндсэндээ бол хотын захиргааг мэддэг хүмүүсийг олж чадахгүйгээр нь сольж байгаа хэрэг л дээ гэж тайлбарласан байна.
Зарим мэдээллийн алба хүмүүсийг цөөн цагаар, хагас цалинжуулан ажиллуулж байна. Ер нь мэдээллийн албаны захирлын жилийн дундаж цалин 1997 оноос 2007 оны хооронд 51 хувь өсөж 80 мянган долларт хүрээд байгаа билээ. Захирлын туслахууд жилд дунджаар 68,8 мянга, редакторууд 56 мянган долларын цалин авч байгаа юм. Сүүлийн хоёр жилд мэдээний албанд ажиллагсдын цалин бараг нэмэгдээгүй байна.
Технологийн өөрчлөлт
Интернэт, кабелийн үйлчилгээ, сателлайт телевиз, дүрс бичлэгийн хэрэгсэл, зургийн аппарат, зурагт, компьютерийн дэлгэц бүгд тоон системд шилжсэн нь түгээж дамжуулах мэдээллийн хэмжээг ихэсгэж, дүрсний чанарыг сайжруулж, хэрэглэгчдийг агуулгатай шууд харилцуулах боломж олгож эхэлсэн билээ.
Шинэ технологи нь телевизийн хувьд ч, хэрэглэгчийн хувьд ч мэдээлэл түгээх аргыг өөрчилж байна. Цахим сүлжээний орчин (wireless) бүхий олон нийтийн газар л байвал хэрэглэгч гар утсаараа, машины сателлайт радиогоор, хурдны зам дээрх электрон самбараас мэдээллийг авч байна. Орон нутгийн телевизүүд мэдээллийн агентлагуудын бэлтгэсэн мэдээг үндэсний хэмжээний телевизүүдтэй зэрэгцэн хүлээн авдаг болжээ. Сүлжээнд тавигдсан мэдээллийн том сангууд мэдээлэл олж авах, шалгаж баталгаажуулах өргөн боломжийг нээлээ.
Дижитал кабелийн телевизийн хэрэглэгчид, дүрс бичлэгийн хэрэгсэлтэй хүмүүс “эрэлт хэрэгцээтэй бичлэг”-ийн үйлчилгээг ашиглан мэдээллийг сонгох замаар мэдээний агуулгад хяналтаа тогтоож байна. Цахим шуудан болон утсаар хэрэглэгчид хаа байгаа газраасаа санал бодлоо илгээж хоёр талын харилцааг шуурхай болголоо.
Технологийн ачаар мэдээллийн эх сурвалж олширч байна. Дижитал дүрс бичлэгийн хэрэгсэлтэй хэн боловч авсан бичлэгээ телевизүүдэд илгээж байна. 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын ихэнх зураг энгийн иргэдийн бичлэг байсан билээ. Интернэтийн хайлтын Гүүгль, Яахоо системүүд ч мэдээ бэлтгэн гаргадаг болсныг телевизүүд авч ашиглаж байгаа. Си Эн Эн-ийн Ай Рипорт цахим хуудсаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс гэрэл зураг, дүрс бичлэгээр мэдээлэл солилцож байна.
Дижитал хэрэгслийн жин хэмжээ багасаж, нийтийн эзэмшлийн газрууд Уай Фай-ийн цахим сигналтай болж, сурвалжлагчид зөөврийн компьютер, байрлал тодорхойлдог Жи Пи Эс систем ашиглах болсон нь хөдөлгөөнт сэтгүүлч (mobile journalist) гэсэн нэр томъёо гаргаж ирлээ. Орон нутгийн олон телевиз сурвалжлагчаа дүрс бичлэгийн хямд аппарат, зөөврийн компьютер, монтажийн программаар ханган мэдээг дангаараа бэлтгэдэг мултимидиа сэтгүүлч болгож байна. Вашингтон хот дахь Даблью Юү Эс Эй телевиз 2009 оноос мэдээний багаа ганцаараа бүхнийг (single all-in-one) хийдэг сурвалжлагчаар солино гэж өнгөрсөн онд зарласан юм. 2008 онд Си Эн Эн 10 хотод ганцаараа бүхнийг хийдэг сурвалжлагчийг ажилд авсан билээ. Вашигтоны Даблью Жэй Эль Эй телевизийн мэдээний албаны дарга Билл Лорд:
-Хүн болгоныг мэдлэг чадвар, хүсэл бодлынх нь эсрэг дайчлаад байвал хийсэн бүтээгдэхүүн нь доголдож болзошгүй. Сурвалжлагч бүрийн мэдээ хийх чадвар харилцан адилгүй шүү дээ гэж нэгэнтээ анхааруулсан байдаг.
Хүн ам зүй дэх өөрчлөлт
Хүн ам зүйн өөрчлөлт нь хүмүүсийн амьдралын хэвшил өөрчлөгдөж байгаатай тун холбоотой. Телевизийн мэдээ үзэгчдийн тоо буурсан нь хүмүүс гол мэдээллээ дуртай цагтаа Интернэтээс олж авдаг болсонтой холбоотой ажээ. Телевизийн мэдээллийн хөтөлбөрийн цагийг хүлээгээд суух хүний тоо цөөрч “Мэдээг бидэнд яг одоо л өг” гэсэн эрэлт давамгайлах болжээ. Тиймээс ч телевизүүд мэдээний цагаа тараан хуваарилж, цахим хувилбарынхаа мэдээг ойр ойрхон шинэчлэхээс аргагүй болсон байна. Гэрийнхээ том хөргөгчийг хоол хүнсээр дүүргэчихээд дуртай үедээ онгойлгон авч иддэг шигээ мэдээллийг бөөнөөр нь хадгалсан газраас шаардлагатай цагтаа олж үзэхийг америкчууд эрхэмлэх болжээ. Нэг гэр бүлийнхэн нэгэн зэрэг сууж оройн хоолоо идэх нь багассан нь телевизийн оройн мэдээг олон хүн зэрэг үзэх магадлалыг багасгаж байгаа юм.
Гэхдээ 2008 оны сүүлч 2009 оны эхэн үеэс эдийн засгийн сэдэвтэй мэдээллийг үзэгчийн тоо өсөж эхэлсэн билээ. Эдийн засгийн мэдээлэл нь ойлгуулахад төвөгтэй хэдий ч хямралын үед хүмүүсийн хамгийн хэрэгцээтэй зүйл болоод байна. Пью судалгааны төвийн хийсэн контент анализын судалгаа сүлжээний телевизийн мэдээллийн хөтөлбөр нь хэвлэл мэдээллийн хувьд юугаар ч орлуулшгүй ховордсон бүтээгдэхүүн гэдэг дүгнэлтийг хийсэн юм. Тавь жараад онд хүмүүс зурагтыг зочны өрөөндөө байрлуулж байсан шиг өнөө үед компьютерээ хаа нэг газар хүндэтгэлтэйгээр байрлуулаад гэртээ байх цагтаа түүнээс салахыг больжээ. Дуу, дүрстэй мэдээллийг ч, зугаа цэнгээний нэвтрүүлгийг ч, киног ч урт богино цагаар хүлээн авч үзэх боломжтой тул зарим хүн телевизийг компьютерээр бүрэн орлуулж байна. Тиймээс телевизүүд үзэгчдийн оролцоог нэмэгдүүлэх интерактив харилцаанд шилжиж, хүлээж авсан и-мэйлийг эфирт уншиж, утсаар дуу холойг сонсож, шуурхай санал асуулга явуулж байна. Үүний нэг тод жишээ нь Си Эн Эн-ий мэдээллийн хөтөлбөрөөр явдаг Каферти файл юм. Тодорхой мэдээ, үйл явдлын талаар сурвалжлагч асуулт тавихад үзэгчид хариугаа http://www.cnn.com/feedback/forms/form5t.html хаягаар ирүүлнэ. Ирсэн хариуг нь улс төрийн мэдээллийн албаны ажилтан Жак Каферти эфирт шууд уншиж танилцуулдаг.
Гурав. Хөгжлийн цаашдын чиг хандлага
Дээр дурдсан өөрчлөлтүүд телевизүүдийг хөгжлийн чиг шугамаа ч өөрчлөхийг шаардаж байна. Тиймээс тэд зөвхөн байгууллага дотроо микро түвшингийн биш харин хэвлэл мэдээллийн макро түвшинг өөрчлөх шийдвэр гаргах ёстой болоод байна. Америкийн телевизүүдийн шинэ бүтээлийн улирал нь жил бүрийн есдүгээр сард эхэлдэг. Зуны турш давтан нэвтрүүлэг үзсэн үзэгчид есдүгээр сарын 21-нээс эхлэн шинэ цэнгээнт болон хөгжөөнт нэвтрүүлэг, телевизийн цуврал шоу, олон ангит кино хүлээн авна. Энэ намраас телевизүүд хөгжлийн шинэ хандлага руу орно гэдгээ ч телевизүүд эрт мэдэгдсэн юм.
Юуны өмнө сүлжээний телевизүүд илүү кабелийн телевиз шиг, кабелийнх нь сүлжээнийх шиг болохыг зорьж байна. Шоу, нэвтрүүлгээ байнга давтаж байдаг кабелийн телевизүүдийг дуурайж Эн Би Си оригиналь нэвтрүүлгийн цагаа багасгалаа. Үдшийн 11 цагт явдаг байсан Жэй Леногийн хошин шоуг тэд энэ оны есдүгээр сарын 10-наас эхлэн нэг цагаар урагшлуулж 10 цагаас эхэлдэг болгосон юм. Гэтэл кабелийн Ти Эн Ти суваг телевизийн олон ангит цуврал кино долоог шинээр бэлтгээд байна.
Үзэгчид насны байдал, хэрэглээний зуршлаараа эрс ялгарч байна. Өнөөгийн Америкийн телевиз үзэгчдийг гурав ангилж болно. Үүнд:
- Уламжлал ёсоороо зурагт үзэж компьютертэй бараг харьцдаггүй хүмүүс
- Телевиз, Интернэт хоёрын нэгдлийг зөнгөөрөө хүлээж аваад дэлгэцээр өдөрт 10 илүү нэвтрүүлэг үздэг залуучууд
- Компьютер, телевиз хоёрыг салангид авч үздэг ч компьютер тийш илүү татагдаад байгаа дунд эргэм насныхан орно.
Ихэнх хэрэглэгчид сүүлийн хоёр ангилалд багтаж байгаа бөгөөд телевизүүд тэднийг өөртөө татахын тулд хязгаарлагдмал зах зээлд зориулсан хөтөлбөр (niche program) бэлтгэж байх шаардлагатай болж байна.
Онлайнаар ашиг олохгүй ч телевизүүд Интернэтээр үйл ажиллагаагаа дамжуулна. Үүнийг телевизийн удирдлагууд сайтар ойлгосон. Хэрэглэгчид тохиромжтой үедээ авч болох гүнзгийрүүлсэн судалгаатай, даацтай материалыг телевизүүдээс шаардаж байна. Хөрөнгө оруулалт хийсэн долларыг нь Интернэт цент болгон хувиргалаа ч хаа сайгүй байгаа, хэзээ үзэхийг нь мэдэхгүй хэрэглэгчдэдээ мэдээллийг нь ямагт бэлэн байлгах эрэлт хэрэгцээг хангахын тулд телевизүүд ажиллах хэрэгтэй болно.
Хэрэглэгчдийг татахын тулд мэдээллийг зориуд хүргэх ажлыг зохион байгуулна. Телевизүүд и-мэйл, Ар Эс Эс фийд, сошэл мидиа зэрэг онлайн харилцааны хэлбэрийг ашиглан мэдээллийг хэрэглэгчид хүргэж эхэллээ. Эдгээр нь хүмүүс хүлээж авсан мэдээллийн агуулгыг бусадтай хуваалцах боломж олгодог. Телевизүүд болон сэтгүүлчид Твиттер, Фэйсвүүк зэрэг сошэл мидиа дээр өөрийн хуудсаа нээж, мэдээний бичлэгээ үнэ төлбөргүй тавьж эхлээд байна.
Өрсөлдөөн хурцдах тусам телевизүүд сонирхолгүй болно. Яагаад гэвэл хөрөнгө мөнгөний нөөц дутмагаас болж тэд шинэ нэвтрүүлэг, шоу, олон ангит кино хийх боломжгүй тул хуучин зүйлсээ дахин нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Эн Би Си мэдээллийн болон инээдмийн шоунуудаа, Эй Би Си уран зөгнөлийн цувралуудыг давтаж байгаа юм.
Мэдээний студийн тайзны график засал сэтгүүл зүй болоод сэтгүүлчдэд нөлөөлнө. Гар хүрмэгц өнгө, тоо, бичиг, зураас нь өөрчлөгдөн солигдох том дэлгэцүүд мэдээний студид нэвтрэн орж ирлээ. Телевизийн сурвалжлагчид түүн дээр баримтыг тайлбарлан ярьж, орон зай ба цаг хугацааны хувьд мэдээллийг хэрхэн шуурхай хүргэж болохыг харуулж байна. Технологийн шинэчлэлийн түрүүнд явдаг Си Эн Эн телевизийн мэдээллийн Хиэдлайн Ньюс болон Вольф Блитзерийн улс төрийн мэдээллийн Де Ситуэшн Рүүм хөтөлбөрийн студи хана дүүрэн дэлгэц дээр график, газрын зураг, фото, тоо, бичвэр зэргийг гаргаж ирээд холдож ойртуулан, томсгож багасган, илбэчин шиг алга болгон дахин гаргаж ирээд мэдээгээ тайлбарлан ярьж байдаг. Өмнө нь грийн скрийн технологи ашиглан цаг агаарын мэдээг танилцуулахдаа студидээ хоосон хана ширтэн ярьдаг байсан цаг уурчид одоо ийм тач скрийн дээр жинхэнэ газрын зургаа харан тайлбарлаж байна.
Мэдээллийн орчинд өрсөлдөгчид хоорондоо түншилнэ. Санхүүгийн хязгаарлагдмал байдлаас болоод хуучин өрсөлдөгч байсан телевизүүд хоорондоо үйл явдлын түүхий дүрс бичлэгийг солилцдог болоод байна. Эн Би Си ба Фокс телевизийн орон нутаг дахь холбоотон телевизүүд шуурхай мэдээний дүрс бичлэгийг анх солилцож эхэлсэн юм. Энэ нь аль нэг телевиз нь мэдээний баг илгээж авахуулсан үйл явдлын дүрс бичлэгийг нөгөөдөө дамжуулж өгөх гэрээ юм. Харин түүнийг хэрхэн мэдээнд ашиглаж, монтажлах, өөр эх сурвалжаар баяжуулах нь тухайн телевизийн мэдээний албадын хийх ажил юм.
Кабелийн телевизүүд сонгуулийн кампанийг минут минутаар сурвалжлах замаар улс төрийн мэдээллээ нэмэгдүүлнэ. 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр кабелийн телевизүүд улстөрийн мэдээллийн индэр болж хувирсан юм. Тэр үед үзэгчдийн тоо нь 38 хувиар нэмэгдсэн байна. Үйл явдлын сурвалжлагаас гадна и-мэйл, блог зэрэг онлайн харилцааны элементийг нэлээд ашиглажээ.
Дөрөв. Дүгнэлт
Мэдээллийн хөтөлбөрийг бүтээх үйл ажиллагааны өртгийн зэрэгцээ мэдээгээ чанаржуулах шаардлага улам бүр өсөж байна. Зорилго, даац, хариуцлагын мэдрэмжээрээ Эн Би Си-гийн Найтли Ньюс, Си Би Эс-ийн Сиксти Минүтес нэвтрүүлгийг давах мэдээллийн хөтөлбөр аль ч телевизэд байхгүй байна. Эдгээр нэвтрүүлгийн эрэн сурвалжлагууд мэдээллийн төрөл дотроо бүр хамгийн ховорт нь орсныг Пью судалгааны төвийн контент анализ харуулаад байна. Мэдээллийн хөтөлбөр нь сүлжээний телевизийн үзэгчдийг зугаа цэнгээний хөтөлбөрөөс нь илүү татан барьж байгаа юм. Тасралтгүй өөрчлөгдөж буй энэ нийгэмд мэдээллийн хөтөлбөрийнхөө ачаар сүлжээний телевизүүд хүмүүсийн ажил амьдралдаа хэрэглэх мэдээллийн гол эх сурвалж байсаар байх болно гэсэн итгэлээр америкийн сэтгүүлчид ажилласаар байна. Тэртээ хорь гучин жилийн өмнө Уолтер Кронкайт мэдээллийн хөтөлбөрөө “Ийм л зүйл боллоо доо” (That is the way it is) гэсэн үгээр дуусгаж бодит мэдээлэл түгээснээ тунхаглан зарладаг байсан юм. Түүний үлдээсэн энэ уламжлалыг өнөөгийн сэтгүүлчид өвлөн үргэлжлүүлэх нь телевизийн ирээдүйг аврах гол арга зам билээ.
А.Оюунгэрэл
АНУ-ын Вашингтон муж
Ашигласан эх сурвалж
Howard Blumenthal & Oliver Goodenough. This Business of Television.1998. Billboard books
http://www.stateofthemedia.org
1 comment:
رقم المجاري بالاحساء
رقم سيارة المجاري بالاحساء
سيارات شفط المجاري
شركة شفط بيارات بالاحساء
Post a Comment