“Дэлхийн мэдээ” (News of the World) сонин 2011 оны
7 дугаар сар 10-ны Ням гарагт сүүлчийн дугаараа гаргана. Нэгдсэн вант улсад
төдийгүй дэлхийд он удаан жилээр хэвлэгдэн гарч байсан түүхт сонин хаагдаж
байна. Хэвлэлийн магнат Рүүперт Мөрдокийн
Ньюс Интернэйшнл компанийн
эзэмшдэг энэ сонин санхүүгийн хүндрэлээс болж хаагдаж байгаа юм биш. Харин
сэтгүүлзүйн стандартаа барьж ажиллаж чадаагүйгээс хаагдаж байгаа билээ. Мэдээллийг
үнэн зөв аргаар олж авах стандартыг тэд зөрчжээ.
“Дэлхийн мэдээ”
сониныхон утасны мессеж чагнаж хүмүүсийн хувийн нууцад халдсан хэрэгт хоёр дахь
удаагаа ороод байна. Үүний өмнө 2006 онд хааны гэр бүлийнхний утасны харилцаанд
халдсан хэргээр хоёр ажилтан нь одоо шоронд хоригдож байгаа юм. Харин энэ удаа
тэд нэрд гарсан хүмүүсээр зогсохгүй энгийн хүмүүс түүний дотор амь үрэгдсэн
хүмүүсийн утасны систем рүү орж, зарим мессежийг нь устгасан байна. Ийм хүнлэг
бус хандлагыг дахин давтаж буй сониноо хаахаас аргагүй болсон тухай шийдвэрийг Ньюс Интернэйшнл компани 2011 оны
7 дугаар сарын 7-нд гаргасан байна. Ням гариг тутмын нэг удаагийн
дугаар нь 10 илүү сая уншигчдад хүрдэг энэ сониныхоо хамгийн сүүлчийн бүх
дугаарын орлогыг сайн санааны зорилгод хандивлахаар шийдсэнийг ерөнхий захирал
Жэймс Рүүперт мэдэгдэлдээ дурджээ. Зар
сурталчилгаа, захиалгыг тооцохгүйгээр зөвхөн үүргийн худалдаагаар олдог орлого нь
гэхэд л 2,6 сая доллар хүрдэг аж.
“Дэлхийн мэдээ”
сонин нь “Нар” (The Sun) сонины ням
гарагийн дугаар бөгөөд 1843 онд байгуулагдаж, 1968 онд Рүүперт Мөрдок худалдан
авч байжээ. Хэдийгээр шар сэтгүүлзүйг үйл ажиллагааныхаа үндэс болгож, гэмт
хэрэг, мансууруулах бодис, секстэй холбоотой мэдээллээр нүүр хуудсаа дүүргэдэг
ч баримтад тулгуурладаг байсан тул үндэсний хэмжээнд түгдэг сонин болж олон сая
уншигчийг дагуулж чаддаг байсан юм. Харин тэд баримтыг олж авахын тулд
хүмүүсийн утсан харилцаа руу хууль бусаар нэвтрэн орж, цагдаагийн ажилтанд хүртэл мөнгө төлж байсан байна. Зарим нь энэ
үйл ажиллагаагаа эрэн сурвалжлах сэтгүүлзүйн үйл ажиллагаа гэж үзэж байжээ.
“Эрэн сурвалжлах
сэтгүүлчдийн гарын авлага” номын зохиогчийн нэг Брэнт Хьюстон Си Эн Эн-ий вэб сайтад санал бодлоо
бичихдээ: “Хууль бусаар халдах нь эрэн сурвалжлах сэтгүүлзүй биш. “Дэлхийн
мэдээ”-нийхэн цагдаа болон мэдээллийн бусад эх сурвалжид мөнгө төлсөн нь ч эрэн
сурвалжлах сэтгүүлзүй биш. Энэ бүхнийг үүсгэж бий болгох орчинг бий болгож
дэмжих нь ч эрэн сурвалжлах сэтгүүлзүй биш. Жинхэнэ эрэн сурвалжлах сэтгүүлзүй
гэдэг бол тээврийн ч байна уу, аюулгүй байдлын ч байна уу, нийгмийн хамгааллын
ч байна уу аль нэг систем ажиллахгүй гацаанд орох үед хүмүүс хэрхэн зовж
шаналдаг хийгээд эрх мэдэлтнүүд албан тушаалаараа далимдуулан ядуу бөгөөд хүч
дорой хүмүүсийг хэрхэн ашигладгийг гаргаж харуулахад төвлөрөх ёстой. Энэ нь
хүмүүсийн уур унтууг хүргэх ч асуудлыг шийдвэрлэх буюу шинэчлэлийг авчирдаг.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ажиллагаа нь тухайн сэтгүүлчдийн хийх олон тооны
ярилцлага, баримт бичгүүдийн цуглуулга, мэдээллийн санд хийх дүн шинжилгээ,
шургуу ажиллагаа ба нигүүлсэх сэтгэл дээр суурилдаг” гэжээ.
Хэвлэлийн эрх
чөлөөг дээдэлдэг оронд чөлөөт сониныг хэн ч хааж чадахгүй. Харин сэтгүүлзүйн
буруу үйл ажиллагаа, ёс зүйн буруу шийдвэр нь 168 жилийн түүхтэй энэ сониныг
хаахад хүргэжээ.
А.Оюунгэрэл
Жич: Дэлгэрүүлж
уншъя гэвэл дараах линк рүү ороорой.
http://uk.reuters.com/article/2011/07/09/uk-newscorp-murdoch-idUKTRE7681KW20110709
http://www.cnn.com/2011/OPINION/07/08/houston.investigative.journalism/index.html?hpt=hp_c1
No comments:
Post a Comment