Сэтгүүлзүйн сургалттай холбоотой энэхүү дүгнэлтийг 2001 онд бичиж Монголын Нээлттэй Нийгмийн Хүрээлэнгийн Ерөнхий захирал Крис Финч, орлогч захирал П.Эрдэнэжаргал, Хэвлэл Мэдээллийн зохицуулагч С.Норов нарт илгээж байсан юм. Энэ үеэс хойш сэтгүүлзүйн сургалтад ямар өөрчлөлт орсон талаар мэргэжил нэгт багш нар болон оюутнуудаасаа олж сонсохыг хүсэж байна. Санал бодлоо хуваалцана уу.
А.Оюунгэрэл
Удиртгал
Үйл ажиллагааны тайлан болон сэтгүүл зүйн багш нартай ярилцсаны үндсэн дээр “Сэтгүүл зүйн сургалтын агуулгыг шинэчлэх төсөл” сэтгүүл зүйн багш нарыг сургах зорилгынхоо дагуу шулуухан урагшилж байгаа юм байна гэсэн дүгнэлтийг би хийж байна. 1999-2000 онд зургаан багшийг АНУ-д туршлага судлуулахаар явуулж, Засгийн газрыг сурвалжлах нь, Зар сурталчилгаа сэдэвт сургалт зохиож, цахим хуудас нээсэн байна. 2001 оны үйл ажиллагаа голчлон гарын авлага бэлтгэхэд чиглэжээ. Сэтгүүл зүйн олонхи багш нар энэ онд Интэрнэтийн болон Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтанд оролцсон байна. Үүний зэрэгцээ “Сэтгүүл зүйн сургалтын агуулгыг шинэчлэх төсөл”-ийн гол зорилго болсон сургалтын хөтөлбөрийг шинэчлэх асуудал төслийн эхнээс ажлын хэсгийн анхааралд байсаар иржээ.
Төслийн энэхүү дүгнэлт нь уг төсөл эхэлсэн хоёр жилийн өмнөх үеэс нэлээд өөр нөхцөлд байдалд хийгдлээ. Сэтгүүл зүйн сургалт явуулдаг сургуулийн тоо даруй 20 болтлоо өсчээ. Тэр ч байтугай эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшүүлсэн сургалт хийх коллеж 2000 онд байгуулагдсан байна. Сэтгүүл зүйн багш нарын тоо ч олширчээ. Урьд нь МУИС-аас багш урьдаг байсан шинэ сургуулиуд одоо орон тооны өөрийн багштай байхыг эрмэлзэх болж. Гэвч тэр багш нар нь 1999-2000 онд тухайн сургуулийг төгссөн хүмүүс учраас багшийн хувьд ч, сэтгүүлчийн хувьд ч туршлага багатай аж.
Онолын болон дадлагын хичээл заадаг багш нарын хоорондын зөрчил хэвээр байна. Онол заадаг хэсэг нь дадлагын багш нарыг онолын мэдлэггүй гэж зэмлэх аястай байхад дадлагын багш нар эргүүлээд тэднийг сэтгүүл зүйн ажлын дадлага туршлагагүй хэмээн шүүмжилнэ. Ингэж хоёр бүлэгт хуваагдсан ч багш нар бүгдээрээ өдөр тутмын ажилдаа сэтгүүл зүйн онолыг дадлагагүйгээр заах аргагүй юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ярилцлагын явцад сэтгүүл зүйн сургалтын чиг баримжааг хөгжүүлэхэд бие биентэйгээ уулзаж туршлагаа солилцох нь чухал гэдгийг багш нар тодотгон хэлж байлаа. Нэгэнтээ төслийн хүрээнд зохиогдсон сургалтын үед эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хэрхэн заах талаараа ярьж тохирсон байна.
Сургалтуудын зохион байгуулалттай холбоотой асуудал огт гараагүй гэдгийг дурдъя.
Дүгнэлт хийхийн тулд эхлээд төслийн баримт бичгийг уншлаа. Дараа нь 8 сургуулийн 17 багштай ярилцсан юм. Багш нартай төслөөс зохиосон ажил бүрийн талаар, тухайн сургалт буюу гарын авлага зааж буй сургалтын агуулга болон багшлах ур чадвараа дээшлүүлэхэд нь нөлөөлж байгаа эсэх талаар ярилцлаа. Олж мэдсэн зүйлээ танилцуулахыг зөвшөөрнө үү. Дүгнэлтийн зарим хэсэг тайлан мэт санагдаж болох хэдий ч түүний үндсэн дээр дүгнэлтүүдээ хийсэн гэдгийг хэлье.
Багш нарын туршлага судлах аялал, 1999 оны долоо, наймдугаар сар
Уг аялал төлөвлөсний дагуу 1999 оны 7 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 7-нд болжээ. Ийм аяллыг төсөл эхлэх үед хийсэн нь тун зөв санаа байсан юм. Ажлын хэсгийн зургаан багш нийслэл хот Вашингтон, Миссурийн Сант Луис, Жефферсон, Коламбиа хотын хэвлэл, мэдээллийн байгуулагуудад зочилсон байна. Мөн Нью Орлиан хотод болсон Сэтгүүл зүй болон мэдээллийн харилцааны багш нарын холбооны жил тутам болдог хуралд оролцжээ. Тэр бол зөвхөн Америкийн төдийгүй олон орны эрдэмтэд хуран цуглаж, сэтгүүл зүйн онол, практикт гарч буй чиг хандлагыг тодорхойлж ярилцдаг хамгийн том чуулга уулзалт юм. Аяллын хамгийн чухал зүйл нь Миссури дэх дэлхийн анхны сэтгүүл зүйн сургуульд долоогоос илүү хоногийн турш зочилсон явдал байлаа. Багш нар ерөнхийдөө аяллын үед үзэж харж сонссон зүйлийнхээ талаар маш эерэг сэтгэгдэлтэй иржээ. Тэд дараах зүйлүүдийг ойлгож тусгаж авсан байна. Үүнд:
- АНУ-ын хэвлэл мэдээллийн системийн тухай ойлголт
- Сэтгүүл зүйн сургалтын системийн ойлголт
- Сэтгүүл зүйн сургалтын дадлага давамгайлсан аргын тухай ойлголт
- Сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага зэрэг зүйл орж байгаа юм.
Ажлын хэсгийнхэн сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх болон гарын авлагууд бэлтгэх санааг мөн өвөртөлж иржээ. Түүгээр ч барахгүй сэтгүүл зүйн зарим ойлголт, заах аргаа өөрчилсөн байна. МУИС-ийн багш нар сэтгүүл зүйн ур чадвар зэрэг зарим хичээлд ярилцлага, хэлэлцүүлгийн аргыг хэрэглэж эхэлжээ. Ингэж ярилцлагын замаар хийсэн хичээл багш нарын хувьд ч, оюутнуудын хувьд ч идэвхтэй, амьд болсон байна. Их сургуулийн багш нар мөн зарим хичээлийн цагт өөрчлөлт оруулжээ. Тэгээд 2001-2002 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хичээлийг хөтөлбөртөө шинээр оруулан заах гэж байна.
Сэтгүүл зүйн багш нарын чуулга уулзалт нь Олон түмний мэдээллийн харилцааны онол, ёс зүй, удирдлага, зар сурталчилгаа, олон нийттэй харилцах гэхчилэн олон салбар хуралдаантай. Тиймээс нэг орчуулагчтай тэд салбар хуралдаанд тарж суухад бэрхшээлтэй байжээ. Хэдийгээр ийм хэлний бэрхшээлээс болж илтгэл яриаг ойлгохгүй төвөг саад учирсан ч хурлын үеэр шинэхэн хэвлэгдэн гарсан сэтгүүл зүйн ном олж авах боломж багш нарт олджээ. Заадаг хичээлээсээ шалтгаалж багш нар өөр өөр ном авсан ч бүхэлд нь авч үзэх юм бол сэтгүүл зүйн бүх аспекттай холбоотой номыг тэд олж иржээ. Эдгээрийг сэдвээр нь дурдвал Сэтгүүл зүйн ёс зүй, Мэдээллийн Харилцааны онол, Мэдээ бичих, Зар сурталчилгаа, Гэрэл зургийн сэтгүүл зүй, Сонины хэв маяг, Америкийн сэтгүүл зүйн түүх, Дорнын сэтгүүл зүйн түүх, Хэвлэл, мэдээллийн удирдлага, Олон нийттэй харилцах, Судалгааны аргууд, Эрэн сурвалжлах сэтгүүл зүй зэрэг болно. Хэрвээ жижиг ч гэсэн номын сан байгуулах боломжтой гэж үзээд эдгээр номыг нэг дор төвлөрүүлсэн бол сүүлийн хоёр жилийн дотор сэтгүүл зүйн бүх багш нар тэгш ашиглах боломжтой байх байсан болов уу. Цөөхөн багш л Их сургуулийн багш нарын номыг гуйж хэрэглэсэн байх юм.
Дүгнэлт. Хэрэв боломжтой бол сэтгүүл зүйн багш нар жил бүр Сэтгүүл зүй болон мэдээллийн харилцааны багш нарын холбооны хуралд оролцох нь чухал. Хүн болгон энэ хуралд оролцож болно. Хуралд суух хүсэлтийн маягт нь цахим хуудсан дээр хэвлээтэй байдаг. Гол шаардлага буюу ажлын хэл нь Англи хэл. Гэхдээ бүртгэлийн хөлс болон замын зардал зэрэг санхүүжилтын асуудал тулгарах нь мэдээж.
Засгийн газрыг сурвалжлах нь болон Зар сурталчилгааны сургалт. 1999 оны 11 дүгээр сар
Төслийг хэрэгжүүлэх явцад зохиосон гурван сургалтын дотроос хамгийн бага үнэлгээ авсан сургалт. Хичээлийн сэдэв болон заах аргын хувьд ялгаатай учраас заасан багш нар болон сургалтанд оролцогчид сургалтаас мөн ялгаатай өөр өөр зүйлүүдийг хүсэн хүлээж байсан байж болох юм. Оролцогчдын өгүүлснээр эл хоёр сэдвийг хүн бүр заадаггүй учраас тэдэнд сонирхолгүй байсан байж магадгүй. Энд заагдсан хоёр сэдэв олонхи багш нарын хувьд үнэхээр шинэ зүйл байсан байна. Хэдхэн багш буюу 14-өөс гурав нь сурвалжлах дадлагын болон зар сурталчилгааны хичээл заадаг учраас уг хичээлийг сонирхолтой байсан гэжээ. Зарим багш Монголд улс төрийн байдал, уур амьсгал нь огт өөр учраас Засгийн газрыг сурвалжлах нь хичээлийн үед заасан зүйлийг энд хэрэгжихгүй хийсвэр санаа гэж үзсэн юм. Нэг хүн зар сурталчилгаа цоо шинэ зүйл байсан учраас сургалтын талаар зүгээр л сэтгэгдлээ хэлэхээс шүүмжилж чадахгүй гэлээ.
Гэхдээ багш нар ярилцлага хэлэлцүүлэг хийж, шинэ технологи ашиглаж хичээлээ заасан Фил Врүүкс, Фритц Кроп нарын заах аргаас суралцсан байна. Миссурийн Сэтгүүл зүйн сургуулийн хоёр багшийн тараасан гарын авлагыг багш нар одоо хүртэл сургалтандаа ашигласаар байгаа юм байна.
Дүгнэлт. Багш нарыг сонирхсон сэдвийнх нь дагуу хоёр хэсэгт хувааж тусад нь хичээллүүлсэн бол хавьгүй дээр байх байжээ. Хүний хэлснийг дамжуулах орчуулагчийн чадвар сургалтын чанарт нөлөөлсөн байж болзошгүй. Учир нь зарим орчуулга ойлгогдохгүй байсныг бараг хүн болгон санаж байлаа.
Зар сурталчилгааны дэд төсөл. 1999 оны 12 дугаар сар
Энэ дэд төслийн давуу тал нь багш нарыг төдийгүй оюутнуудыг татан оролцуулсан явдал юм. Миссурийн Сургуулийн багш Фритц Кроп уг төслийн санааг гаргаж МУИС-ийн багш Б.Болд-Эрдэнэ төслийн гүйцэтгэлийг удирджээ. Дадлага давамгайлсан аргаар телевизийн зар сурталчилгаа хийж турших нь төслийн зорилго байлаа. Сэтгүүл зүйн сургалт бүхий долоон сургуулийн 20 оюутан оролцжээ. Харин Авилгал-Зоос сэдвийг 500 оюутны ажлаас шалгаруулж таван сценарийг сонгож явсан байна. Төслийн үр дүнд бий болсон 30 секундийн зарыг 25 дугаар суваг телевизээр таван удаа дамжуулжээ.
Төслийн удирдагчийн хэлснээр дадлага давамгайлсан аргыг ашигласан нь оюутнуудын хувьд зар сурталчилгаа хэрхэн бүтдэгийг болон телевизийн технологийг ойлгож мэдэхэд тусалж үр дүнгээ өгчээ. Ийм сургалтанд тохирсон тоног төхөөрөмж тун чухал гэдгийг тэр бас хэлсэн юм. Гэхдээ сонины хэв загвар юм уу дадлагын зарим хичээлд ийм дэд төсөл байж болно гэж үзэж байгаа юм байна. Зарим багш энэ төслийн үед хэвлэгдэж гарсан Телевизийн реклам гарын авлагыг сургалтандаа ашиглаж байгаа юм байна.
Дүгнэлт. Дадлага давамгайлсан аргыг мэдээ бичихээс эхлэн онолын чиглэлийн бүх сургалтанд ашиглаж болно.
Орчуулганд сонгосон зүйлс. 1999-2001
Дараах бүх зүйлийг орчуулж, улмаар Монголд сэтгүүл зүйн хичээл заахад ашиглаж болмоор юм. Гэхдээ дор дурдсан дарааллаар орчуулбал дээ биз ээ.
1. The Mass Media. Chapter 1 (Mass Media Models)
2. Preface and the first chapter (The Influence and Power of News)
3. Design through the ages. Chapter 2 (From Cave Walls to Modern Visual Communication)
4. Being a Better Detective (Investigative Reporting)
5.
Би дээрх бүлгүүдийг авсан номуудтай нийтэд нь танилцаагүй учраас эдгээр нь бусад бүлгүүдээсээ илүү учир орчуулах шаардлагатай гэж хэлж хараахан чадахгүй.
Багш нарын хэлснээр тэдэнд суурь сэтгүүл зүйн сурах бичгээс гадна мэдээллийн харилцааны онол, гадаадын сэтгүүл зүйн түүх, цахим сэтгүүл зүй, олон нийттэй харилцах зэрэг хичээлтэй холбоотой ч ном байхгүй аж. Зарим багш нар оюутнууд хүнд найруулгатай хуучин номыг уиших дургүй байгаа учир тэдэнд орчин үеийн сэтгүүл зүйн хөнгөн бичлэгтэй ном хэрэгтэй байна гэлээ. Тэр ч байтугай хоёр багш Монгол багш нараар бичүүлснээс шууд гадны сурах бичиг орчуулсан нь дээр гэж үзэж байна.
Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл. 2000-2001
Сэтгүүл зүйн бакалаврын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх нь төслийн гол зорилго билээ. Энд нэг асуулт гарч ирнэ. Хэрвээ улсын болоод хувийн бүх сургууль өөрсдийн хөтөлбөрөө боловсруулж Боловсролын Яаманд өргөн барьдаг юм бол энэ төсөл яагаад заавал тэр тус тусдаа боловсруулсан хөтөлбөрийг сайжруулахахад чиглэх ёстой юм бэ? Хэргийн учир нь Монголын сэтгүүл зүйн багш нар сэтгүүл зүйн сургалт зөв голдрилоороо явахгүй байгаа учир шинэчлэл хэрэгтэй гэдгийг мэдэрсэнд оршино. МУИС-ийн багш нар энэ санааг хамгийн түрүүн хүлээн авч төслөө дэмжин ажиллаж байна. Мэдээжээр бид ардчиллын замаар удаан жил замнасан орнуудын мэргэжил нэгтнээ бодвол онолын хувьд маш их хоцрогдмол байгаа л даа. Хэвлэл мэдээлэл ажиллагсад маань ч багш профессоруудын шинэчлэгдэхийг хүлээлгүйгээр сэтгүүл зүйн олон талын ажлыг оролдож үзэж байна. Тэгээд ч одоо Монголд бусад ардчилсан орны нэг адил бие даасан хараат бус сонин хэвлэл, хувийн телевиз, радиогийн станц, цахим сонин зэрэг бүх төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл үүсчихээд байна. Гэтэл тэдгээр хэвлэл мэдээллийн оюун санааг бүтээж, хөтөлдөг сэтгүүл зүйн эрдэмтэн багш нар маань сэтгүүл зүйн концепциудын талаар нэгдсэн ойлголт мэдлэггүй байна. Ойлгож байгаа нэг нь оюутнууддаа ажилд орсон өдрөөсөө ашиглаж хэрэглэж чадахуйцаар өөрийн болгосон тийм хэмжээнд хүртэл сэтгүүл зүйг зааж ойлгуулж чадахгүй байна.
Сургалтын хөтөлбөртэй холбоотой зарим зүйл:
- Юуны өмнө стандарт гэдэг үг энд тохиромжгүй байна. Энэ гол төлөв бүтээгдэхүүнийг тодорхойлдог техникийн хэллэг шиг санагдаж байна. Сургалт машины эд ангитай ижил зүйл биш юм. Сургалтыг хэзээ ч, хэн ч цаг тутам хөгжүүлээд байж болдог. Сэтгүүл зүй дэндүү хурдацтай хөгждөг учраас бараг өдөр бүр шинэ жишээ ашиглан онолыг тайлбарлаж болдог. Тиймээс зүгээр л хөтөлбөр гэчихвэл яасан юм бэ?
- Хөтөлбөрийг гаднаас нь ч дотроос нь ч өөрчлөхийг оролдсон байна. Гэхдээ Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, Хэвлэлийн менежмент, Олон нийттэй харилцах сэдвээр хичээлүүдийг нэмж оруулснаас өөр зарчмын өөрчлөлт хийгдээгүй байна. Суурь сэтгүүл зүйн сурвалжлах үйл ажиллагаатай холбоотой хичээл, Цахим сэтгүүл зүй, Компьютерийн тусламжтайгаар сурвалжлах нь сэдэвт хичээл хөтөлбөрт ороогүй байна.
- Сэтгүүл зүйн онол, практик, Ангид хийх дадлага, Ангиас гадуурх дадлага гэх зэргээр хичээлийн нэрийг томъёолсон нь Орос маягийн сэтгүүл зүйг санагдуулж байна. Онол, дадлага хоёрыг тусад нь ангид байлгах санаа ийм тодорхойлолтонд шингэсэн байж болзошгүй. Багш нар хүртэл бие биенийгээ Тэр бол онолын багш, Тэр бол дадлагын багш гэж тодорхойлж байх юм. Олон жилийн турш ардчиллыг хөгжүүлж байгаа орнуудын сэтгүүл зүйн сургалтын системд онол, практикийг ингэтэл нь салангид авч үздэггүй учир энэ нь зохисгүй хэрэг ээ. Залуухан сэтгүүлчдийг сургууль төгссөнийхөө дөнгөж маргааш хэвлэл, мэдээллийн газар очмогцоо ажлаа шууд хийх чадвартай байхыг зах зээл өөрөө шаарддаг. Хэвлэл, мэдээллийн удирдлагууд ч мэдээллийн эх сурвалждаа яаж хүрэх, хэрхэн ярилцлага авах, аппарат хэрэгслээ хэрхэн ажиллуулах болон микрофон яаж барихыг ч мэддэггүй хүмүүсийг төгсгөж гаргалаа гэж сургуулиудыг шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, хэвлэл, мэдээллийн байгууллагууд их дээд, сургуулиудиас бэлэн бүтээгдэхүүн л хүлээж байгаа аж. Зах зээлийн ийм шаардлага сэтгүүл зүйн сургалтанд дадлага давамгайлсан аргыг илүү их хэрэглэхийг шаардаж байна.
- Гэтэл багш нар тулгамдсан ийм асуудлыг хэлэлцэж ярилцахын оронд ийм аргаас зайлсхийх хандлагыг илүү барьж байна. Миссурийн их сургуульд суралцах хугацаандаа би шинжлэх ухаанч хандлагааар хичээл явуулдаг багштай ч, мөн дадлагад тулгуурлаж сургалтаа явуулдаг багштай ч учирч байлаа. Гэхдээ тэр багш нарын аль аль нь онолын ижил түвшинд ярилцаж ойлголцож чаддаг. Түүнчлэн энэ хоёр чиглэлийн багш нар хоёулаа сэтгүүл зүйн аливаа сургалт оюутнуудад ур чадвар олгоход чиглэх ёстой гэдэг дээр санаа нэгддэг юм.
Сэдэвчилсэн төлөвлөгөөтэй холбоотой зүйлүүд:
- Хичээлүүдийн индекс ойлгомжтой бус байлаа. Тухайлбал 425 гэсэн дугаартай хичээл дөрөв байв: Гадаадын сэтгүүл зүй, Бичлэгийн төрөл зүйл, ОНМХ-ийн эрх зүйн зохицуулалт, орчуулгын онол дадлага гэх мэт.
- Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийг нэлээд хуучин маягаар аигилжээ. Тухайлбал, эсээ бол сэтгүүл зүйн төрөл биш. Энэ нь академик бичлэгийн хэлбэрт ордог юм билээ. Хэрвээ гадаадын болон Монголын хэвлэл, мэдээллийн бизнесийг нарийн ажиглах юм бол төрөл зүйл хэрхэн нүдэнд харагдахуйцаар өөрчлөгдөж байгааг мэдэж болно. Тэгэхээр энэ асуулт багш нарын дунд хэлэлцэгдэхээр нээлттэй үлдэх ёстой.
- Ашиглах номын жагсаалтад буй номууд нэлээд эрт хэвлэгджээ. 1998-2000 оны ном гурав дөрвөөс хэтрэхгүй байна.
- Энэ нь хөтөлбөр ба төлөвлөгөөний эцсийн хувилбар байх албагүй. Багш нар хоорондоо ярьж хэлэлцэх зүйл маш их байна.
- Сурвалжлах ур чадварын буюу Мэдээ бичих үндэс ч юм уу Эдийн засгийн болон Улс төрийн сурвалжлага ч гэх юм уу өөр олон хичээл байвал зүгээр.
- Сонины дизайны ангид Пэйжмэйкэр, Фото шоп юм уу Лотус зэрэг компьютерийн програм үзэх ёстой.
- Радио, телевизийн хичээл дижитал тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах вэ гэдэг төвлөрөх хэрэгтэй.
Интэрнетийн сургалт. 2001
Уг сургалтыг зохион явуулах шийдвэр тун оройтсон. Энэ сургалт бүр эрт зургаан багшийг АНУ-д явахаас өмнө хийгдэх ёстой байсан. Олонхи багш анх удаа Интернеттэй танилцаж и-мэйлийн хаягтай болсон учраас эл сургалтыг үнэхээр хүсэн хүлээсэн сургалт байсан гэж бүх оролцогчид үзсэн юм. Оролцож буй хүмүүсийн компьютер эзэмших чадвар харилцан адилгүй байсан учраас хоцорсон заримыгаа хүлээх буюу компьютерийн мэдлэг илүүтэй нь өөрсдөө судалгаа хийж түрүүлэх зэрэг байдал ажиглагдсан байна. Гэлээ ч гэсэн Д.Балжид багш бүх хүнд компьютерийн болон Интернетийн талаар ижил түвшний мэдлэг олгохын тулд тэгш, хүлээцтэй хандаж ажиллажээ.
Одоогийн байдлаар 15 оролцогчийн хоёр нь и-мэйл хаягаа ер ашиглахгүй байгаа аж. Нэг нь компьютер ашиглах нь тун төвөгтэй гэж байхад, нөгөө нь хаягийнхаа нууц үгийг мартсан гэв. Бусад багш нар Интернетийг тохиолдын байдлаар ашиглаж, и- мэйлээ хааяа шалгадаг гэнэ.
МУИС, Отгонтэнгэр Их Сургуулийн баш нар ажлынхаа байранд Интернетийн холболттой боловч өдөр тутам ашигладаггүй юм байна. Судалгаанд оролцсон 17 багшийн зургаа нь Интэрнэтийн гүнзгийрүүлсэн сургалт хэрэгтэй гэлээ.
Дүгнэлт. Интернетийн гүнзгийрүүлсэн сургалт хийвэл компьютер эзэмших чадвараас нь хамааран оролцогчдыг бичил бүлгүүдэд хуваах хэрэгтэй. Ийм компьютерийн сургалт зөвхөн Интернет ашиглаж сурахад биш цаашид Эксел, Аксесс програмуудыг эзэмшиж Компьютер ашиглаж сурвалжлага хийх сургалтанд оролцоход хэрэг болно.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт. 2001 оны 3 дугаар сарын 28-30
Төслийн хугацаанд хийсэн сургалтнаас хамгийн их үнэлгээ авсан нь энэ сургалт байлаа. Бүх оролцогчдын хувьд эл сургалт санаанд нь нийцжээ. Нэгдүгээрт, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг Хэвлэлийн Хүрээлэнгээс өөр сургуульд заагаагүй, хоёрдугаарт, багш нар эрэн сурвалжлах сэтгүүл зүйг гэмт хэргийн сурвалжлагатай хольж ойлгодог байсан хоёр шалтгааны учир уг сургалт багш нарт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шинэ ойлголтыг өгчээ. Хералд Трибюнь сонины туршлагатай сэтгүүлч Роземари Армао багшилсан нь тэдний сэтгэлд нийцсэн байна. Тэр багш хичээлийн сэдэвтэй холбогдсон гарын авлага, цахим хуудасны нэр хаяг тараажээ. Сургалтын явцад Монгол багш нар цаашид заах гэж буй эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хичээлийн төлөвлөгөөг хэлэлцсэн байна. “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг яаж заах ёстой вэ гэдгийг одоо мэднэ” гэж багш нар хэлсэн юм. Гэхдээ Роземари Армао багшийн тодотгож хэлснээр “Олонхи багш нар туйлын туршлагагүй” учраас энэ хичээлийг заахад бэрхшээл гарч болзошгүй. Сэтгүүл зүйн ажлын туршлагагүй бол эрэн сурвалжлах сэтгүүл зүй заахад төвөгтэй байх болно. Сурвалжлах хичээл заадаг бусад ангиудыг бодвол эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь сэтгүүл зүйн ажлын дадлага туршлагыг багшаас бүр илүү шаардаг билээ. Сургалтанд оролцогчид Роземари Армао багшийнхаа ажлын туршлагыг биширсэн байсныг саная.
Дүгнэлт. 1. Сэтгүүл зүйн багш нарт, ялангуяа залуу багш нарт мэдээ болон өгүүлэл бичих, нэвтрүүлэг хийх дадлага их хэрэгтэй байна. Олонхи багш нар хоёроос гурван жил ажилламагцаа л дадлага туршлагагүй байдал нь багшлах ажлыг хязгаарлаж байгааг мэдэрсэн байна. Нэг багш хэлэхдээ, “Зарим багш маань орчин цагийн сэтгүүл зүй заах гэхээрээ хөгшдөөд, зарим маань сэтгүүл зүйн дадлагын хичээл зааж чадахгүй хэт залуудаад байна” гэсэн юм. Тэгэхээр залуу багш нарыг зуны цагт хэвлэл, мэдээллийн байгууллагуудад дадлага хийлгэж болох юм. Туршлагатай багш нар ч гэсэн онолын хичээлээ заахын тулд телевиз радиогийн дижитал тоног төхөөрөмж, дижитал зургийн аппарат эзэмших дадлага хийж болно. Тэрчлэн, хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аялал ч зохиогдох ёстой.
2. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь Компьютерийн тусламжтайгаар сурвалжлах тухай хичээлгүйгээр явагдах ёсгүй. Тиймээс багш нар энэ талаар сурч мэдэх ёстой. Сургуулиуд эрэн сурвалжлах хичээлээ эхлэхээс өмнө багш нарт эхлээд компьютер эзэмших чадвараа нэмэгдүүлэх гүнзгийрүүлсэн сургалт, улмаар Компьютерийн тусламжтайгаар сурвалжлах сургалтыг явуулах нь зүйд нийцнэ. Зарим оюутнууд өөрсдийг нь бодвол компьютерийг илүү чөлөөтэй эзэмшсэн гэдгийг багш нар мэднэ. Учир нь оюутнууд нас залуу, тэгээд ч англи хэлтэй билээ. Хамгийн гол нь тэд үнэхээр сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй байдаг. Хэрвээ багш нар маань тэдэн шиг сурч боловсрох эрмэлзэлтэй бол компьютер болон гадаад хэл сурах хүслийг нь юу ч зогсоож чадахгүй. Зарим хүмүүсийн хэлснээр нас болон ажлын ачаалал хоёр сурах хүсэлгүйн шалтгаан биш ээ. Харин компьютер байхгүй нь гол асуудал байж болох юм. Сургуулиудаар явж байхдаа би багш нар тэнхимдээ дор хаяж дундаа ашиглах нэг компьютертой байхыг харсан. Гагцхүү багш нар боломжоороо ашигладаггүй юм билээ.
Багш нарын бага хурал
Хэдийгээр зарим илтгэл нь урт байсан боловч багш нарт энэ хурал таалагджээ. Хамгийн чухал нь янз бүрийн сургуулийн багш нар нэг дор цуглаж, туршлагаа хуваалцсан явдал байлаа. Мэргэжил нэгтнийхээ заах аргыг ажиглаж, сургалтын явцад тохиолддог асуудлыг ярилцах замаар залуучууд нь туршлагатай багш нараас суралцах чинхүү хүсэлтэй нь ажиглагдлаа. Ярилцлагын явцад туршлага бүхий багш нар нь ч сургалтын янз бүрийн аргуудыг хооронд нь ялгахгүй байгааг мэдлээ. Олонхи багш нар заах аргыг лекц ба ярилцлага маргаан гэж зөвхөн хоёр хувааж байна. Гэтэл хэлэлцүүлэг, дасгал, танилцуулга, зочин оролцуулах гээд л өөр олон арга байдаг. Энд ирж хичээл заасан гадаадын бүх багш нар тэдгээр аргуудаас биечлэн үзүүлсэн байна билээ. Монгол багш нар шинэ технологийг сургалтанд ашиглах талаараа бүр хоцрогдож явна. Цөөхөн тооны багш л ангид өсгөгч ашигладаг байна. Тиймээс тэд гадны багш нар ангид зөөврийн компьютер ашиглахыг хараад биширч орхидог байна.
Дүгнэлт. Сэтгүүл зүйн сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нар аль болох ойр ойрхон уулзаж сэтгүүл зүйн сургалтанд оршиж байгаа тулгамдсан асуудлыг хэлэлцэж ярилцах хэрэгтэй. Ийм уулзалт яриа сэтгүүл зүйн зөвхөн нэг нэр томьёог хэлэлцэхэд ч юм уу, хэн нэгний заах аргыг дэлгэж харуулахад ч юм уу зориулагдаж болно. Сэтгүүл зүйн багш нарын тогтмол уулзалт нь сургалтын концепцийг хөгжүүлэх, багш нарын заах аргыг дээшлүүлэхэд чиглэх ёстой. Энэ нь цаашид сэтгүүл зүйн талаархи багш нарын ойлголтыг цэгцэлж, багш нарын эв нэгдлийг бататгахад туслах юм. Үүний үр дүн нь Монголд сайн сэтгүүл зүй буй болоход нөлөөлнө.
Гарын авлага
Телевизийн реклам, Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, Экологийн сэтгүүл зүй, Иргэний сэтгүүл зүй, Ярилцлага бичих арга зэрэг таван гарын авлагыг ажлын хэсгийнхэн болоод МУИС-ийн багш нар бэлтгэжээ. Телевизийн рекламын гарын авлагыг сэтгүүл зүйн бүх сургуульд тараажээ. Бусад нь хэвлэгдэхээр бэлтгэгдэж байгаа юм байна. Тэгэхээр бид тэдгээрийг хэлэлцэж алдаа бага хийхээс сэргийлэх боломж байна.
Дүгнэлт. Хэвлэгдсэн болон хэвлэгдээгүй байгаа бүх гарын авлагыг багш нар хоорондоо бүлэг бүлгээр нь, хуудас хуудсаар нь сайтар ярилцах нь чухал. Учир нь гарын авлагын мөр бүрт чухал санаа, дүгнэлт нуугдаастай бий. Номын тойм ба шүүмж хийх нь багш нарын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж бие биенээсээ суралцах өөр аргууд юм.
Төслийн гүйцэтгэгдээгүй хэсгүүд
Дараах үйл ажиллагаа чухам яагаад хийгдээгүй талаар янз бүрийн шалтгаан бий. Хийгдээгүй зүйлс гэвэл:
- Жон Мэррилийг урих
- Ажлын хэсгийн гурван багшийг туршлага судлуулахаар явуулах
- Хэвлэлийн менежментийн сургалт явуулах зэрэг юм.
Доктор Жон Мерриллийн эхний удаа ирээгүй шалтгаан нь тэр өөрөө 2000 онд Сингапурт сургалт хийхээр явсантай холбоотой байсан юм. Өнгөрсөн зун түүнээс би яагаад Монгол руу явахгүй байгаа тухай нь асуухад “Би албан ёсны урилга аваагүй” гэж хариулсан.
Я.Борчулуун бид хоёр туршлага судлах аяллын талаархи Монгол багш нарын зарим и-мэйлийг профессор Байрон Скоттод орчуулж, тэр ч байтугай тэднийг Миссурид урих тухай ярилцаж байснаа санаж байна. Гэтэл Монгол багш нар Байрон Скоттоос ямар ч хариу аваагүй гэж байна. Тэр багш нарыг илгээх санхүүгийн боломж төсөлд байгаа эсэхийг сонирхоно хэмээн ярьж байсныг би бас санаж байна.
Мөн Байрон Скотт хэвлэлийн менежментийн сургалтыг хоёр удаа зохион байгуулах гэж оролдсон юм. Эхний удаа Миссурийн Сэтгүүл зүйн Сургуулийн профессор Жэймс Стерлинг, дараа нь Коламбиа Миссуриан сонины ерөнхий менежер Патришиа Ходинот нартай ярилцсан байсан. Тэр хоёр хоёулаа саналыг их сонирхож хүлээж авсан байсан. Харин чухам яагаад ирээгүйг нь мэдэхгүй. Хоёулаа л тун завгүй хүмүүс гэдгийг мэднэ. Өнгөрсөн зун профессор Жэймс Стерлинг Хятадад сургалт хийхээр явсныг санаж байна.
Дүгнэлт. Иймэрхүү холбоо харилцаатай холбогдох асуудал төслийн эхэн үеэс л гарч байсан. И-мэйл хаягтай болцгоосон нь ч энэ асуудлыг шийдвэрлээгүй байна.
Ерөнхий дүгнэлтүүд
Багш нарын сургалтын үр дүнд байнга нөлөөлж байдаг гурван зүйл байна. Нэгд, Багш нар сэтгүүл зүйн сургалтын дадлага давамгайлсан аргын талаар маш ялгаатай ойлголттой байгаа нь. Хоёрт, Багш нар боломжийн хэмжээгээр компьютер ашиглахгүй байгаа нь. Гуравт, Багш нар ном унших, Интернет ашиглах хэмжээнд англи хэлийг эзэмшээгүй байгаа нь тус тус нөлөөлж байна.
Монгол багш нар сэтгүүл зүйн сургалттай холбоотой асуудлыг компьютергүй, канонгүй, студигүй зэргээр гол төлөв материаллаг бааз буюу эдийн засгийн талтай холбон үзэж байгаа юм. Ном унших, байнга ажиглах, хэвлэл, мэдээллийн байгууллагад зочлох нь сургалтанд санаа авах энгийн аргууд билээ. Сэтгүүл зүйн багш нар цагийн багш урих, оюутнуудаа дадлагад илгээхээс өөр байдлаар хэвлэл, мэдээлэлтэй холбогдож ажилладаггүй юм шиг санагдлаа.
Боловсруулсан сургалтын стандартаас үзэхэд сэтгүүл зүйн сургалт нь сэтгүүл зүйн тухай зүйл дээр төвлөрсөн болохоос яг сэтгүүл зүйг яаж хийх талаар тун бага байна. Сурвалжлах төрлийн хичээлүүд цөөн, оюутнууд сонин хэвлэлд бичсэн зүйлээрээ диплом хамгаалдаггүйгээс ийм дүгнэлт хийж байна.
Тэгээд ч сэтгүүл зүйн мэргэшүүлсэн сургалт явуулах янз бүрийн сургуулиуд өөрсдийн чиглэлээрээ хөтөлбөр төлөвлөгөөгөө илүү чөлөөтэй хийх нь чухал. Тийм учраас сонгон суралцах хичээл нь илүү олон байх ёстой. Ямар хичээл хэдэн кредит цаг байхыг хөтөлбөрт тогтоож өгөх албагүй. Тиймээс хөтөлбөр нь зүгээр л заах хичээлүүдийн жагсаалт байвал зохино. Сургалтын төлөвлөгөөний хувьд бол тухайн сэдвийг заах багш нар нь өөрсдөө боловсруулах нь тун зохимжтой. Энэ удаагийн сэдэвчилсэн төлөвлөгөө бүх багш нарт харин сайн жишээ болж өглөө. Гэхдээ багш нар сургалтанд ашиглах концепци, үзэл санаа, нэр томьёоны талаар харилцан ярилцаж байх нь тун чухал.
Зөвлөмж
2000 оны тавдугаар сард профессор Байрон Скотт заах аргын хичээл явуулах зөвлөмж өгсөн байсан. Тийм төрлийн сургалт одоо болтол огт хийгдээгүй байна. Гэхдээ цагийн багш нараас бусад сургалтанд оролцсон багш нар гадаадын багш нарын заах аргыг ажиглах боломжтой байсан байна.
Түүнчлэн Байрон Скотт сургалтын хөтөлбөрийг гурав эсвэл таван жил тутамд дүгнэж шинэчилж байх механизм боловсруулахыг санал болгосон байдаг. Төслийн удирдагч М.Зулькафилийн хэлснээр Боловсролын Яаманд сэтгүүл зүйн талаар ойлголттой хүн байхгүй юм байна. Энэ нь сэтгүүл зүйн сургуулийнхан тус яамныхантай маш болгоомжтой харьцах ёстой гэсэн үг.
Ингээд дараах ажлыг Сэтгүүл зүйн сургалтыг боловсронгуй болгох хөтөлбөрийн хүрээнд цаашид зохион байгуулж болох юм гэж үзэж байна.
Сургалт
- Заах аргын сургалт. Олонхи нь буюу 17 багшийн 9 нь сэтгүүл зүйн хичээл заах чадварыг дээшлүүлэх сургалт хэрэгтэй гэж үзсэн юм. Ийм сургалтанд орон тооны болон цагийн багш нарыг бүгдийг нь оруулбал зохино. Бүх багш нарыг хамруулахын тулд оройн цагаар зохион байгуулж болно. Тусгайлсан сургалтын аргуудыг үзүүлэхийн тулд өсгөгч, канон, компьютер, дуу хураагуур, гэрэл зургийн аппарат, телевиз, дуу ба дүрсний тоглуулагч, Эл Си Ди зэрэг тоног төхөөрөмж хэрэг болно.
- Эдийн засгийн сурвалжлага. Нэг ч багш ийм сургалтын талаар дурдаагүй. Харин би хөтөлбөр, төлөвлөгөөтэй танилцаж үзээд Сурвалжлах талаар заах суурь хичээл ч юм уу, эсвэл Улс төрийн, эсвэл Эдийн засгийн гэсэн сурвалжлах чиглэлийн хичээлүүдийг түлхүү оруулах хэрэгтэй юм болов уу гэж бодсон юм.
- Байгаль орчны сэтгүүл зүй. Энэ чиглэлийн хичээл хөтөлбөрт орохоор тусгагдсан учраас ийм сургалт багш нарт заавал хэрэгтэй. Гэхдээ уг сэдвийг сонирхсон хүмүүс л оролцох ёстой. Үүнийг монгол багш нар ч өөрсдөө бие биедээ заах боломжтой. Тэгээд сургалтынхаа явцад төслийн хугацаанд бэлтгэсэн гарын авлагыг хэлэлцэж болно. Энэ сургалтын дүнд багш нар ижил түвшингийн ойлголттой болж гарах ёстой.
- Интернетийн гүнзгийрүүлсэн сургалт. Багш нарын компьютер эзэмших чадвар харилцан адилгүй учраас энэ сургалтыг бичил бүлгүүд болгон зохион байгуулах нь дээр. Сургалт болон судалгааны зорилгоор ийм сургалт бүх багш нарт хэрэгтэй. Сургууль дээрээ Интернетийн холболттой бол хичээл заах багшийг тэндээ урьж тусгайлсан, ганцаарчилсан сургалт авч ч болно. Бусад нь компьютер ашиглах чадварынхаа дагуу хоёр хуваагдаж Хэвлэлийн Хүрээлэн юм уу эсвэл Интернетийн нээлттэй төвд очиж хичээллэж болно.
- Цахим сэтгүүл зүйн сургалт. Компьютер сайн эзэмшсэн багш нарыг дараа нь оюутнуудад заалгах зорилгоор энэ сургалтанд хамруулах хэрэгтэй. Оролцох багш нар долоо хоногийг цахим сэтгүүл зүйн сургалтанд зарцуулах ёстой.
- Судалгааны аргуудын сургалт. Бүх багш нар энэ сургалтанд хамрагдах нь чухал. Сургалт, судалгаа хоёр бие биенээсээ салангид орших зүйл биш. Хэвлэл, мэдээллийн судалгааны ажилд хувь нэмэр оруулахын тулд болон эрдмийн зэрэг цол горилох ажлаа хийхийн тулд багш нар олон нийтийн харилцааг судалдаг шинжлэх ухааны аргуудыг мэдэх ёстой. Энэ хичээлийг оройн цагаар долоо хоногт нэг удаа цуврал хичээл маягаар явуулж болно.
- Англи хэлний сургалт. Англи хэлгүйгээр мэргэжлийн номоо уншиж, Интернет ашиглаж чадахгүй гэдгээ багш нар аль хэдийн ойлгожээ. Тиймээс ч тэд шинэ мэдлэг, чадвар эзэмшиж чадахгүй байна. Тэгэхээр гадаад хэл эзэмших нь зайлшгүй шаардлагатай болоод байна. Хэрхэн зохион байгуулахыг би мэдэхгүй. Гэхдээ урьд нь Монголын Нээлттэй Нийгмийн Хүрээлэн нэг удаа Тусгай Зориулалтын Англи хэлний сургуультай хамтран сэтгүүлчдэд зориулан хэлний сургалт хийж байсныг санаж байна. Үүнтэй ижил маягаар бас зохион байгуулж болох юм.
- Компьютерийн тусламжтайгаар сурвалжлага хийх сургалт. Энэ сургалт эрэн сурвалжлах сэтгүүл зүйг заах багш нарт хэрэгтэй. Гэхдээ дээр хэлснээр энэ сургалтанд оролцоход наад зах нь Эксел, Аксесс програмуудыг мэдэх хэрэгтэй. Энэ сургалтанд нэг ч юм уу хоёр, гурван хүн ч сонгогдож болзошгүй. Эс бөгөөс дөрөв таван залуу багш нарыг бүлэг болгож сонгож аваад Ворд, Эксел, Аксесс програмаас эхэлж дараагийн шатанд нь Компьютерийн тусламжтайгаар сурвалжлага хийх хичээл орж болох юм.
Ном, гарын авлага
- Хялбархан уншиж, ойлгож болох сурах бичиг, гарын авлага оюутнуудад хэрэгтэй
- Сэтгүүл зүйн ном, гарын авлагуудын талаар тусгайлан ярилцах хэрэгтэй
- Хэвлэгдэж гарсан материалуудын уншлага зохион байгуулах
Судалгаа
- Сэтгүүл зүйн багш нарын талаар санал асуулга явуулах
- Хэвлэл, мэдээллийн асуудлаар хамтарсан судалгаа хийх
- Сэтгүүл зүйн сургалтын талаар оюутнуудын дунд судалгаа хийх
Бусад үйл ажиллагаа
- Туршлага судлах аялал
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, заах аргын талаар уулзалт зохиох
- Багш нарыг хэвлэл, мэдээллийн байгууллагат дадлага хийлгэх
- Нээлттэй хичээл хийх
АО. 2001.11.11
4 comments:
1.Яагаад шинжлэх ухааны салбар бүрээр тусгай мэрэгжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх талаар санаачилга гаргахгүй байнаа? Асуудлын гүнд нь орж бичиж чадахгүй байгаа сэтгүүлчид чухамдаа энд л алдаж байна. Ийм сэтгүүлчидтэй болохын тулд хоёр арга байдаг. а.Мэрэгжлийн хүмүүс, эрдэмтэд судлаачидыг сэтгүүл зүйд сургаж хосолсон мэрэгжилтэй сэтгүүлч төрүүлэх. б.Мэрэгжлийн сэтгүүлчдийг тухайн салбараар дагнуулан сургалтанд хамруулж мэрэгжүүлэх
2.Блог хөтлөх чадвартай сэтгүүлч маш цөөн байна. Интернетээр мэдээлэлээ цуглуулах, уншигчидтайгаа эргэх холбоогоор холбогдохгүйгээр сэтгүүлч хүн орчин үед яаж хурдтай ажиллаж чадах юм бэ?
Чөлөөт сэтгүүлзүйн үндэс нь сайн тавигдаж өгөхгүй болохоор сэтгүүлзүйн бусад салбар хөгжих нөхцөл үүсэхгүй байна. Ядаж л мэдээ бичихдээ үзэл бодлоо оруулалгүй бичиж сурах хэрэгтэй байна шүү дээ. Дунд сургуулиас нь баримт, үзэл бодлын ялгааг ойлгуулж өгдөг болмоор байна даа. Коллежийн оюутнуудад ч, мэргэжлийн хүмүүст ч сэтгүүлзүй зааж үзсэн. Заалгаж байхдаа ойлгоод байдаг. Ажил дээрээ очоод хуучин арга барилаараа бичээд явчихдаг. Манай эрдэмтэд хүртэл шинжлэх ухааны бичлэгт үзэл бодлоо оруулаад бичсэн харагддаг юм. Уг нь таны санал маш зөв л дөө. Сэтгүүлчид технологийн мэдлэгээр маш хоцрогдмол. И-мэйл ч ашигладаггүй сэтгүүлч байгаа гээд бод доо. Хийх зүйл их байна аа. Багш нар бидэнд.
Sain baina uu?bagshaa.tanii ene blog nadad ih taalagdlaa.Mun Tanii surguulid sonin baidag yum.surwaljlagchid ni ingej temtsdeg yum gej helsen ug ni uneheer saihan sanagdsan.Manai surguulig humuus ter bur sai meddeggui yum bilee.Bi sain surch chadbarlag setguulch bolood iim surguuli baidag yum ingej setguulchdiig belddeg yum gej bichmeer sanagdaj bna.
Сэтгэгдлийг чинь өнөөдөр л олж харлаа. Тэгээрэй. Сэтгүүлч болоод сурсан мэдсэнээ харуулна гэдэгт чинь найдхж байна шүү.
Сэтгүүлзүйн үүргийн сайн ойлгодог, иргэнлэг хүмүүс их хэрэгтэй байна даа.
Оюунгэрэл
Post a Comment