Tuesday, July 1, 2008

Дайны цагийн хуулиар ажиллаж сурцгааж дээ,сэтгүүлчид минь

Улс орон мааньд онцгой байдалд тогтсон энэ үе дайны цагийг санагдуулж байна. Нэгээс бусад телевизийн үйл ажиллагааг зогсооно гэдэг ямар том цензур вэ? Дайн бол мөргөлдөөн. Эсэргүүцлийн жагсаал ч мөргөлдөөн. Мөргөлдөөн бол зөрчлийн дээд хэлбэр. Монголд зөрчил ингэж дээд цэгтээ хүрчээ. Ийм зөрчлийг сурвалжлахад манай сэтгүүлчид бэлэн үү? Ингээд сэтгүүлчдэдээ 2007 онд бичиж "Сэтгүүлч" сэтгүүлд нийтлүүлсэн материалаа сонирхуулъя.
А.Оюунгэрэл


Дайны үед сэтгүүлчид онол, зарчмаасаа олонтаа гажих хэрэгтэй болдог

Аливаа маргаан зөрчилтэй асуудлын дотроос дайн тулалдааны талаар сурвалжлах ихээхэн төвөгтэйгээс гадна сэтгүүлчид чөлөөт хэвлэлийн онол, зарчмаа баримталж чадахгүйд хүрэх тохиолдол олон гардаг ажээ. Үе дамжин гарч байгаа эдгээр тохиолдлыг ангилаад дараа нь тус бүрээр нь дор тайлбарласү.
Нэгдүгээрт, дайны цагт сэтгүүлчид болон хэвлэл, мэдээллийн байгууллагын бие даасан, хараат бус байдал алдагддаг. Хоёрдугаарт, бодит мэдээлэл цуглуулж чалахгүйгээс мэдээллийн тэнцвэртэй байдал алдагддаг. Гуравдугаарт, хэвлэл, мэдээллийн байгууллагын бизнесийн эрх ашиг нь сэтгүүл зүйн талд нь буюу нийтлэл, нэвтрүүлэгт нь нөлөөлдөг. Дөрөвдүгээрт, аюултай нөхцөл байдлаас болоод сэтгүүлчид олон нийтийг мэдээллээр хангах үндсэн үүргээ ч биелүүлж чадахгүйд хүрдэг.

Сэтгүүлчид болон хэвлэл, мэдээллийн байгууллагын бие даасан, хараат бус байдал хэрхэн алдагддаг вэ?

Дайнд оролцож байгаа улс орны үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрээр гаргасан хууль тогтоомж, дайны цагийн дүрэм журмууд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан байдлыг нь хязгаарлаж, үйл ажиллагааг нь засгийн газар ба цэргийнхнээс хараат болгодог байна. Нэг тод жишээ хэлэхэд 1991 оны нэгдүгээр сард Персийн буланд болсон анхны дайны бүсэд АНУ-ын засгийн газар сэтгүүлчдийг бараг оруулаагүй билээ. Хэрэв оруулбал хэсэг бүлгээр нь цэргийнхний харгалзаатайгаар явуулж танилцуулж байв. Дараа нь Батлан хамгаалах яамныхан зураг, бичлэг, тулалдааны мэдээг шүүж хянаж байжээ. Ихэнх мэдээлэл нь хэвлэлийн бага хурлынх байх тул энгийн америкчууд “Аюул осол байгатай дайн болж байгаа юм байна даа “ гэсэн ойлголт авахаар байв.
Нью Уорк Таймс сонины сурвалжлагч Малком Брауны “Хэсэг бүлгээр нь нэгтгэж оруулдаг систем нь үнэн чанартаа сэтгүүлчдийг Батлан хамгаалахын цалингүй ажилтнууд болгож байлаа” гэж хожим нь дурссан байна. Түүнчлэн Си Би Эс Ньюс-ийн ерөнхийлөгч Эрик Обер “Сурвалжлагчдыг багцалж буй шинэ журам нь мэдээ нийтлэлийг америкийн олон нийтэд хүрэхээс нь өмнө удирдаж, хянах боломжийг цэргийнхэнд олгосноороо сурвалжлахуй ухааны доод хэлбэр болж байна” гэж дүгнэсэн юм. Тухайн үед АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд байсан Дик Чэйнигийн баталсан уг журамд “Сэтгүүлчид цэргийнхнээр харгалзуулалгүйгээр хаашаа ч явж болохгүй. Бүх ярилцлагыг армийн олон нийттэй харилцах албаны ажилтнууд ажиглаж хянана. Бичсэн зүйлийн мөр болгоныг, гэрэл зураг тутмыг, киноны хальс бүрийг илгээхээсээ өмнө хянуулна” гэж заасан нь бий. Персийн буланд одоо болж буй хоёр дахь дайны үед ч энэ журам нь бараг хэвээр байгаа аж. Зөвхөн сэтгүүлчдийг багцлах системийг (pool system) өөрчилжээ. Харин дайны өмнө 500 гаруй сэтгүүлчийг цэрэгжлийн хичээлд хамруулж, тус тусад нь цэргийн ангид хуваарилж (embedded journalists) өгчээ. Энэ нь огт шинэ зүйл биш. Учир нь дэлхийн хоёрдугаар дайны үед сэтгүүлчдийг бүр цэргийн дүрэмт хувцастайгаар ингэж цэргийн анги нэгтгэлтэй хамт явуулж байсан билээ. Энэ дайны үед видео утас, дижитал аппарат, зөөврийн компьютерээр зэвсэглэсэн сэтгүүлчид сансрын холбоо ашиглан нүд ирмэх зуурт материалаа илгээх боломжтой ч бичиж болох болохгүй сэдвийн хүрээнд баригдаж бас л цэргийнхэнд бүтээлээ хянуулж байна.
Бие даасан, хараат бус байдлаа хадгалахыг хүссэн зарим хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлагчдаа өөрсдийн шугамаар дайны цэг рүү илгээхийг хүсэхэд Батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч Викториа Кларк “Энэ бол аюулгүй газар биш. Та нар тэнд байж болохгүй” гэж хэлснийг судлаач Норман Соломон “Бидний дүрмээр явахгүй бол та нар шархдах юм уу, эсвэл үхнэ шүү гэж сэтгүүлчдийг айлгасан хэрэг” гэж дүгнэжээ. Тэнгисийн цэргийн хурандаа Рик Лонг дайн эхэлснээс хойш нэг жилийн дараа Калифорниагийн их сургуулийн симпозиум дээр “Тэр олон сэтгүүлчдийг ингэж цэргийн ангид хамааруулснаараа бид мэдээллийн орчинд ноёрхох гэж хүссэн юм. Тэдний өөрсдийнх нь тоглоомоор бид ташаа мэдээлэл юм уу, үзэл суртлыг нь цохих гэсэн юм” гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч хурандаагийн хэлснээр болж байна. Сэтгүүлчид цэргийн ангийн түүхийг бичигч мэт “Ангийн захирагчийн хэлснээр ...”, “Бидний манаж харгалзаж байгаа газар бол ...” гэх мэтээр бичиж байна.
Үүнээс гадна 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагатай холбогдуулан мөн оны 10 дугаар сарын 10-нд тэр үед ерөнхийлөгч Жорж Бушийн гадаад бодлогын зөвлөх байсан хатагтай Кондолийза Райс 24 цагийн үйл ажиллагаатай сүлжээний Эй Би Си, Си Би Эс, Эн Би Си, Фокс, Си Эн Эн телевизийн удирдлагуудтай утсаар хурал хийж “Осама Бин Ладен болон түүнийг дагалдагчдаас дүрс бичлэг ирвэл засгийн газрыг дайрсан үг хэллэгийг нь цэвэрлэх” талаар ярьж тохиролцсон байна. Маргааш нь Нью Уорк Таймс сонинд “ Энэ нь анх удаа сүлжээнүүд өөрсдийнхөө мэдээллийн боломжийг хязгаарлах тухай хамтын тохиролцоогоо хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа” хэмээн бичжээ. Ньюс Корпийн магнат Рүпэрт Мөрдок Фокс телевизийг төлөөлж “Бид эх оронч үзлийнхээ дагуу үүргээ биелүүлнэ” гэж амлажээ. Дэлхийн хамгийн том мэдээллийн конглемерат Эй Оү Эль Тайм Уорнерийн эзэмшилд байдаг Си Эн Эн болохоор “Ямар нэвтрүүлэг дамжуулах вэ гэдгээ шийдэхдээ Си Эн Эн холбогдох албаны хүмүүсээс чиглэл авах болно” гэж мэдэгджээ. Ийнхүү тэд засгийн газрын тусламжтайгаар өөрсдөдөө цензур бий болгожээ. “Засгийн газар дахиад юм хэлэхэд эд татгалзаж чадахааргүй болсон” гэж хэвлэл, мэдээллийг судалдаг Поинтер хүрээлэнгийн ерөнхийлөгч Жэймс Ноотон үзсэн юм. (Сан Диего Трибьюн сонин. 2001-10-19)
Дайнаас сурвалжлага хийхэд хориг саад багатай байсан үе Америкийн сэтгүүл зүйн түүхэнд бий. Дайны бүсэд сэтгүүлчдийг хамгийн чөлөөтэйгээр нэвтрүүлж байсан Вьетнамын дайны эхэн үед буюу 1963 онд тэндээс хийсэн 15-30 минутын мэдээний нэвтрүүлгүүд нь мэдээлэл сайтай, төвийг сахисан байдалтай байжээ. Эхэндээ АНУ уг дайнд оролцох бодолгүй харин Францад дэмжлэг, зөвлөгөө үзүүлэх зорилготой байсан тул тийнхүү сэтгүүлчдийг хориг саадгүй нэвтрүүлчихжээ. Харин өөрөө дайнд оролцох болсон 1965 онд Си Би Эс телевизийн Морли Сэйфэр энгийн вьетнам иргэдийг болиоч гэж гуйсаар байхад орон байшинг нь шатааж байгаа америк цэргүүдийн дүрийг Кэм Нигээс хийсэн нэвтрүүлэгтээ харуулсан юм. Үүнийг оройн хоолоо идэхээр ширээндээ суусан америкчууд нутагтаа хараад тун цочирджээ. Дайн үргэлжлэх тутам дайны гамшиг сүйрэл, үхэл зовлонгийн зургууд үргэлжилсээр байлаа. Миссурийн Их Сургуулийн социологийн тэнхимийн профессор Жон Галлихэр:
-Орой болгон бид үхлийг харж байлаа. Хоолоо ч идэж чаддаггүй байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед зураг ингээд шууд ирж байгаагүй, саатдаг байсан. Харин Вьетнамын дайн яг л дэргэд болж байгаа юм шиг. Би хэзээ ч Вьетнамд очиж байгаагүй. Гэхдээ би телевизээр их үзсэн болохоор тэнд очсон мэт сэтгэгдэл төрдөг гэж хэлжээ. (Вокс сэтгүүл. 2006 -12 -7. Дугаар 48)
Ингэж үдэш бүр дайныг зочны өрөөндөө хүлээн авч байсан үзэгчид эцсийн дүнд “Хэний төлөө юуны тулд америк хөвгүүд нь тэнд байгаа юм бэ?” гэдэг асуултыг засгийн газартаа тавьж, Си Би Эс телевизийн Уолтер Кронкитийн ”Вьетнам ялагдашгүй” гэсэн санаатай нэгдсэн билээ. Америк орон даяар өрнөж байгаа дайныг эсэргүүцэх хөдөлгөөнийг ч редакцууд хангалттай харуулав. Сэтгүүлчид энэ үеийг цензургүй дайн гэж нэрлэдэг. Сэтгүүлчдийн хөдөлгөөнийг хэн ч хорихгүй, мэдээллийн урсгалд хэн ч саад болохгүй. Үүний үр дүнд иргэний олон хөдөлгөөн өрнөж, АНУ утга учиргүй энэ дайнд бууж өгсөн билээ. Тэр үед тус улсын ерөнхийлөгч байсан Линдон Жонсон Цагаан ордныг орхисныхоо дараа өгсөн эхний ярилцлагатаа “Телевиз миний дахин сонгуульд оролцох боломжийг устгасан даа” гэж хэлсэн байдаг.

Мэдээллийн тэнцвэртэй байдал хэрхэн алдагддаг вэ?

Юуны өмнө дайны үед эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангах боломж ихэнхдээ байдаггүй. Сурвалжлагч хүн маргаантай асуудлын хоёр талд байгаа эх сурвалжаас асууж тодруулна гээд фронтын шугамыг даваад гүйж болохгүй. Галын шугамын зөвхөн нэг талд нь байрлаж, үйл явдлыг ажиглаж, боломж гарвал тэнд байгаа хүмүүстэй л ярилцана. Тиймээс өгч байгаа мэдээлэл нь дандаа л нэг талыг барьсан байдалтай харагдана.
Гэмт хэргийн сурвалжлага хийхдээ хэргийг үйлдэгч, хохирогчтой уулзаж, шүүх хуралд нь сууж, яллагч, өмгөөлөгчтэй ярилцаж уг маргаантай асуудалд холбогдсон бүх хүнээс мэдээлэл авах замаар тэнцвэртэй мэдээлэх боломж байдаг. Хэргийн газар очиж, мэргэжилтний тайлбарыг ч авах боломжтой. Улс төрийн зөрөлдөөнийг харуулахад ч эсрэг тэсрэг бодолтой улс төрчидтэй ярилцаж, дараа нь судлаачдаар дүгнэлт хийлгэх, жирийн хүмүүсийн санаа бодлыг сонсох, хэлсэн үгс, хэвлүүлсэн зүйлсийг уншиж судлах зэргээр мэдээллээ тэнцвэржүүлэх боломж олон. Гэтэл дайны үед ингэх ямар ч боломжгүй. Ялангуяа дээр өгүүлснээр нэг цэргийн ангид харьяалагдаж байгаа нөхцөлд сэтгүүлчид урагшилбал ч, ухарвал ч цэргүүдтэй хамт л явна.
Сурвалжлагч ийнхүү хязгаарлагдмал орчинд хийсэн мэдээ материалаа харин илгээх боломж нь хязггаарлагддаггүй. Ялангуяа орчин үеийн технологийн ачаар мэдээллийг харин ч маш хурдан түгээж байгаа. Харин дайны галын шугамын зөвхөн нэг талаас ирж байгаа мэдээллийг тавиад байгаа хэвлэл, мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн тэнцвэр нь бүхэлдээ мөн адил алдагдаж байдаг. Дайн тулааны цагийн орчин нөхцөл, сэтгүүлчдийн аюулгүй байдалтай холбоотойгоор эсрэг талынхантай ярилцах боломжгүйг мэддэг уншигч, үзэгч, сонсогчид ч дайны сурвалжлагаас тэнцвэрт байдлыг тэр болгон шаардаад байдаггүй аж. Гэхдээ л тэд сэтгүүлчдэд мэргэжлийн түвшингээ хадгалж, үзсэн харснаа үнэн зөвөөр нь, өөрсдийн үзэл бодлоо шургуулалгүй дамжуулж байх шаардлагыг тавьдаг.
Хэвлэл, мэдээллийн байгууллагууд дайны талаар өөр үзэл бодолтой хүмүүсийг олж, санал бодлыг нь танилцуулах замаар мэдээллийнхээ тэнцвэргүй байдлаас бага зэрэг ч болов гарах алхам хийхгүй байгаа аж. Персийн булангийн дайны эхний хоёр долоо хоногт хэвлэл, мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг ажиглаж судалдаг Эф Эй Ай Ар байгууллагаас сүлжээний телевизүүдийн нэвтрүүлэгт хийсэн судалгаагаар мэдээнд дурдагдсан 878 эх сурвалжийн 1,5 хувь нь л дайныг эсэргүүцсэн жагсаал оролцогчид байжээ. Америкийн энхийн төлөө байгууллагын удирдагч ганцхан удаа эх сурвалж болсон тохиолдол байна. Үүнээс хойш найман жилийн дараа буюу 1999 оны намар Югославыг бөмбөгдсөн эхний хоёр долоо хоногийн мэдээнд Эй Би Си, Пи Би Эс хоёр телевизийн ашигласан 291 эх сурвалжийн 8 хувь нь НАТО-гийн бөмбөгдөлтийг эсэргүүцэгч байв. Харин 45 нь цэргийнхнийг оролцуулаад АНУ-ын засгийн газарт ажиллаж байсан буюу байгаа хүмүүс, НАТО-гийн төлөөлөгчид болон цэргүүд байжээ. Эх сурвалжийн ийм тэнцвэргүй байдал ужгарсныг 2003 оны хавар Ирак руу холбоотнууд довтолсны дараах гурван долоо хоногт зургаан телевизийн оройн мэдээллийн хөтөлбөрт хийсэн судалгаа харуулав. Дуран авайн өмнө гарч ирсэн 1617 эх сурвалжийн гуравны хоёр буюу 64 хувь нь дайныг дэмжигч байв. Дайныг эсэргүүцэгчид зөвхөн 10 хувийг л эзэлж байлаа.
Дайны үед сэтгүүлчид олж авсан баримтыг тэнцвэржүүлэх нөгөө талын мэдээллийг авч чаддаггүйгээс бичлэг нь ямагт нэг тал руу хазайна. Шархадсан болон нас барсан америк цэргүүдийн тухай нэр устай нь мэдээлдэг хэрнээ Иракийнхны овог нэрийг олж мэдэх байтугай амь үрэглэгсдийнх нь нийт тоог мэдээлж чадахгүй байгаа нь дэлхийд хамгийн чөлөөт гэгддэг сэтгүүл зүйтэй Америкийн сэтгүүлчдийг тун шударга бус хүмүүс шиг харагдуулдаг байна. Цагаан ордны дэргэдэх хэвлэлийн хэсгийг удирддаг сэтгүүлч Хэлен Томас “Ханой хотын коммунист радио хоёр талын цэргийн хохирлын тоог мэдээлдэг байлаа. Тэр нь ихэнхдээ үнэн байсан. Энэ нь “Бид Иракийн хохирлыг тоолдоггүй” гээд мэдээлэл өгдөггүй Пентагоныхоноос их ялгаатай” гэж “Ардчиллын хоточ ноход уу?” гэдэг номондоо ажээ.

Хэвлэл, мэдээллийн байгууллагын бизнесийн эрх ашиг нь агуулгатаа хэрхэн нөлөөлдөг вэ?

Сонин, радио, телевизүүд өөрсдөө өсөж томрох тусмаа бусад салбарынхантай бизнес, санхүүгийн хэлхээ холбоо нь зузаардаг бөгөөд бизнесийн эрх ашиг нь нийтлэл нэвтрүүлгийн агуулга, хэлбэрт нөлөөлөхүйцээр сонирхлын зөрчил нь ихэсдэг ажээ. Ялангуяа хэвлэл мэдээллийг эзэмшдэг байгууллага зэвсэг үйлдвэрлэдэг бол бизнес ба мэдээлэл нь тусдаа байх ёстой гэдэг сэтгүүл зүйн нэгэн гол зарчим зөрчигдөхөөс аргагүйд хүрнэ. Эн Би Эс телевизийг эзэмшигч Женерал Электрикс корпорац нь АНУ-ын Персийн бүлангийн дайнд хэрэглэсэн зэвсэг болон сэлбэгийг зохион бүтээж, үйлдвэрлэж байв. Пэтройт болон Томогавка пуужин, Стийлт болон Би-52 бөмбөгдөгч, ЭЙВЭКС онгоц, тагнуулын НАВСТАР сансрын холбоо зэргийг тэд үйлдвэрлэжээ. 1989 онд Женерал Электрикс цэргийнхний захиалгаар хоёр миллиард долларын зэвсэг хийснийг Персийн булангийн нэгдүгээр дайнд ашиглажээ. Тэр үед сэтгүүлчид болон корпорацийн зөвлөхүүд Америкийн зэвсгийн хүч чадлыг бахадсан нэвтрүүлгүүд хийж байсан нь уг чанартаа цалин олгогч байгууллагаа л магтаад байсан хэрэг байлаа. 2004 онд Пентагон тухайн санхүүгийн жилдээ гэрээ хийсэн байгууллагуудын жагсаалтыг нийтэд ил болгоход Женерал Электрикс 2,8 миллиард долларын гэрээ хийснээрээ найм дахид нь явж байсан юм.
Тэртээ 1897 онд шар сэтгүүл зүйг үндэслэгчийн нэг гэгддэг хэвлэн нийтлэгч Уиллиам Хөрст сониныхоо борлуулалтыг нэмэгдүүлэх бизнесийн ашиг сонирхлын үүднээс дуулиан шуугиан тарих мэдээ хайж зураач Фредерик Рэмингтоныг дайн болох эсэхийг мэдүүлэхээр Гавана хот руу илгээжээ. Дайн үүсэх ямар ч шинжгүйг мэдсэн зураач хүлээсээр залхаад Нью Уорк руу буцах зөвшөөрлийг эрж цахилгаан утас явуулахад эзэн Хөрстөөс нь “Наанаа үлдэнэ үү. Та зургийг нь зураад бай. Би дайныг нь үүсгээдэхье” гэсэн хариу иржээ. Ийнхүү тэд мэдээ зохиож улмаар түүхэнд Америк-Испанийн гэж нэрээ үлдээсэн дайныг эхлүүлж байсан аж.
Түүнээс гадна дайны нөхцөлд ажиллаж байгаа сэтгүүлчид нь хэдэн сар болоод л солигдох тул дахин хүн сургаж бэлтгэх, мэдээ сурвалжлага дамжуулах техник хэрэгслийг нь шинэчлэх, эрүүл мэнд амь насыг нь даатгуулах гээд олон төрлийн зардал нэмэгдээд ирэхээр дайны сурвалжлагын үнэ цэн улам өсөөд байдаг ажээ. Сүлжээний телевизүүдийн хоногийн туршид үргэлжлэх тасралтгүй ажиллагаа нь бизнесийн өрсөлдөөнийг нь улам нэмэгдүүлж, дайны талбараас олж чадахгүй мэдээллийг нөхөхийн тулд хэлэлцүүлэг өрнүүлэх нэрээр мэдээний шоу хөтөлбөрүүд зохион байгуулж, студидээ засгийн газрынхан болон армийнхныг байнга урьж, аль нь хамгийн өнөдөр албан тушаалын хүн авчрах нь вэ гэдгээр өрсөлдөж байна. Үүний үр дүнд мөнхүү нэг талыг барьсан тэнцвэргүй мэдээлэл түгсээр, дээр нь албаны хүмүүсийн худал үгсийг дамжуулснаараа хэвлэл, мэдээллийнхэн өөрсдөө худалч болох хувирч байна.
Сүүлийн үеийн нэг тод жишээ бол Иракийн дайны эхэн үед арын албаны байлдагч Жэссика Линчид тохиолдсон явдал юм. Жэссика Линч бусад нөхдийн хамт олзонд байхад нь цэргийнхэн олж очиж сулласан бөгөөд энэ талаараа хэвлэл мэдээллийнхэнд ярихдаа тэднийг эр зориг, баатарлаг явдлын үлгэр жишээ болгон эцсийн сумаа дуустал тулалдаж байгаад олзлогдсон мэтээр тайлбарласан юм. Сэтгүүлчид ч тэдний амаар бичсэн. Удаан хугацаагаар эмчлүүлж байгаад гэртээ ирэхэд нь хотынхон нь гудамж дүүргэн жагсаад баатрын ёсоор угтаж байгаа зураг телевизийн дэлгэцээр хөвөрсөн. Гэтэл үнэн хэрэгтээ арын албаны хөсөг нь дэлбэрэлтэд өртсөн анхны мөчид Жэссика Линч шархдаж ухаан алдсан байжээ. Түүний олзонд байгаа газрыг нэгэн араб эр америкийн талд ирж хэлсэн аж. Өөрийнх нь байдлыг эх оронч үзэл өрнүүлэх сурталчилгааны зорилгоор ийнхүү ашигласныг нь Жэссика Линч залруулж хожим нь ном бичиж гаргасан юм.
Америкийн хөл бөмбөгийн үндэсний багийн тоглогч, нэртэй тамирчин Пэт Тилмэныг ч тулалдаанд баатарлагаар амь үрэгдсэн гэж цэргийнхэн мэдээлж байлаа. “Хэдэн арван сая долларын гэрээгээ цуцлаад эх орныхоо төлөө тэр дайнд явсан ...” гээд л сэтгүүлчид бичлэг бүртээ улиглан давтсан. Аризонад болсон оршуулганд нь тус мужаас сонгогдсон сенатор Жон Маккайн очиж оролцож байгааг зурагтаар харуулаад л ... Гэтэл тэр тулалдаанд биш өөрсдийнхнийхөө галд өртсөн байсныг хожим цэргийнхэн хүлээн зөвшөөрсөн билээ.
АНУ Ирак руу довтлох шалтаг хайж байсан тэр үед мэдээллийн гол байгууллагууд худал үгийг баримт болгон давтаад байсан юм.

Си Би Эс-ийн 2002 оны 11 дүгээр сарын 9-ний оройн мэдээ:
“АНУ зэвсэглэлийг устгах олон улсын гэрээг дайны гэрээ болгох шийдвэр гаргах гэж байгаа үед 1998 онд Саддамын хөөж гаргасан НҮБ-ын зэвсгийн шинжээчид Иракт буцаж очихоор бэлтгэж байна.”

Вашингтон Таймсын 2002 оны 11 дүгээр сарын 14-ний дугаар:
"Ирак дөрвөн жилийн өмнө НҮБ-ийн шинжээчдийг хөөж гаргаж байсан”

Вашингтон Постын 2002 оны 17-ны дугаарт Боб Вүүдворт:
“Хэлсэн үгс нь дөрвөн жилийн өмнө Хуссейнд хөөгдөж гарснаасаа хойш зэвсгийн шинжээч илгээхийг хичээгээгүй гэж НҮБ-ийг шүүмжилжээ.”

Дээрх гурван хэсэг мэдээллийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь (доогуур нь зурсан) 2002 оны наймдугаар сарын 8-нд Юү Эс Эй Түдэй сонинд Жон Даймондын “Ирак дөрвөн жилийн өмнө НҮБ-ийн шинжээчдийг тагнуул хэмээн буруутган хөөж гаргасан” гэсэн ташаа мэдээллээс эх үүсвэрээ авчээ. Тус сонины залруулахаас татгалзсан энэ буруу мэдээллийг бусад байгууллагууд тэр чигээр нь хэрэглэсний жишээ дээрх гурав юм. Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфильд 2002 оны есдүгээр сарын 3-нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Ирак цэргийн шинжээчдийг хөөж гаргасныг бид бүгдээрээ л мэднэ шүү дээ” гэжээ. Үнэн хэрэгтээ Ирак шинжээчдийг хөөж гаргаагүй ажээ. Харин шинжээчдийг Америкийн талд тагнуул хийж байна гэж буруутгаж байжээ. Шинжээчдийн удирдагч Ричард Балер өөрөө шийдвэр гаргаж 1998 оны 12 дугаар сард багаа авч Иракаас гарч явжээ.
Сэтгүүлчид яагаад мэдээллээр хангах үндсэн үүргээ ч биелүүлж чадахгүйд хүрдэг вэ?
Дайны нөхцөлд сэтгүүлчдийн амь нас хутганы ирэн дээр байх тул ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй үе олон гардаг. Энгийн цагт мэдээлэл хайж, сурвалжлах ажлаа хийгээгүй сэтгүүлчийг үндсэн үүргээ умартсан гэж үзээд ажлаас нь дор нь халж орхидог бол дайны сурвалжлагч нарт редакциуд огт өөр ханддаг. Юуны өмнө дайны сурвалжлаганд сэтгүүлчдийг албадлагагүй, сайн дурын үндсэн дээр явуулна. Нью Уорк Таймс сонин журмандаа “Дайны бүс нутагт үүрэг даалгавар гүйцэтгэх нь сайн дурын үндсэн дээр байх ёстой” гэж тусгасан байдаг. Английн Дэйли Телеграф сонины гадаад мэдээний редактор Алан хэлэхдээ “Сайн дураараа явах хүн олдож л байна. Гэхдээ л улам цөөрч хэцүү болж байна” гэсэн байна. Түүнчлэн Үндэсний олон нийтийн радиогийн гадаад мэдээний редактор Лорен Жэнкинс “Бидний хандлага тун энгийн. Таны амины үнэтэй мэдээ гэж байхгүй. Бид сурвалжлагчаа үхүүлснээс мэдээгүй сууж байсан нь дээр гэж үздэг” гэлээ.
Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос мэдээлснээр 2005 оны дунд үе гэхэд Иракт болж байгаа дайнд 45 сэтгүүлч амь үрэгдсэн байв. 1992-2001 оны хоорондох 10 жилд мэдээ бэлтгэхээр гадаад орон тийш илгээгдсэн 399 сэтгүүлч амиа алджээ. Орчин үеийн дайны шинж чанар өөрчлөгдөх тусам сэтгүүлчдийн амь насанд улам аюултай болж байна. Фронтын шугам нь тодорхой уламжлалт дайны үед бас ч арай гайгүй байжээ. Вьетнамд “Хэвлэлийнхэн” (Bao, chi) гээд хашгирахад зам тавьж өгөөд, дурын нисдэг тэргэнд үсэрч суугаад хэвлэлийн төвдөө хүргүүлдэг байсан талаар тухайн үед ажиллаж байсан америк сурвалжлагч нар дурсдаг. Гэтэл фронтын шугамгүй, олон үндэстэн ястан, олон шашны бүлэглэлүүд оролцсон, хот суурин газар болж байгаа орчин үеийн дайнд амиа хэрхэн авч гарах вэ гэдэг асуудал сэтгүүлчдийн хувьд хамгийн төвөгтэй болоод байгаа юм.
Урьд өмнөх дайн түүхэнд тагнуулууд сэтгүүлчийн дүрээр явж мэдээлэл цуглуулах бюу эсвэл сэтгүүлчдийг тагнуулын ажилд урхидаж оруулдаг байсан тул жинхэнэ сурвалжлах ажил хийж байгаа сэтгүүлчдийг одоо ч тагнуул гэж хардаж сэрдэх нь тэдний амь насанд аюул учруулсаар байдаг аж. Дэлхийн хоёрдугаар дайны үед Токиод ажиллаж байсан Английн Ройтерс агентлагийн сурвалжлагч Жимми Коксыг Японы тал тагнуул хэмээн баривчлан 55 цаг байцаасны дараа тэр1940 оны долдугаар сарын 29-нд цагдаагийн газрын гуравдугаар давхрын цонхноос унаж үхсэн байна. Цогцос нь хананаас жаахан зайдуу ч гэмтлийн шинж тэмдэг нь 40 фүүтийн өндрөөс унасныг баталжээ. Түүнтэй адил нөхцөлд байсан америк сэтгүүлч Коксыг олон цагийн тасралгүй байцаалтын ажиллагаанаас болоод орчны мэдрэмжээ алдаж нэг давхрын цонх гэж бодоод зугтах гэж оролдсон байж магад гэсэн таамаглал дэвшүүлдэг. Японы нууц албаныхан түүнийг Токио дахь Английн ЭСЯ-нд мэдээлэл өгдөг гэж итгэж байсан ч амь насыг нь хөнөөх зорилгогүй байсныг дайны дараа ил болсон бичгийн баримт харуулдаг. Түүний тагнуул байсан эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Харин Кокс эхнэртээ зурвас үлдээж Ройтерс, даатгал болон банкны хүмүүстэй уулзаарай гэсэн байдаг аж. Ройтерс тус агентлагийн бусад сурвалжлагч нартай Кокс албан ёсны холбоогүй байсан тухай хэвлэлийн мэдэгдэл гаргахдаа сурвалжлагчдынхаа цалин пүнлүүг ЭСЯ-аар дамжуулж олгодог талаараа огт дурдалгүй орхисон байна. Японы мэдээллийн Мацука ов Домей агентлаг Лондон дахь элчин сайдаараа дамжуулж Коксын бэлбэсэн гэргийд эмгэнэл илэрхийлэн 100 мянган иен буюу 5800 паунд өгчээ.
Вьетнамын дайны үед хоёр тал тус тусынхаа байдалтай танилцуулахаар сэтгүүлчдийг харилцан солилцоход Нью Уорк Таймс сонины Харрисон Салисбөри Хойд Вьетнамд очиж үзээд “АНУ хоёр хотыг ээлжлэн довтолсоор байгаа ч хангамжийн зам нь бага зэрэг л гэмтжээ” гэсэн гарчигтай материал бичиж сониныхоо 1966 оны 12 дугаар сарын 27-ны дугаарт хэвлүүлж байжээ. Түүнийг нэгдсэн улсдаа буцаж ирсэн хойно нь коммунистуудад тагнуулаар элссэн эсэхийг нь шалгаж байсан аж. Түүнчлэн Харрисон Салисбөри дайы талбарыг нүдээр үзсэн гэрчийн хувьд 1967 онд Конгрессийн хуралдаан дээр мэдүүлэг өгчээ.
Энэ оны наймдугаар сард Нэйшнл Жиографик сэтгүүлийн захиалгаар Сахэлийн түүх, соёлыг сурвалжлахаар явж байсан Чикаго Трибьюн сонины сурвалжлагч Пол Салопекийг Суданы албаны хүмүүс баривчилсан нь шинэвтэр жишээний нэг болж байна. Пулитцерийн хоёр удаагийн шагналтай, 44 настай тэр эрийг Чад гаралтай жолооч, орчуулагчийнх нь хамт тагнуул хийсэн, албан баримт бичиг сурвалжлагандаа ашигласан, худлаа мэдээлэл дамжуулсан, Судан руу визгүй орсон гэсэн эрүүгийн хэрэгт буруутгасан байна. Чикаго Трибьюн, Нэйшнл Жиографик-ийн редакц удаа дараа мэдэгдэл хүсэлт гаргаж, гэргий болон үзэг нэгт нөхөд нь Суданы засгийн газарт хүсэлт тавьснаар Пол Салопекийг тун удалгүй сулласан билээ.
-Өнөөдрийн дайны сурвалжлахуй нь болж байгаа үйл явдлын талаар олж мэдэж авснаа та сонгож юу нь аюулгүй вэ, алийг нь сурвалжлагатаа оруулах вэ гэж өөрөө тунгааж шийдэх асуудал биш болоод байна. Цэргийнхэн сэтгүүлчдийн үйл ажиллагааг үлэмж хязгаарласнаараа мэдлэгийг нь бас боогдуулж байна. Егөөтэй нь, бид бага юм мэдэх хэрнээ илүү их сумны бай болж байна гэж Сэтгүүл зүй дэх Онц байдлыг хангахын төлөө Төсөл байгууллагын захирал Том Розенстил хэлж байна.
Үүнийг батлах мэдээлэл ч өнөөдрийн сонины шинэхэн дугаарт гараад иржээ. Иракт ажиллаж байгаа америк сэтгүүлчид аюулгүй байдлынхаа талаар илүү их санаа зовдог болсныг Петер Жонсон. (Юү Эс Эй Түдэй сонин. 2006-12-18) мэдээлсэн байна. Си Би Эс-ийн Элизабет Палмер “хулгайлагдах, довтлуулах аюулаас сэргийлж нэг газраа 15 минутаас илүү зогсдоггүй” гэсэн бол Фокс Ньюс-ийн Дэвид Макдагал “цэргийн машинд суухаа ер больсон” гэсэн байна. Саддам Хуссейний үеэс тэнд байгаа Эн Би Си-гийн Жэйн Арраф “Америк цэргүүд, Канзасаас ирсэн эрчүүд, иракчуудыг ямар баатарлаг хөдөлмөрлөж байгааг та харж байсан ч тэдэн тийш очиж сурвалжилж чадахгүй, аюул багатай газрыг зүглэхээс өөр аргагүй болдог” гэжээ. Телевизийн хэд хэдэн сурвалжлагч зам дээр тавьсан бөмбөгөнд өртөж зарим нь амиа алдсанаас хойш тэд бүр болгоомжлох болжээ. Тэгээд яагаад ийш буцаж ирээд байгаа тухай нь Петер Жонсон асуухад тэр сэтгүүлчид “Энэ чинь манай гариг дээр болж байгаа хамгийн том үйл явдал шүү дээ” хэмээн хариулсан байна.

А.Оюунгэрэл
АНУ-ын Миссури муж

Зохиогчийн тайлбар
1999 оны зун Хэвлэлийн Хүрээлэнгийн дээд курсийн төгсөгчид, багш нарын нэг уулзалтан дээр хоёр дахь жилийн төгсөгч Л.Итгэлтөгс дайны сурвалжлага хийхдээ барууны сэтгүүлчид яагаад нэг талаас нь сурвалжлаад байгаа тухай асуухад Лия Коленберг багш “Дайны сурвалжлага хэцүү л дээ. Орчин нь өөр” гэсэн товчхон хариулт өгч байсан юм. Тэр үед Балканы хойг дээр дайн болж, НАТО-гийн онгоц Сербийг бөмбөгдөж байлаа. Түүнээс хойш би ч бас оюутныхаа асуултын хариуг олж өгье гэж дотроо бодсоор явсан билээ. Дээр бичсэн зүйлийг Итгэлтөгсдөө асуултын хариулт болгон барьж байна. Бүрэн дүүрэн хариулт болоогүй нь мэдээж. Дэндүү том сэдэв болохоор уншиж судалж барагдахгүй юм билээ. Өөрөө гүйцээнэ биз дээ. Багш нь ёслов.

Ашигласан ном
Donald Read. The Power of New. The History of Reuters. Oxford University Press.1992
Helen Thomas. Watchdogs of Democracy? Scribner. 2006
Herbert N. Foerstel. Killing the Messenger. Praeger Publishers. 2006
Norman Solomon. War Made Easy. John Wiley & Sons. 2005
Norman Solomon & Reese Erlich. Target Iraq. Context Books.2003
Reporting Vietnam. Part one: American journalism 1959-1969. Library of America. 1998
Tom Fenton. Bad news.Regan books. 2005


  • Дайны бүс нутагт ажиллах сэтгүүлчдэд өгөх зөвлөмж

Явахын өмнө

  • Маш их дарамт шахалттай орчинд ажиллах туршлагыг олж ав
  • Тэгвэл орчин нөхцөлөө ойлгож тааварлах зөн совингоо хөгжүүлж, тухай бүрт нь тохируулан зөв шийдвэр гаргаж сурна.
  • Мөргөлдөөний бүсийг зүглэхээ түр азна
  • Өөрөөр хэлбэл хамгийн аюултай үед нь анхны хүн болж бүү оч. Ялангуяа байлдаан болох газар бол эхний довтолгоо өнгөрсний дараа оч.
  • Сургалтанд хамрагд
  • Дайны бүсэд сэтгүүлчид зэвсэггүй явах учраас өөрийгөө хамгаалах аюулгүй байдлын сургалтад суух хэрэгтэй.
  • Сансрын холбооны утас болон бусад техник хэрэгслээ найдвартай байлга
  • Элдэв хяналтгүйгээр материалаа хурдан явуулахад эдгээр хэрэгсэл тань тусална.
  • Даатгалд хамрагд
  • Даатгал үнэтэй ч хамгийн чухал зүйл.

Очсон хойноо

  • Маш болгоомжтой бай. Мэдрэмжээ ашигла.
  • Буцаж ирэх тань таны гол зорилго. Таны үнэтэй мэдээ гэж байхгүй. Тиймээс зөв шийдвэр гарга.
  • Туслагчдаа сайтар таньж мэд
  • Гадаад оронд сэтгүүлчид орчуулагч, жолооч зэрэг бусад туслагч нартаа найддаг. Тэд нар нь эх сурвалжтай холбож, ярилцлагын цагийг болзож, ахуй соёлын талаар ойлгуулж өгдөг. Туслагч нарыг олж авахдаа бусад сэтгүүлчдээс зөвлөгөө авч, өөрөө тэдний талаар бичих гэж буй мэт сайтар судал.
  • Үйл явдлын цэгт хүрч бай
  • Сэтгүүлчдийн гол зорилго бол үйл явдлын газарт бүхнээс түрүүнд очиж зөв байрлал олж авах байдаг. Очих нь төвөгтэй байсан ч оролдоод үзэх хэрэгтэй.
  • Аялахдаа хэсэг бүлгээрээ явж бай
  • Дайны үеийн сурвалжлагч нар бие биенээ хамгаалах үүднээс хамт явцгаадаг.
  • Баримтаа шалгахын тулд бусад сурвалжлагчидтай баг болж ажилла
    Үйл явдлын газраас та нэг талын мэдээлэл олж авсан байгаа. Биеэрээ хүрч нөгөө талын баримтыг шалгах аргагүй тул нөгөө талд ажилласан сэтгүүлчидтэй ярилцаж, бас бүсийн товчоог удирддаг эрхлэгч нартайгаа зөвлө.
  • Засгийн газрын бус байгууллагуудтай ажилла
  • Олон улсын байгууллагууд, төвийг сахисан ажиглагчид нь сурвалжлагч редакторуудын хувьд мэдээллийн үнэлж баршгүй эх үүсвэр болдог.

Хэвлэл мэдээллийнхэн их буруутай

Өнөөдөр Монголд болсон үйл явдлын талаар сонсож, уншиж мэдээд гайхаш алдарч байна. Улс төрийн байдлыг ингэтэл нь тогтворгүйтүүлэхэд, ардчиллын утга учрыг алдагдуулахад манай сэтгүүлчдийн ялангуяа хэвлэл, мэдээллийн эзэд, эрхлэгч, захирал, дарга нарын оруулсан хувь нэмэр их шүү. Тэд дэндүү нэг талыг барьцгааж, улс төр болон бизнесийн хүрээнийхний гар хөл болцгоож байсан. Нийтэлж гаргасан сонин хэвлэл болгон нь, агаарын долгионоор цацсан мэдээ нэвтрүүлэг бүр нь тэдний нүүр царайг тод харуулж байсан. Өөрсдөө ч хөрөнгөжихийн төлөө сэтгүүл зүйг худалдаж, хүн гүтгэх, турхирах талаар олон зүйл хийсэн. Юун нийгмийг олон нийтийн хяналтад байлгахын тулд тэдний өмнөөс хоточ нохойн үүрэг гүйцэтгэх вэ? Энэ үүргээ огт огоорсон.

Ардчиллыг тайван замаар хийсэн гэж дэлхийн чихэнд сайхан мэдээ сонордуулаад дараа нь төр, засгийн хэвлэл мэдээлэлгүй болгосон хэвлэлийн эрх чөлөөний хуультай гэдгээрээ бид бусад орныхон болоод мэргэжил нэгтнүүдийнхээ дунд бахархдагсан. Ийм сайхан боломжуудыг хэвлэл, мэдээллийн салбарынхан ашиглаж чадалгүй өөрсдөө сэтгүүл зүйн нэр хүндийг уландаа гишгэж байгаад харамсах юм даа. Монголын ард түмнийг тэнцвэртэй, хэрэгцээтэй мэдээллээр нь хангаж байсан бол тэднийг санал бодлоо хуваалцдаг, бусдын үгийг хүлээцтэй сонсож харилцан ярилцах боломжоор хангаж өгдөг байсан бол нийгмийн өмнө гэгээрүүлэх үүргээ биелүүлэх байсан юм. Ингэж л бодогдоод байна даа.

2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын талаар, мөн сонгуулийн талаар өөрсдийнхөө бичсэн мэдээ, материалыг гадаадын сэтгүүлчдийн бичсэнтэй харьцуулаад үз дээ л гэж хэлье дээ.

А.Оюунгэрэл

Ларри Кинг ба Сэтгүүл зүй

Телевизийн шоу нэвтрүүлэг хөтлөгчдийг хүмүүс сэтгүүлчидтэй ямагт андуурч байдаг. Миний 2001 онд бичиж байсан энэхүү материал тэдний ялгааг бага ч атугай ойлгуулж өгөх байх аа. Энэхүү материалыг “Сэтгүүлч” сэтгүүлийн 2001 оны гуравдугаарт товчлон бэлтгэж тавьсан хүн нэрийг минь орхисон байсан. Дараа нь англиар бичсэн хувилбарыг нь блогдоо мөн тавина гэж бодож байгаа.
А.Оюунгэрэл

Ларри Кинг ба Сэтгүүл зүй

Удиртгал

Жараад оны үед Ларри Кинг “Жолооны үнэмлэх дээрээ мэргэжлээ юу гэж бичүүлсэн байдаг вэ? Өргөн нэвтрүүлэгч гэж байдаг уу?, Телевизийн хөтлөгч гэж байдаг уу?” хэмээн Майами хотын Даблью Эй Эйч Ар (WAHR) радиогийн ток-шоу хөтлөгч Артур Гадфригээс асуухад
- “Худалдагч/борлуулагч” гэж бичсэн байдаг. Бидний мэргэжил бол энэ шүү дээ, Ларри минь. Би ингээд л биччихдэг шударга хүн хэмээн хариулж байжээ. Ийнхүү ток шоу хөтлөгч хүний хийдэг ажлыг Артур Гадфри ойлгомжтойгоор түүнд тайлбарлаж байсан юм. Тэр үед Ларри Кинг коллежийн боловсролтой болж амжаагүй явсан хэдий ч радиод ажилд орохоор хүлээх зуураа тэрбээр диск жокей, нэвтрүүлэгчид болон ток шоу хөтлөгчдийг ажиглангаа сэтгүүл зүйг судалжээ. “Хоёр долоо хоноггийн турш энэ маягаар ажиглаж хийж сурч мэдсэн зүйл маань бараг сэтгүүл зүйн магистрийн зэрэг горилон суралцаж олсон зүйлтэй эн тэнцэхүйц болсон гэж би үзэж байна” хэмээн тэрбээр хожим дурссан юм. Тэрхүү “сургалтын”-хаа дараа ажиллахад бэлэн болсноо Даблью Эй Эйч Ар радиогийн менежер Маршал Симмондст хандан хэлжээ. Харин тэр менежер түүнийг Ларри Зигер гэсэн “дэндүү герман, дэндүү еврей” маягтай сонсогдож байгаа нэрээ Ларри Кинг болгон өөрчлөхийг санал болгосон байна. Энэ явдал 1957 онд болсон бөгөөд Ларри 23 настай байжээ. Ажилд орсон анхныхаа өдөр л тэрбээр микрофонтой харьцах бэрхшээлийг амссан юм.

Тэр цагаас хойш тэрбээр радио, телевизийн ток шоу хөтөлж, сонинд тойм бичдэг болсон юм. Хэвлэл мэдээлэлтэй амьдрал ажлаа холбоод тэрбээр дөч гаруй жил болж байна. Өнгөрсөн арван таван жилийн хугацаанд тэрбээр Си Эн Эн-д ажиллаж байгаа билээ. Нэр цуутай хүмүүстэй хийсэн ярилцлагууд, улс төрийн маргаан мэтгэлцээн, хэлэлцүүлгийг хөтлөн явуулсны ачаар тэрбээр хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй зүтгэлтнүүдийн нэг болж чадсан юм. Ажлын өдрүүдэд орой бүр есөн цагаас гардаг нэвтрүүлгээр дэлхийн өнцөг булан бүр дэх үзэгчдээс утсаар дуудлага авч оролцуулдаг. Кингийн зүгээс үзэгчдэд бий болгосон имиж нь өргөн бөгөөд хүчтэй. Учир нь түүний хөтлөн явуулдаг ярилцлагууд нь энгийн хөгжөөн цэнгээний хэлбэрийг мэдээ мэдээлэлтэй хослуулсан байдаг бөгөөд түүний ажил мэргэжлийг чухам юу гэж тодорхойлох талаар хүмүүс ямагт эргэлзэж гайхдаг. Тэр ч бүү хэл түүний ажил бүтээлийг сэтгүүл зүйн үүднээс өрсөлдөгчид нь шүүмжилдэг учир “Тэр сэтгүүлч мөн үү?” гэсэн асуулт ямагт тавигдаж байдаг ажээ.

Ларри Кинг сэтгүүлч мөн үү?

Yгүй, тэр сэтгүүлч биш. Түүнийг шүүмжлэгчид хэлэхдээ, хөтөлж явуулдаг ярилцлагууд нь тэнцвэргүй, буруу ташаа мэдээлэлтэй байдаг төдийгүй заримдаа бүр таамаглал шинжтэй зүйл агуулсан байдаг гэжээ. Түүнчлэн, тэр өөрийгөө сэтгүүлч биш, харин мэргэжлийн ярилцлага авагч гэж нэрлэдэг. Иймээс дээрх асуултын хариулт маш энгийн байж болох нь. Ларри Кинг бол өргөн нэвтрүүлгээр цацагддаг ток шоунуудыг хөтлөгчдийн нэгэн адил үзэгч олныг зугаацуулан баясгагч нэгэн. Мэдээ, шинэ содон мэдээний агуулгатай ярилцлагууд нь телевизээр улс төрийн нийтлэл нэвтрүүлгийг дэлхийн олон нийтэд хүргэх хэлбэрт эрс өөрчлөлт оруулсан. (www.cnn.com/CNN/Programs/Larry.king.live) 1992 оноос эхлэн Ерөнхийлөгчийн гурван удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр улс төрийн шинэ маягийн телевизийн маргаан мэтгэлцээний шинэ хэлбэрийг нэвтрүүлэн хөтөлжээ. Сонгуулийн сурталчилгааны үеэрх Ларри Кингийн үйл ажиллагааг мэдээллийн Ассошэйтэд Пресс агентлаг Вашингтоны хавар цагийн ёслолтой зүйрлэдэг байна.

Өөрийгөө сэтгүүлч биш гэдгээ тэрбээр маш энгийнээр ийн тайлбарласан байдаг. Юуны өмнө, тэрбээр алив ярилцлага хийхийн өмнө ямар нэг суурь судалгаа хийдэггүй гэнэ. Тэр бүү хэл ярилцагчтайгаа юу ярилцах, ярьж болох сэдвийнхээ тухай ном ч шагайж хардаггүй ажээ. Хоёрдугаарт, тэр өөрөө зочин буюу ярилцах хүнээ сонгодоггүй. Си Эн Эн-ий найруулагч, продюсерүүд түүний хэнтэй ярилцахыг шийддэг байна. Энэ бол мэдээллийн тус сүлжээний редакцийн бодлого ажээ. Гуравдугаарт, тэрбээр сэтгүүлчдийн нэгэн адил хариултаас ургасан асуулт тавьдаггүй гэнэ. Гэвч эдгээр зүйл нь түүний хийдэг ажлын сэтгүүл зүйн агуулга, өнгийг дардаггүй байна. Нэг талаас, ярилцлага гэдэг бол сэтгүүлчдийн хувьд мэдээлэл олох нэг хэрэглүүр байдаг. Нөгөө талаас, ялангуяа өргөн нэвтрүүлгийн салбарт ярилцлага бол уламжлалт сэтгүүл зүйн нэг төрөл зүйл билээ.? Иймээс, “… улс төр, нийгмийн асуудлыг хөндөн ярилцлага, маргааныг хөтлөгч Кинг болоод, ток шоу хөтлөгч бусад хүмүүс өөрсдийгөө сэтгүүлч биш гэдэг нэрээр шалтаглан хийж бүтээсэн ажлынхаа сэтгүүл зүйн хариуцлагаас мултрах аргагүй” гэсэн дүгнэлтийг П.Лауфер хийсэн байна. (Laufer P. Inside Talk Radio. 1995 p-104) Ларри Кингийн ярилцлага авах арга барил (техник) болоод хөтөлж явуулдаг ток шоунуудын хамардаг хүрээ сэдэв чухамдаа сэтгүүл зүйн мөн чанарыг агуулсан байдаг.

Ларри Кингийн ярилцлагын арга барил

Хөтөлж явуулдаг шоу хөтөлбөрүүдээ сэтгүүл зүйн талаас “On the Line” (Галын шугаманд) хэмээх номондоо Ларри Кинг тайлбарласан байдаг боловч өөрийгөө сэтгүүлч хэмээн дуудуулахаас эрс татгалздаг ажээ. Тэрбээр номондоо, ток шоуны ертөнц нь мэдээж нь алив эрсдэл, эндэгдэлгүй биш гэжээ. Цааш нь, “бидэн рүү утасддаг хүмүүс нэр хүндтэй хэвлэлд гарснаас илүү сайн асуултыг тавьдаг. Гэвч ток шоу нь хэвлэлийн халуухан ярилцлагаас зайлсхийх нэг зам мэтээр зарим нэр дэвшигчид болон тэднийг дэмжигчид үздэг. Ток шоунууд нь сурталчилгааны үеийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны хавсралт нэмэлт болох учиртай болохоос тэднийг орлох ёсгүй. Бүгдэд хүртээмжтэй орон зай байдаг” хэмээн тэрбээр бичжээ.

“Tell it to the King” (“Yүнийгээ Кингд ярь”) хэмээх номоороо тэрбээр ярилцлага авах дүрэм нь болсон өөрийн туршлагыг хуваалцсан байдаг. Тэдгээр дүрмүүд нь ямар ч сэтгүүлчид ашиг тусаа өгөхөөр.Yзэгч олон урт асуултнаас бага зүйл мэддэг учир товчхон асуулт тавьж бай гэдэг нь түүний баримталдаг эхний дүрэм юм. Түүний хувьд сайн асуултууд нь, Яагаад, Яаж гэсэн үгээр эхэлдэг байна. Ярилцлагч зочноосоо зарим нарийн ширийн боловсруулалтыг авч чаддаг. Юу, Хэзээ, Хэн, Хаана гэсэн асуултаар ярилцлагыг эхлэх нь оновчгүй гэж үздэг. Учир нь эдгээр асуултыг тавьснаар хүн бүхэн үзэн яддаг ганц үгэн хариултыг урьж байгаа хэрэг болдог. Түүний баримталдаг хоёр дахь дүрэм бол ярилцагч зочныг үзэгчидтэй ойртуулж, үзэгчдэд татаж өгөх харцаар харилцах явдал ажээ. (Си Эн Эн-ийхэн хэлэхдээ, нүд харцаар сонгогчидтэй харилцах өөрийн нэрийн цахим нэрийг ерөнхийлөгчид, нэр дэвшигчдэд бий болгож чадсан гэдэг.) Дараагийн нэг дүрэм нь хэрэв шаардлагатай бол яриан дундуур орж саатуулах явдал ажээ. Тэрбээр бичихдээ, “Ярилцлага сунжраад, үлбэгэр болох гээд байгааг мэдрэх бүртээ би яриаг тасалж саад хийдэг. Би өөрийгөө үзэгчтэйгээ зүйрлэдэг учир өөрийн мэдрэмжид найддаг. Хэрэв ярилцлага маань уйтгартай болоод байгаа юм шиг сэтгэгдэл надад төрвөл, үзэгчдэд ч мөн нэгэн адил байгаа байх гэж би боддог” гэжээ. Түүний баримталдаг сүүлчийн дүрэм бол зочин ярилцагч руугаа довтлохгүй байх явдал юм. Тийн довтлох нь явуургүй арга юм. Довтолгоо бол ярилцагчид эвгүй сэтгэгдэл төрүүлэн, гомдоож болзошгүй бөгөөд ийм аргаар хөтлөгч хангалттай мэдээллийг зочноосоо авч чадахгүй. Түүний оронд хариу цохилт, харилцан маргаан мэтгэлцээн үүсгэх нь зүйтэй.

Ларри Кинг бол ярилцлага авагч байх төрөлхийн авьяас билэгтэй нэгэн. Тэр ер бусын сониуч хүн ажээ. Сониуч зан бол сэтгүүлч хүнд зайлшгүй байх нэг чанар юм. Си Эн Эн-ээс тухайн ярилцагчийн талаар өгсөн мэдээлэлтэй танилцахаас биш урьдчилж асуулт бэлтгэдэггүй байна. Өөрийнхөө сониуч чанараа алдахгүйн тулд тэр ярилцлаганд уригдсан зочныхоо номыг уншдаггүй. Хэрэв тухайн зочин– ярилцагчийн бичсэн номыг уншчих юм бол тэр хүн яагаад тэр номыг бичих болсон учир шалтгааныг мэдчихнэ, үүнээс болж ярилцлага сонирхолгүй болж жам ёсоороо энгийн болж чадахгүй гэж тэр үздэг байна. Энэ нь түүнийг сэтгүүлчдээс ялгаруулж байна. Учир нь сэтгүүлч хүн номын тухай мэдээлэх гэж байгаа бол ярилцлага хийхээсээ өмнө заавал ярилцагчийнхаа номыг уншсан байх ёстой.

Түүний хөтөлдөг ток шоунуудын сэдвийн хамрах хүрээ

Кинг бичсэнчлэн, олон нийтээр хэлэлцүүлэн ярилцах асуудал, сэдвийн хүрээ өргөн болсон, ялангуяа, эфирт ажилласан дөчөөд жилийн хугацаанд нь зарим асуудал сэдвийн хүрээ ер бусын өргөн далайцтай болсон ажээ. Yр хөндүүлэх, жирэмслэлт зэрэг үгийг хүн ард тэр бүр хэрэглээд байдаггүй байсан тэр үед Ларри үр хөндөлтийн асуудлыг эфирт гаргаж ирж байжээ. “Сэтгэцийн эмгэг гэх мэт юм байдаггүй” гэсэн жигтэй үгээр тэргүүлэх сэтгэл судлаач Томас Щацтай хийсэн ярилцлагаа эхэлж байсан удаатай.

Сонгуулийн жил бол түүний хөтөлж явуулдаг хэлэлцүүлэг маргааны хувьд онцгой үе болдог. Намын анхан шатны түвшинд явуулсан сонгуулийн үсэргээ, нэр дэвшигчийг шалгаруулах бүх нийтийн санал хураалт болон сонгуулийн санал хураалт болж дуусах хүртэлх бүх үе шатны турш Ларри нэр дэвшигчдийн хөргийг дэлгэрэнгүй, илэн далангүй ярилцлагуудаараа гаргаж ирэн, олон нийтийн маргаан мэтгэлцээнийг өрнүүлэх ажлыг хийдэг. Улс төрийн энэ улиралд тэрбээр ерөнхийлөгчид нэр дэвшигч дэд ерөнхийлөгч Алберт Гор, сенатор асан Билл Брадли, захирагч Жорж Буш, сенатч Жон МкКайн нар оролцсон ярилцлагуудыг хөтөлж байсан. Си Эн Эн мэдээлснээр, улс төрийн томоохон маргаан мэтгэлцээн, мэдээллийн сонголтыг хийх талбар нь Ларри Кингийн гүйцэтгэсэн үүрэг роль мөн гэж дэлхийн тэргүүлэх улс төрчид дахин дахин нотлон мэдэгддэг байна. 1999 онд Югославын эсрэг НАТО-гаас агаарын цохилт хийх үеэр тэрбээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Алберт Гор, Британийн ерөнхий сайд Тони Блэйр, Македон, Албанийн ерөнхийлөгчид болон Босни, Туркийн ерөнхий сайд нартай уулзаж ярилцаж байсан юм. Шинэ он гарахын өмнөхөн тэрбээр Билл Гэйтстэй уулзаж технологийн ирээдүйн тухай ярилцаж байсан юм. Мөн Билл болон Хиллари Клинтон, дээрхийн гэгээн Далай лам, Барбара Стрэйзанд, Мадонна, Михайл Горбачев, Том Круз, Аль Пачинно нар түүний нэвтрүүлгийн анхны зочид болж байв. Энэ мэтээр түүний уулзаж ярилцсан хүмүүсийн нэрсийн жагсаалт маш урт болох билээ. Өөрөөр хэлбэл, Ларри Кингийн шууд ярилцлагууд хамгийн шууд бөгөөд хамгийн өвөрмөц онцгой хэлбэрээр дэлхийн улс төр, соёл урлагийн шилдэг зүтгэлтнүүдийг үзэгчидтэй уулзуулж таниулсаар байна. Зочиндоо тавьсан анхны асуулт нь тухайн ярилцлага нэвтрүүлгийн сэдэв агуулгыг ерөнхийдөө тодорхойлдог. Түүний хэлж байгаагаар, тухайн ярилцлагын сэдвээ эхний 10 минутанд үндсэндээ гаргаад ирдэг ажээ.

Петер Устиновын ярьсанчлан, хүн өөртөө тавьдаггүй асуултуудыг Ларри ярилцагчдаа тавьдаг байна. Ингэснээр хүн ер нь бодож санадаггүй байсан зүйлээ эргэцүүлэн бодоход хүргэдэг байна. Тухайлбал, “Яагаад хийл хөгжим гэж? Та өөрийгөө сайн хийлч болно гэдэгт итгэдэг үү?” хэмээн Исаак Стернээс асуухад цаадах нь “Тийм ээ. Гэхдээ миний ээж надад хийл өгсөн юм. Хөгжим зүрх сэтгэлээс гардаг аялгуу, харин хөгжмийн энэ зэмсэг бол ердөө л нэг хэрэгсэл. Би сайхан хуруутай. Би сайн төгөлдөр хуурч болж болох байлаа. Ээж минь надад хийл хөгжмийг өгсөн юм” хэмээн хариулж байжээ. “Tell me more” гэдэг номондоо Ларри, “мэдээний сурвалжлагчдын олж харж, хэлж чадаагүй тэр зүйлийг хүн бүр мэдэхийг хүсдэг байх гэж би боддог. Тэд дэндүү мулгуу муйхар харагдахаасаа айдаг. Тэнэг асуултууд яагаад гардаг вэ гэвэл, тийм асуултуудыг тавьж байгаа хүн тухайн асуултын хариулт ямар байж болох талаар ямар ч ойлголт төсөөлөл байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрснөөс болдог. ” Yүнд л ярилцлага хийхийн өмнө судалгаа хийхээс түүний зайлсхийдгийн гол санаа оршиж байгаа юм.

Зочдыг мэдээллийн эх сурвалж гэж үзэх

Телевизийн ярилцлага гэдэг бол ганц хүний шоутай л адил. Энэ бол орон нутаг, үндэсний юм уу олон улсын мэдээллийн үргэлжлэл болдог. Ихэнх тохиолдолд телевизийн ярилцлагыг хандив өргөх, алив сурталчилгаа явуулж өрнүүлэхэд хэрэглэдэг. Иймээс зочдыг сонгох нь тийм чухал биш. Зочин мэдээллийн эх сурвалжийн хувьд эфирт үзэгчдийн өмнө багагүй хугацаагаар гардаг. Зочин энэ боломжийг ашиглан өөрийн үзэл бодлыг илэрхийлэх төдийгүй үзэгчдийг төөрөгдүүлэх боломжтой болдог. Ларри Кингийн шоу бол уламжлалт нэг хүний шоу. Харин Си Эн Эн заримдаа үзэл бодлын зөрчилдөөнтэй хүмүүсийг эфирт дэлгэцнээ микрофоны өмнө тулалдуулдаг. Энэ нь нэг ёсондоо ярилцлагын өргөтгөсөн хэлбэр бөгөөд ярилцлагыг өөр өөр талуудыг оролцуулан хийснээр нэвтрүүлгийн сэдвийг нэмж хөгжүүлэх боломжтой байдаг.

Тодорхой шалтгаанаар, Кинг зочин оролцогчийг сонгох үйл явцад оролцолгүй ирсэн юм. Дээр дурьдсанчлан хэнийг оролцуулах нь Си Эн Эн мэдээллийн сүлжээний редакцийн бодлого юм. Энэ нь сонины үзэл бодлын нүүртэй л ижил. Продюсерүүд энэ өдөр, дараагийн өдөр хэний дуу хоолойг эфирээр гаргаж хүргэх вэ гэдгийг шийддэг. Хөтлөгчийн ажил бол аль болох сонирхолтой, зугаатай хэлбэрээр зочноос аль болох их хэмжээний мэдээлэл гаргаж авах явдал юм. Ларри нэвтрүүлэгт оролцогч, зочныг сонгох ажилд оролцдоггүйн өөр шалтгаанууд бий. Хэрэв зочныг сонгох ажилд хэрэв тэр оролцвол магадгүй найз нөхдөө ч юм уу, зөвхөн өөрийн таалдаг хүмүүсээ оруулчих юмсан гэсэн бодол нь дийлнэ гэсэн үг. Хэрэв тэгдэг бол түүний нэвтрүүлэгт бэйсболын багийн менежерүүд олноор оролцох байсан байх. Тэр магадгүй савангийн дуурийн гуравдагч, дөрөвдөгч дүрд тоглож байсан 27 настай мэднэ чадна гэсэн хүмүүсийг лав оруулахгүй байсан байх.

Yзэгч олон нь хэн байхыг тэр мэдэхгүй ч сонсогч, үзэгчдэд гайхамшигтай сэтгэгдэл төрүүлэх зочныг яаж бий болгохыг тэр мэддэг юм. Сайн ярилцлага хийх тодорхой шалгуур шаардлага байдгийн нэгэн адил, сайн зочин-ярилцагчийг бүтээж төлөвшүүлэх тодорхой чанарууд бий. Хэрэв тухайн зочин, балетийн бүжигчин ч бай, гагнуурчин ч бай, улс төрч ч бай, гэрэл зурагчин ч бай эсвэл ая зохиогч ч бай хамаагүй тэдгээр шинж чанаруудыг хадгалсан бол шоу сайхан болно. Сайн зочныг бүтээх эхний нэг чанар нь үзэгчдэд тэр зочин нь юу хийдгийг тайлбарлах чадвар. Зочны эзэмшвэл зохих эхний шинж чанар бол, юу хийдгээ тайлбарлах чадвар юм. Хоёр дахь чанар нь хийдэг зүйлдээ хэр сэтгэлтэй сонирхолтой, шуналтай байдаг. Дараагийн нэг чанар бол, хошин шогийг мэдрэмжтэй байх явдал, нэн ялангуяа өөрийгөө хөөрхөн егөөгөөр тодорхойлох чадвар. Сүүлчийн нэг чанар нь жаахан ааш гаргах чадвар. Хэрэв зочин эдгээр дөрвөн шинж чанарыг хадгалсан бол танд сайн зочин таарчээ. Түүний үзэж байгаагаар Синатра, Хампри нар зочинд хүнд байх дээрх чанаруудыг хадгалсан хүмүүс байжээ. Гэвч дээрх дөрвөн чанараас зочин гурвыг нь хадгалсан байсан ч та сайн шоу хийж чадна.

Тэр яагаад ток шоуны хөтлөгч болов?

Ток шоу хөтлөгч болсноо тайлбарлахдаа Ларри нэлээд тулгамддаг. Гэвч Нью Йоркт өссөн тэрбээр хүүхэд ахуй цагаасаа л радио сонсох дуртай байжээ. Цагаачид Америкийн бусад хэсэг болон дэлхийтэй харилцдаг цорын ганц хэрэгсэл нь радио байсан юм. Ийм замаар тэр радиог сонсож, радиогоос суралцсан. Хожим нь тэр нэвтрүүлэгч,хөтлөгч болж радио, телевизтэй амьдралаа холбосон аж. Өргөн нэвтрүүлэгч байх ямар байдаг талаархи сэтгэгдлээ тэрбээр “Tell me more” гэдэг номоороо дамжуулан бусадтай хуваалцан бичихдээ, “Энэ бол эрх чөлөө, цаг хугацаа,сонсогчидтой харилцах харилцааны хэлбэр. Би радиогийн сонсогчидтай тайлбарлахын аргагүй онцгой хэлхээ холбоотой болсон. Тэд сувгаа солихгүй, утсаа таслахгүй байдаг, тэд маш өргөн хүрээтэй, таамаглахын аргагүй зүйлийг олж мэдэх гэсэн эрмэлзэлтэй байдгийг миний төрөлхийн сониуч зан хуваалцдаг гэж тодорхойлно. Учир нь ярилцлага эхлэхийн өмнө намайг хичнээн их шинэ мэдээллийн сан угтаж байгаа талаар би ямар ч төсөөлөлгүй байдаг. “

Ларри Кинг ток шоуны хөтлөгч болоход Майами хотын Артур Гадфри хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн байж болзошгүй гэж үздэг. Ларри Кинг нэвтрүүлэг хөтлөх хэв маягаа Гадфригээс өвлөж авчээ. Гадфри нэг долоо хоногийн турш Ларритай хамт нэвтрүүлэг хөтлөх хугацаандаа их зүйлийг заасан бөгөөд тэр үед “Авьяас, энгүүн байх хоёрын ялгаа нь өөрийнхөөрөө байхад бэлэн байх, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэн харуулж, богино хугацаанд хариу үйлдэл үзүүлдэг байх, айдсаа даван туулахад бэлэн байх явдал” гэдгийг тэр ойлгосон байна. Өөрийн баримталдаг зарчмаа тэрбээр энгийнээр ийн тайлбарлажээ: Өөрийнхөөрөө байна гэдэг нь “… хэн нэгэнтэй адил байх юмсан гэж бодож эхэлсэн агшин бол таныг зовлонд унагадаг. Та дуугаа өөрчилж өөрийнхөөсөө илүү хүнгэнэсэн гүн дуугардаг болгохыг хичээнэ гэдэг нь та өөрийнхөөрөө байхаа больж байгаа явдал.” Түүний энэ зарчим түүнийг ток шоуны хөтлөгч байж үг хэлэх эрх чөлөөгөө давуу эрхтэй эдлэхэд нь тусалдаг. Төрөлхийн сониуч зан, ярилцлага авах авьяасаа ашиглан тэрбээр зочидтойгоо харилцан ярилцах замаар их зүйл сурч авдаг. Энэ бол түүний ярилцлага авагч байх нэг шалтгаан юм. Сонсож, суралцах нь түүний хөтөлдөг шиг ярилцлагуудыг явуулах цорын ганц арга гэж тэр үздэг. Тэр өөрөө сурч байгаа бол үзэгч олонч мөн сурч байна гэж үздэг.

Дүгнэлт

Ларри Кинг бол телевиз, радиогийн ток шоуны гарамгай хөтлөгчийн зэрэгцээ, сонины тоймч билээ. Гэвч түүний сонины тойм бичдэг тухай хэн ч ярьдаггүй. Тэрбээр сэтгүүл зүйн байтугай коллежийн албан боловсролгүй боловч “хийнгээ суралцах аргаар” ток шоуны бизнест өөрийн ажил амьдралын байр суурийг олж авсан нэгэн. Тэрбээр тийн ажиллаж суралцах явцдаа асуулт хэрхэн тавих талаар боловсруулсан зарчмууд нь сэтгүүлчдэд ч тустай билээ. Түүний ярилцлагууд нь сэтгүүлчдийн анзаараагүй орхисон зүйлийг юм уу, өөр өнцгөөс харсан зүйлийн үргэлжлэл, нэмэлт болж өгдөг. Улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаархи түүний ярилцлагуудын сэдвээс болж үзэгчид заримдаа түүнийг мэдээний сурвалжлагчдын нэг гэж үздэг бөгөөд шүүмжлэгчид түүний бүтээл туурвилыг сэтгүүл зүйн өнцгөөс нь харж дүн шинжилгээ хийх нь бий.

Тэрбээр өөрийгөө сэтгүүлч хэмээн өргөмжилдөггүй, ток шоуны зорилго сэтгүүл зүйнхээс өөр байдаг гэж ярьдаг боловч олон нийт түүнийг сэтгүүлч хэмээн хүлээн авч, сэтгүүл зүйн шагнал урамшил болон хүндэт цолуудыг нэг бус удаа хүртээжээ. Бостон Финикс-ийн хэвлэлийн шүүмжлэгч Марк Журкович хэлэхдээ, “Би түүний хийдэг зүйлийг сэтгүүл зүй гэж нэрлэхгүй. Энэ бол хөгжөөнт нэвтрүүлэг, үзэл бодол, маргаан мэтгэлцээнээс бүрдсэн зүйл” гэжээ. 1992 оны сонгуульд үзүүлсэн хэвлэлийн нөлөөнд дүн шинжилгээ хийсэн Лос Анжелос Таймс-ийн сурвалжлагч Том Розентэйл, тухайн үедээ мэдээлэл цуглуулах, түгээх үйл явцад Ларри Кинг мэтийн нэр нөлөөтэй хувь хүмүүсийн довтолгоон нөлөөлөх вий хэмээн эмээж байжээ. Хожим нь тэр бичихдээ “Кинг болон сэтгүүлч мэт харагддаг хүмүүсийн мандалт нь хэвлэл мэдээллийг манипуляци, таамаглал, сураг ажигт нээлттэй болгодог. Ярилцлагын мастерууд өөрсдийн зорилготой боловч тэд өөр зарчим стандарт барьж ажилладаг” гэжээ. Ларри Кинг болон ток шоу хөтлөгч бусад хүмүүсийн хийдэг ажил нь сэтгүүл зүй шиг харагддаг ажил гэдэг үндсэн тодорхойлолтод нийцэж байна. Тиймээс ч Ларри Кинг бол өөрийгөө элдэв далд санаагүй хөгжөөн баясгагч хэмээн нэрлэдэг сонирхолтой хүн.

А.Оюунгэрэл

Friday, June 27, 2008

Олон Түмний Нийгмийн Онол

Монголын хэвлэл, мэдээллийн өнөөгийн явцыг анхааралтай ажиглан хардаг хүн бүр энэ тайлбар өгүүллийг уншаарай.

А.Оюунгэрэл


Олон Түмний Нийгмийн Онол

Mass Society Theory

Олон Түмний Нийгмийн онол нь XIX зууны сүүлчээр нийгмийн шинэчлэлийн явцад үүсэн гарч иржээ. Хаадын угсааныхан, албан хаагч сэхээтнүүд, дээд ангиллын улс төрчид зэрэг элит бүлгийнхэн эрх мэдлээ алдахдаа өөрсдөдөө тулгарсан нийгмийн асуудлуудыг шийдэхэд маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болсон юм. Тэдний хувьд олон түмний мэдээллийн хэрэгсэл (Тухайн үед радио, ТВ байгаагүй. Зөвхөн сонин, сэтгүүл л оршин тогтнож байлаа) нь өөрсдийг нь халж өөрчилсөн шинэ нийгмийн болж бүтэхгүй талыг харуулсан гол бэлгэ тэмдэг болж байлаа. Шар сэтгүүл зүйг нэвтрүүлсэн олон зуун сониныг тэд хагас бичиг үсэгтэй уншигчдаа өөгшүүлж, ёс зүйгүй үйл ажиллагаа явуулсан үлэмж хүчтэй, монополь маягийн үйлдвэрлэл гэж үзэж байв. Боловсрол, шашны тэргүүлэгч үзэлтнүүд зохимжгүй, нүгэлтэй, соёлгүй агуулгаараа уншигчдыг татсан хэвлэл мэдээллийн хүч чадалд дүргүйцэж байлаа.

1840-өөд оноос хойш олноор үүсэж бий болсон хэвлэл улс төр, бизнест шууд нөлөө үзүүлж эхэлсэн юм. Улс төрийн намын сонинууд 1840-1850-иад онд пенни пресс буюу нэг центээр зарагддаг сониноор шахагдаж, улмаар 1880-1890 онд шар хэвлэлээр булшлагдсан байна.

Шар хэвлэлийг тэргүүлэгчдийн нэг Уиллиам Рэндольф Хөрст өөрөө ч улс төрд санаархдаг байсан бөгөөд мэргэжлийн улс төрчдийг эвгүй байдалд оруулах замаар нэр хүндээ өргөж нэрд гарч (популист) болж байжээ. Хөрстийн хэвлэн нийтэлдэг сонин, сэтгүүлүүд дуулиан шуугиантай мэдээ материал гаргадаг бусад олон хэвлэлийн хамт бизнест өрсөлдөгч болон засгийн газрыг шүүмжлэгчид рүү хайр найргүй дайрдаг байлаа. Тийм нийтлэл нь уншигчдын зүгээс хүчтэй дэмжлэгийг авч харин шүүмжлэлийн бай болсон хүмүүсийг айлгана. Иймэрхүү өшөө, хорсол, айлган сүрдүүлэлт, дүргүйцэл, бухимдал нь олон түмний нийгмийн онолын үндэс болж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн нийгэм дэх үүрэг болон нийгмийн өөрчлөлт хоёрын хоорондын холбоог тайлбарладаг уг онолын талаар хэд хэдэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэжээ. Тэдгээр таамаглал нь янз бүрийн оронд тодорхой шийдвэр гаргахад хүргэсэн бөгөөд хожмоо няцаагдсан нь ч бий. Үүнд:

1. Хэвлэл мэдээлэл нь нийгмийн доторхи хорсол заналыг агуулсан, хортой хүчнийхэн бөгөөд түүнийг ариутган цэвэрлэх буюу өөрчлөн байгуулах хэрэгтэй.

Энэ нь хуучин элит байсан хүмүүсийг хяналтад авах гэсэн хэвлэл мэдээллийнхнийг эсэргүүцэн хурцаар шүүмжлэгчдийн гаргаж ирсэн таамаг бөгөөд 1920-иод оны Европт эл санаа ялсны үр дүнд өргөн нэвтрүүлгийг засгийн газрын байгууллага хянах болсон билээ. Хамгийн гашуун үр дагавар нь Германд нацист нам засгийн эрхэнд гарснаар илэрч байв. АНУ-д ч эл санааны дагуу сүм хийд, сургууль боловсролын болон төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийг хянах хувилбарууд гарч байгаад сүүлдээ өргөн нэвтрүүлгийг ажиглах эрхийг Холбооны Харилцааны Комисс (FCC буюу Federal Communications Comittee) гэдэг засгийн газрын агентлагийн мэдэлд өгчээ.

2. Хэвлэл мэдээлэл нь дундаж хүмүүсийн оюун санаанд шууд нөлөөлөх хүчин чадалтай.

Уг таамаглал хэвлэл мэдээллийн үр нөлөөний онолтой ижил бөгөөд ялгаатай нь дундаж хүмүүсийн тухай ойлголтыг оруулж ирсэн юм. Хэвлэл мэдээллийн агуулгын өмнө хүчгүй сул гэдгээ мэдэрч, муу үр нөлөөг нь өөртөө шууд тусгаж авдаг нийгмийн гишүүдийг дундаж хүмүүс гэж нэрлэжээ. Хэвлэл мэдээллийн үр нөлөө дундаж хүмүүст эмзэг тусдаг талаар 1940-өөд оноос хойш хэлэлцэн маргаж байгаа бөгөөд аливаа нийтэлж нэвтрүүлсэн зүйлийн агуулга хүнд шууд нөлөөлөхгүй, нөлөөлсөн гэж үзвэл бусад хүчин зүйлсээр дэмжигдсэн байдгийг эрдэмтэд баталсаар байгаа билээ.

3. Хэвлэл мэдээлэл нь хүмүүсийн оюун санааг нэгэнт эзэмдсэний дараа удаан хугацааны алив муу үр дагаврууд үүсч хувь хүмүүсийн амьдралыг бусниулаад зогсохгүй өргөн хэмжээний нийгмийн асуудлыг бий болгодог.

Энэ шүүмжлэлд зарим нэг үнэний хувь байвч онолын талаас батлагдаж чадаагүй юм. Биеэ үнэлэх, гэмт хэрэг хийх, мансуурах бодис хэрэглэх гээд нийгэмд үүссэн олон асуудалд хэвлэл мэдээллийг буруутгадаг боловч тэдгээрт адал явдалт ном, алаан хядаантай кино, хэрэглээг ташуурдсан зар сурталчилгаа ч нөлөөлсөн байж болох талтай. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээлэл нь орчин цагийн нийгмийн доторхи зөвхөн нэг институци нь билээ.

4. Урьд нь өөрсдийг нь элдэв муу нөлөөнөөс хамгаалж байсан нийгмийн уламжлалт институцээс тусгаарлагдаж холдсон дундаж хүмүүс хэвлэл мэдээллийн нөлөөнд автахдаа тун эмзэг.

Үүнийг гаргаж ирсэн олон түмний нийгмийн эртний онолчид дундад зууны үеийн Европын тосгоны амьдралыг хэт дэврүүн сэтгэлээр гоёчлон дүрсэлж байжээ. Гэтэл тэр нийгэм нь хувь хүний хөгжил, бүтээлч байдлыг хязгаарлаж байсан билээ. Хувь хүний эрх чөлөө ч тэнд чухал биш зүйл байсан. АНУ-д энэ санааг дэмждэг зарим хүмүүс телевиз үүсэж бий болохын өмнөх Америк орны уламжлалт соёлыг санагалзан дурдаж байдаг. Гэтэл тэр үед нь олонхи эмэгтэйчүүд гэрийн ажилтай, элитүүд нь л их дээд сургуульд сурдаг, үндэстний цөөнхөө хавчдаг байсан байна. Гэр орон, садан төрөл, нутаг уснаасаа холдсон хүмүүсийн хувьд мэдээллийн гол эх сурвалж буюу бараг найз нөхөр нь болсон хэвлэл мэдээлэл нь хөдөө гэртээ сонсдог байсан үлгэрийг нь зугаа цэнгээний нэвтрүүлгээр орлуулж байгаа хэдий ч нийгмийн бусад байгууллагуудтай харьцуулахад ноёлох нөлөө үзүүлдэггүй аж.

5. Хэвлэл мэдээллийн бий болгосон нийгэм дэх эмх замбараагүй байдлыг нийгмийн тоталитар дэглэмээр шийдвэрлэнэ.

1930-аад онд дэвшүүлсэн энэ таамаглал 1950-иад онд хүчээ авсан байна. Олон түмний нийгмийн тоталитар дэглэмтэй болгосон хамгийн тод жишээ бол Германд Гитлер мандан бадарч байсан үе юм. Тэр үеийн хоосон сүржигнэгчид нь дундаж хүмүүсийг улс төрийн туйлширсан экстремист хөдөлгөөнд хамруулснаар нийгмийн асуудлыг нь шийднэ гэж амлаж байв. Дундаж хүмүүсийн дэмжлэгийг авахын тулд ч тэд хэвлэл мэдээллийг ашигласан юм. Хөдөлгөөн нь бэхжихийн сацуу уламжлалт элит бүлгийнхэнд улс төрийн шахалт дарамт үзүүлсээр сөрөг хүчингүй болж, эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлж тоталитар улсыг бий болгожээ. Одоо үед тоталитар дэглэм бол ардчилал, хувь хүнийг дээдэлдэг хүн бүрийн гол айдас юм. Учир нь тийм нийгэмд хувь хүний өөрийгөө илэрхийлсэн болгоныг хууль бус гэж тооцож, бүх төрлийн харилцааг засгийн газраас хязгаарлан хянаж байдаг. ХХ зууны эхэн хагаст тоталитар дэглэмтэй улс Европ, Латин Америк, Азид олноор бий болсон юм. АНУ ч дархлаатай байж чадаагүй. 1950-иад оны үед Бүгд Найрамдах намыг төлөөлж Висконсин мужаас сонгогдсон сенатч Жосеф Маккарти Америкт коммунизм дэлгэрүүлэхгүйн тулд тийм үзэлтэй гэж сэжиглэсэн хүмүүсийг засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагаас зайлуулах ажил зохион байгуулсан байна. Түүний гаргасан урт жагсаалтад улс төрийн системийг нь устгах гэж санаархсан гэх хүмүүсийн нэрс байсан бөгөөд сонинууд эхний нүүртээ хэвлэдэг байлаа. Олонхи сэтгүүлчид өөрсдөө тэр жагсаалтад орчихгүйн тулд Маккартийн өөдөөс сөргөхөөс эмээдэг байв. 1950-иад оны телевизийн нэрт сэтгүүлч Эдвард Мөрроу түүний ажлын арга ажиллагааг шүүмжлэх хүртэл энэ байдал үргэлжилжээ.

6. Хэвлэл мэдээлэл соёлын өндөр хэлбэрүүдийг устгаж, соёл иргэншлийг ерөнхийд нь бууруулна.

Энэ шүүмжлэлийг ойлгохын тулд сүүлийн хоёр зууны барууны соёлын элитүүдийн үзэл бодлыг мэдэх хэрэгтэй болдог. XVIII зуунд Европын сэргэн мандлын үеийн элитүүд өөрийн орны төдийгүй дэлхийн хүмүүсийг гэгээрүүлж хүмүүжүүлэхийг өөрсдийн үүрэг хариуцлага гэж үзээд соёлын өндөр хэлбэрүүдийг бий болгож байсан юм. Англи-саксон гаралтай, протестант уран зохиолтой, цагаан арьст тэдгээр эрэгтэйчүүд дэлхийн харанхуй бүдүүлэг нөгөө хэсэгт соёл иргэншил болон өндөр соёлыг түгээх нь өөрсдийнх нь үүрэг хэмээн итгэж байжээ. Гэтэл одоо үеийнхэн Кристофер Колумб анх Америк тивд хөл тавиад 500 гаруй жил өнгөрсөн хойно түүнийг болон бусад нээлт хийгчдийг нутгийн уугуул хүмүүсийн соёлыг устгасан гэж шүүмжилж байгаа. Өндөр соёлыг хамгаалагчдын зүгээс хэвлэл мэдээллийг шүүмжлэхдээ үр нөлөөтэй байдлаа ашиглан шалихгүй санаа, утгагүй үйл явдлыг хэтэрхий өсгөн дэвэргэдэг гэж үздэг байна. Тэд хүмүүст хэрэгтэй шаардлагатай зүйлийг нь өгөхийн оронд яагаад хүсэж байгааг нь өгөөд байгаа юм бэ гэж асуудаг. Мөн соён гэгээрүүлэгч, шашны зүтгэлтнүүдийн оронд яагаад хулгайч дээрэмчдийг үзүүлж харуулаад байгаа юм бэ гэж асуудаг. Тэд бас өндөр соёлын бүтээлийн оронд яагаад шог зураг тавиад байгаа талаар асуудаг. Англид засгийн газар нь өндөр соёлын төлөөх хариуцлагыг үүрч, хэвлэл мэдээллийг шууд ба шууд бусаар хянаж байхын тулд Би Би Си (BBC буюу British Broadcasting Corporation)-г байгуулсан юм. Олон түмнээ гэгээрүүлэхийн тулд симфони концерт, Шекспирийн жүжгийг нэвтрүүлдэг Би Би Си-д бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Нагац эгч Бииб" гэдэг нэр өгсөн байдаг.

Олон түмний нийгмийн онолчид ба хэвлэл мэдээллийн үйлдвэрлэгчид хоорондоо XX зууны турш маргасан бөгөөд уг маргааныг 1961 онд Америкийн эрдэмтэн Бернард Берелсон "Соёлын ардчиллын талаархи аугаа маргаан" гэж нэрлэсэн байдаг. Берелсоны үзсэнээр маргаанд гурван бүлэг хүмүүс оролцжээ. Нэгдүгээр бүлэгт Practicus буюу хэвлэл, мэдээллийн салбарт ажиллагсад, хоёр дахид нь Academicus буюу олон түмний нийгмийн онолчид, гуравдугаарт нь Empiricus буюу олон түмний харилцааг нийгмийн шинжлэх ухааны туршилт ба ажиглалтын аргаар судалдаг хүмүүс орж байв. Нэг ба хоёрдугаар бүлгийнхэн маргааны хоёр туйлыг барьж гурав дахь бүлгийнхэн маргаанаас төрсөн асуултад тохирох хариуг хайж байв. Өөрөөр хэлбэл, тухайн салбарын гол үйлдвэрлэгчид хэвлэл мэдээллийн шууд үр нөлөөг бууруулах буюу үгүйсгэж байхад, уламжлалт элит бүлгийнхнийг багтаасан хоёр дахь бүлгийнхэн хэвлэл мэдээллийн үр нөлөөг аугаа их гэж үзэж байв. Судлаачид хэвлэл мэдээллийн үр нөлөө хязгаартай байдгийг тухайн үед шинжлэх ухааны аргаар баталж харуулсан хэдий ч түүнийг нь 20 жилийн хойно л нийтээр хүлээн зөвшөөрсөн аж. Олон түмний нийгмийн онолын талаархи маргааныг Германы нийгэм судлаач Фердинанд Тонниес, Францын нийгэм судлаач Эмиль Дюркхэйм нар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.

Орчин үед энэ онол хичнээн хөгжиж байгаа ч хэвлэл мэдээлэл нь арчаагүй дорой уншигч, үзэгч, сонсогчдоо уруу татаж ялзралд оруулж байгаа гэх үндсэн таамаг нь алга бололгүй хэвээр байсаар л байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрх мэдлээ дэмжүүлсэн элитүүд давамгайлах байр суурьтай үед "дундаж буюу жирийн хүмүүс", "уламжлалт үнэлэмж"-ийн тухай яриа ихэсдэг. Одоо үед Интернет болон World Wide Web дундаж хүмүүст асар их хурдтайгаар нөлөөлж тархийг нь эргүүлж байгаа тухай ид ярилцаж байна. Сонин сэтгүүл, радио, телевизүүд технологийн компаниудтай нэгдэж улам хүчирхэгжиж байгаа нь уг ярилцлагын гол сэдэв боллоо.

Олон түмний нийгмийн онолын давуу тал
-Чухал үр нөлөөг өсгөдөг
-Орчин цагийн соёлын маргаантай асуудал ба бүтцийн чухал өөрчлөлтийг тодотгож өгнө
-Хэвлэл, мэдээллийн харьяалал ба ёс зүйн асуудалд анхаарал хандуулдаг.

Олон түмний нийгмийн онолын сул тал
-Шинжлэх ухаанч биш
-Зүй тогтолгүй (Системгүй)
-Эрх мэдлээ хадгалж үлдэх эзмэлзэлтэй элит бүлгээр түгээгддэг.
-Сэхээтнүүд болон "дундаж хүмүүс"-ийг доогуур үнэлдэг.
-Хэвлэл, мэдээллийн нөлөөг дөвийлгөхдөө хувь хүний, нийгмийн болон соёлын саад бэрхшээлийг тооцож үздэггүй.

А.Оюунгэрэл

Wednesday, June 25, 2008

Бидний тухай тэд яагаад бага мэддэг юм бол?

Манай орны талаар гадаад орныхон тун бага мэддэгт монголчууд тун сэтгэл дундуур байдаг. Үүнийг сэтгүүл зүйн талаас тайлбарлахын тулд 2000 онд бичиж байсан материалаа толилуулъя. Тэр үеэс хойш харин Монголын талаар мэдээлэл арай өргөжиж байгаа билээ.
А.Оюунгэрэл

Төсөөллийн (Stereotype) тухай онол

Сэтгүүл зүй, түүний дотор олон улсын мэдээ материалд хамгийн түгээмэл үйлчилдэг төсөөллийн онолын талаар энэ удаа өгүүлье. Чингэхдээ Америкийн хэвлэлд Монгол орны тухай нийтлэгдсэн материалд хийсэн ажиглалт дээр тулгуурлан тайлбарлав. Нөгөө талаас энэ өгүүлэл маань Америкийн их сургуульд оюутнууд судалгааны ажлыг хэрхэн бичих ёстойг харуулсан нэг жишээ болох учиртай юм.

Мөн хэв шинжийн онол гэж ч өөрөөр нэрлэж болох уг онолын талаархи зарчмын ойлголтыг өгсөн Америк эрдэмтэн, судлаачдын тодорхойлолттой та бүхэн танилцах болно.


Америкийн хэвлэлд нийтлэгдсэн Монгол орны тухай мэдээлэл дэх өөрчлөлт

Удиртгал

Төсөөлөл гэдэг бол хувь хүн нийгэм дэх юмс, үзэгдлийг үзэж харахдаа “толгойдоо буй болгосон зураглал билээ” (Липманн, 1922) хэмээн тодорхойлогддог тунгаан бодох үйл ажиллагаа юм. Төсөөллийг хувь хүний болон бүлэг хамт олны гэж хоёр ангилна. Стэнгэр, Скэллэр нарын бичсэнээр хувь хүний төсөөлөл нь аливаа хэлцэл тохиролцоогүйгээр тухайн хүнд зөвхөн өөрт нь бий болсон байдаг (Макрэе, Стэнгэр, Ньюстоун, 1996, 5 дугаар тал). Харин бүлэг хамт олны төсөөллийг нийгмээрээ хэлцэж тохирдог онцлогтой. Учир нь тийм төсөөллийг бий болгоход бүлэг хүмүүсийн үнэлэмж, төрх, зан байдал нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, тухайн төсөөлөл нь соёл заншлаараа холбоотой бүлэг хүмүүстэй холбогдож байвал гол утгаа хадгалдаг аж (Тажфел, Форгас, 1981).

Стэнгэр, Скэллэр нарын өгүүлсэнчлэн хувь хүний төсөөлөл бусадтай харьцах явцад бий болдог байхад бүлгийн төсөөлөл нь соёлын бусад харьцаа буюу эцэг эх, найз нөхөд, багш нар, улс төр ба шашны зүтгэлтнүүд, хэвлэл мэдээлэл гэсэн шууд бус эх сурвалжаар дамжин ирдэг, тэгээд бас өөрчлөгдөж байдаг ойлголт юм (Макрэе, Стэнгэр, Ньюстоун, 1996, 10 дугаар тал).

Тэгэхээр хэвлэл мэдээлэл нь хувь хүмүүс өөртөө төсөөлөл бий болгох замаар хүлээн зөвшөөрсөн нийгмийн бүлэг болон бүлгийн гишүүдийн хөргийн чухал сан хөмрөг бөгөөд судлаачид ч тэдгээр хэв шинжийг нь ажиглан цэгцэлж байдаг. Тэрхүү төсөөллийг (хэв шинж) орон зай ба цаг хугацааны хил хязгаарыг алгасуулан олон хүн хуваалцах явцад борлуулж, худалдан авч, солилцож, бас үгүй хийж ч болдог байна. Зарим судлаачид аль нэг тухайлсан орны талаар тодорхой хэвлэл мэдээлэл ямар төсөөлөл, хэв шинжийг бий болгосныг янз бүрийн шалтгаанаар судалж үзжээ. Гэхдээ барууны хэвлэлд Монгол орныг хэрхэн зурагласан талаар нэг ч судалгаа алга байна. Ази тивийн зүрхэнд оршдог энэ жижиг орон 1921 оноос хойш 70 жилийн турш Зөвлөлтийн нөлөөнд байхдаа барууны хэвлэл мэдээллийн анхааралд барагтай өртөж байсангүй. Харин 1989-1990 онд ардчилсан өөрчлөлт бий болсноос хойш л олон улсын мэдээний бие даасан сэдэв болсон байна.

Энэ өгүүлэл нь Америкийн хэвлэлд Монголын талаар гарсан мэдээллийн хэлбэр, өөрчлөлтийг харуулах зорилготой бөгөөд тус орны талаарх төсөөлөл дээр төвлөрөх болно. Ингэхдээ Лэксис-Нэксис хэмээх цахим мэдээллийн сангаас Монголын тухай мэдээллийг сонгож авлаа. “Монгол” гэсэн үгийг бичиж хайгуул хийхэд дэлгэцэн дээр хэдэн зуун гарчиг гарч ирэв. Олон материал дотор “Монгол” гэсэн үг байх боловч тэр нь огт Монголын тухай биш харин өөр оронтой холбоотой зүйл байх аж. Тэдний дунд Хятадын нэг хэсэг болсон Өвөр Монголын тухай материал олон байна. Хайгуулыг “Дэлхийн мэдээ” гэсэн чиглэлээр нарийсгаж, зөвхөн Монгол улстай холбоотой мэдээ материалыг шүүж авлаа. Лэксис-Нэксис сангийн нэг сул тал нь хэвлэлд нийтлэгдсэн мэдээ бүрийг агуулдаггүйд оршино. Тиймээс энэ удаа санаж байснаасаа тун цөөн буюу 1989-1990 оны үеийн 13 ба 1999-2000 оны үеийн 5 материал оллоо. Хэдийгээр тоо нь цөөн ч Монголын талаархи төсөөллийг тайлбарлахад хангалттай гэж үзэв.

1989-1990 оны үеийн төсөөлөл

Ямар нэг сонин зүйл болж байсан учраас газрын хол орших Монгол орон 1990 онд Америкийн хамгийн том Нью Йорк Таймс сонины анхаарлыг татжээ. Сонин Бээжин дэх товчооныхоо дарга Николас Кристофыг чухам юу болж буйг мэдүүлэхээр илгээв. Тэр 1990 оны гуравдугаар сард буюу ардчилсан хөдөлгөөний оргил үед Монголд ирж гурван материал бичжээ. Нью Йорк Таймс түүний бичсэн Монголын тухай анхны мэдээг эхний нүүртээ “Монгол удирдагчдаа зайлуулж, засаглал дахь коммунистуудын монополь дууслаа” гэсэн гарчигтайгаар тавьсан байдаг. Николас Кристофын мэдээ дараах байдлаар эхэлнэ.

"Коммунист нам өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч энэ оны эцэст болох чөлөөт сонгуульд бэлтгэхээр үндсэн хуулиар олгогдсон засаглалын монополоо санал нэгтэйгээр халлаа.
Төв Хороо хоёр өдрийн хуралдаанаараа Монгол орныг нэг намын авторитар дэглэмээс олон намын ардчилалд шилжүүлэх нь чухал гэж үзсэн бөгөөд тэрчлэн намынхаа хуучин удирдагчийг намаасаа хөөхөөр шийдвэрлэжээ.
Хятад, Зөвлөлт Холбоот улс хоёрын дунд оршдог Монгол улс нь хоёр сай хүн амтай ба тэн хагас нь малчид юм. Гэхдээ Хятадад нөлөөлж байгаагаас үзэхэд хүн амын тооноос нь улс төрийн үйл явдал нь илүү чухал ач холбогдолтой болоод байна. " (Нью Йорк Таймс, 1989.03.15)

Энэ материал нь улс төрийн үйл явдлыг тайлбарласан хатуу мэдээний хэлбэрээр бичигджээ. Тэр түүхийн талаас нэг их өгүүлээгүй боловч “Зөвлөлт Холбоот улсын дараа дэлхийн хоёр дахь коммунист орон болсон Монгол улс Зөвлөлтийн тусламжаар 1921 онд хувьсгал хийжээ. МАХН засгийн эрхийг 1924 оноос эхлэн барьжээ” гэж тодруулсан байв. Энэ бол дараа нь дурдагдах материалд ч олонтаа гарч ирэх төсөөллүүдийн нэг юм.

Николас Кристофын хоёр дахь материал Улаанбаатар дахь Америкийн шинэхэн бөгөөд хавчигхан элчин сайдын яамны тухай билээ. Мэдээний эхэн дэх “Сибирийн хүйтэн хэм”, “муу харилцаа холбоо”, “Вашингтонтой утсаар нууц зүйл ярихаар тохирох ч хэрэггүй” гэсэн өгүүлбэрүүд Монголын талаар сөрөг сэтгэгдэл төрүүлнэ. Гэвч дараагийн хэсэгтээ “Америкчууд энэ нутагт амьдрах урам зориг дүүрэн байна”, “Монголчууд маш зочломтгой хүмүүс юм”, “Энд Америк, Англи, Япон хүн байна аа гэдэг үнэхээр хайрлагдана гэсэн үг” зэрэг өгүүлбэр мэдээнд эерэг хандлага нэмэхийн сацуу өнгө аясыг нь тэнцвэртэй болгож байна. Дээр дурдсан хэллэгүүдээс “Сибирийн хүйтэн хэм”, “зочломтгой хүмүүс” гэдэг нь Монголын талаар тогтсон хамгийн хүчтэй төсөөлөл юм.

Зохиогч барууны хэвлэлд зовж зүдрэхийн туйлд хүрсэн гуравдагч ертөнцийн орнуудыг дүрсэлж үзүүлдэг хэв шинжүүдийг энд огт ашигласангүй. Харин ч аятай сэтгэгдэл төрүүлэх харьцууллыг хэрэглэжээ.

“Санаа зовоосон асуудал Улаанбаатарт олон ч гуравдагч ертөнцийн орнуудыг бодвол зарим давуу талтай байна. Эмчилгээний түвшин сайн, сувгийн усыг нь ууж болно, цахилгаан ховор тасарна. Элчин сайдын яам Засгийн газрын албан тушаалтнуултай сайн харьцаатай, хоёрдугаар сараас дипломатууд орон нутгаар чөлөөтэй явж болох зөвшөөрөлтэй болжээ.” (Нью Йорк Таймс, Алсаас дулаарсан дипломат харьцаанаас гүүний сүү хүртэл, 1990.04.02)

Эерэг өнгө нэмсэн энэ догол мөр сурвалжлагчийн хувьд шинээр олж мэдсэн зүйлс аж. Удалгүй тэр “Чингис хааны нутгаар” гэсэн гарчигтай гурав дахь материалаа бичихдээ Монголын нийгмийн улс төрийн амьдрал, түүхэн улбааны талаар илүү сонирхолтой зүйлийг олжээ. Түрүүчийн мэдээнээс 3-4 дахин урт 3884 үгтэй эл материал улс орны тухай үндсэн мэдээлэл их агуулж байна.

Николас Кристоф өнөө өрнөж байгаа үйл явдалд түүхийн талаас нь дүгнэлт өгснөөрөө өөрийнхөө хувьд нээлт хийсэн аж. Тэр үед ч, одоо ч Улаанбаатарт Америкийн хэвлэл мэдээллийн байгууллагын нэг ч товчоо байхгүй. Эл материалыг бичигч Монголд тухайн үед очсон цөөхөн сэтгүүлчийн нэг бөгөөд Монгол орны талаар төсөөллийг гадаадын уншигчдад бий болгож, баталгаажуулахад зохих хувь нэмрээ оруулсан юм. Олон улсын сэтгүүл зүйг тайлбартай сэтгүүл зүй гэж үздэг нь олон зүйл нь сурвалжлагчдын мэдлэг, үйл явдлыг уншигчдадаа хэрхэн тайлбарлаж ойлгуулахаас хамаардагтай холбоотой юм.

Энэ удаа сурвалжлагч улс орны одоогийн байдлыг уншигчдадаа ингэж тайлбарлажээ.

“Өнөөдөр бүх монголчуудын амьдрал өөрсдийн түүх, эдийн засаг, улс төрийн тогтолцоо, шашин шүтлэгээ дахин тодорхойлох үйл явцын дунд байна. Мөн дайснаа ч, худалдааны түншээ ч, үсэг бичгээ ч дахин тодорхойлох гэж байна. Энэ орон урагшлах болон ухрах гэж хоёр чиглэлийг нэгэн зэрэг хийх гэж оролдож байна.”

Сурвалжлагч материалдаа түүхэн хандлага ингэж оруулжээ.

“Анх удаа 800 жилийн өмнө хаан хэмээн зарлагдаж, арван хэдэн жилийн өмнө коммунист түүхчдээр засаршгүй дээрэмчин түрэмгийлэгч хэмээн үнсэн овоо болтлоо хараалгуулж байсан Чингис хааныг өнөөдөр үндэсний баатар болгон эргүүлж авчирлаа. Түүний цэрэг олон арван сая хүний аминд хүрсэн атал монголчууд түүнд арай л илүү найр тавьж авьяаслаг жанжин, эх оронч гэж түргэн зуур нэмлээ.
Эртний монголчуудын харгис явдлыг ч, тэдний амжилтыг ч өсгөн дэвэргэх бэрх юм. XIII зууны монголчууд Хятадаас Төв Европ хүртэл өргөн дэлгэр нутгийг эзэлсэн бөгөөд Чингис хааныг нас эцэслэсний дараа шинэ хааныг өргөмжлөхөөр арагшаа дуудагдаагүй бол баруун тийш хүрээг нь тэлэх ч байсан байж магад. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр бүгд монголоор ярьж байх байсан.”

Эцэст нь сурвалжлагч Монголд болж байгаа үйл явдлын олон улсын ач холбогдлыг тэмдэглэж байна.

“Энэ аюултай өдрүүдэд шинэ хаан гарч ирээд тал нутгаар шууран өнгөрөх гэж байгаа биш харин удаан мартагдсан улс үндэстэн хөршийнхөө бий болгосон тогтолцоонд дохио өгөхөөр санаануудыг олсон явдал юм. Зөвлөлт Холбоот улс дахь 500 мянга гаруй монгол угсаатан хилийнх нь цаахан байгаа бөгөөд үндсэрхэг үзэлтэй болж хувирсан тэдэнд эдний нөлөө хүчтэй тусна.
Зүүн зүгт коммунизмын олтриг болсон Хятад, Хойд Солонгос, Вьетнамын хувьд Азийн хөрсөн дээр үндэслэсэн ардчиллын энэ санааны үр улмаар хил хязгаарыг алгасан тархах байх гэсэн айдсыг төрүүлж байна. Хэрэв ардчилал Монголын бэлчээр нутагт үүрэг гүйцэтгэж чадвал Хятад, Вьетнамын тутаргын талбай, Хойд Солонгосын уул толгодод ч тогтож чадах болно.”

Дээрх иш татсан догол мөрүүдэд байгаа “урагшлах болон ухрах гэж хоёр чиглэлийг нэгэн зэрэг хийх гэж оролдож байна”, “бид өнөөдөр бүгд монголоор ярьж байх байсан”, “удаан мартагдсан үндэстэн” гэсэн хэллэгүүд зохиогчийн өөрийн шууд үзэл бодол юм. Харин “Чингис хаан”, “коммунист”, “ардчилал” зэрэг нь цаашид Монголын тухай төсөөллийг тээж явах үгс болно.

Ардчиллын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийг дүрслэхдээ Монголын ардчилал нь монголчуудын өөрсдийн нь адил зөөлөн ардчилал юм гэсэн нуугдмал санааг оруулж өгсөн байна. Тэр бичихдээ:

“Монголын ардчилсан хөдөлгөөний тухай кино хийдэг юмаа гэхэд Холливуд 27 настай, марксизмын онолын багш, туранхай залуу Зоригийг бүх зардлыг нь даая ч гэсэн гол дүрд нь тоглуулахгүй. Кино зохиол хөдөлгөөнтэй зохион байгуулагч, төрөлхийн манлайлагчийг гол дүрдээ шаардана. Гэтэл жинхэнэ Зориг бол царайлаг хэрнээ ховорхон инээнэ, хувьсгалч гэхээсээ илүү даруухан профессор шиг ярина...
Тэр асуулт бүрээс булзаж байсан ч түүний нам долоо юм уу наймдугаар сард болох сонгуульд коммунист намтайгаа эвсэж ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлж магадгүй гэсэн санаа тод байлаа. Ийм зүтгэл, хоёрдмол саналаас үзэхэд Ардчилсан нам нь Зүүн Европын засгийн газруудтайгаа эсрэгцдэг хүчнийг бодвол илүү зөөлөн сөрөг хүчин юм байна.”
гэжээ.

Нью Йорк Таймсын сурвалжлагчаас хэдэн сарын өмнө буюу 1989 оны нэгдүгээр сард Лос Анжелес Таймс сонины Жим Аврамс Монголд очиж “Зөвлөлт засаг ноёлсон Монголд барууны соёл мөлхөж байна” гэж бичжээ. Монгол, Оросын харьцааг дүрслэхийн тулд Чингис хаан, Монголын үндсэрхэг үзэл зэргийг дурджээ. Монгол Улсын Их Сургуулийн ректор О.Шагдарсүрэнтэй ярилцлага хийж Монгол орон нүүдэлчин амьдралын хэвшлээ хадгалах хэрэгтэй гэсэн үгийг нь иш татжээ. “Нүүдэлчин” гэдэг нь Монгол гэсэн үгийг сонссон гадаад хүмүүсийн толгойд бараг хамгийн түрүүнд орж ирдэг үг ээ.

Ассошэйтэд Пресс агентлагийн сурвалжлагч Рүүт Синай ч АНУ, Монголын хоорондын шинэхэн дипломат харьцааг хөндөхдөө “Чингис хаан”, “морь унах”, “хүйтэн уур амьсгал” зэрэг үгсийг тойрсонгүй. Мэдээгээ ч тун сайн хүнжүүлсэн (personalization) байна.

“Гэндэнгийн Нямдоо залуу цагтаа Баруун Монголын уудам нутагт морь унан давхиж өдрийг угтдаг байв. Энэ өдрүүдэд тэр Вашингтон Постын үл хөдлөх хөрөнгийн зарыг анхааралтай тогтоон харснаар өдрөө угтаж байна.
Монгол улсаас АНУ-д суух анхны элчин сайд Нямдоо арван гуравдугаар зууны дайчин Чингис хааныг төрүүлж өсгөсөн эртний үндэстэнд таарч тохирох элчин сайдын яамны байр хайж байгаа юм.” (1989.08.16)

Гурван төрлийн Монгол байдаг нь гадаадын уншигчдыг төөрөгдүүлдэг тул “Баруун Монголын уудам нутагт морь унан давхиж”, “эртний үндэстэн”, “арван гуравдугаар зууны дайчин Чингис хаан” хэмээн дурдсанаараа Монголын тухай ойлголтыг хялбаршуулж, ерөнхийлж өгч байгаа юм. Монголыг Хятад ба Орост байдаг угсаатны бүлгүүдээс (Өвөр Монгол ба Буриад Монгол) ялгахын тулд барууны орныхон “Гадаад Монгол” эсвэл “Чингис хааны Монгол” гэдэг. Энэ хялбаршуулал нь тэдэнд аль хэдийн хуримтлагдсан мэдлэг дээр тулгуурладаг. Ийм замаар тогтсон хэллэг нь нийгэм, хамт олон, бүлгийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн төсөөллийг дамжуулдаг юм.

Фишманы бичсэнээр “үг хэллэггүй нийгмийн төсөөлөл гэж байхгүй” (1956, 48 дугаар тал). Үг хэллэгээр дамжин аливааг нэрлэх, хаяг зүүх, ангилалд оруулах зэрэг зарим нэг үнэнийг агуулсан процесс явагдаж байдаг (Энглин, 1977). Тиймээс сурвалжлагч нар тиймэрхүү хагас үнэнийг агуулсан нэр томъёо, хаяг зүүлт, ангиллыг мэдээ сурвалжлагатаа өргөнөөр ашигласан байна. Тухайлбал, Орос, Хятадын хооронд оршдог болохоор Монгол газар зүйн хувьд түгжигдмэл орон нь үнэн. XIII зууны Эзэнт гүрнийх нь тухай дунд сургуульд үздэг учир бараг хүн болгон Чингисийг мэдэх нь гарцаагүй. Гэтэл орчин цагийн Монголын талаар тэд бараг мэдэхгүй.

Ямартаа ч гэсэн америк сэтгүүлчид 1990 оноос хойш Монголын талаархи төсөөлөлд зарим нэг үгийг нэмсэн юм. Тэдгээр үг нь Зөвлөлтийн бүлэгт ордог байсан орнуудад болсон улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүдтэй холбоотой аж. Хамгийн хүчтэй үг нь “ардчилал”. Николас Кристофын анх хэрэглэсэн энэ үгийг янз бүрийн сэтгүүлчид үе үе хэрэглэх болжээ. Барууны амьдралын домог ба бодит байдлыг илэрхийлдэг энэ үг 1989-1990 оны Монголын тухай мэдээнд сулавтар сонсогдож байснаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Бэйкер Монголд айлчлах үеийн мэдээнээс эхлэн хүчтэй болж иржээ.

Ассошэйтэд Прессийн Жон Померет Монголын сөрөг намын удирдагчидтай уулзсаны дараа түүний хэлсэн үгнээс нь ингэж иш татжээ.

“Монголд эв нэгдлийн уламжлал байгааг тэд надад хэлсэн. Монголынх шиг ардчилалд эрхээ тайван замаар шилжүүлсэн Засгийн газартай хүн шиг би тэдэнд баяр хүргэсэн” (1990.08.13).

Ассошэйтэд Прессийн өөр нэг сурвалжлагч Кэти Вилхэйм Бэйкерийн өөр үгийг ишилжээ.

“Монголд ардчилал тайван замаар ирсэнд бид урамштай байна” гэж тэр ерөнхийлөгч Очирбаттай ярихаар суухынхаа өмнө сэтгүүлчдэд хэлээд цааш нь “Бид Монголын улс төр, эдийн засгийн шинэчлэлийг дэмжих хүсэлтэйгээ илэрхийлсэн” гэв (1990.08.02).

Дээрх хоёр тохиолдолд сэтгүүлчид Монголын ардчиллын тухай мэдээллийг түгээхэд анхаарчээ. Жэймс Бэйкерийн олон газар давтаж хэлсэн үгнээс дээрх үгсийг сонгож авах гол үүргийг тэд үүрсэн. Энэ утгаараа хэвлэл, мэдээлэл нь аль нэг тодорхой улс үндэстний талаар нөгөө үндэснийх нь хүмүүст ойлгуулахад төсөөлөл, төрхийг (image) тээж, түгээгч болдог байна. Сонин болон бусад мэдээллийн хэрэгсэл нэг үндэстний талаар нөгөө үндэстэнд байгаа төсөөллийг баяжуулах буюу бататгадаг нь тогтоогджээ. (Жон Меррил, 13 дугаар тал) “Говь цөл”, “дэлхийн хоёр дахь коммунист орон” гэх мэт хуучин төсөөлөл ч Америкийн анхны дээд хэмжээний элчийн айлчлалын үед ч бас хэрэглэгдэв. Энэ нь сурвалжлагчид уншигчдадаа Монголын тухай хялбар аргаар бушуухан сануулахын тулд баталгаажуулж орхисон төсөөлөл юм.

1999-2000 оны төсөөлөл

Бараг арван жилийн дараа нэр нь үл мэдэгдэх зохиогч “Талын бүжиг” гарчигтай материалд “Коммунист дэглэм тогтсон хоёр дахь орон”, “хөлдөөмөөр хүйтэн шөнө” гэсэн хэллэгийг ашигласан байв. Уг нь Монголын нийслэлийн урлаг соёлын амьдрал нь түүнийг Ази дахь Европ хот болгож байна гэсэн өнцөгтэй ажээ. Гэтэл зохиогч Монголын түүх, үндэстний цэвэр байдал зэрэг бичвэрийнх нь өнцөгт огт хамаарахгүй зүйлийг оруулжээ. Де Экономист сэтгүүл Монголын талаар урьд нь системтэй нийтэлж байгаагүй, түүнчлэн зохиогч өөрөө тухай орноос мэдээлж байгаагүйтэй холбоотой байж болох. Тиймээс ч Монголын тухай юм бүхэн зохиогчид сонин санагдаж бичлэгтээ оруулахыг чармайсан бололтой. Товчоор хэлэхэд зохиогч олж мэдсэн болгоноо уншигчтайгаа хуваалцахыг хичээжээ.

Лексис-Нексисийн хайгуулаас үзэхэд Нью Йорк Таймс Монголын тухай мэдээ сурвалжлагад их зай өгсөнгүй. Дэлхийн товч мэдээний буланд хоёр мэдээ, түүнчлэн АНУ-д болсон Монголын соёлын наадмын талаар 1592 үг бүхий нэг уртавтар материал тавьжээ. Ассошэйтэд Пресс болон Франс Пресс агентлагийн сурвалжлагчдын бичсэн тэр хоёр богино мэдээнд ч “хүйтэн цасан шуурга”, “эдийн засгийн шинэчлэл”, “Зөвлөлтийн удирдлагаас чөлөөт зах зээл рүү” гэсэн үгс тааралдах нь уншигчдынхаа төсөөллийг бататгаж буй хэрэг юм.

2000 оны тавдугаар сарын 11-ний дугаарт Глен Коллинс эх сурвалжийн хэлсэн үгнээс ишлэх замаар төсөөллийг дамжуулсан байна.

“Наадмын асуудлыг зохицуулагч, хотын соёлын хэрэг эрхэлсэн түшмэл Шкаллер Чапин хэлэхдээ “Нью Йоркчууд Монгол гэсэн үгийг динозавр, говь цөл, Чингис хаан зэрэг үгстэй холбож ойлгодог” гэв” (Монголыг Нью Йоркийн газрын зураг дээр тавивал: Наадмыг төлөвлөгчид Азийн энэ орон ямар орон бэ гэдгийг үзүүлэхийг зорьжээ).

Уг эх сурвалжийн хэлж байгаа үг хувь хүнд аль хэдийн бий болсон төсөөлөл, хэвлэл мэдээллийн одоо бичиж үзүүлж байгаа төсөөлөлтэй бараг адил болохыг харуулж байна. Дараа нь сурвалжлагч урьд нь ном зохиол, хэвлэл мэдээлэлд үүсэж бий болсон төсөөллийг бататгахыг зорьжээ.

“Францын газрыг гурав дахин багтаасан хэмжээний нутагтай 2,4 сая хүний амынх нь тал хувь нь ямаа, хонь, тэмээ, сарлаг, адуу маллан нүүдэллэн амьдардаг Монгол орон Чингис хааны үеэс нэг их өөрчлөгдсөнгүй.”

Сурвалжлагч мэдээлэл өгөхдөө арван жилийн өмнө бий болсон шинэ төсөөллийг ингэж баталгаажуулжээ.


“Өмнө зүгийн газар нутаг нь олон жилийн турш цөлжиж, ой мод нь байнгын түймэрт автаж байгаа Монгол улс ангаахай ардчиллынхаа хөл үймээнтэй улс төрийг явуулж байна. Энэ үндэстэн долоон арван жилийнхээ коммунист дарангуйллын үр дагаврыг арилгахыг зорьж байгаа юм. Яг одоогийн байдлаар энэ өвлийн хүйтэн цасан шуурганд сая шахам толгой малаа алдсаны хор хохирлыг нөхөхөөр ажиллаж байна.”


Арван жилийн дотор гарсан төсөөллийн өөрчлөлт

Арван жилийн өмнө болон одоо хэрэглэж байгаа төсөөллийн хооронд онцын өөрчлөлт алга байна. Энэ хоёр үеийн мэдээн дэх төсөөлөл нь “Том газар нутагтай, цөөхөн хүнтэй Монгол гэж алс холын орон байдаг. XIII зуунд эзэнт улс байгуулсан Чингис гэж хаан байсан юм. Монголчууд нүүдлийн амьдралтай. Тэд зочломтгой” гэсэн төсөөллийг л баталгаажуулахад чиглэж байна.

Арван жилийн өмнө “ардчилал” гэсэн үг Монголын тухай хуучин төсөөлөлд шинэ төрх авчирсан юм. Гэвч Монголын талаар байнга системтэй мэдээлдэггүйн улмаас энэ төрх бүдгэрэх шахаж байна. Америкийн хэвлэл мэдээлэл улс төрийн сонгууль юм уу, байгалийн гамшиг болсон үед л Монголын талаар мэдээлнэ. Ингэж ховор цөөн мэдээлэх нь хуучин төсөөллийг эвдэж шинэчлэхийн оронд харин ч баталгаажууж байдаг байна. Америкийн хэвлэл мэдээллийн байгууллагууд 1989-1990 оны ардчилсан хувьсгалын эхэн үеийнх шиг сурвалжлагчдаа Монгол тийш илгээхгүй байгааг нэмж дурдах нь зүйтэй. Хэрэв сурвалжлагчид байнга очиж байх юм бол улс оронд тун хурдацтай болж байгаа өөрчлөлтийг мэдээлж шинэ төсөөллийг бий болгоход нэлээд үүрэг гүйцэтгэх нь маргаангүй.

1990 онд Николас Кристоф:

“Телексийн машин байн байн гацаж дамжуулж буй бичвэрийн дарааллыг алдагдуулах нь нууц шифртэй холбоотой биш харин зориудын явуулга юм. Үүнтэй адил Вашингтонтой утсаар ярихад найдвартай эсэх эргэлзээтэй. Олон улстай утсаар ярих захиалга өгөөд хэдэн цаг хүлээх бөгөөд холболт нь муу учир чанга хашигирах хэрэг гардаг тул сэм чагнах ёстой хүмүүс нь тусгай төхөөрөмж ч хэрэглэхгүйгээр ч сонсох боломжтой.” (Нью Йорк Таймс, Алсаас дулаарсан дипломат харьцаанаас гүүний сүү хүртэл, 1990.04.02)

хэмээн бичиж байсан үеэс Монголд холбоо харилцаа маш өөр болсон байгаа.
Даяарчлал, Интернет, үүрэн телефон тэнд маш олон зүйлийг өөрчлөгдчихөөд байхад Нью Йорк Таймс хэдэн жилийн өмнө нийтэлсэн зүйлийнхээ араас явалгүй тэр чигээр нь орхижээ. Урьд бичиж байсан үйл явдлынхаа араас явж, хөгжил хөдөлгөөнийг нь сурвалжлан мэдээлж, уншигчдад системтэй ойлголт өгч байхгүй бол гэнэт тэр улсад нь анхаарал татах зүйл болж мэдээлэх хэрэгцээ гарахад тухайн орны талаар мартах шахсан уншигчдадаа сануулахын тулд нөгөө л хэдэн үг хэллэгээ дахин дахин ашиглаж, хуучин төсөөллийг нь баталгаажуулах хэрэгтэй болдог байна.

1999-2000 онд Монголын талаар Америкийн хэвлэлд нийтлэгдсэн материалын тоог 1989-1990 оныхтой харьцуулахад буурсан байгаа нь тухайн орны талаар төсөөлөлд өөрчлөлт гараагүйтэй шууд холбоотой гэсэн дүгнэлтийг хийж болно.


А.Оюунгэрэл




Ашигласан ном хэвлэл

Fishman, J. (1956). An examination of the process and function of social stereotyping. Journal of Social Psychology, 43, 27-64

Hamilton, D., Stroessner, S. & Driscoll, D. (1994). Social cognition and the study of stereotyping. Pp. 291-321. New York : Springer-Verlag

Lippmann, W. (1922). Public Opinion. New York : Harcourt Brace

Macrae, N., Stangor, C. & Newstone, (1996). M. Stereotypes and Stereotyping. The Guilford Press.

Merrill, J. (1962). The Image of the U.S. in Ten Mexican Dailies. Doctoral Dissertation, School of Journalism in the Graduate college of the State University of Iowa, p.7-13

Tajfel, H. & Forgas, J. (1981). Social categorization: Cognitions, values, and groups. Pp.113-140. London & New York : Academic Press.

Tuesday, June 24, 2008

Бидний заавал мэдэж ойлгох ёстой онол

Сэтгүүл зүйн багш нарт
Сэтгүүл зүйн багш нарын онолын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Сэтгүүлч сэтгүүлд хөтөлж байсан Оньс буланд нийтлүүлсэн зарим тайлбар өгүүллээсээ толилуулъя. Манай сэтгүүл зүйн багш нар хэдхэн онолын дунд эргэлдэж хичээлээ заадгаас оюутнууддаа онолын баттай ойлголт өгч чадахгүй байгаа юм. Ном сурах бичгийн хүрэлцээ, хэлний мэдлэг дутмагаас гадаадын бусад хэл дээр хэвлэгдэж гарсан эрт эдүгээгийн бүтээл, судалгааны тайланг тэд уншиж чадахгүй байна. Тиймээс ойлгож мэдэж авсан нэг зүйлийнхээ тухай ч гэсэн эх хэлээрээ тайлбарлан бичиж байхаар шийдсэн билээ. Бусад орны сэтгүүлчид, эрдэмтэдтэй эн тэгш харилцдаг болохын тулд хэн бүхний мэдэж байх ёстой гол онолуудыг танилцуулъя. Доор толилуулах тайлбар өгүүлэл Сэтгүүлч сэтгүүлийн 2002 оны хоёрдугаарт нийтлэгдсэн болно.
А.Оюунгэрэл

Аженда сеттинг (Agenda setting) ба аженда бийлдинг (agenda building)*

Сэтгүүл зүйн түгээмэл үзэгдлийг тайлбарладаг зуу гаруй онолын дотроос нийтлэлийн бодлого, агуулгатай хамгийн их холбогдож судалгаа, шинжилгээнд ашиглагддаг аженда сеттинг түүнтэй холбоотой онолын товч ойлголтыг өгөхийг оролдлоо.

Олон түмэнд мэдээлж болох үй олон сэдвийн дотроос хэвлэл, мэдээлэлд хэдхэн нь ноёлж ирснийг аженда сеттингийн онолоор тайлбарладаг. Энэ нь хэвлэл мэдээллийнхэн хэдхэн сэдвийг чухалчилж, зарим сэдвийг хэдий олон нийтэд чухал байсан ч анзаарахгүй өнгөрөөх буюу анзаарсан ч мэдээгүй дүр үзүүлэн харин зарим үйл явдлыг байн байн өөр талаас нь мэдээлдэг аргатай холбоотой. Өөрөөр хэлбэл, хэвлэл, мэдээлэл нь хүмүүст юуг бодох талаар биш юуны тухай бодох талаар хэлж өгөхийг аженда сеттинг гэдэг юм.

Энэ онолын анхны санаа сонин хэвлэл нэг центийн зоосоор борлогддог байсан тэр үеэс гарч иржээ. Энэ нь XIX зуyны сүүлч үе бөгөөд Америкийн сэтгүүл зүйн түүхэнд пенни прессийн (penny press) үе гэж тэмдэглэгдсэн байдаг.

Нийгэм судлаач Уолтер Липманн 1922 онд “Олон нийтийн санаа бодол” гэдэг зохиолдоо хүмүүс толгойдоо бий болсон төсөөлөлдөө хариу барихыг оролдохоос бус орчин тойрны өөрчлөлтийг шууд анзаардаггүй гэж бичсэн нь бий. ”Бодит орчин бүхэлдээ хэтэрхий том, хэтэрхий төвөгтэй, танилцахын амжилгүй хурдан өөрчлөгдөөд алга болдог. Бид тийм нарийн, олон төрлийн, элдэв зохицолтой зүйлстэй харьцах чадваргүй. Тэр орчинд бид үйл ажлаа явуулахын тулд тухайн орчны хялбар загварыг бий болгох ёстой болно” гэж тэр тайлбарлажээ.

Энэ онолоос үндэслэн “Дундаж хүмүүс тийм хялбар загвар дээр үндэслэн улс төрийн чухал шийдвэр гаргаж болохгүй. Дундаж хүмүүс хамгаалагдах ёстой. Үйл ажиллагаагаа явуулахдаа удирдлага болгодог сайтар боловсруулсан загварыг ашигладаг технократууд л чухал шийдвэрийг гаргаж байх ёстой.” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Орчин цагийн аженда сеттингийн онол олон нийтийн нийгмийн онол (mass society) дээр үндэслэж байна. Бернард Кохен уг онолыг 1963 онд дахин тодорхойлохдоо “Хэвлэл бол мэдээлэл, үзэл бодлыг түгээгч гэдгээс үлэмж илүү зүйл. Хэвлэл хүмүүст юуг бодох талаар хэлэх нь амжилтгүй байж болох авч, харин юуны тухай бодох талаар нь хэлэх юм бол зүйрлэшгүй ашигтай байдаг аж. Энэ нь юунаас үүдэж гарах вэ гэвэл, хувийн ашиг сонирхлоос бус харин урьд нь уншсан цаасны чинь зохиогч, эрхлэгч, хэвлэн нийтлэгч толгойд чинь буй болгосон зураглалаас шалтгаалан хүн бүр орчлонг өөрөөр харна” гэжээ.

1972 онд Максвелл Маккомс, Дональд Шоу нар судалгаа хийж дээрх онолыг баталсан байна. “Мэдээний редактор, сурвалжлагч ба нэвтрүүлэгчид мэдээг сонгож авч танилцуулснаараа улс төрийн бодит байдлыг хүрээлж загварт оруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Мэдээнд агуулагдсан мэдээллийн багтаамж ба мэдээг хаана байрлуулснаас хамааран хүмүүс завхөн тухайн сэдвийг мэдэж авах биш бас тухайн сэдэвт ямар ач холбогдол өгөх вэ гэдгийг мэдэж авдаг гэсэн үг.” Ийм замаар хэвлэл, мэдээлэл кампаничлах чухал сэдвүүдийг хэлж өгдөг байна.

1968 оны 9, 10 дугаар сард санал өгөх нэр дэвшигчийнхээ талаар шийдээгүй 100 хүнээс судалгаа авчээ. Тэгээд хэвлэл, мэдээлэл дээр гарсан гол сэдвүүдтэй харьцуулж үзэхэд хоорондоо нарийн холбоотой нь харагдсан байна.

Шанто Айогэр, Дональд Киндер нар аженда сэттинг онол мөн үү гэдгийг батлах зорилгоор 1987 онд цуврал туршилт хийсэн байна. Үндэсний мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татдаг асуудлуудыг олон нийт мөн улс орныхоо хамгийн чухал асуудал гэж үнэлдэг байх гэсэн таамаглалыг энэ туршилтад дэвшүүлжээ.

Дээрх эрдэмтэд туршилтдаа прайминг (priming) гэдэг ойлголтыг сонгосон авсан бөгөөд бусад асуудлыг огоорон байж улс төрийн амьдралын зарим зүйлд хэвлэл, мэдээлэл анхаарал тавихыг буюу мэдээ, сурвалжлагын хурц тод байдал, материалын байршил зэргийг үүнд оруулжээ.

Уг туршилт нь америкчуудын нийгэм болоод үндэстний талаархи үзэл бодлыг телевизийн оройн мэдээ хурцалж өгдөг бөгөөд оройн мэдээгээр хэлсэн зүйлийг улс оронд тулгарсан гол асуудал, энэ талаар засгийн газар анхаарах ёстой гэж судалгаанд оролцогчид үздэгийг гаргаж ирсэн юм. Тэгэхээр аженда сеттинг гэдэг бол үндэсний хэмжээний мэдээлэлд юу нь чухлыг тодорхойлоход мэдээний үзүүлэх үр нөлөөний тухай онол юм. Харин прайминг бол улс төрийн шийдэл хийх тодорхой асуудлуудыг гаргаж ирэхэд мэдээний үзүүлэх үр нөлөөний тухай ойлголт билээ.

Аженда сеттинг нь микро түвшинд буюу нэгж хэвлэл, мэдээллийн байгууллага, нэгж хөтөлбөрийн хувьд яригдах онол юм. Харин макро түвшинд энэ онолыг аженда бийлдинг гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл аженда бийлдинг гэдэг бол хэвлэл, мэдээлэл, засгийн газар болон иргэд нийгмийн бодлогын асуудалд нөлөөлөхийн тулд явуулдаг хамтын үйл ажиллагаа юм. Энэ нь шийдвэр гаргах түвшинд зарим асуудал чухал болж ирэх нөхцөлд явагддаг төвөгтэй процесс юм.

Эрдэмтэн Курт Лан, Клэйди Лан нар 1983 онд баримтын судалгаа (case study) явуулж, Уотергэйтийн хэргийн үед аженда бийлдинг ямар байсныг гаргаж ирсэн байдаг. Судлаачид нь аженда бийлдинг танин мэдэхүйн үр нөлөөтэй (мэдлэгийг нэмэгдүүлдэг), хүмүүсийг идэвхжүүлдэг (хамтын ажиллагаа), нийгэмд нэлэнхүйд нь нөлөөлдөг (үндэстэн болон соёл) онол гэж үзсэн.

Аженда сеттинг онолын давуу тал
-Хүмүүсийн анхаарлыг тодорхой зүйлд татаж хэвлэл, мэдээлэлтэй хамтран ажиллахад чиглүүлдэг
-Хэвлэл мэдээллийн дэлгэж тавьсан зүйл ба нийтэд хамаатай асуудлын талаархи хүмүүсийн төсөөлөл хоёрын хооронд холбоо тогтоож өгдөг
-Праймин буюу материалын байршил, мэдээний хурц байдал зэрэг олон төстэй ойлголтыг багцалж өгсөн

Аженда сеттинг онолын сул тал
-Олон түмний нийгмийн онолтой язгуур нэг
-Мэдээ болон улс төрийн кампанит ажлаас хэтэрхий хамааралтай
-Аженда сеттингийн үр нөлөөний чиглэлийн талаархи асуудал маргаантай байгаа

* (Онолын тайлбарыг америкийн эрдэмтэн Стэнли Баран, Деннис Дэвис нарын 2000 онд хэвлүүлсэн “Олон түмний харилцааны онол” номоос авав.)

Monday, June 23, 2008

Олон нийтэд мэдээллийг нээлттэй болгох нь

Сайн байцгаана уу?

Мэргэжил нэгт сэтгүүлч, сэтгүүл зүйн багш нартаа өөрийн бичиж хэвлүүлж байсан материалуудыг блогтоо ээлж дараалан тавьж толилуулж байхаар шийдлээ. Хэсэг хугацааны өмнө бичигдсэн ч тусгасан асуудал нь ач холбогдлоо алдаагүй учраас та бүхэнд ийнхүү хүргэж байна. Мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж байсан олонхи материал маань блогоор дамжиж нийтэд хүрэх болтугай. Эрдэм, шинжилгээ судалгааны бүтээл, өгүүлэлд ашиглахдаа нэрийг маань дурдахаа мартах юун. Түүнчлэн та бүхэн саналаа чөлөөтэй бичиж байгаарай. Энэ удаа мэдээллийн нээлттэй байдлын талаар судалж бичсэнээ өргөн барьж байна.

Хүндэтгэн ёсолсон,
А.Оюунгэрэл



Олон нийтэд мэдээллийг нээлттэй болгох нь

Жаран мянга гэсэн тоог хараад иргэн Э. маш их цочлоо. Энэ бол сүүлийн хоёр сарын утасны төлбөрийн тоо нь юм. “Хэнтэй, хэдэн удаа, хэр удаан ярьсан билээ?” гэж тэр бодов. Үүнийг мэдэхийн тулд холбоо салбар дээр очиж байж 500 төгрөг төлөөд үйлчилгээний хуудсаа хэвлүүлж авав. Харин Америкийн иргэн Жон хичнээн төгрөг төлөх, юунд мөнгө төлж байгаагаа шуудангаар ирэх нэхэмжлэхээс л мэдчихнэ. Ийм мэдээлэл өгснийхөө төлөө холбооны компани нь мөнгө нэхэхгүй. Эрчим хүчний компани нь нэхэмжлэхээс гадна байгууллагынхаа мэдээллийн хуудсыг ч ирүүлнэ. Үүнтэй адилаар Жон олон байгууллагаас байнга мэдээлэл авах бөгөөд өөр тодорхой мэдээллийг ч шаардах эрхтэй.

Ардчилал хөгжсөн орны ард түмэн улс үндэстэн болоод өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн аливаа мэдээллийг ийнхүү хууль зүйн дагуу авах эрхтэй. Гэтэл манай оронд хүн хүссэн мэдээллээ тэр болгон авч чаддаггүй. Үүнийг хуульч судлаачид тэдний эрх зүйн мэдлэг сул байгаатай холбож үздэг боловч төр засгийн байгууллагаас мэдээлэл түгээж буй арга, хэвлэл мэдээллийнхний мэдээ үнэлэх чадвар, албан тушаалтан ба сэтгүүлчдийн хоорондын харьцаа зэрэг өөр олон шалтгаан энд нөлөөлөх нь бий. Тэдгээр шалтгааны заримаас тодруулан өгүүлье.

Мэдээлэл олж авах хууль эрхийн баталгаа

Монгол улсын үндсэн хуулийн (1992) хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16 ба 17 дугаар хэсэг, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн (1998) хоёрдугаар зүйл нь манай улсад мэдээлэл нээлттэйг харуулж байгаа хууль эрхийн үндсэн акт юм. Онолын хувьд ийм хүчтэй хоёр заалттай хэрнээ иргэд наад захын мэдээллийг төр, засгийн аль ч байгууллагаас авч чадахгүй байгаа. Тэгэхээр эдгээр заалтууд хангалтгүй юм биш үү гэсэн асуулт гарч ирнэ. Энэ талаар Харвардын Их Сургуулийн Жоан Сорэнстэйний төвийн захирал Мэрвин Кэлб “Чөлөөт хэвлэлд хууль зүйн болон үндсэн хуулийн баталгаа зайлшгүй байх боловч үүгээр бүх юм шийдэгдсэн гэсэн үг огтхон ч биш” гэж хэлжээ.

Тийм учраас янз бүрийн орнууд өөр хуулийн заалт буюу журам нэмж боловсруулах зэргээр мэдээллийн эрх зүйн орчинг боловсронгуй болгож иржээ. АНУ гэхэд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг хангалтгүй гэж үзэж иргэд ямар мэдээллийг, хэрхэн авч болохыг заасан хоёр төрлийн хууль нэмж гаргасан аж. Нэг хууль нь нэгдсэн улсын хэмжээнд мөрдөгддөг Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль (Freedom of Information Act), нөгөө нь муж улсуудад мөрдөгдөх Олон нийтийн мэдээллийн тухай хууль (Sunshine Law) болно. Эдгээр хуулиуд нь сэтгүүлчид ажил үүргээ биелүүлэхдээ эрх баригчдаас үл хамаарахыг баталгаажуулж өгч байгаа юм.

Мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд төр, засгийн байгууллагууд хуралд хэлэлцэх асуудал, хурлын протокол, шийдвэр, бодлоготой холбоотой бичиг баримт болон албан хаагчдын ирцийн бүртгэл бусад зүйлсийг хуулбарлан авах боломжийг иргэн хүнд олгох үүрэгтэй гэж заасан байдаг. Төр, засгийн байгууллага цаад тал нь арав хоногийн дотор хариу өгөх ёстой бөгөөд хэрэв мэдээлэл өгөхөөс татгалзвал түүнийгээ хуулийн дагуу үйлдэж байгаагаа нотлох ёстой.

Конгрессийн хувьд хэдийгээр ном товхимол, танилцуулга болон цахим хуудсаар, мөн аман хүсэлтээр мэдээллээ нээлттэй байлгахыг ямагт хичээдэг боловч иргэд ирж мэдээлэл авахыг хүлээх нь хангалттай бус. Гишүүд нь сонгуулиар улс төрийн тавцанд гарч ирсэн хүмүүс учраас өөрсдийн үйл ажиллагаагаа бараг өдөр тутам хүмүүст мэдээлж, үзэл бодлоо хуваалцах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл конгрессийн гишүүд, сэтгүүлчдийн харилцан ойлголцсон хамтын ажиллагаа нь парламентийн үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгах суурь болж өгнө.

Тиймээс АНУ-ын конгресс хэвлэлийн галерей хэмээн нэрлэгддэг хоёр төвийг сэтгүүлчдэд зориулж дээд доод танхимдаа байгуулжээ. Хэвлэлийн төвүүд нь утас, цахим тооцоолуур, факс зэргээр тоноглогдсон бөгөөд парламентийн танхим руу хүссэн үедээ шууд орж ажиглах боломжтой аж. Хэвлэлийн төвд сэтгүүлчдийг ирэхэд тэр өдөр хэлэлцэх асуудлын тов, конгрессийн гишүүдийн хэлэх үг, бусад бичиг баримт бэлэн байхаас гадна хэвлэлийн төвд ажиллагсад сэтгүүлчдийг конгрессийн гишүүдтэй холбож өгөх ажлыг зохион байгуулна.

Чөлөөт хэвлэлийн нийгмийн үүргийн ойлголт

Монголд мэдээлэл тийм ч нээлттэй биш түүнчлэн чөлөөт хэвлэл сул дорой байгаагийн нэг гол шалтгаан нь ардчиллын тулгуур зарчимд тооцогддог чөлөөт хэвлэлийн тухай ойлголт нийгэм даяар цэгцрээгүй байгаатай холбоотой. Тиймээс ч байгууллага, хувь хүн мэдээллийг өмчлилж, улмаар мэдээлэл өгөхдөө иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд ялгавартай хандах нь ажиглагдаж байна. Энэ нь эх сурвалж хэрэгтэй гэсэн үедээ өмчилсөн мэдээллээсээ сэтгүүлчдэд өгч сэтгүүлчдийг хооронд нь сөргөлдүүлэх, өөрт хэрэгцээтэй бол хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглахыг эрмэлзэх зэрэг мэдээллийг аль болох нуугдмал байлгах сөрөг үзэгдлээр илэрч байдаг.

Иргэд нь мэдээлэл сайтай байвал улс нийгэм хүчтэй байна. Иргэд хүссэн мэдээллээ төр засгийн ажилтнаас ч, хэвлэл мэдээллээс ч шаардаж авч чаддаг хүчтэй хэрэглэгч байхын тулд чөлөөт хэвлэлийн тухай болоод эрх зүйн зохих мэдлэгтэй байх ёстой. Иргэд ч өөрсдөө мэдээллийн эх сурвалж болох нь олонтаа. Тиймээс хүчтэй хэрэглэгчдийг бэлтгэхийн тулд хүүхдүүдэд дунд сургуулиас нь эхлэн сэтгүүл зүйн үндсэн ойлголтын талаар хичээл оруулж болно. Нийт иргэдэд радио, теле хичээл болон зайны сургалт ч явуулж болно.

Үнэн бодит мэдээлэл авах болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж солилцох механизм бүрдэхэд ухамсартай иргэдийг төлөвшүүлэх явдал чухал билээ. Чөлөөт нийгэм чөлөөт иргэд дээр тогтож өөрөө өөрийгөө хөтөлж явах ёстой. “Хүмүүсийг хөдөлшгүй баримтаар хангаад өгөхөд улс орон оршин тогтнох болно” гэж Америкийн ерөнхийлөгч агсан Авраам Линколн тэртээ олон жилийн өмнө хэлсэн байна.

Мэдээллийг нээлттэй болгоход техник технологи ашиглах

Аль ч орны парламентийн Интернет дэх цахим хуудас иргэддээ улс төрийн тогтолцооны тухай ойлголт, хууль эрхийн үндсэн мэдээлэл, мэдлэг өгөхөөс гадна и-мэйл-ээр дамжин сонгосон гишүүдтэйгээ шууд харилцах боломжийг олгодог. Гадаадын хэвлэл. мэдээллийн байгууллагууд ч мэдээлэл олох, түгээх ажлыг шуурхайлах үүднээс сурвалжлагч нартаа эх сурвалжтайгаа цахим шуудангаар харьцаж мэдээллээ авч болох зөвшөөрлийг өгч эхэллээ. Тиймээс өөр орны парламентийн гишүүнээс ч тухайн улсад нь зорчин очилгүйгээр ийм аргаар мэдээлэл авах боломжтой болсон байна.

Утсан харилцаа боловсронгуй болсон энэ үед ажлынхаа өрөөнд байхгүй тохиолдолд нь иргэд түүний дотор сэтгүүлчид асууж хэлэх зүйлээ бичүүлж (мессеж) үлдээхэд улс төрч эргээд заавал холбоо барьж хариу өгдөг соёл мөн нэвтрээд удаж байна. Технологийн ийм шийдлүүд нь ажлынхаа байранд байгаагүй, өөр газар хуралтай байсан гэх шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзах арга хэрэглэхийг хаадаг юм.

Угаасаа мэдээллийг нээлттэй байлгах бусад аргыг үгүйсгэн “Би завгүй. хуралтай, дараа ир” гэх ч юм уу, үзүүлэх бичиг цаас нь өөр хүнд байгаа, даргаас зөвшөөрөл ав, нарийн бичгийн дарга амралтаа аваад явсан гээд л шалтгаан дурдан иргэдийг чирэгдүүлэхийг тухайн албан тушаалтан мэдээлэл хайж олох гэсэн иргэний эрхийг зөрчиж байгаа асуудал гэж үздэг аж. Тиймээс 1908 онд байгуулагдсан дэлхийн анхны сэтгүүл зүйн сургууль болох АНУ-ын Миссурийн Сэтгүүл зүйн сургууль мэдээлэл олж авах хууль эрх зүйн орчинг байнга тогтвортой байлгах болон иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө хангагдаж байгаа эсэхийг ямагт шалгаж байх зорилгоор оюутнуудаа төр, засгийн янз бүрийн шатнй байгууллагаас мэдээлэл олж авах дадлагын хичээл хийлгэдэг. Хэдийгээр зарим мэдээллийг цахим хуудаснаас авч болох боловч тийм хичээлийн хүрээнд оюутнууд заавал биеэр очиж сенатын гишүүдийн өдөр тутмын ирцээс эхлэн хэн ямар хуулийн заалтанд ямар санал өгсөн, цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн хэргүүд, шүүхээр шийдвэрлэгдсэн хавтаст хэрэг, төр засгийн аль ч байгууллагын төсөв, шоронд хоригдож буй хүмүүсийн нэрсийн жагсаалт гээд л өөрт нь хэрэгтэй олон баримтыг олж авдаг. Хамгийн сонирхолтой нь албан тушаалтнууд юу гэж хэлж мэдээлэл өгөхөөс цааргалсан тухай тодорхой өгүүлсэн оюутнуудын тайлан бөгөөд тэдний тайланг орон нутгийн сонинд хэвлэх буюу Эрэн Сурвалжлагч Сэтгүүлч редакторуудын холбооны цахим хуудсан дээр (http://www.ire.org) тавьж олны хүртээл болгодог юм. Уг цахим хуудаснаас бусад мужуудад ч иргэдийг мэдээллээр хангах байдал ямар байгааг мэдэж болно.

Сонгуулиар гарч ирдэг улс төрчид болон томилолтоор ажилладаг гүйцэтгэх ажилтнууд ямар ч нөхцөлд санаатайгаар буюу санамсаргүй байдлаар мэдээллийг дарагдуулах, нууж хаах үйлдлүүд гаргадаг тул иргэдийн үндсэн хуулийн эрхийг зөрчүүлэхгүйн тулд сэтгүүл зүйн сургалтын болон мэргэжлийн байгууллагууд ийм аргаар хуулийн хэрэгжилтэнд байнга хяналт тавьдаг байна.Учир нь иргэд нь наад захын үндсэн мэдээллээр хангагдаагүй орныг ардчилсан оронд тооцдоггүй билээ.

Хэвлэлийн бага хурал

Иргэдээ мэдээллээр байнга, шуурхай хангах аргын нэг нь хэвлэлийн бага хурал юм. Хэвлэлийн бага хурлыг санаачлагч хамгийн сүүлийн үеийн мэдээллийг сэтгүүлчдээр дамжуулан ард түмэндээ хүргэхийн тулд 10-20 минутад багтаан энэ ажиллагааг зохион явуулдаг. Эхлээд товч мэдээллээ өгөөд дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах журамтай. Шуурхай мэдээлэлд зориулагдсан учраас богино хугацаанд гол мэдээллээ томъёолон хүргэх чадварыг тухайн хурлыг санаачлагч эзэмшсэн байх ёстой. Тийм ч учраас хэвлэлийн бага хурлыг ихэвчлэн зогсоогоороо хийнэ. Сэтгүүлчид ч гол мэдээллийг сонсоод дараа нь бичлэгийнхээ санаанд тохирсон баримтыг олох асуултаа тавих ёстой. Гэтэл Монголд болж байгаа хэвлэлийн бага хурлууд тайлангийн хурлыг санагдуулдаг. Үндсэн мэдээлэл нь угаас нийтэд нээлттэй биш учраас түүнийгээ өгөх гэж хурал болгон дээр оршил ярьсаар ихэнх цагаа өнгөрөөх нь бий. Сэтгүүлчид ч цэгцтэй биш, лекц мэт сунжирсан асуулт тавьдаг.

Сайтар тоноглогдсон зориулалтын өрөө нь хэвлэлийн бага хурлыг зохих ёсоор шуурхай явуулах нөхцөлийг хангаж өгдөг. Америкийн конгрессийн гишүүдийн хэвлэлийн бага хурлын өрөө нь өргөөшөө зургаа, уртаашаа найм орчим метрийн хэмжээтэй. Хэвлэлийн бага хурал хийж байгаа хүн нь конгрессийн гишүүний тэмдгийн дүрс бүхий индрийн ард зогсож мэдээллээ өгдөг. Урд нь ганцхан микрофон байх бөгөөд тэр нь танхимын ард зоосон видео камер болон бусад хэрэгслийг холбох аппараттай залгаатай байна. Радиогийнхан дуу хураагуураа тэр аппаратад залгачихна. Тиймээс сурвалжлагчид микрофон, диктофон, репортероо бариад урагшаа тэмүүлээд байх албагүй. Эхэлж ирсэнд нь түрүүлж үйлчилнэ гэдэг зарчмаар түрүүлж танхимд орж ирсэн сэтгүүлчид сандал дээр сууна. Сүүлдэж ирсэн нь танхимд багтах хэмжээгээрээ ороод зогсчихно. Капитолын ордонд орох үнэмлэхийг хүссэн байгууллага, сэтгүүлчдэд ялгаварлалгүй олгох бөгөөд харин ордон дотор хэрхэн ажиллахыгаа сэтгүүлчид өөрсдөө зохицуулдаг. Түүнээс хэвлэлийн бага хурлын танхимын сандлын тоонд тохируулж үнэмлэх олгодоггүй.

Хэвлэл, мэдээллийн байгууллагын уялдаа холбоо

Хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчид мэдээлэл хайж олох ажлаа хамтарч зохион байгуулдаг жишээ тун олон. Тухайлбал, Хатуу, шуурхай мэдээг түгээдэг мэдээллийн агентлагт сонин, радио, телевиз гишүүнээр элсэж, татвар төлснөөр мэдээг нь өдөр тутам ашиглах эрхтэй болно. Агентлаг гишүүн байгууллагатаа цахим хуудсаар бэлтгэсэн мэдээллээ цаг, минут тутам хүргэнэ. Энэ нь хэвлэл, мэдээллийн байгууллагат шуурхай мэдээний сурвалжлагчийн орон тоогоо хэмнэж, даацтай дэлгэрэнгүй материал хийлгэх цаг заваар сурвалжлагчдаа хангах боломж өгдөг. Парламентийн сурвалжлагч ч шуурхай мэдээ хөөж явахын оронд ул суурьтай материал бичих цагтай болно.

Японы кешаклабын систем төр, засгийн бүх шатны байгууллагын олон нийттэй харилцах ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болдог байна. Кэшаклаб гэдэг нь сэтгүүлчдийн клуб гэсэн үг юм. Тухайлбал, улс төрийн сэдвээр бичдэг сэтгүүлчид Еренхий сайдын танхимын дэргэдэх хэвлэлийн төвд байнга байрлана. Өдөр тутмын сонин, радио, телевизээс дунджаар таван хүн тэнд ажиллана. Тэр тавын нэг нь зэргэлдээ өрөөнд хэвлэлийн бага хуралд ороход, нөгөө нь засгийн газрын төлөөлөгчөөс ярилцлага авахаар явна. Гурав дахь нь материалаа бичин компьютерийн ард сууна. Бас нэг нь утсаар ярьж уулзалтаа товлоно. Үлдсэн нэг нь телевизийн сувгаар ямар мэдээ дамжуулж байгааг харж сууна. Сэтгүүлчид ингэж багаар ажиллахад гол мэдээлэл хоцорно гэж үгүй.

Английн парламентийн рефрешмэнтийн алба 1979 оноос эхлэн Вэстминстерийн ордонд олон ресторан, кафе, баар байгуулж парламентийн гишүүд зочин дагуулж орох боломжтой болгожээ. Гэхдээ зарим нэг газар зөвхөн парламентийн гишүүдэд, зарим нь тодорхой бүлэг хүмүүст үйлчилдэг аж. Тухайлбал, Эннийс баар зөвхөн лоббич сэтгүүлчдэд үйлчилдэг гэнэ. Ийм систем нь улс төрч, сэтгүүлчид харилцан ойлголцоход чухлаас гадна ямарваа лоббийг олон түмний хяналтад байлгахад тус үзүүлнэ.

Мэдээллийн нээлттэй байдлыг үнэлэх

Тухайн улс оронд ардчилал хэр хөгжсөнийг чөлөөт хэвлэлээр нь дүгнэдэг. Чөлөөт хэвлэл нь нийтлэл, нэвтрүүлгээрээ тухайн нийгэм дотор мэдээллийн чөлөөт урсгал байгаа эсэхийн толь болж өгнө. Хэвлэл, мэдээллээр хов жив тарж эхэлэхэд түүнийг сэтгүүлчдийн ур чадварын асуудал гэж үзэхээс илүү мэдээлэл хаалттайн шинж гэж үздэг газар ч бий. Аливаа орны төр засаг нь иргэдээ мэдээллээр хангах үүргээ биелүүлж байна уу гэдгийг нийгэм судлаачид иргэдийн дунд судалгаа явуулж тодорхой хэдэн асуултад хариу авах замаар дорхноо дүгнээд гаргаад ирдэг. Эдгээр нь тун энгийн мөртлөө зарчмын асуултууд байдаг. Тухайлбал:

-Төр, засгийн аль нэг байгууллагаас та мэдээлэл авах гэж оролдож байсан уу?
-Тухайлбал аль байгууллагын яам хэлтэст хандсан бэ?
-Та утсаар ярьсан уу, цахим хуудсыг нь шүүж үзсэн үү, биеэр очсон уу, и-мэйл-ээр харилцсан уу?
-Мэдээлэл авахад төлбөртэй юу?
-Мэдээлэл өгсөн хүн танаас шан харамж нэхсэн үү?
-Нэг хуудас материалыг танд ямар үнээр олшруулж өгсөн бэ?
-Хэрэгцээтэй мэдээллээ та олж авч чадсан уу?
-Мэдээллээ хайж олж авахад ямар хугацаа зарцуулсан вэ?
-Төр, засгийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байх талаар ямар хуулийн заалт байдаг вэ? гэх мэт

Ардчиллын замаар олон жил замнасан орнууд өнөөдөр шинжлэх ухаан технологийн хөгжлийг ашиглан төр засгийн мэдээллийг яаж улам нээлттэй, олон түмэнд шуурхай хүргэдэг болгох вэ гэдэг талаар хэлэлцэн ярилцаж байна. Харин ардчиллын замд дөнгөж хөлөө тавьж байгаа орнууд буюу бидний хэлж заншсанаар улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа нь төлөвших шилжилтийн үе шатандаа яваа улс орнууд төр, засгийн мэдээллийг нээлттэй болгох талаар анхны алхмуудаа хийж байгаа юм.

Манай орны хувьд нэг давуу тал байгаа нь бусад ардчилсан орнуудын мэдээллийг нээлттэй байлгахын тулд хийж ирсэн ажлыг нь үе шат бүрээр нь нарийвчлан судалж шаардлагатай, тохирно гэж үзсэнийгээ туршиж хэрэгжүүлэх өргөн боломжтой байгаа явдал юм.

А.Оюунгэрэл
Сэтгүүлч сэтгүүлийн 2004 оны нэгдүгээрт хэвлэгдсэн