Monday, June 23, 2008

Олон нийтэд мэдээллийг нээлттэй болгох нь

Сайн байцгаана уу?

Мэргэжил нэгт сэтгүүлч, сэтгүүл зүйн багш нартаа өөрийн бичиж хэвлүүлж байсан материалуудыг блогтоо ээлж дараалан тавьж толилуулж байхаар шийдлээ. Хэсэг хугацааны өмнө бичигдсэн ч тусгасан асуудал нь ач холбогдлоо алдаагүй учраас та бүхэнд ийнхүү хүргэж байна. Мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж байсан олонхи материал маань блогоор дамжиж нийтэд хүрэх болтугай. Эрдэм, шинжилгээ судалгааны бүтээл, өгүүлэлд ашиглахдаа нэрийг маань дурдахаа мартах юун. Түүнчлэн та бүхэн саналаа чөлөөтэй бичиж байгаарай. Энэ удаа мэдээллийн нээлттэй байдлын талаар судалж бичсэнээ өргөн барьж байна.

Хүндэтгэн ёсолсон,
А.Оюунгэрэл



Олон нийтэд мэдээллийг нээлттэй болгох нь

Жаран мянга гэсэн тоог хараад иргэн Э. маш их цочлоо. Энэ бол сүүлийн хоёр сарын утасны төлбөрийн тоо нь юм. “Хэнтэй, хэдэн удаа, хэр удаан ярьсан билээ?” гэж тэр бодов. Үүнийг мэдэхийн тулд холбоо салбар дээр очиж байж 500 төгрөг төлөөд үйлчилгээний хуудсаа хэвлүүлж авав. Харин Америкийн иргэн Жон хичнээн төгрөг төлөх, юунд мөнгө төлж байгаагаа шуудангаар ирэх нэхэмжлэхээс л мэдчихнэ. Ийм мэдээлэл өгснийхөө төлөө холбооны компани нь мөнгө нэхэхгүй. Эрчим хүчний компани нь нэхэмжлэхээс гадна байгууллагынхаа мэдээллийн хуудсыг ч ирүүлнэ. Үүнтэй адилаар Жон олон байгууллагаас байнга мэдээлэл авах бөгөөд өөр тодорхой мэдээллийг ч шаардах эрхтэй.

Ардчилал хөгжсөн орны ард түмэн улс үндэстэн болоод өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн аливаа мэдээллийг ийнхүү хууль зүйн дагуу авах эрхтэй. Гэтэл манай оронд хүн хүссэн мэдээллээ тэр болгон авч чаддаггүй. Үүнийг хуульч судлаачид тэдний эрх зүйн мэдлэг сул байгаатай холбож үздэг боловч төр засгийн байгууллагаас мэдээлэл түгээж буй арга, хэвлэл мэдээллийнхний мэдээ үнэлэх чадвар, албан тушаалтан ба сэтгүүлчдийн хоорондын харьцаа зэрэг өөр олон шалтгаан энд нөлөөлөх нь бий. Тэдгээр шалтгааны заримаас тодруулан өгүүлье.

Мэдээлэл олж авах хууль эрхийн баталгаа

Монгол улсын үндсэн хуулийн (1992) хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16 ба 17 дугаар хэсэг, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн (1998) хоёрдугаар зүйл нь манай улсад мэдээлэл нээлттэйг харуулж байгаа хууль эрхийн үндсэн акт юм. Онолын хувьд ийм хүчтэй хоёр заалттай хэрнээ иргэд наад захын мэдээллийг төр, засгийн аль ч байгууллагаас авч чадахгүй байгаа. Тэгэхээр эдгээр заалтууд хангалтгүй юм биш үү гэсэн асуулт гарч ирнэ. Энэ талаар Харвардын Их Сургуулийн Жоан Сорэнстэйний төвийн захирал Мэрвин Кэлб “Чөлөөт хэвлэлд хууль зүйн болон үндсэн хуулийн баталгаа зайлшгүй байх боловч үүгээр бүх юм шийдэгдсэн гэсэн үг огтхон ч биш” гэж хэлжээ.

Тийм учраас янз бүрийн орнууд өөр хуулийн заалт буюу журам нэмж боловсруулах зэргээр мэдээллийн эрх зүйн орчинг боловсронгуй болгож иржээ. АНУ гэхэд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг хангалтгүй гэж үзэж иргэд ямар мэдээллийг, хэрхэн авч болохыг заасан хоёр төрлийн хууль нэмж гаргасан аж. Нэг хууль нь нэгдсэн улсын хэмжээнд мөрдөгддөг Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль (Freedom of Information Act), нөгөө нь муж улсуудад мөрдөгдөх Олон нийтийн мэдээллийн тухай хууль (Sunshine Law) болно. Эдгээр хуулиуд нь сэтгүүлчид ажил үүргээ биелүүлэхдээ эрх баригчдаас үл хамаарахыг баталгаажуулж өгч байгаа юм.

Мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд төр, засгийн байгууллагууд хуралд хэлэлцэх асуудал, хурлын протокол, шийдвэр, бодлоготой холбоотой бичиг баримт болон албан хаагчдын ирцийн бүртгэл бусад зүйлсийг хуулбарлан авах боломжийг иргэн хүнд олгох үүрэгтэй гэж заасан байдаг. Төр, засгийн байгууллага цаад тал нь арав хоногийн дотор хариу өгөх ёстой бөгөөд хэрэв мэдээлэл өгөхөөс татгалзвал түүнийгээ хуулийн дагуу үйлдэж байгаагаа нотлох ёстой.

Конгрессийн хувьд хэдийгээр ном товхимол, танилцуулга болон цахим хуудсаар, мөн аман хүсэлтээр мэдээллээ нээлттэй байлгахыг ямагт хичээдэг боловч иргэд ирж мэдээлэл авахыг хүлээх нь хангалттай бус. Гишүүд нь сонгуулиар улс төрийн тавцанд гарч ирсэн хүмүүс учраас өөрсдийн үйл ажиллагаагаа бараг өдөр тутам хүмүүст мэдээлж, үзэл бодлоо хуваалцах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл конгрессийн гишүүд, сэтгүүлчдийн харилцан ойлголцсон хамтын ажиллагаа нь парламентийн үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгах суурь болж өгнө.

Тиймээс АНУ-ын конгресс хэвлэлийн галерей хэмээн нэрлэгддэг хоёр төвийг сэтгүүлчдэд зориулж дээд доод танхимдаа байгуулжээ. Хэвлэлийн төвүүд нь утас, цахим тооцоолуур, факс зэргээр тоноглогдсон бөгөөд парламентийн танхим руу хүссэн үедээ шууд орж ажиглах боломжтой аж. Хэвлэлийн төвд сэтгүүлчдийг ирэхэд тэр өдөр хэлэлцэх асуудлын тов, конгрессийн гишүүдийн хэлэх үг, бусад бичиг баримт бэлэн байхаас гадна хэвлэлийн төвд ажиллагсад сэтгүүлчдийг конгрессийн гишүүдтэй холбож өгөх ажлыг зохион байгуулна.

Чөлөөт хэвлэлийн нийгмийн үүргийн ойлголт

Монголд мэдээлэл тийм ч нээлттэй биш түүнчлэн чөлөөт хэвлэл сул дорой байгаагийн нэг гол шалтгаан нь ардчиллын тулгуур зарчимд тооцогддог чөлөөт хэвлэлийн тухай ойлголт нийгэм даяар цэгцрээгүй байгаатай холбоотой. Тиймээс ч байгууллага, хувь хүн мэдээллийг өмчлилж, улмаар мэдээлэл өгөхдөө иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд ялгавартай хандах нь ажиглагдаж байна. Энэ нь эх сурвалж хэрэгтэй гэсэн үедээ өмчилсөн мэдээллээсээ сэтгүүлчдэд өгч сэтгүүлчдийг хооронд нь сөргөлдүүлэх, өөрт хэрэгцээтэй бол хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглахыг эрмэлзэх зэрэг мэдээллийг аль болох нуугдмал байлгах сөрөг үзэгдлээр илэрч байдаг.

Иргэд нь мэдээлэл сайтай байвал улс нийгэм хүчтэй байна. Иргэд хүссэн мэдээллээ төр засгийн ажилтнаас ч, хэвлэл мэдээллээс ч шаардаж авч чаддаг хүчтэй хэрэглэгч байхын тулд чөлөөт хэвлэлийн тухай болоод эрх зүйн зохих мэдлэгтэй байх ёстой. Иргэд ч өөрсдөө мэдээллийн эх сурвалж болох нь олонтаа. Тиймээс хүчтэй хэрэглэгчдийг бэлтгэхийн тулд хүүхдүүдэд дунд сургуулиас нь эхлэн сэтгүүл зүйн үндсэн ойлголтын талаар хичээл оруулж болно. Нийт иргэдэд радио, теле хичээл болон зайны сургалт ч явуулж болно.

Үнэн бодит мэдээлэл авах болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж солилцох механизм бүрдэхэд ухамсартай иргэдийг төлөвшүүлэх явдал чухал билээ. Чөлөөт нийгэм чөлөөт иргэд дээр тогтож өөрөө өөрийгөө хөтөлж явах ёстой. “Хүмүүсийг хөдөлшгүй баримтаар хангаад өгөхөд улс орон оршин тогтнох болно” гэж Америкийн ерөнхийлөгч агсан Авраам Линколн тэртээ олон жилийн өмнө хэлсэн байна.

Мэдээллийг нээлттэй болгоход техник технологи ашиглах

Аль ч орны парламентийн Интернет дэх цахим хуудас иргэддээ улс төрийн тогтолцооны тухай ойлголт, хууль эрхийн үндсэн мэдээлэл, мэдлэг өгөхөөс гадна и-мэйл-ээр дамжин сонгосон гишүүдтэйгээ шууд харилцах боломжийг олгодог. Гадаадын хэвлэл. мэдээллийн байгууллагууд ч мэдээлэл олох, түгээх ажлыг шуурхайлах үүднээс сурвалжлагч нартаа эх сурвалжтайгаа цахим шуудангаар харьцаж мэдээллээ авч болох зөвшөөрлийг өгч эхэллээ. Тиймээс өөр орны парламентийн гишүүнээс ч тухайн улсад нь зорчин очилгүйгээр ийм аргаар мэдээлэл авах боломжтой болсон байна.

Утсан харилцаа боловсронгуй болсон энэ үед ажлынхаа өрөөнд байхгүй тохиолдолд нь иргэд түүний дотор сэтгүүлчид асууж хэлэх зүйлээ бичүүлж (мессеж) үлдээхэд улс төрч эргээд заавал холбоо барьж хариу өгдөг соёл мөн нэвтрээд удаж байна. Технологийн ийм шийдлүүд нь ажлынхаа байранд байгаагүй, өөр газар хуралтай байсан гэх шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзах арга хэрэглэхийг хаадаг юм.

Угаасаа мэдээллийг нээлттэй байлгах бусад аргыг үгүйсгэн “Би завгүй. хуралтай, дараа ир” гэх ч юм уу, үзүүлэх бичиг цаас нь өөр хүнд байгаа, даргаас зөвшөөрөл ав, нарийн бичгийн дарга амралтаа аваад явсан гээд л шалтгаан дурдан иргэдийг чирэгдүүлэхийг тухайн албан тушаалтан мэдээлэл хайж олох гэсэн иргэний эрхийг зөрчиж байгаа асуудал гэж үздэг аж. Тиймээс 1908 онд байгуулагдсан дэлхийн анхны сэтгүүл зүйн сургууль болох АНУ-ын Миссурийн Сэтгүүл зүйн сургууль мэдээлэл олж авах хууль эрх зүйн орчинг байнга тогтвортой байлгах болон иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө хангагдаж байгаа эсэхийг ямагт шалгаж байх зорилгоор оюутнуудаа төр, засгийн янз бүрийн шатнй байгууллагаас мэдээлэл олж авах дадлагын хичээл хийлгэдэг. Хэдийгээр зарим мэдээллийг цахим хуудаснаас авч болох боловч тийм хичээлийн хүрээнд оюутнууд заавал биеэр очиж сенатын гишүүдийн өдөр тутмын ирцээс эхлэн хэн ямар хуулийн заалтанд ямар санал өгсөн, цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн хэргүүд, шүүхээр шийдвэрлэгдсэн хавтаст хэрэг, төр засгийн аль ч байгууллагын төсөв, шоронд хоригдож буй хүмүүсийн нэрсийн жагсаалт гээд л өөрт нь хэрэгтэй олон баримтыг олж авдаг. Хамгийн сонирхолтой нь албан тушаалтнууд юу гэж хэлж мэдээлэл өгөхөөс цааргалсан тухай тодорхой өгүүлсэн оюутнуудын тайлан бөгөөд тэдний тайланг орон нутгийн сонинд хэвлэх буюу Эрэн Сурвалжлагч Сэтгүүлч редакторуудын холбооны цахим хуудсан дээр (http://www.ire.org) тавьж олны хүртээл болгодог юм. Уг цахим хуудаснаас бусад мужуудад ч иргэдийг мэдээллээр хангах байдал ямар байгааг мэдэж болно.

Сонгуулиар гарч ирдэг улс төрчид болон томилолтоор ажилладаг гүйцэтгэх ажилтнууд ямар ч нөхцөлд санаатайгаар буюу санамсаргүй байдлаар мэдээллийг дарагдуулах, нууж хаах үйлдлүүд гаргадаг тул иргэдийн үндсэн хуулийн эрхийг зөрчүүлэхгүйн тулд сэтгүүл зүйн сургалтын болон мэргэжлийн байгууллагууд ийм аргаар хуулийн хэрэгжилтэнд байнга хяналт тавьдаг байна.Учир нь иргэд нь наад захын үндсэн мэдээллээр хангагдаагүй орныг ардчилсан оронд тооцдоггүй билээ.

Хэвлэлийн бага хурал

Иргэдээ мэдээллээр байнга, шуурхай хангах аргын нэг нь хэвлэлийн бага хурал юм. Хэвлэлийн бага хурлыг санаачлагч хамгийн сүүлийн үеийн мэдээллийг сэтгүүлчдээр дамжуулан ард түмэндээ хүргэхийн тулд 10-20 минутад багтаан энэ ажиллагааг зохион явуулдаг. Эхлээд товч мэдээллээ өгөөд дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах журамтай. Шуурхай мэдээлэлд зориулагдсан учраас богино хугацаанд гол мэдээллээ томъёолон хүргэх чадварыг тухайн хурлыг санаачлагч эзэмшсэн байх ёстой. Тийм ч учраас хэвлэлийн бага хурлыг ихэвчлэн зогсоогоороо хийнэ. Сэтгүүлчид ч гол мэдээллийг сонсоод дараа нь бичлэгийнхээ санаанд тохирсон баримтыг олох асуултаа тавих ёстой. Гэтэл Монголд болж байгаа хэвлэлийн бага хурлууд тайлангийн хурлыг санагдуулдаг. Үндсэн мэдээлэл нь угаас нийтэд нээлттэй биш учраас түүнийгээ өгөх гэж хурал болгон дээр оршил ярьсаар ихэнх цагаа өнгөрөөх нь бий. Сэтгүүлчид ч цэгцтэй биш, лекц мэт сунжирсан асуулт тавьдаг.

Сайтар тоноглогдсон зориулалтын өрөө нь хэвлэлийн бага хурлыг зохих ёсоор шуурхай явуулах нөхцөлийг хангаж өгдөг. Америкийн конгрессийн гишүүдийн хэвлэлийн бага хурлын өрөө нь өргөөшөө зургаа, уртаашаа найм орчим метрийн хэмжээтэй. Хэвлэлийн бага хурал хийж байгаа хүн нь конгрессийн гишүүний тэмдгийн дүрс бүхий индрийн ард зогсож мэдээллээ өгдөг. Урд нь ганцхан микрофон байх бөгөөд тэр нь танхимын ард зоосон видео камер болон бусад хэрэгслийг холбох аппараттай залгаатай байна. Радиогийнхан дуу хураагуураа тэр аппаратад залгачихна. Тиймээс сурвалжлагчид микрофон, диктофон, репортероо бариад урагшаа тэмүүлээд байх албагүй. Эхэлж ирсэнд нь түрүүлж үйлчилнэ гэдэг зарчмаар түрүүлж танхимд орж ирсэн сэтгүүлчид сандал дээр сууна. Сүүлдэж ирсэн нь танхимд багтах хэмжээгээрээ ороод зогсчихно. Капитолын ордонд орох үнэмлэхийг хүссэн байгууллага, сэтгүүлчдэд ялгаварлалгүй олгох бөгөөд харин ордон дотор хэрхэн ажиллахыгаа сэтгүүлчид өөрсдөө зохицуулдаг. Түүнээс хэвлэлийн бага хурлын танхимын сандлын тоонд тохируулж үнэмлэх олгодоггүй.

Хэвлэл, мэдээллийн байгууллагын уялдаа холбоо

Хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчид мэдээлэл хайж олох ажлаа хамтарч зохион байгуулдаг жишээ тун олон. Тухайлбал, Хатуу, шуурхай мэдээг түгээдэг мэдээллийн агентлагт сонин, радио, телевиз гишүүнээр элсэж, татвар төлснөөр мэдээг нь өдөр тутам ашиглах эрхтэй болно. Агентлаг гишүүн байгууллагатаа цахим хуудсаар бэлтгэсэн мэдээллээ цаг, минут тутам хүргэнэ. Энэ нь хэвлэл, мэдээллийн байгууллагат шуурхай мэдээний сурвалжлагчийн орон тоогоо хэмнэж, даацтай дэлгэрэнгүй материал хийлгэх цаг заваар сурвалжлагчдаа хангах боломж өгдөг. Парламентийн сурвалжлагч ч шуурхай мэдээ хөөж явахын оронд ул суурьтай материал бичих цагтай болно.

Японы кешаклабын систем төр, засгийн бүх шатны байгууллагын олон нийттэй харилцах ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болдог байна. Кэшаклаб гэдэг нь сэтгүүлчдийн клуб гэсэн үг юм. Тухайлбал, улс төрийн сэдвээр бичдэг сэтгүүлчид Еренхий сайдын танхимын дэргэдэх хэвлэлийн төвд байнга байрлана. Өдөр тутмын сонин, радио, телевизээс дунджаар таван хүн тэнд ажиллана. Тэр тавын нэг нь зэргэлдээ өрөөнд хэвлэлийн бага хуралд ороход, нөгөө нь засгийн газрын төлөөлөгчөөс ярилцлага авахаар явна. Гурав дахь нь материалаа бичин компьютерийн ард сууна. Бас нэг нь утсаар ярьж уулзалтаа товлоно. Үлдсэн нэг нь телевизийн сувгаар ямар мэдээ дамжуулж байгааг харж сууна. Сэтгүүлчид ингэж багаар ажиллахад гол мэдээлэл хоцорно гэж үгүй.

Английн парламентийн рефрешмэнтийн алба 1979 оноос эхлэн Вэстминстерийн ордонд олон ресторан, кафе, баар байгуулж парламентийн гишүүд зочин дагуулж орох боломжтой болгожээ. Гэхдээ зарим нэг газар зөвхөн парламентийн гишүүдэд, зарим нь тодорхой бүлэг хүмүүст үйлчилдэг аж. Тухайлбал, Эннийс баар зөвхөн лоббич сэтгүүлчдэд үйлчилдэг гэнэ. Ийм систем нь улс төрч, сэтгүүлчид харилцан ойлголцоход чухлаас гадна ямарваа лоббийг олон түмний хяналтад байлгахад тус үзүүлнэ.

Мэдээллийн нээлттэй байдлыг үнэлэх

Тухайн улс оронд ардчилал хэр хөгжсөнийг чөлөөт хэвлэлээр нь дүгнэдэг. Чөлөөт хэвлэл нь нийтлэл, нэвтрүүлгээрээ тухайн нийгэм дотор мэдээллийн чөлөөт урсгал байгаа эсэхийн толь болж өгнө. Хэвлэл, мэдээллээр хов жив тарж эхэлэхэд түүнийг сэтгүүлчдийн ур чадварын асуудал гэж үзэхээс илүү мэдээлэл хаалттайн шинж гэж үздэг газар ч бий. Аливаа орны төр засаг нь иргэдээ мэдээллээр хангах үүргээ биелүүлж байна уу гэдгийг нийгэм судлаачид иргэдийн дунд судалгаа явуулж тодорхой хэдэн асуултад хариу авах замаар дорхноо дүгнээд гаргаад ирдэг. Эдгээр нь тун энгийн мөртлөө зарчмын асуултууд байдаг. Тухайлбал:

-Төр, засгийн аль нэг байгууллагаас та мэдээлэл авах гэж оролдож байсан уу?
-Тухайлбал аль байгууллагын яам хэлтэст хандсан бэ?
-Та утсаар ярьсан уу, цахим хуудсыг нь шүүж үзсэн үү, биеэр очсон уу, и-мэйл-ээр харилцсан уу?
-Мэдээлэл авахад төлбөртэй юу?
-Мэдээлэл өгсөн хүн танаас шан харамж нэхсэн үү?
-Нэг хуудас материалыг танд ямар үнээр олшруулж өгсөн бэ?
-Хэрэгцээтэй мэдээллээ та олж авч чадсан уу?
-Мэдээллээ хайж олж авахад ямар хугацаа зарцуулсан вэ?
-Төр, засгийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байх талаар ямар хуулийн заалт байдаг вэ? гэх мэт

Ардчиллын замаар олон жил замнасан орнууд өнөөдөр шинжлэх ухаан технологийн хөгжлийг ашиглан төр засгийн мэдээллийг яаж улам нээлттэй, олон түмэнд шуурхай хүргэдэг болгох вэ гэдэг талаар хэлэлцэн ярилцаж байна. Харин ардчиллын замд дөнгөж хөлөө тавьж байгаа орнууд буюу бидний хэлж заншсанаар улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа нь төлөвших шилжилтийн үе шатандаа яваа улс орнууд төр, засгийн мэдээллийг нээлттэй болгох талаар анхны алхмуудаа хийж байгаа юм.

Манай орны хувьд нэг давуу тал байгаа нь бусад ардчилсан орнуудын мэдээллийг нээлттэй байлгахын тулд хийж ирсэн ажлыг нь үе шат бүрээр нь нарийвчлан судалж шаардлагатай, тохирно гэж үзсэнийгээ туршиж хэрэгжүүлэх өргөн боломжтой байгаа явдал юм.

А.Оюунгэрэл
Сэтгүүлч сэтгүүлийн 2004 оны нэгдүгээрт хэвлэгдсэн


No comments: