Эргээд оюутан болсон нэг өдрийн тэмдэглэл
Оюутнууд нь бужигнаж эхлэхийн яг өмнөх долоо хоногт Сиатл хот дахь Вашингтоны их сургуулийн Харилцааны тэнхим тус мужийн ахлах сургуулийн сонинд сурвалжлагч, редактораар ажиллах сурагчдыг хүлээн авч мэргэжлийн хичээлд суулгадаг уламжлалтай ажээ. Энэ жилийнх нь 2010 оны есдүгээр сарын 16-ны Пүрэв гаригт боллоо. Өөр хот, байгууллага руу аялахад сурагчдын эцэг эхээс нь зөвшөөрөл авахаар гарын үсэг зуруулдаг цаасыг уншихдаа энэ талаар мэдсэн юм. Намайг ихэд сонирхож байгааг мэдсэн охин маань “Би багшаасаа асуугаад таныг хамт явах зөвшөөрөл аваадахъя” гэж байна. Ингээд сурагчдыг дагалдаж явах эцэг эхийн тоонд орлоо.
Шовх оройтой готик маягийн улаан тоосгон байшин давамгайлсан кампусын голд орших Коммуникэйншнс гэсэн байшингийн гадаа олон хүүхэд хэсэг бүлгээрэ зогсоно. Охин маань сургуулийнхнаа нүдээрээ хайж байтал англи хэлний багш бөгөөд сонины зөвлөх мисс Девлин хүрч ирээд нэг товхимол өгч:
-Үдээс өмнө өөрсдөө сонгож хоёр хичээлд сууна. Эхний хичээл 9:30-10:20, дараагийнх нь 10:30-11:20-ийн хооронд болно. Үдийн хоолны дараа нийтийн лекцэн дээр 12:30-д бүгд уулзацгаая гэж хэллээ.
Маш олон хичээлийн сэдэв жагсааснаас дөнгөж хоёрыг сонгох төвөгтэй ажээ. Бүгдэд нь л сууж үзмээр байв. Даанч нэгэн зэрэг явагдах тул боломжгүй аж. Ингээд бид хоёр “Дүрсээр эрэн сурвалжлах нь”, “Мэдээ бичихүй” гэсэн хоёр сэдвийг сонгоод их сургуулийн оюутнууд шиг ангиа олохоор явлаа.
Эхний хичээл
Эхний хичээл Сэйвэри Холл гэдэг байранд орох байв. Товхимол дээрх кампусын зургаар төвөггүй оллоо. Хичээлийн байр чив чимээгүй. Багш нарын өрөө нь цоожтой, анги танхим нь эзэнгүй. Харин захиргааны бололтой ганц нэг өрөөнд хүмүүс компьютер шагайж сууна. Урт хонгилоор явсаар 206 тотод ирвэл бараг 200-гаад хүний суудалтай, том дэлгэцтэй танхимын тайзан дээр нэгэн эр цагаан өнгийн Эппль компьютер дэлгэчихсэн зогсож байсан нь бидэнд хичээл заах мултимидиа сэтгүүлч Тим Мацуй ажээ. Тэрээр 37 настай бөгөөд 1991 онд Вашингтоны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэжээ. Өдөр тутмын сонин, гэрэл зургийн агентлаг зэрэг олон байгууллагад ажиллаж байжээ. Харин одоо чөлөөт сэтгүүлчийн хувьд эрэн сурвалжлах чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг юм байна. Мацуй багш олон улсын түвшинд анхаарал татсан хүн хулгайлдаг сэдвээр хийсэн эрэн сурвалжлах ажлаа үзүүлэнгээ мултимидиа сэтгүүлзүйн талаар тайлбарлалаа. Түүний хичээлийг тэмдэглэж авснаасаа та бүхэнд хүргэе.
Мацуй багшийн өгүүлэх нь:
-Миний анхны гэрэл зургийн ажил оюутан байхдаа кафе дотор явцын шалгалтандаа бэлтгэж байгаа оюутнуудын зургийг авахаас эхэлж байсан. Ангийн бусад оюутнууд спортын үйл явдлын зураг авч байхад би яагаад тийм зураг авахаар шийдсэнээ одоо болтол мэддэггүй. Тэр үед гурван хөл дээр зоосон хальстай камераар зураг авахын тулд гэрлээ тааруулах гэж багагүй сандарсансан. Дараа нь дадлагад гарахдаа дунд болон ахлах сургуульд маш их зүйлийг мэдэж авалгүй өнгөрөөснөө ойлгосон. Одоо та нарт үзүүлэх эрэн сурвалжлагыг хийхдээ дунд сургуулийн эрүүл мэндийн хичээл ямар их хэрэгтэйг мэдэрсэн дээ. Та нар хүн хулгайлна гэж юу байдгийг мэдэх үү гэлээ.
Хичээлд сууж байсан хориод сурагчийн нэг:
-Хүнийг өөрөө хүсээгүй байхад нэг газар аваачаад сексийн зорилгоор ашиглахыг хэлнэ гэв.
Багш:
-Өөр газарт хүнийг тээвэрлэж аваачаад худалдахыг хэлдэг юм билээ. Зөвхөн сексийн ч биш ажил хийлгэх зорилгоор ч бас байна. Нэгдсэн Үндэстний байгууллага болон Америкийн байгууллагуудын тодорхойлолтыг уншвал энэ асуудлыг ойлгоход тусална. Гэхдээ яг чухам юу юм бэ гэдгийг өөртөө сайтар ойлгож авахад ийм тодорхойлолт хангалтгүй байсан гээд хэрхэн мултимидиа сэтгүүлч болсноо ярилаа.
Тэрбээр хоёр гол шалтгаанаас мултимидиа сэтгүүлч болжээ. Нэгд, сонинд ажиллаж байхдаа бичдэг сурвалжлагч нар асуудлын өөр өнцгөөс харж, өөр хүн дээр төвлөрдгөөрөө гэрэл зурагчнаас ялгардаг нь мэдэгджээ. Харин мултимидиа сэтгүүлч бол бичвэрээ ч хийнэ, дүрс дууг ч буулгаж авна. Тэгээд ч сурвалжлахуйн үндэс болсон судалгаагаа өөрөө хийнэ. “Өөрийнхөө гаргаж ирсэн асуултыг даган судалгаа хийж явах мөн ч сайхан шүү дээ” гэж Мацуй багш тодотгож байна.
Хоёрт, дижитал аппарат гарч ирсэн үеэс зөвхөн гэрэл зургаар мөнгө олж амжиргаагаа залгуулахгүй нь ойлгомжтой болжээ. Зураг авахад 110 доллар зарцуулаад 15 доллар олох хэмжээнд тулжээ. Засгийн газрын агентлагуудтай хамтарсан төсөл дээр ажиллахад олсон орлогынх нь 60 хувийг авч үлдээд 40 хувийг л өгч байсан байна. Тиймээс тэр Америкт бол ашгийн төлөө бус гэгддэг олон улсад болон төрийн бус гэдэг байгууллагуудтай хамтран ажиллах болжээ. Эрэн сурвалжлах сэдвийг сонгож судлаад төсөл бичиж тэднээс санхүүжилт авахад багагүй цаг зарцуулдаг ч Мацуй багш энэ ажилдаа дуртай.
-Зураг авахын тулд хүмүүстэй маш түргэн зуур харилцаа үүсгэх ёстой. Зургийг нь авах хүнтэй би дунджаар найман минутын дотор итгэлцэх харилцаа үүсгэж чадна. Гэтэл хүн хулгайлдаг энэ төвөгтэй асуудлыг сурвалжлахдаа зураг авах хүртэл таван долоо хоног зарцуулсан. Төрийн бус байгууллага л тэнд надад тусалсан. Төрийн бус байгууллагынхан л эх сурвалжуудын маань л итгэлийг надаас түрүүлж олж авч чадаж байлаа. Та нарт үзүүлэх энэ видеог авахад тусалсан ТББ-ыг Тайландын нэгэн караоке баарны үйлчлэгч нарын нүүрийг будах ажил эрхэлж байсан эмэгтэй байгуулсан юм. Тэр бааранд залуу охидыг үйлчлэгчээр аваад эрэгтэй үйлчлүүлэгчдийг өдөж айлгүйтэх замаар биеэ үнэлэх үүрэг тулгадаг байжээ. Тэр эмэгтэй нүүр буддаг ажлаараа дундаж цалингаас зургаа дахин их хөлс авч байсан ч нэгэн удаа сургалтад хамрагдсаныхаа дараа үйлчлэгч залуу охидыг тэндээс холдуулах зорилго бүхий ТББ байгуулахаар шийджээ. Тайландад биеэ үнэлэхийг хуулиар хориглодог ч янз бүрийн аргаар ийм үйлдвэрлэлийг явуулдаг байна. ТББ-уудтай нь холбоо тогтооход гурван жил болсон. Орон нутгийн хүмүүстэй ажиллахын тулд тэндэхийн ТББ-тай холбогдох нь тун чухал. Сошиал нэтвөркинг сайтууд их тус болсон гэлээ.
Тэрбээр эрэн сурвалжилсан мултимидиа бүтээлийн зураг авахад урьдчилан судалгаа хийх болон орон нутгийнхантай холбогдох тун чухал гэдгийг дахин дахин онцолж судалсан зүйлээсээ хуваалцлаа. Өдрийн цагаар очоод ТББ-ынхан танилцуулж өгөхөд асуудал бага үүсдэг байна. Тэр Кампучи, Вьетнамаас хулгайлагдаж ирсэн охидтой дайралджээ. Олон жил хямрал зөрчилд байсан тэдгээр оронд амьдрахын төлөө үр хүүхдээ худалдаж болдог ойлголт бараг нийтийн хэм хэмжээ болон тогтжээ. Африкт “цуст алмааз” гэгддэг зөрчил он удаан үргэжилснээс мөн хүн хулгайлан худалдах асуудал өргөн дэлгэрчээ. Олон улсын Хөдөлмөрийн байгууллага энэ асуудлын үндэс нь хүнийг боолчлох гэсэнтэй холбоотой гэж үздэг. Зарим эрчүүд буурай орны ядуу гэр бүлийг харж үзэж байгаа дүр үзүүлж “Бүх асуудал надаар дамжина” гэсэн ойлголт төрүүлдгийг “хүргэний орчин бий болгох арга” (groomy environment) гэдэг юм байна. Уулзсан охидын олонхи нь эцэг эх нь тэднийг өөр хүнд худалдсан тухай ярьж байжээ. Ээж нь хөршдөө худалдсан Кампучи охины тухай энэ линкийг дарж үзээрэй. http://timmatsui.com/multimedia-portfolio/cambodia-srey-neth/
ДОХ авснаа ч мэдэлгүй явсан энэ охин ТББ-ынхантай уулзсаны ачаар өөртөө итгэх итгэл олж аваад бусад охидод тусалж байгаа тухай ярихад хамар шархираад явчихсан шүү.
Мацуй багш:
-Мултимедиад ажиллаж байгаа хүн багаар ажиллах, судалгаа хийх, бичих ажиллагааны ур чадвар эзэмшиж мэргэжилтнүүдийн туслалцаа авч сурах шаардлагатай. Мөнгө их зарцуулдаг ажил шүү гэж хэллээ. Түүний компьютер 2500 доллар, ашигладаг программууд нь 900 долларын үнэтэй ажээ. Тэр Canon 5DMKII HDSLR аппаратаар зургаа авдаг. Сайт нь: www.timmatsui.com Орж бүтээлээс нь сонирхоорой.
Хоёр дахь хичээл
Арван минутын завсарлагаагаар амжиж Коммуникэйшнс байрны 226 тоот ангид ирлээ. Халзан толгойтой хижээл насны эр ширээ түшин зогсож байгаа нь “Мэдээ бичихүй” хичээл заахаар уригдсан Билл Шийтс юм байна. Битүү захтай хар цамцан дээр хар сааралдуу пиджак өмсчээ. Тэрбээр:
-Би сонины бизнест 25 жил болж байна. Одоо бол Вашингтон мужийн Эверет хотын Хералд сонинд тээвэр ба байгаль орчны сурвалжлагчаар ажиллаж байна. Манай сонин 55 мянган захиалагчтай. Байгаа цаг хугацааныхаа боломжоор үнэнийг гаргаж ирдэг учраас би сэтгүүлчийн ажилдаа дуртай. Би Пи Ар-ын ажил хийж үзсэн. Үнэнийг хэлж болдоггүй ажил юм билээ. Тиймээс орхиод сониндоо буцаж ирсэн. Сэтгүүлчийн ажилд би хоёр шалтгаанаар би дурладаг. Нэгдүгээрт, сэтгүүлч хүний цэгц чанар. Үнэнийг хэр хэмжээгээр хэлж чадах нь тухайн сэтгүүлчийн цэгц чанараас ихээхэн шилтгаалдаг. Хоёрдугаарт, сэтгүүлчийн хуримтлуулдаг туршлага. Бусад мэргэжлийн хүмүүст байхгүй их туршлагыг сэтгүүлч хүн хуримтлуулдаг. Би багш биш болохоор яриад баймааргүй байна. Та бүхэн асуу би хариулъя гэлээ.
Угаасаа ч Америкт бага, дунд, ахлах, дээд аль ч сургуульд Сократын арга буюу асуулт тавих замаар мэдлэг олж авах арга давамгайлдаг учир ийм аргад дассан сурагчид шууд л ээлжлэн асууж эхлэв. Зарим асуулт хариултыг хөрвүүлье.
-Та ажлын ердийн өдрөө зураглана уу?
-Зарим өдөр 3-4 сэдвээр мэдээ сурвалжлага бичих шаардлага гарч оволзоно. Зарим үед ганц мэдээ бичиж тайван өнгөрнө. Олон мэдээтэй өдрөө зарим нэгийг нь өөр хүнд шилжүүлэх ч хэрэг гарна. Гадуур их явна. Зарим үед байгууллага, хүмүүсээс ирсэн и-мэйлийг шүүхэд мэдээний сэдэв олддог. Утсаар мэдээлэл авахад цаг их зарцуулдаг. Хамгийн сүүлд нарны эрчим хүчний үүсгүүр хулгайлагдсан тухай бичсэн. Тэр мэдээг анх редакцид холбосон цагдаагийн радио мэдээний долгионоор барьж авсан. Ажлын цаг 10:00-6:30 хүртэл эсвэл үдээс хойш нэг юм уу хоёр цагаас үдэш хүртэл үргэлжилдэг.
-Та ямар цалин авдаг вэ?
-Ийм асуултад би хариулдаггүй л дээ. Гэхдээ та нарыг хамт ажилладаг хүмүүст минь хэлэхгүй гэж бодоод хэлчихье (Инээв). Би жилийн 35 мянган долларын цалинтай. Бага цалин л даа. Гэхдээ би ажилдаа дуртай. Анх энэ их сургуульд улстөр судлалаар сурч байхад минь профессор маань намайг “Сайн бичдэг юм байна” гэж урамшуулахад сургуулийнхаа эрхлэн гаргадаг Дэйли Ньюс сонинд ажиллаж эхэлснээр сэтгүүлзүй рүү орчихсон юм шүү дээ. Их үйлсийн төлөө явдаг учраас сэтгүүлзүйд би дуртай. Хэвлэмэл хэрэгслийн зар сурталчилгаа багасаж байгаа учир орон нутгийн сонин сурвалжлагч, редакторуудаа сайн цалинжуулж чадахгүй байгаа. Гэхдээ би сонин мөхөхгүй гэдэгт итгэлтэй байдаг.
-Та ямар машин унадаг вэ?
-Хонда. Өмнө нь Доож Неон унаж байлаа. Уг нь био түлшээр ажилладаг машин авах гэсэн боловч арай үнэтэй байсан юм.
-Био түлшээр ажилладаг машиныг залгаж цэнэглэдэг үү?
-Тийм. Цэнэглэгч нь машинтай хамт ирдэг юм. Түүнийг гараашдаа байрлуулчихаад залгах ёстой.
-Ажилдаа баримталдаг гол зарчим тань юу вэ?
-Нийтийн аюулгүй байдалтай холбоотой бүхнийг чухал гэж үздэг. Сэтгүүлч хүн өөрийгөө нэг тал руу хазайхаас сэргийлж байх ёстой. Би тэнцвэрийг барьж сурах тал дээр өөртэйгөө байнга ажилладаг. Үзэл бодолтойгоо байнга тэмцэнэ. Манай редактор дэлхийн уур амьсгал дулаарч байгаад итгэдэггүй. Эргэн тойрны уулын мөнх цас хайлаад байхад шүү. Гэсэн ч бид дэлхийн дулаарлын талаар бичиж л байгаа.
-Та сонирхлын зөрчилд ороод ёс зүйн ямар шийдэл хийж байсан уу?
-Олон тохиолддог л доо. Шууд санаанд орж байгаа нэг тохиолдлыг ярья. Эверетт хотын өмнө хэсэгт нийтийн тээвэр явдаггүй юм. Тэгээд тэнд жижиг онгоцны буудал барих санал гарч ирлээ. Эхлээд хэрэгтэй санал шиг санагдаад оршин суугчидтай ярьсан чинь чимээ шуугиан үүснэ гээд дийлэнх нь дургүйцлээ. Тэгэхээр нь өөрөө тэнд нүүж очоод амьдарч нийтийн унаа хэрэгтэй гэдгийг батлахаар шийдлээ. Гэтэл амьдарсан газраа дасаад тэр амгалан тайван орчинд шуугиан үүсгэх зүйл оруулж ирэх хэрэггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Нэгэнт нутгийн оршин суугч болсон болохоор тэдний талыг барьсан материал гаргавал сонирхлын зөрчил болно гэж бодоод редактортайгаа зөвлөвөл хэвлэх шийд өгсөн юм.
-Сэтгүүлчийн өдөр тутам анхаарах зүйл юу вэ?
-Сонгуулиар гарч ирсэн албан тушаалтнуудыг нүд салгахгүй харж байх нь чухал. Үргэлж худлаа ярьдаг хэрнээ сонгуульд өрсөлдөх дуртай нэг хүн байлаа. Намаа сольж сонгууль бүрт өрсөлдсөөр нэг удаа ус сувгийн газрын даргаар сонгогдчихлоо. Сонгогдсон дүүрэгтээ амьдрах ёстой атал өөр газар найз бүсгүйтэйгээ амьдраад байсан юм. Түүнийг тэр газраас хүчээр нүүлгэх шүүхийн шийдвэрийг биелүүлэх өдрийн өглөө сурвалжлагчид гадаа нь зогсож байтал тэр нэлээд шартсан хүний дүртэй гарч ирээд цэргийн ёсолгоо хийчихээд буцаад орчихсон. Араас нь дагаж ороход нэг өрөөндөө шигдчихээд гарч ирэхгүй байсан. Хонгил нь хураасан сонин, нохой муур, тэдний ялгадсаар дүүрсэн байсан нь бүр гайхашрал төрүүлсэн. Бид бүх зургийг нь аваад сонинд тавьж байсан. Албан тушаалтнууд ч нийтийн төлөө зүтгэж байгаа тул цэгц чанартай байх ёстой шүү дээ.
-Залуу сэлгүүлчдэд та юу зөвлөх вэ?
-Хурдан бичиж сурах хэрэгтэй. Сэтгүүлчид хурдан бичдэг. Бичихдээ тэмдэглэснээ бүү хар. Толгойдоо байгаагаа буулга. Тоо баримтыг санахгүй бол олон цэг тавьж зай орхиод санаагаа бичээд бай. Дараа нь тэмдэглэлээсээ тоог хараад тавьчихаж болно. Мэдэж байгаа бүхнээ бич. Тэгээд бүтцэд оруулж дараа нь тэмдэглэлийн дэвтрээ хар. Бодож санаснаа буулгасны дараа асуулт хөврөөд ирдэг юм гэж Билл Шийтс багш хэллээ. Түүний ажилладаг сонины сайт нь www.heraldnet.com юм байна. Ингээд хичээл дууссаны дараа оюутны гуанзанд орж хооллочихоод нийтийн уулзалтад ирлээ.
Нийтийн уулзалт
Сиатл Таймс сонины ерөнхий эрхлэгч Суки Дардариантай сурагчдыг уулзуулахарр төлөвлөжээ. Вашингтон мужийн ахлах сургуулиудаас ирсэн 600 гаруй сурагч, багш эцэг эхчүүдийнхээ хамт Кэйн холл хэмээх лекцийн их танхимыг дүүргэсэн байлаа. Суки Дардариан танхимыг нэгэнтээ тойруулан хараад:
-Энд цугласан та бүхнийг хараад сэтгүүлзүй мөхөөгүй юм байна гэж бодогдож байна. Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны хувьд би олон газарт, үүнээс олон хүний өмнө үг хэлж байсан ч өнөөдөр сэтгүүлзүйд хувь нэмрээ оруулсан нэртэй алдартай хүмүүс үгээ хүргэж байсан, тэдний сэтгэл нь хоргодсон Кэйн холл хэмээх энэ танхимд ирсэн та нар сэтгүүлзүй урьд өмнөх үеэсээ ч илүү амьдлаг болж байгааг харуулах гэрч болж байна. Би яриагаа сэтгүүлзүйн үнэт арга хэрэгсэл болсон хүүрнэх аргыг ашиглан нэгэн үйл явдлын мэдээний түүхийг өгүүлье. Энэхүү үйл явдлын мэдээлснэээр Сиатл Таймс сонин 2010 оны Пулитцерийн шагналыг шуурхай мэдээний ангиллаар хүртсэн юм. Сонин хичнээн олон арга замаар нэг үйл явдлын талаар мэдээлж болохыг манай редакцийнхан харуулсан юм гэж хэлээд хүүрнэлээ эхлэв.
2009 оны 11 дүгээр сарын 29-ний ням гаригийн өглөө Вашингтон мужийн Лэйквүүд хотын кофений жижигхэн газарт цагдаагийн дөрвөн ажилтан ээлжиндээ гарахаар бэлтгэж байлаа. Гурав нь ширээн дээр зөөврийн компьютер дээрээ мэдээлэл шалгаж, нэг нь лангууны дэргэд кофегоо аягалуулж байв. Гэтэл найман цаг 15 минутын үед буу барьсан хүн орж ирээд тэднийг шүршжээ. Нэг цагдаа нь шархадсан хэдий ч буугаа гарган хариу буудаж эсэргүүцээд нөгөө этгээдийг дийлэлгүй алджээ. Ингээд дөрвөн цагдаа алсан хүнийг эрэн сурвалжлах дөичн цагийн ажил муж даяар эхэлсэн юм.
Энэ үйл явдлыг сурвалжлахын тулд Сиатл Таймс сонины эрхлэгч дөрвөн редактортаа дор бүрд нь чиглэл өгсөн байна. Тэр чиглэлийн дагуу сурвалжлагчдаа баг болгон ажиллуулжээ. Эхний редакторын хариуцсан баг сэжигтнийг олох ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл цуглуулж мэдээлэх, хоёр дахь баг амь үрэгдсэн дөрвөн цагдаагийн талаар сурвалжилж бичих, гурав дахь нь сэжигтний нэртэй холбоотой эд хөрөнгийн бүртгэл, утасны ярианы мэдээлэл зэргийг олж мэдэх, дөрөв дэх багийнхан сэжигтэн хэрхэн суллагдсаныг шүүхээс олж мэдэх чиглэлээр ажиллажээ.
-Ингэхдээ бид уламжлалт болон эрэн сурвалжлах сэтгүүлзүйн судалгааны аргыг ашиглах, ёсзүйн шийдэл хийх, редакторлах, бичих, зураг авах, вэб сайт хийх, нүүрийн дизайн хийх, зурах, чимэглэх гээд сэтгүүлзүйн үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л хэлбэрийг ашигласан гэж ерөнхий эрхлэгч Суки Дардариан хэлэв.
Дөрвөн хүний аминд хүрсэн сэжигтэн Марис Клеммонсийг эрэн сурвалжлах ажиллагаа нийтдээ 40 цаг үргэлжлэхэд Сиатл Таймсынхан болж байгаа зүйлийг вэбсайт болон хэвлэмэл сониноороо тасралтгүй мэдээлж байлаа. Хэн нэгэн сурвалжлагч цагдаагийн радио долгионыг байнга сонсож байхаар хуваарилж, нэг гэрэл зурагчин онлайн дээрх зургийг цаг тутам солих үүрэг хүлээж, нэг хүн и-мэйл чатаар хүмүүстэй холбогдон мэдээлэл авч, нэг редактор цагдаагийнхантай холбоо барьж байлаа. Сэжигтнийг отож байсан нэг байрны тагтан дээр камераа агсан зогсож байсан гэрэл зургийн сурвалжлагчийнхаа байрлалыг өөрчлүүлээч гэж цагдаагийнхан ерөнхий эрхлэгч рүү утасджээ. Ажиг авахуулж магад гэж үзсэн нь тэр байж. Иргэдийн чатаар өгсөн мэдээллийн дагуу цагдаагийнхан дор нь шалгаад сэжигтэн тэнд байгаагүй тухай хариу өгч байлаа. Эд хөрөнгийн бүртгэлээр хамаатан садных нь хүмүүсийг амархан олж, тэд сэжигтэнд туслаад зугтаалгаад байгаа нь мэдэгдсэнийг нийтэд мэдээлэв.
Шуурхай мэдээллийн явцад сэжигтэн Марис Клеммонс Арканзас мужийн захирагчийн өршөөлөөр шоронгоос хэд хэдэн удаа суллагдсаныг олж мэдэв. Тэр үед тус мужийн захирагч байсан Майк Хакабийгийн ажлын арга барилтай ч холбогдоод ирэв. Учир нь тэр Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших кампанит ажлын үеэрээ маш олон хоригдлыг өршөөлөөр сулласан байв. Түүнчлэн Арканзас мужийн шүүх Вашингтон мужийн шүүхүүд хоорондоо энэ хүний талаар огт мэдээлэл солилцоогүй байсан нь шүүхийн систем харилцан уялдаагүйг харуулав. Дөрвөн цагдааг буудсан өдрөөс зургаан хоногийн өмнө Марис Клеммонс дүүргийн шүүхээс барьцаагаар суллагдсан байжээ. Дүүргийн шүүх сэжигтний гэр бүлийнхний хүсэлтээр хэргийн бичиг баримтыг өгөхгүй байсан тул Сиатл Таймс “Мэдээллийн эрх чөлөөний хууль”-ийн заалтын дагуу нээлттэй мэдээллийг нэхэмжлэх зарга үүсгэж АНУ-ын Дээд Шүүхэд ханджээ. Сэжигтнийг эрэн сурвалжлах үйл ажиллагааны мэдээлэл түүнийг замын цагдаад буудан алуулснаар дууссан ч энэ үйл явдалтай холбоотой мэдээлэл өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа ажээ.
Суки Дардариан эцэст нь хэлэхдээ:
-Хэдийгээр бид хүмүүсээ цөөлж, байраа багасгаж байгаа ч өнөөдөр бидэнд хүртээмжтэй байгаа арга хэрэгслүүдийг ашигласнаар сэтгүүлзүйг бид урьд өмнөхөөс ч илүү амьд болгож чадаж байна гэсэн юм.
Хэвлэмэл болон онлайн мэдээллийг хослуулж хийсэн тэдний шуурхай мэдээлэлтэй дараах сайтаас танилцаарай.
http://www.pulitzer.org/works/2010-Breaking-News-Reporting
http://seattletimes.nwsource.com/html/localnews/2010393433_webarrest01m.html
Нэмэлт үйл ажиллагаа
Нийтийн лекцийн дараа “Бичих эрхийхээ төлөө тэмц” холбооныхны ярианд сайн дураараа үлдэгсдийн тоонд орж сонслоо. Сиатлийн урдхан оршдог Пьюлап хотын гурван ахлах сургуулийн сонины эрхлэгч гурван охин индэр дээр гарч ирээд байгууллагынха зорилгыг тайлбарлаж, үе тэнгийнхнээ нэгдэхийг хүслээ. Тэдний яриа нэгэн түүхтэй холбоотой.
Пьюлап хотын Эмиральд Рийж ахлах сургуулийн Жагвайер сонин 2008 оны хоёрдугаар сарын нэг дугаартаа сурагчдын дунд аман секс дэлгэрч байгаа тухай сургуулийнхаа дөрвөн сурагчийн яриаг үзэл бодлын буландаа хэвлэжээ. Нэр дурдагдсан оюутнууд яриа авсан сурагч-сурвалжлагч нэрийг маань зөвшөөрөлгүй дурдсанаас нэр хүнд унасан хэмээн зарга үүсгэж сониныг санхүүгийн хувьд дэмждэг хэвлэн нийтлэгч нь болох Дүүргийн Боловсролын газрыг шүүхэд өгч нийт долоон сая доллар нэхэмжилжээ. Шүүхийн үйл ажиллагааны явцад сурагч-сурвалжлагч тэднээс зөвшөөрөл авсан гэдэг нь батлагдсан бөгөөд сурагч-сурвалжлагчдаас бүрдсэн редакц агуулгынхаа талаархи шийдвэрийг өөрсдөө гаргах нь хэвлэлийн эрх чөлөөг хангана гэж үзсэн тул тангарагтны шүүгчид 10:2 гэсэн харьцааны саналаар Дүүргийн Боловсролын газрын талд шийдсэн байдаг. Үндсэн Хуулийн эрхтэй холбоотой асуудал хөндөгдсөн энэ заргын талаар сэтгүүлзүйн салбарынхан судалдаг болсон байна. Гэтэл шүүх хурлаас хойш Дүүргийн Боловсролын Газар ахлах сургуулийн сонины материалуудыг захирлууд нь уншиж байх шийдвэр гаргажээ. Ингэж цензур тогтоохын эсрэг Пьюлап хотын бүх ахлах сургуулийнхан нэгдэж “Бичих эрхийхээ төлөө тэмц” холбоог байгуулсан юм байна.
Энэ холбоо Вашингтон мужийн сенаторуудыг лоббидож сургуулийн сонины агуулгыг захиргаанаас хянахгүй байх, сонины зөвлөгч болж ажилладаг багш нарт сонины агуулгаас болж захиргааны арга хэмжээ авахгүй байх, сурагч-сурвалжлагчдаас бүрдсэн редакц агуулгын бүх шийдвэрийг гаргадаг байх зэргийг багтаасан заалт бүхий хуулийг мужийнхаа хууль тогтоох байгууллагын хоёр танхимаар хэлэлцүүлж батлуулах гээд зүтгэж байгаа юм байна. Үүндээ л бусад хотын сургуулийнхныг нэгдэхийг хүсчээ. Тэдний үйл ажиллагаатай танилцъя гэвэл дараах сайтад зочлоорой. www.fightfortherighttowrite.com
Мэргэжлийн сэтгүүлчдийг бодвол сургуулийн сониныхон илүү дарамтад ажиллаж, их цензурт өртдөгийг ойлгож авлаа. Нэр томьёо нь ч өөр юм. Редакц нь өөрсдөө шийдвэрээ бүрэн гаргадаг нийтэд нээлттэй сониныг “нээлттэй индэр”, захиргаа буюу хэн нэгэн эсвэл бүлэг агуулгад нь хэсэгчлэн хяналт тавьдаг бол “хязгаарлагдсан индэр”, бүрэн хяналтад байдаг бол “хаалттай индэр” гэх жишээтэй. Өөр мужид ч үүнтэй төстэй асуудал үүсэж байсныг охид дэлгэрэнгүй тайлбарласан. “Хязгаарлагдмал индэр” болоод байгаа Жагвайер сонины эрхлэгч охины нэгэн материалыг гаргахыг зөвшөөрөөгүй тул хэвлэгдэх байсан зайн дээр нь томоо гэгчээр “Энэ материалыг цензурдэв” гээд бичээд хэвлүүлсэн байна. “Ийм зүйл та нарт бүү тохиолдоосой гэсэн үүднээс хамтрахыг уриалж байна” гэж тэр хэлсэн юм.
А.Оюунгэрэл
Жич: Хэвлэлийн эрх чөлөөний төлөө бага залуугаасаа ингэж тэмцэж байгаа хүүхдүүдийг харах үнэхээр бахархмаар байлаа. Хэдэн жилийн өмнө Соросын сангийнхан сургуулийн сонины төслийн хүрээнд нэгэн гарын авлага гаргасныг МУИС-ийн сэтгүүлзүйн нэг багш шүүмжлэх явцдаа “Сургуулийн сонин гэж байдаг юм гэнэ ээ” гэж ирээд л бичсэн байсныг энэ өдөр би тод саналаа. Тэр багшийг энэ танхимд суулгаад сургуулийн сонин гэж байдаг юм, сурвалжлагч нар нь ингэж тэмцдэг юм гэж харуулмаар санагдсан шүү.
38 comments:
Сонирхолтой юмаа
Амжилт хүсье танд
Тийм байгаа биз? Оролцсон бол бүр ч сонирхолтой байх байсан. Хийсэн сонингууд нь бас их сонирхолтой байдаг. Хүүхдүүд бидний санаанд ороогүй сэдвүүдийг хөндсөн байдаг шүү.
sonirholtoi bichleg baina, guiee mon uigagui bichihiimaa. barag unshih gej hichneen ih hodolmor orjiinaa hehe.
Би харин ч цөөн бичиж байна. Блогоо ойр ойрхон шинэчилж амжихгүй юм. Өмнө бичсэн олон зүйл байна. Электрон хэлбэрээр нь хадгалагдаагүй тул дахин компьютерт оруулж амждаггүй. Уг нь би блогоороо сэтгүүлзүйн багш нартай хэлэлцүүлэг, яриа үүсгэх зорилготой байсан юм. Гэтэл тэд сонирхдоггүй бололтой.
Оюунгэрэл
Сайн байна уу багшаа. Бичсэнийг тань уншлаа. Мултимэдиа сэтгүүлч, бичдэг сурвалжлагч хоёрын ялгааг дахин дэлгэрүүлж өгөөч.
Юуны төлөө сурагчдад зориулсан сургуулийн сонин гэж багаа билээ, тэгээд ч нийтэлсэн материалаа захиралдаа хянуулж гаргана гэдэг чинь 1-рт тэднийг шүүмжилж, сургууль багш захирлынхаа дутагдалтай талыг залруулж болохгүй. 2-рт тэдний /захирал багш нарын/ эрх ашиг санаа бодол нийтлэлд тусгагдах болно. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид мэдээгээ улстөрч, ерөнхийлөгчдөө үзүүлж нийтлүүлж байна л гэсэн үг. Тэгэхээр сургуулийн сонин гэж байх хэрэг алга.
Сиатл Таймс сонины эрэн сурвалжлах багийн үйл ажиллагааны талаар уншхад монголд энэ чиглэлээр үнэхээр сэтгүүлзүй хөгжөөгүй санагдаж байна. Манайд Нэг сэдвийн талаар эрэл хайгуул хийлээ гэхэд ганц сэтгүүлч сөхөрч унатлаа зүтгэдэг. Гэтэл багаараа ажлаа хувааж аваад хийвэл ачаалал талаасаа ч тэр агуулга, даацын тал дээр ч шал өөр бүтээл гарах болно.
Б.Золзаяад
Асуулт тавьж, саналаа үлдээсэнд баярлалаа. Өөрөө дүрс, дуу, бичвэрээ бэлтгээд вэбсайт дээр тавьж интерактив үйлдэл хийдэг сэтгүүлчийг мултимедиа сэтгүүлч гэж байгаа юм. Сонины сэтгүүлч зөвхөн бичвэртэй, радиогийн сэтгүүлч дуу, бичвэртэй, телевизийн сэтгүүлч дүрс, бичвэртэй ажилладаг бол мултимедиа нь энэ гурвыг бүгдийг нэгтгэж үйл ажиллагаагаа явуулна. Дээр нь онлайн дээр өөр олон үйлдэл хийнэ гэсэн үг.
Тим Мацуйгийн вэб сайтаас үүнийг яаж хийснийг харж болно.
А.Оюунгэрэл
Сайн байна уу? багшаа сүүлд уншсан "Бичих эрхийнхээ төлөө тэмц" холбооны үйл ажиллагаа их сайхан санагдлаа.Сургуулийн сонин хараат байдал,цензурын дор ажиллахгүй байгаа нь сэтгүүлзүй нь хөгжил дээрээсээ бус доороосоо шударга хөгжихийн үндэс юм.Мөн Мацуй багшийн хэлсэн-Мултимедиад ажиллаж байгаа хүн багаар ажиллах, судалгаа хийх, бичих ажиллагааны ур чадвар эзэмшиж мэргэжилтнүүдийн туслалцаа авч сурах шаардлагатай.Билл Шийтсийн хэлсэн:Нэгдүгээрт, сэтгүүлч хүний цэгц чанар. Үнэнийг хэр хэмжээгээр хэлж чадах нь тухайн сэтгүүлчийн цэгц чанараас ихээхэн шалтгаалдаг. Хоёрдугаарт, сэтгүүлчийн хуримтлуулдаг туршлага. Бусад мэргэжлийн хүмүүст байхгүй их туршлагыг сэтгүүлч хүн хуримтлуулдаг гэсэн нь надад сонирхолтой санагдсан.Уншиж байхад тэр газар очсон юм шиг сэтгэгдэл төрж байсан.Энэхүү үйл явдлын мэдээлснэээр Сиатл Таймс сонин 2010 оны Пулитцерийн шагналыг шуурхай мэдээний ангиллаар хүртсэн мэдээллэл нь мэдээллийг олон өнцгөөс харж,сурвалжилж болдгийг чадварлагаар харуулсан нь бахархмаар санагдсан.Надад үнэхээр шинэлэг хэрэгтэй мэдээлэл болж чадлаа.
Цээсүрэнд
Санал бодлоо бичсэнд баярлалаа. Хэвлэлийн эрх чөлөөний төлөө өдөр бүр, алхам тутамдаа тэмцэж байх ёстой гэж ардчилал хөгжсөн орныхон үздэг. Учир нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол иргэн хүний үндсэн эрх юм. Энэ эрх зөрчигдөж байгаа тохиолдолд бусад эрхийн тухай, ардчиллын тухай ярих ч хэрэггүй болдог. Иргэдийн ийм эрхийг хангахын төлөө сэтгүүлчид ажилладаг болохоор тэд хэвлэлийн эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч байхаас өөр аргагүй. Үүнийг багаасаа ойлгосон энэ хүүхдүүдийг харах урамтай бөгөөд бахархалтай байсан шүү. Та нартай энэ өдрийн үйл явдлын мэдээллийг хуваалцмаар санагдсан тул ингэж блог дээрээ тавьсан юм аа.
Сайн уу? багшаа таны бичсэн зүйлийг уншлаа. Их сонирхолтй болжээ. Мэдлэгт маань нэлээн нэмэр боллоо. Асуух зүйлсийг маань хүүхдүүд ихэвчлэн асуусан болохоор мэдэж авсан зүйлээ бичие. Мултимэдиа сэтгүүлч, бичдэг сурвалжлагч гэж хэн болох, асуулт хэрхэн тавьж байгаа, бичсэн зүйл тань гээд л нэлээдгүй их мэдлэг боллоо. Хэвлэлийн эрх чөлөөний хувьд бол нэг үеээ бодвол илүү чөлөөтэй бичиж, сэтгэж чадаж байгаа. Яг үнэнийг хэлхэд Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүй хөгжөөгүй гэж боддог. Гэхдээ сэтгүүлч болж байгаа хүмүүс юуны сэтгүүлч болох талаараа тодорхой шийдэж чаддаггүйтэй холбоотой гэж боддог.
Сайн уу? багшаа таны бичсэн зүйлийг уншлаа. Их сонирхолтй болжээ. Мэдлэгт маань нэлээн нэмэр боллоо. Асуух зүйлсийг маань хүүхдүүд ихэвчлэн асуусан болохоор мэдэж авсан зүйлээ бичие. Мултимэдиа сэтгүүлч, бичдэг сурвалжлагч гэж хэн болох, асуулт хэрхэн тавьж байгаа, бичсэн зүйл тань гээд л нэлээдгүй их мэдлэг боллоо. Хэвлэлийн эрх чөлөөний хувьд бол нэг үеээ бодвол илүү чөлөөтэй бичиж, сэтгэж чадаж байгаа. Яг үнэнийг хэлхэд Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүй хөгжөөгүй гэж боддог. Гэхдээ сэтгүүлч болж байгаа хүмүүс юуны сэтгүүлч болох талаараа тодорхой шийдэж чаддаггүйтэй холбоотой гэж боддог.
Сайн байна уу багшаа.Таны бичсэн зүйлсийг уншаад их зүйлийг мэдэж авлаа.Таньд маш их баярлалаа.
Эхний хичээлээс:Мултимедиа сэтгүүлч нь багаар ажиллах,судалгаа хийх,бичих ур чадвар эзэмших шаардлагатай.Мөн таны хэлсэн \Өөрөө дүрс, дуу, бичвэрээ бэлтгээд вэбсайт дээр тавьж интерактив үйлдэл хийдэг сэтгүүлчийг мултимедиа сэтгүүлч гэж байгаа юм\ энэ өгүүлбэрээс л мултимедиа сэтгүүлч гэдгийг мэдэж авлаа.Өмнө нь бол иймэрхүү зүйлийг мэддэггүй байсан.Тийм болхоор надад үнэхээр шинэлэг,сонирхолтой мэдээлэл болж чадлаа.
Хоёр дахь хичээлээс:Билл Шийтс гэх хүн
Сэтгүүлчийн ажилд би хоёр шалтгаанаар би дурладаг.
\Нэгдүгээрт, сэтгүүлч хүний цэгц чанар. Үнэнийг хэр хэмжээгээр хэлж чадах нь тухайн сэтгүүлчийн цэгц чанараас ихээхэн шалтгаалдаг.
Хоёрдугаарт, сэтгүүлчийн хуримтлуулдаг туршлага. Бусад мэргэжлийн хүмүүст байхгүй их туршлагыг сэтгүүлч хүн хуримтлуулдаг\гэсэн байсан энэ хэлсэн үг нь их сайхан санагдсан.Мөн “сэтгүүлч хүн өөрийгөө нэг тал руу хазайхаас сэргийлж байх ёстой”
Хурдан бичиж сурах хэрэгтэй. Сэтгүүлчид хурдан бичдэг. Бичихдээ тэмдэглэснээ бүү хар. Толгойдоо байгаагаа буулга. Тоо баримтыг санахгүй бол олон цэг тавьж зай орхиод санаагаа бичээд бай. Дараа нь тэмдэглэлээсээ тоог хараад тавьчихаж болно. Мэдэж байгаа бүхнээ бич. Тэгээд бүтцэд оруулж дараа нь тэмдэглэлийн дэвтрээ хар. Бодож санаснаа буулгасны дараа асуулт хөврөөд ирдэг юм гээд л энэ хүний хэлсэн бүх зүйл нь үнэхээр авууштай санагдсан.Энэ бүх үгнээс сургамж авна.Таньд ийм их мэдээлэл хэлж өгсөнд баярлалаа.
sain baina uu? bagshaa setguulch boloh garaagaa ehelj bga minii huwid enehuu medeeleliig unshihad uldetstei, oilgomjtoi bailaa. surgaltiin hew mayg n bur ih taalagdsan surwaljlagch, redaktoraar ajillah suragchdiig huleen awch mergejliin hicheeld suulgadag ulamjlal n bas suragchid n bagshdaa asuult tawiad bagsh n hariult uguh jurmaar ywagdaj bga n sonirholtoi baisan. Bid "asuult tawij hariult abah" setguulchid boloh uchir iim maygaar dadlagshuulj hicheel zaawal arai ur duntei ym bolowuu. ДОХ-iin haldwar awsan hernee setgel sanaagaar unahgui harinch busad hund tuslaad ywj bgaa n erch huchtei uhen uhtlee hiij buteej, hen negend tus boloh setgel n uneheer gaihaltai. Matsui bagshiin gerel zurguud sonirhol tataj baisan.
Sain baina uu?bagshaa.Ene bichleg deer bgaa uil ybdal uneheer setgel tataj bna.ooroo oroltsoj uzsen bol gej bodogdoj bna.Uneheer sonirholtoi bogood unshij baihad setgeld durslegdej bailaa.Bas ch ih zuil medej ablaa.Bayrlalaa bagshaa
sain bnauu?bagshaa m.zolzaya bna. ene materialiig unshlaa.teged tursun setgegdel min oyutan bxaasaa sonin xebleld ajillaj uuriiguu baga bna gj goloxguigeer asuudlaa zub xunduj bichleg xiij baix ni xeregtei ym bna.xeblel medeellin xeregsliin uil ajillagaag tsentsur togtoox gedeg xumuusiin esreg duu xooloigoo oyutan bid negtgej xurgex xeregtei gedgiig oilgoloo.xamgiin gol ni zorigtoi baix chuxal ym bna.
сайн байна уу? багшаа сумхүү байна. юуны өмнө бидэнд ийм сайхан зүйлийг мэдэхэд тусалсанд баярлалаа. Надаа Билл Шийтсийн хэлсэн сэтгүүлч хүний цэгц чанар, үнэнийг хэр хэмжээгээр хэлж чадах нь тухайн сэтгүүлчийн цэгц чанараас шалтгаалдаг.Бас бусад мэрэгжилээс ялгаатай тал буюу туршлага хуримтлуулдаг гэсэн нь их таалагдлаа. Бас бид нарт Сиатл Таймс сонин 2010 оны Пулитцерийн шагналыг шуурхай мэдээний ангиллаар хүртсэн мэдээллэл нь мэдээллийг олон өнцгөөс харж,сурвалжилж болдгийг чадварлагаар харуулсан нь сайхан санагдсан.Надад үнэхээр шинэлэг хэрэгтэй мэдээлэл болж чадлаа. Яг үнэнийг хэлхэд Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүй хөгжөөгүй гэж боддог. Сэтгүүлч болж байгаа хүмүүс юуны сэтгүүлч болох талаараа тодорхой шийдэж чаддаггүйтэй холбоотой гэж боддог.
Сайн байна уу? багшаа танд энэ өдрийн мэнд хүргэе. Мультимедиа сэтгүүл зүйн тухай ойлголттой болгосонд баярлалаа. Гэхдээ манай улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжиж амжаагүй байхад энэ сэтгүүл зүй хөгжих боломж байгаа болов уу? Тим Мацуйгийн вэб сайтад байгаа зураг миний байтугай хүн бүрийн сонирхлыг үнэхээр татаж чадахуйц бүтээл байлаа. Сэтгүүлч болж төгсөж байгаа ч ямар чиглэлийн сэтгүүлч болох ойлголтгүй байгаа бидэнд хэрэгтэй мэдээлэл байна. Гэхдээ багшаа цаашдаа аль чиглэлийг барих вэ? гэдгээ яаж тодорхойлох уу?
Ганжавхаланд
Баярласанд баярлалаа. Мултимидеа сэтгүүлзүйн тухай онлайн сэтгүүлзүйн хичээл дээр далгэрүүлж үзнэ. Үнэхээр та нарт хэрэгтэй зүйлс байсан учир би хичээлийн тэмдэглэлийг нь сонирхуулж байгаа юм. Мэдлэг нэмсэн бол сайн байна. Та нар хэзээ нэгэн цагт энэ хүн туршлагатай болчтхсон залуучуудад хичээл заагаад зогсож байх болно шүү дээ. Хичээл дээр бид цэгц чанарын талаар ярьж байсан даа. Та нарыг ямар сэтгүүлч болохыг тодорхойлох гол зүйл юм шүү.
Дариймаад
Чөлөөтэй асуух замаар мэдлэг олж авах арга зөвхөн сэтгүүлчдэд хэрэгтэй биш. Ардчилсан нийгмийн чөлөөт иргэн болж байгаа бүх хүнд хэрэгтэй арга. Шавь төвтэй сургалт гэж сонссон биз дээ? Тэр сургалтын философийн үндэс нь Сократын энэ арга юм шүү дээ. Манай коллежийн дадлага давамгайлсан арга ч бас сургалтын энэ аргын нэг хэлбэр. Тэгээд хичээл дээр та нарыг хэзээ, юу дуртайгаа асуу гэж бид хэлдэг шүү дээ. Энэ аргыг дэлгэрүүлж чадвал латерал сэтгэлгээг хөгжүүлж чадна.
Цолмонсайханд
Харин тийм ээ. Та нарыг тэр танхимд байсан болов уу ... гэж бодогдож байсан шүү. Мацуй багшийн тэр эрэн сурвалжлагыг үзэхэд тэр охин дэлгэц дээрээс ширтээд л ... Яриаг нь сонсоход хамар шархираад л ... Вэб сайт руу нь тэр видеог нь үзээрэй.
М.Золзаяад
Сэтгүүлч хүнд их зориг хэрэгтэй. Сэтгүүлч хүн иргэн хүний ямар байх ёстойг үлгэрлэж харуулдаг хүмүүс гэж ойлгож болно. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол иргэн хүний үндсэн эрхүүдийн нэг юм шүү дээ. Энэ эрх зөрчигдөж байхад зүгээр байж огтхон ч болохгүй. Нэг хүний эрх зөрчигдвөл бусад хүнийх ч зөрчигдөнө. Тиймээс сэтгүүлч хүн хэвлэлийн эрх чөлөөний төлөө өдөр бүх, алхам тутамдаа тэмцэж байх ёстой гэж бид хичээл дээр жишээ авч байгаад ярилцсан даа. Сэтгүүлзүйг ойлгодог, түүний төлөө зүрх сэтгэлээ өгсөн хэн ч наснаасаа хамаарахгүйгээр сэтгүүлчийн ажлыг хийж чадна, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж чадна.
Сумхүүд
Жи мэйлийн хаяг нээж чадсан чинь нэг том туршлага шүү. Сэтгүүлчид нийгмийн бүхий л салбарыг сурвалжилж, олон янзын хүмүүстэй учирч, ихийг уншиж судалж байдаг тул үнэхээр аль ч мэргэжлийн хүмүүсээс илүү онол, практикийн мэдлэг, туршлага хуримтлуулдаг юм шүү. Үүнийг ойлгуулах гээд та нарт олон төрлийн материал уншуулсныг санаж байна уу? Одоо ч уншиж байгаа. Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэх хүмүүс чинь та нар шүү дээ. Өмнө нь олон сэтгүүлч эрэн сурвалжлах оролдлого хийсэн байгаа. Тэдний туршлага дээр суурилж байгаад эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж ямар байх ёстой юм тэр голдирлоор нь хөгжүүлэх хэрэгтэй. Юуны өмнө сэтггүлзүйн үндсэн ойлголтыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь тун чухал байна. Та нараас гадна иргэд сэтгүүлзүй гэж юу вэ, нийгэмд яагаад хэрэгтэй вэ, баримт гэж юу вэ, үзэл бодол гэж юу вэ, бид хэвлэл мэдээллээс юу хүсэх ёстой вэ гэдгээ мэдэж байх нь сэтгүүлзүй хөгжихөд маш том түлхэц болох ёстой юм.
Мөнхсэдэд-д
Мултимидиа нь онлайн сэтгүүлзүйн хэлбэр юм. Эрэ сурвалжлах сэтгүүлзүйгээс үүний хөгжил тийм ч их хамаарахгүй. Мэдээ, сурвалжлага, ток шоу гээд олон зүйлийг мултимидиа хэлбэрээр хийж болно. Эрэн сурвалжлах сэтгүүлзүй бол сэтгүүлзүйн салбар болох төрөл юм. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөгжил сэтгүүлчдийн ур чадвараас илүү шалтгаална. Мэдээ, сурвалжлага бичиж чаддаггүй хүн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээл хийж чадахгүй. Учир нь сэтгүүлчийн судалгаа хийх, шинжлэн дүгнэх чадвараас хамаардаг. Мултмидиа гэдэг бол телевиз, радио, сонины мэдээ гэдэгтэй адил хэлбэрийн ангилал юм. Хэвлэл мэдээллийн аль хэрэгслийг сонгож ажиллах талаар асууж байгаа бол одоо коллежийн сургалтаар өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй. Сонин, радио, телевиз,онлайны бүх хичээл орно. Бүх даалгавраа хийгээд үз. Аль нь хүсэл сонирхлыг чинь татах нь вэ гэдгийг үз. Тэгээд дадлага хийх газраа тэр чиглэлээрээ сонго. Ямар ч гэсэн сэтгүүлч хүн хүүрнэх аргаар маш сайн бичдэг байх ёстойг мартуузай.
Энэхүү нэг өдрийн хичээлээс иш татсан нь надад гадны боловсролыг ямар зарчмаар явдгыг ерөнхийд нь ойлгуулсан. Мөн Вашингтон мужийн Эверет хотын Хетрлид сонины сурвалжлагч, сургуулийн багш Билл Шейтийн шинэ сэтгүүлчидэд хэлсэн хамгийн эхэнд хурдан бичих хэрэгтэй.тэгээд бичихдээ тэмдэглэлээ бүү хар, толгойдоо байгаагаа шууд буулгаад дараа нь уншиж үз гэсэн нь нэг санаа бодолтой байна.Ерөнхийдөө бидэнд анхнаасаа сурвалжлага, ярилцлагаа хийхдээ сайн сэдэв сонгон авч, яг ямар өнцөг барихаа мэдэх шаардлагатай.
Их сонирхолтой нийтлэл байна. Миний хувьд үүнээс олон шинэ зүйл мэдэж авлаа. Манай Сэтгүүлзүйн их дээд сургуулиудийн дунд энэ шиг Сэтгүүлзүйн өдөр байнга зохион байгуулж байвад практикт их тус болох юм шиг санагдлаа. Баярлалаа цаашид олон сайн нийтлэлээ бичиж үлдээгээрэй.
Болорцэцэгт
Саналаа үлдээсэнд баярлалаа. Одоо манай их дээд сургуулиуд бас кампусын зохион байгуулалт орох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар өөрчлөлт гарах бол гэж хүлээж байна. Түүнээс гадна энэ тэмдэглэлд эндэхийн их дээд сургуулийн хичээлийн бүх зарчмыг тусгаагүй. Тийм ч боломжгүй юм. Оюутнууд нь ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлээ сонгож суралцдаг. Багш нар нь хичээлийн агуулга хэлбэр, ашиглах сурах бичгийг хэний ч заавраар бус зөвхөн өөрсдөө сонгоно. Энэ бүхэн боловсролын эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг юм шүү дээ.
Тийм ээ, Билл Шийтс бичихтэй холбоотой зөвлөгөө хэлсэн болохоос судалгаа хийх сурвалжлах талаар юм хэлээгүй юм. Бодвол тэнд байгаа сурагчдыг мэднэ гэж бодсон байх. Сурагчид ч тодруулж асуугаагүй.
Энхчимэгт
Саналаа бичсэнд баярлалаа. Тийм ээ, сэтгүүлзүйн залгамж халааг бэлтгэхэд ийм хэлбэрийн арга хэмжээ тун чухал. Хэдэн жилийн өмнө Соросын сангийн “Сургуулийн сонин” төсөл хэрэгжүүлэхэд үнэхээр бичих дур сонирхолтой хүүхдүүд хот, хөдөөгөөс ирсэн байсан. Заасан зүйлийг ямар хурдан ойлгож тусгаж авч байсан гэж санана. Томчуудад ойлгуулах гэж зүдэрч байсан зүйлсийг дор нь ойлгодог, асуулт тавихаасаа эмээдэггүй, чөлөөтэй сэтгэдэг хүүхдүүд байсан. Нэг нь дараа зун нь Багануурт хүүхдийн сонин гаргах гээд зөвшөөрөл авах гэтэл заавал сэтгүүлзүйн дипломтой хүн байх хэрэгтэй гээд байна гээд над дээр ирэхэд нь би дипломын хуулбараа өгөөд явуулж билээ. Харин дахин сураг сонсоогүй. Сониноо гаргасан болов уу, үгүй болов уу гэж хааяа бодож л байдаг. Эндэхийнх шиг дунд сургуулиас нь мэргэжлийн чигийг нь олгохоор бэлтгэвэл сэтгүүлчдийг тасралтгүй бэлтгэх үйл ажиллагаанд тун хэрэгтэй юм шүү. Би энэ өдөр хүүхдээ дагаад яваад байсан болохоос сургуулийн сонинд зөвлөгч-редактораар ажилладаг багш нар нь бас тусдаа сургалтад хамрагдсан юм шүү. Голдуу англи хэл, уран зохиолын багш нар нь сургуулийн сонины зөвлөгчөөр ажилладаг юм билээ. Тэд сэтгүүлзүйн аль нэг сургуульд урт, богино ямар нэг сургалтад суусан байдаг л даа.
Энэ өдрийн мэнд хүргэе. Уншихад их сонирхолтой, сурч мэдэх зүйл ихтэй мэдлэгийн чухал бичвэр болжээ. Энд дурдагдсан хоёр сэтгүүлчийн мэргэшсэн байдлууд нь тухайн мэргэшлээсээ шалтгаалан ондоо байна. Гэхдээ ерөнхий нэгтгэж буй зүйл нь сэтгүүлч хүн сонгосон үйл явдлынхаа дотор нь орж чаддаг байх нь их чухал гэдгийг ойлгож авлаа. Манай сургуулийн заах арга нь дээрх хоёр сэтгүүлчийн заах барилтай адил юм байна гэж бодлоо. Мөн таны бичлэгийн ур чадвар ч адил. Дүрслэх аргыг их ашиглажээ. Энэ нь илүү амьд мэдрэмжийг төрүүллээ.
Хоёр сэтгүүлчийн ажил мэргэжлийн онцлогийг нь бичлэгт оруулж өгсөн нь их таалагдсан. Мөн ирээдүйн залуу сэтгүүлдэд зөвлөгөө өгсөн нь олзуурахмаар санагдлаа. Бичвэр дэх хаяг уруу орж сонирхолоо.
Д.Уламбаяр
Юуны өмнө танд баярлалаа. Дээрх бичлэг дахь баримтууд сонирхолтой юм. Материалыг уншаад шинэ шинэ мэдээллийг олж авлаа. Бичлэгт дурдагдсан хоёр сэтгүүлчийн арга барил, чадвар, сэтгэлгээ зэрэг мэргэжлийн онцлогуудыг дүрслэлээр маш сайн гаргаж бичжээ. Ёстой нүдэнд харагдтал, тэр үеийн байдлыг төсөөлөөл уншлаа. Суралцах зүйл их байна. Баярлалаа
munkhtsetseg
sain baina uu. ene odriin mend hvriy. sonirholtoi ymaa setgvvlcheer surch baigaa oyutnuudad heregtei olon zvil baina. multimidia setgvvlch hen baidag malaar medeelel awlaa. ireedvid bid multimedia setgvvlchid bolno gedegt ergelzehgvi baina. hoyrdoh hicheel deer n setgvvlch mergejiltei holbootoi surah zvil ih baina. ter dundaa songuuliin vyr setgvvlchid henii ch haraand baihgvi tednii tuhai vnen boditoi medeelliig ard tvmend hvrgej heregtei gesen sanaa ih taalagdlaa. minii huwid manai mongoliin setgvvlchid songuuliin vyd hen negnii haraat neg maliig baridag ym shig sanagdag uchraas ene medeelel sonirhol ilvv tatlaa. surguuliin coningiin muhai medeelel mun mash conirholtoi. ter hvvhdvvvd hewlen niitleh erh sholooniihoo tuhai memtsej bgaa n vneheer baharhmaar sanagdaj baina. manai niigemd iim zvil olon tohildoj baigaad bi ergelzehgvi baina. bid ch bas yagaad ingej bolohgvi gj gesen bodol torj baina. sonirholtoi medeelel unshuulsan bagsh tand bayrlalaa.
Энэ өдрийн мэнд.
Вашингтоны их сургуулийн сурагчдын мэргэжлийн хичээлийн орчинд аваачиж маш сонирхолтой хичээлд суулгасанд баярлалаа.
Иймэрхүү уулзалт, сургалт зохион байгуулж байвал бидэнд их хэрэгтэй байна.
Маш сонирхолтой жишээ баримттай юм.
Ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлзүй сэтгүүлч болох хүсэл эрмэлзлэлийг их төрүүлж байна.
Үүнийг уншсанаар удахгүй сэтгүүлч болох надад нэгийг бодууллаа.
Хүндэтгэсэн Э.Даваацэрэн
Энэ өдрийн мэнд.
Вашингтоны их сургуулийн сурагчдын мэргэжлийн хичээлийн орчинд аваачиж маш сонирхолтой хичээлд суулгасанд баярлалаа.
Иймэрхүү уулзалт, сургалт зохион байгуулж байвал бидэнд их хэрэгтэй байна.
Маш сонирхолтой жишээ баримттай юм.
Ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлзүй сэтгүүлч болох хүсэл эрмэлзлэлийг их төрүүлж байна.
Үүнийг уншсанаар удахгүй сэтгүүлч болох надад нэгийг бодууллаа.
Хүндэтгэсэн Э.Даваацэрэн
А.Наранцэцэг.юуны өмнө танд энэ өдрийн мэнд. энэ зүйлийг уншаад сэтгүүлч мэргэжил сонгон сурч байгаадаа баярлаж суулаа. үнэхээр сонирхолтой юм аа. бид "сэтгүүлч" хэмээх энэ мэргэжилдээ үнэн голоосоо дурлах, дуртай байх нь сайн сэтгүүлч болоход тустай юм байна гэж ойлголооо. бид зөвхөн өнөө маргаашийн хичээлийн 1 цаг 30 минутаар олж авсан мэдлэгээ юм сурчихлаа гэж бодож болохгүй юм байна. монголд мөрөөдөл мэт бусад оронд бодит байдал болон хэрэгжиж байгаа хэвлэлийн эрх чөлөөны төлөө өнөөдөр ч тэмцсэн бид "жаалдахгүй". хүндэтнэсэн А.Наранцэцэг
Сайн байна уу? танд энэ өдийн мэндийг хүргэе. Юуны өмнө сэтгүүлч хүнд маш их зориг, тэвчээр, мэдлэг шаардлагатайг энэ зуны сонинд хийсэн дадлагынхаа хүрээнд мэдэж авсан. Олон түмэнд мэдээлэл авах эрхийг нь боогдуулах нь зүй бус хэрэг юм. Үүнийг уншаад сэтгүүлчид нь өөрсдийн илэрхийлэх гэж буй санаагаа зоригтой бичих ётойг ойлголоо. Мөн ийм чухал сэдэв бичсэнд баярлалаа багшаа.
Сайн байна уу? танд энэ өдийн мэндийг хүргэе. Юуны өмнө сэтгүүлч хүнд маш их зориг, тэвчээр, мэдлэг шаардлагатайг энэ зуны сонинд хийсэн дадлагынхаа хүрээнд мэдэж авсан. Олон түмэнд мэдээлэл авах эрхийг нь боогдуулах нь зүй бус хэрэг юм. Үүнийг уншаад сэтгүүлчид нь өөрсдийн илэрхийлэх гэж буй санаагаа зоригтой бичих ётойг ойлголоо. Мөн ийм чухал сэдэв бичсэнд баярлалаа багшаа.
Сайн байна уу. Цэцэгсүрэн байна. Энэ бичлэг нэг ч үг үсэг алгасаж уншихын аргагүй сонирхол татлаа. Эрх чөлөөний төлөө тэмцэх эрмэлзэл энэ орны хүн бүхэнд төрөлхөөсөө заяагдмал байдаг бололтой. Гэтэл манай улсыг сэтгүүл зүйн салбар өнөөдөр ямар байгаа билээ. Ихэнх сэтгүүлч худалдагджээ. Энэ нөхцөл байдал хэзээ өөрчлөгдөж, халагдах болоо. Америкийн сэтгүүл зүй Монголын сэтгүүл зүй хоёр тэс өөр ертөнц шиг санагдлаа. Манай Сэтгүүлч коллеж практик давамгайлсан барууны сэтгүүл зүйн сургалтыг монголд нэвтрүүлэхэд таны хувь нэмэр нэн их юм. Танд талархаж явдаг. Манай сургуулийн бодлого стандарт улам баялаг болж, дэвжээсэй гэж хүсдэг.
Дээрх бичлэгт байгаа хоёр багшийн сурагчдад ярьсан арга туршлага, амьдралын бодит жишээ нэгийг бодогдууллаа. Мултимедиа сэтгүүлч болно гэдэг илүү их ур чадвар шаарддаг юм байна. Энэ чиглэлээр монголд хэр хүн ажилладаг болоо?
Sain bainuu bagshaa ene udriin mend.Uneheer sonirholtoi bichleg bna. unshihad shine medleg,medeelel bolhoor olon zuiliig oilgoj awlaa. Ylanguya amerikiin oyutnuud suraltsdag arga baril ih taalagdlaa. Tuhain bagsh nar ali ali n uursdiin ontslog, arga barilaar sonirholtoigoor hicheelee zaadag boloh n haragdsan. Bidend suraltsah zuil mash ih buig oilgoloo.
Энэ өдрийн мэнд.
Маш их таалагдлаа.
Post a Comment