Монголын сэтгүүл зүйн талаар ярилцъя
Монголын сэтгүүл зүйн хөгжилд санаа тавьдаг эрхэм хүндэт та нартай харилцан санаа солилцох үүднээс энэхүү блог хуудсыг нээлээ. Анхны хэлэлцүүлэг яриаг өдөж та бүхний саналыг сонсохын тулд өнгөрсөн жил бичиж “Сэтгүүлч” сэтгүүлд хэвлүүлсэн нэгэн материалаа толилуулж байна. Өнөөдөр сонгууль гээд бужигнаж байгаа Монгол оронд маань сэтгүүлчид ямархуу ажиллаж байгааг та бүхэн бэлээхэн харж байгаа. Тэд сэтгүүл зүйнхээ дагуу ажиллаж байна уу, олон нийттэй харилцах албаны ажлыг хийж байна уу? Энэ талаар бичээрэй.
Оюунгэрэл
Нэр томъёоны тухайд
Сэтгүүлчид гадаад үг, хэллэг, нэр томъёог бичлэгтээ хэрхэн хамаа намаагүй ашиглаж байгаагийн тод жишээ сүүлийн үед “Пи Ар” (PR) гэж бичиж, ярих болсноор тод илэрч байна. Тэд энэ үгийг гол төлөв англи товчилсон үсгээр нь өгүүлбэр дунд оруулж бичиж байгаа нь нэгэн хүн алгебрийн томъёоны илэрхийллийг хараад “Хөөх, тоон дунд үсэг цохиж явна” гэж хэлсэн тухай явган шогийг санагдуулам. Монгол үгс дунд гэнэт англи үг, үсэг орж ирэхэд уншигчийн нүд түүн дээр гарцаагүй торно. Англи хүн ч эх хэл дээрээ сонин уншиж суутал гэнэт монгол үг дунд нь гараад ирвэл мөн л нүд нь торно доо. Зарим уншигчийн хувьд магадгүй томъёо мэт харагдана.
Хэрэв гарцаагүй англи үсгээр нь бичих хэрэгтэй бол эхлээд монгол дуудлагаар нь үсгийг нь галиглаад дараа нь английг нь хаалтанд хийх нь зүйтэй. Яг энэ материалын гарчигт байгаа шиг. Гэтэл саяхны уншсан нэг зүйл, түүний дотор чухам дараах хэсэг тун жигтэй санагдлаа.
... Энэ бол жирийн сэтгүүлчийн ханш. Харин нэлээд том сэтгүүлчийн ханш 100 сая төгрөг хүрч байна. Монросцветмет гэдэг төрийн мэдлийн компаний ойд, мөн Асгатыг оросуудад өгөх найранд бэлдэн 500 сая төгрөг төсөвлөжээ. Энэ буянтай ажил 100 сая төгрөгийг хүртэх азтай сэтгүүлчээр “Зууны мэдээ” сонины О.Баяр тодорч тэрээр бүх пиарыг хийж 500 сая төгрөгийг захиран зарцуулах эрх олоод байгаа юм байна...
“Дээдсийн Хүрээлэн” сонины 2007 оны тавдугаар сарын 13 дахь дугаараас
Дээрхийг уншаад “Юу нь буянтай ажил, яагаад азтай сэтгүүлч юм бол оо?” гэж бодохоос гадна “пиарыг” гэж бичсэнд нь уур хүрэх ч шиг. Товчилж бичиж байсан үгээ бүр монгол үг шиг болгожээ. Уншигчид чинь энэ үгийг бүрэн ойлгох уу гэж асуумаар.
Пи Ар (PR) буюу Public Relations гэдгийн гол ойлголтыг “Олон нийттэй харилцах” гэж олон жилийн өмнө монгол хэлэнд буулгасан юм шүү дээ. Түүгээр ярьж бичиж байгаач гэж сэтгүүлчдээсээ хүсэхийн ялдамд энэ ойлголтын талаар жаахан дэлгэрүүлж тайлбарлая. Учир нь манай сэтгүүлчид өөрсдөө олон нийттэй харилцах салбарын талаар мэдлэг нь дулимаг тул түүнийгээ хайцаалахын тулд мэддэг дүр үзүүлж сонссон гадаад нэр томъёог шууд хэрэглээд байгаа юм уу гэсэн сэтгэгдэл төрлөө. Түүнээс гадна олон нийт маань сэтгүүлчдийг өөрсдийнхөө жинхэнэ үүрэгт ажлыг хийгээд байна уу, олон нийттэй харилцах албаны ажлыг хийгээд байна уу гэдгийг мэдэж байх хэрэгтэй тул зааг ялгааны нь талаар энд бичихээр шийдлээ.
Олон нийттэй харилцах хэмээх ойлголтын тухайд
Юуны өмнө олон нийттэй харилцах нь удирдлага зохион байгуулалтын ажлын (менежмент) гол бүрэлдэхүүн хэсэг гэдгийг хэлэх хэрэгтэй юм. Олонхи хүмүүс түүнийг маркетингийн эсвэл зар сурталчилгааны нэг хэсэг гэж ойлгодог. Сэтгүүл зүйтэй ч хутгадаг. Олон нийттэй харилцахыг олон орны сурах бичигт янз бүрээр тодорхойлсон нь бий. Тэдгээрийг харьцуулахад томъёолол нь өөр ч үндсэн утга нь ижил байна. Түүнээс Олон Нийттэй Харилцах Америкийн нийгэмлэгийн тодорхойлолтыг сонирхуулбал “Олон нийттэй харилцах гэдэг нь тухайн байгууллага ба олон нийтийн хооронд харилцан ойлголцлыг бий болгож хөгжүүлэхийн тулд зориуд, төлөвлөгөөтэй, тогтвортой гаргаж буй хүч чармайлт юм” гэжээ. Европын орнуудын тодорхойлолт үүнтэй төстэй агаад харин зорилго чиглэлийг нь дараах байдлаар тусгасан байдаг.
· Итгэлцэл, харилцан ойлголцол, таатай байдлыг бий болгох
· Анхаарал, сонирхол, хэрэгцээг ихэсгэх
· Цаашдаа хадгалагдан үлдэх харилцааг үүсгэх
· Харилцан ойлголцол, тохиролцоог бий болгох
· Сонирхлыг илэрхийлэх, танилцуулах, өөрчлөх
· Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх
· Зөрчлийг хэлцлийн аргаар шийдвэрлэх
· Зөвшилцлийг бий болгох
Дээрх зорилготойгоо уялдан олон нийттэй харилцах үйл ажиллагаа нь өөрийн гэсэн шинж чанаруудтай байна. Үүнд:
Олон нийтэд нөлөөлж, ойлголцлыг бий болгож, мэдээлэл өгч, хариу үйлдэл нэхэх учраас энэ үйл ажиллагаа зориудаар зохион байгуулагдана.
Үйл ажиллагааг ямар асуудлыг шийдвэрлэх зорилгоор, хэдий хугацаанд, хаана, хэрхэн хийхийг системтэй, судалгаатай, дүн шинжилгээтэйгээр төлөвлөнө.
Үр ашигтай үйл ажиллагаа нь цаг үеийнхээ бодлого, гүйцэтгэл дээр үндэслэнэ.
Олон нийттэй харилцах үйл ажиллагаа нь харилцан ашигтай байна. Өөрөөр хэлбэл, байгууллагын ашиг сонирхол нь олон нийтийн санаа зовнил, сонирхолтой тохирох ёстой.
Нэгэнт олон нийтийн сэтгэлд хүрэхээр хийгдэж байгаа тул уг үйл ажиллагаа нь харилцан эргэх холбоотой буюу хоёр талын харилцаа байна.
Энэ үйл ажиллагаа нь шийдвэр гаргагчдын ажлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг тул дээд удирдлагын хэмжээнд асуудлыг шийдвэрлэх, зөвлөлдөхөд маш их ашигладаг.
Үүнээс үзэхэд олон нийттэй харилцах үйл ажиллагаа нь маш нарийн процесс ажээ. Тийм ч учраас судалгаа, төлөвлөгөө, гүйцэтгэл, үнэлгээгүйгээр хийгддэггүй байна. Асуудал нь юу гэдгийг мэдэхийн тулд судалгааг явуулна. Тэгээд юу хийхээ төлөвлөнө. Хүмүүст хэрхэн, ямар харилцаагаар хэлж хүргэсэн нь гүйцэтгэлээр харагдана. Хүмүүст үнэхээр хүрч чадсан эсэхээ мэдэхийн тулд ажлаа үнэлүүлэх хэрэгтэй болно. Тэгээд ч ийм нарийн процессийн үе шат болгонд янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийг тавина. Тэдгээр нь судлаач, хэвлэлийн төлөөлөгч, хэлэх үг бичигч, зөвлөгч, имиж мэйкер, сурталчилгаа хариуцагч гээд янз бүрийн албан тушаалын нэртэй байдаг.
Олон нийттэй харилцах алба нь сэтгүүл зүйгээс ямар ялгаатай вэ?
Олон сэтгүүлч аль нэгэн байгууллагат хэвлэлийн төлөөлөгчийн, эсвэл үг бичигчийн албыг хаших буюу зарим сурвалжлагч ямар нэг газрын сурталчилгаанд оролцоод байхаар хүмүүс хэн нь хэнийхээ ажлыг хийгээд байгааг ойлгохгүй болж хоцордог. Хэвлэлийн төлөөлөгч, сурвалжлагч хоёрын ажлын хувьд адил төстэй юм бий. Тэр нь бол бичих. Энэ хоёр албан тушаалыг хашиж байгаа хүмүүс хоёулаа л хүмүүстэй уулзаж, ярилцаж, мэдээлэл цуглуулж байгаад сэтгүүл зүйн бичлэгийн аргыг хэрэглэн тодорхой цаг хугацааны хүрээнд бичиж туурвидаг. Тийм болохоор хүмүүс олон нийттэй харилцах албаныхныг зүгээр л хэвлэл мэдээллийн бус байгууллагат ажиллаж байгаа сэтгүүлчид гэж ойлгоод байдаг. Гэтэл адилхан бичих үүрэг хүлээдгийн ард энэ хоёр мэргэжлийн хоорондын гол ялгаанууд нуугдаж байдаг ажээ. Чухам тэр ялгаа нь ажлынх нь цар хүрээ, зорилго чиглэл, зориулж буй хүмүүс, явуулж буй сувагт байдаг юм байна.
Нэг. Цар хүрээнийхээ хувьд олон нийттэй харилцах ажил нь менежментдээ зөвлөгөө өгөхөөс эхлээд тусгай арга хэмжээ зохион байгуулах хүртэл олон чиглэлээр явагдана. Энэ дунд нь сэтгүүл зүйн бичлэгийг ашиглаж бичих, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах гэдэг хоёр чиглэлийн ажил бас ороод явчихна. Түүнчлэн олон нийттэй харилцах ажил эрхэлдэг хүмүүст зорилготойгоор бодож сэтгэх, шийдвэр гаргаж чаддаг байх болон бусад төрлийн менежментийн ур чадвар эзэмшсэн байх шаардлага тавигддаг.
Хоёр. Зорилгын хувьд авч үзэхэд сэтгүүлчдийн гол үүрэг нь олон түмнийг мэдээ, мэдээллээр хангах билээ. Олон нийттэй харилцах ажилтнуудын зорилго нь мөн л адил мэдээллээр хангах явдал боловч энэ нь хүмүүсийн хандлага, зан байдлыг өөрчлөхөд чиглэдгээрээ сэтгүүлчдийнхээс ялгарна. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид бичлэгтээ нэг талыг барих, үзэл бодлоо тулгах, ухуулан сэнхрүүлэх гэж оролдох ёсгүй. Харин олон нийттэй харилцах албаныхан төлөөлж байгаа байгууллагынхаа удирдлагын буюу эсвэл үйлчлүүлэгчийн талыг барьж, тэднийхээ үзэл бодлыг өмгөөлөх маягаар бичдэг байна.
Гурав. Сэтгүүлчид өөрсдийн ажиллаж буй хэвлэл, мэдээллийн байгууллагынхаа уншигч, үзэгч, сонсогчдоор дамжуулан өргөн олон нийтэд зориулж бичдэг бол олон нийттэй харилцахын мэргэжилтнүүд үүний эсрэг буюу тодорхой насны болон сэтгэл зүйн шинж чанаруудтай тухайлсан хэсэг бүлэг хүмүүст зориулан бичдэг ажээ. Хэнд зориулж бичихээ мэдэхийн тулд олон нийттэй харилцах албаныхан нийгмийн янз бүрийн бүлгийнхний хэрэгцээ шаардлага, ашиг сонирхлынх нь талаас маш нарийн судалдаг байна.
Дөрөв. Тэрчлэн сэтгүүлчид хаана ажиллаж байгаагаасаа шалтгаалан сонин ч юм уу, радио ч юм уу, эсвэл телевиз гэсэн тэр л ганцхан сувгаар мэдээллээ цацна. Харин олон нийттэй харилцах ажилтнууд болохоор бүх төрлийн мэдээллийн хэрэгслийг ээлжээр, нэгэн зэрэг, эсвэл хослуулан ашиглах боломжтой. Үүн дээр нэмээд тэд захидал, товхимол, зурагт болон мэдээллийн хуудас, салбарын сэтгүүл, тусгай арга хэмжээ, Интернэтийн мэдээлэл, хэвлэлийн бага хурал гээд олон аргыг хэрэглэнэ.
Олон нийттэй харилцах ажил зар сурталчилгаанаас ямар ялгаатай вэ?
Олон нийттэй харилцахын нэг гол чиглэл болсон нийтэд ил гаргах (publicity) ажлыг зар сурталчилгаатай хольж хутгах нь элбэг. Хэвлэлийн төлөөлөгчид зохиож буй үйл явдал, салбарынхаа хүмүүс болон шинэ бүтээгдэхүүнийхээ талаар материал бичээд хэвлэл, мэдээллийн байгууллагуудад хүргүүлдэг. Түүнийг сонины ажилтан, редактор, эрхлэгч нар хүлээж аваад нийтэлж нэвтрүүлэх үү, эсвэл хаях уу гэдгээ шийддэг. Үүнийг мэдээллийг нийтэд ил гаргаж танилцуулах гэж нэрлэнэ. Үүний төлөө хэн ч хэнд ч ямар ч үнэ хөлс төлдөггүй.
Харин зар сурталчилгаа нь сонинд эзэлсэн зай талбай, агаарын долгионоор нэвтэрсэн цаг хугацааныхаа хэмжээгээр үнэ төлбөртэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, байгууллага, хувь хүмүүс зарлах зүйлийнхээ үг өгүүлбэрийг бичиж, зураг дүрс, графикийг байрлуулчихаад хэвлэл, мэдээллийн байгууллагын зар сурталчилгааны албатай холбоо барьж зай талбай, цаг хугацааг нь түрээсэлж авч байгаа юм.
Зар сурталчилгаа нь тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагынхаа буюу нэг л сувгаар гарч байдаг бол олон нийттэй харилцахынхны бэлтгэсэн материал дээр дурдсанчлан олон сувгаар тархаж байдаг. Түүнчлэн зар сурталчилгаа нь гол төлөв тухайлсан бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний талаар хүмүүст мэдээлэл хүргэж байдаг бол олон нийттэй харилцах албанаас бэлтгэсэн материалууд бүхэл бүтэн байгууллагынхаа ажлын бодлого, чиглэл, гүйцэтгэл, ажиллагсдынхаа тухай давхар мэдээлж байдаг ажээ.
Олон нийттэй харилцах нь маркетингаас ямар ялгаатай вэ?
Энэ хоёр чиглэл нь хоёулаа бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах замаар тухайн байгууллагынхаа ашгийг дээшлүүлэх зорилготой байдаг тул хийдэг ажил нь зарим үед адилхан байдаг. Гэхдээ ялгаатай зүйл бий. Тэр нь үүрэг хариуцлага . Олон нийттэй харилцах ажлын гол үүрэг хариуцлага нь байгууллага руугаа чиглэсэн таатай харилцааг бүрдүүлэх юм. Харин маркетингийнхан байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийг бүрдүүлж бий болгох ёстой ажээ. Тодруулбал эхнийх нь харилцаанд, дараагийнх нь борлуулалтад анхаарах ёстой болж байна.
Үүний тулд олон нийттэй харилцахынхан өргөн олон нийтэд ханддаг бол маркетингийнхан зөвхөн хэрэглэгчдэдээ хандаж үйл ажиллагаагаа явуулна. Маркетингийнхан эрэлт хэрэгцээг бий болгох замаар байгуулагынхаа ашиг орлогыг арвижуулдаг. Олон нийттэй харилцахынхан эерэг харилцааг бий болгох замаар байгууллагынхаа мөнгө хөрөнгийг хэмнэж байдаг.
Сэтгүүлчид болон олон нийттэй харилцах албаныхан хэрхэн үзэн ядалцдаг хийгээд харилцан дурлалцдагийн учир
Сэтгүүл зүйн салбарынхан ба олон нийттэй харилцах албаныхны хооронд бие биедээ үл итгэх харилцаа нэлээд эртнээс тогтсон ажээ. Дараах шалтгаануудаар сэтгүүлчид тэднийг үзэн ядна.
· Аль нэг газар очиход нь хэвлэлийн төлөөлөгч нь угтаж аваад хүссэн мэдээллийг нь өгөхгүй, болзсон хүнтэй нь уулзуулдаггүй тул сэтгүүлчид тэднийг мэдээллийг дээд зэргээр хаан боогдуулагчид гэж үздэг.
· Түүнчлэн өөрсдийнхөө үзэл бодлыг хамгаалж, төлөөлж буй байгууллага, удирдах хүмүүсийнхээ дүр төрхийг эерэг байдалд хадгалахын тулд мэдээллийг мушгин гуйвуулах (spin doctor), гоёчлох зэрэг суртал ухуулгын (propaganda) аргуудыг хэрэглэж байсан олон нийттэй харилцах албаны зарим практик ажиллагаанаас болж сэтгүүлчид тэдэнд дургүй.
· Урьд нь хэвлэл мэдээллийн байгууллагат ажиллаж байсан зарим хүн хэвлэлийн төлөөлөгч, эсвэл үг бичигч болчихоод нэг талыг барьсан материал бичиж явуулаад байгаад нь сэтгүүлчид дүргүйцдэг.
· Сонгуулийн сурталчилгаа ч юм уу аль нэг кампанит ажлын үеэр олон нийттэй харилцах албаныхан сэтгүүлчдэд гэнэт саймширч янз бүрийн үнэ хөлс амлан юм бичүүлэх гэдэгт нь сэтгүүлчид тэднийг үзэн яддаг.
Дээр дурдсан бүх шалтгаан нь сэтгүүл зүйн мөн чанарт харш зүйл учраас сэтгүүлчид тэднийг ийнхүү үзэн яддаг байна. Гэхдээ сэтгүүлчид тэдэнд дуртай байх үе бий. Олон нийттэй харилцах албадаас бэлтгэж тараадаг мэдээллийн сэтгүүл, товхимол, зарлалын хуудас зэрэг нь сэтгүүлчдийн хувьд зарим энгийн мэдээллийг хайх цагийг нь хэмнэж өгнө. Мөн тийм албадын зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал нь өрнөж буй асуудал, үйл явдлын талаар шинэ мэдээлэл өгөхөөс гадна, зарим эх сурвалжтай уулзаж, асуулт тавих боломжийг олгодог. Түүнчлэн хэвлэлийн төлөөлөгчдийн чадварлаг бичсэн материал сэтгүүлчдэд түүнээс сайн бичих өрсөлдөөнийг үүсгэж, тэднээс суралцах боломжийг олгоно. Олон нийттэй харилцах албаныхан болохоор ямар нэг аргаар нуусан мэдээллийг нь илрүүлж олоод байгууллага, удирдлагадаа арай гэж бий болгосон сайхан харилцаа, имижид нь сэв суулгадагт нь сэтгүүлчдэд дургүй.
Америкийн олон нийттэй харилцах салбарын түүхэнд ХХ зууны эхээр Колорадо мужийн Людлоу хэмээх уурхайн хотод болсон үйл явдал тод үлджээ. Энэ бол 1914 он байлаа. Людлоу хотод үйлдвэрчний эвлэлийнхэн уурхайчдын ажил хаялтыг зохион байгуулахдаа тэднийг уурхайн ойролцоо эгнүүлэн босгосон майханд байрлуулсан байлаа. Тэр үед засгийн газрынхан аливаа жагсаал цуглаан, ажил хаялтыг замбараагүй явдал, үймээн самуун гэж үздэг байснаас цэргүүд илгээж олон арван гэмгүй хүмүүс, түүний дотор нөхөртэйгөө, аавтайгаа уулзахаар очоод байсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг буудаж алжээ. Үүний дараа сонин хэвлэл болгон энэ үйл явдлын талаар “Людлоуд болсон алан хядлага” хэмээн бичиж, уурхайн эзэн тэр бумтан Жон Рокфеллэрийг шүүмжилж, түүнийг араатан, алуурчин хэмээн цоллон дуудаж, элдвээр шоглон зурж байв. Жон Рокфеллер яахаа мэдэхгүй байв. Тэр Нью Йоркт гэрээсээ ч гарахаас айдаг болов. Харин тэр тухайн үедээ шинэ тутам үүсэж байсан салбар болох олон нийттэй харилцах чиглэлийн компани удирддаг Айви Ледбеттэрийн зөвлөгөөг авснаар хүнд байдлаас гарч чадсан аж.
Америкт олон нийттэй харилцах салбарыг үүсгэн байгуулагч гэж зүй ёсоор тооцогддог Айви Ледбеттэр хоёр талынхантай уулзаж ярилцаад Рокфеллерийг Колорадо руу явуулахаар ятгаж чадсан байна. Рокфеллер тэнд очоод уурхайчид, тэдний гэр бүлийнхэнтэй уулзаж, санал бодлыг нь сонсон хамт хооллон, тэр ч байтугай үдэшлэг зохиож эхнэрүүдтэй нь бүжиглэжээ. Тэр уурхайчдын цалинг нэмж, ажлын нөхцөлийг нь сайжруулахаар ч амлаж. Мэдээж энэ бүхнийг хийж явахад нь хэвлэлийнхэн дагаж байнга мэдээлж байснаар түүний имиж эерэгээр өөрчлөгдсөн байна. Энэ үеэс анх АНУ-д Пи Ар гэж ярьж бичих болсон байна. Гэхдээ энэ Пи Ар нь олон нийттэй харилцах (Public Relations) утгаар биш харин хэвлэл мэдээлэлтэй харилцах (Press Relations) гэсэн утгаар анх хэрэглэгджээ. Учир нь тэр үеийн бизнесменүүд чухамдаа хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй байсан бөгөөд олон түмэн ч тэднээс илүү сонин хэвлэлд илүү итгэж байлаа. Бизнесменүүдийн олон түмэнтэй харьцах гол арга, суваг нь сонин, сэтгүүл байсан. Хожим олон нийттэй харилцах салбар хөгжихдөө Public Relations хэмээн нэрлэгдэх болж Press Relations гэсэн ойлголтыг дотроо нэг бүрэлдэхүүн хэсгээ болгон багтаах болсон аж.
АНУ-д сэтгүүл зүй болон олон нийттэй харилцах салбар хоёулаа тус тусдаа хөгжлийнхөө голдиролоор явж, мэргэжлийн өндөр түвшинд нэгэнт хүрэсн бөгөөд аль алиныг нь их дээд сургуулиуд тусдаа мэргэжлээр нь бэлтгэдэг болж, Пи Ар-ийнхан заавал сэтгүүлчдийг салбартаа авч ажиллуулахыг эрмэлзэхгүй болжээ. Харин ч аль нэг газрын хэвлэлийн төлөөлөгч болсон үзэг нэгтнээ хараад сэтгүүлчид өрөвдөх хандлагатай болсон юм. Учир нь хэний ч талыг барилгүйгээр мэдээллийн эрэлд чөлөөтэй аялж, хэнээс ч айж эмээлгүй зоригтойхон бичиж байсан сэтгүүлч нөхөр нь аль нэг байгууллага, хүний өмнөөс итгэл муутайхан дуугарах нь тэдэнд тийм ч таатай санагддаггүй. Одоогийн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Тони Сноу үүний яг тод жишээ юм. Тэр сонин, телевизэд тоймчоор ажиллаж байхдаа түгдэрч торж байгаагүй. Харин одоо түүнийг хэвлэлийн бага хурал хийлгэхдээ хэрхэн нүүр нь улайж, зарим үед үгээ олж ядан ээрч, өмнөх цаасаа эргүүлэн байхыг үе үе харж болно.
Манай орны хувьд сэтгүүл зүй ч, олон нийттэй харилцах салбар ч аль аль нь мэргэжлийн түвшинд хүрэх яагаа ч үгүй байна. Тэд хэн хэнийхээ ажилд хутгалдаж, хэн нь чухам хэн болох нь нийтэд мэдэгдэхгүй байна. Үүний хамгийн гол шалтгаан нь манай сэтгүүлчид ухуулгын сэтгүүл зүйн аргаасаа өдий болтол салахгүй байгаатай шууд холбоотой юм. Тиймээс уншигч, үзэгч, сонсогчдод мэдээллээс илүү бичигчдийнх нь үзэл бодол хүрч байна. Социализмын үед хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчид тэр чигээрээ олон нийттэй ажиллах албаны ажилтнууд байлаа шүү дээ. Ардчилал хөгжөөд арван хэдэн жил өнгөрсөн ч ийнхүү хэвээрээ байгаа нь хэвлэл мэдээллийн менежементтэй тун холбоотой. Учир нь тэд нөгөө л хуучин аргаараа шинэ сэтгүүлчдээ сургаж байна шүү дээ. “Дээдсийн Хүрээлэн” сонины хамгийн эхэнд иш татсан мэдээлэл үнэн юм бол энэ хоёр салбарын хоорондын харилцаа нэлээд бохир байгаа ажээ. Аливаа нэгэн байгууллагын нэг адил хэвлэл, мэдээллийн газар ч өөрсдийнхөө имижийг эерэгээр хадгалах, уншигч, сонсогч, үзэгч олон түмэнтэйгээ харилцан ойлголцох чиглэлээр олон нийттэй харилцах ажлыг явуулах ёстой. Харин бусад байгууллагыг бодвол хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд харьцангуй нээлттэй байдаг. Энэ харилцааны үндэс суурийг тэдний гол бүтээгдэхүүн болох нийтэлж, нэвтрүүлж байгаа мэдээ мэдээлэл нь тавьж өгнө.
Сонины нийтлэл, радио, телевизийн нэвтрүүлгээс тухайн сурвалжлагч, редакторын дүр төрх нэвт харагдахаас илүүтэйгээр байгууллагынх нь үйл ажиллагааг бүхэлд нь авч үзэхэд тухайн хэвлэл, мэдээллийн газрыг удирдаж байгаа эрхлэгч, захирлын дүр төрх тодроод гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, сониныг хараад, радиог сонсоод, телевизийг нь нэг үзээд л удирдлага нь ямархуу үзэл бодолтой, ямархуу зан араншинтай хүн бэ гэдгийг хэлж болно гэж хэвлэл мэдээллийн судлаачид үздэг байна. Тиймээс ч Англи, Австрали, АНУ-д олон хэвлэл мэдээллийн байгууллагыг эзэмшдэг хэвлэлийн магнат Рюберт Мөрдокийг хэдийгээр саяхан Америкийн иргэн болсон ч “Уол Стрийт Жорнал” сонины дийлэнх хувьцааг авах санал тавихад олон нийт түүний дотор сэтгүүл зүйн салбарынхан тун дурамжхан хүлээж авсан билээ. Учир нь түүний удирддаг бүх хэвлэл, мэдээллийн байгууллага сэтгүүл зүйн нэр томъёогоор “шар сэтгүүл зүй”-г удирдлага болгодог юм. Санхүүгийн ертөнцийн бараг бүх мэдээллийг агуулдаг, байгуулагдсан цагаасаа макетаа өөрчлөлгүй хийц загвартаа үнэнч хэвээр үлдсэн, хэзээний буурь суурьтай “Уол Стрийт Жорнал” –аа хэн ч шарлуулахыг хүсэхгүй байна.
А.Оюунгэрэл
АНУ-ын Миссури муж
Ашигласан материал
· Cutlip S., Center A., Broom G. Effective Public Relations. Prentice-Hall Inc. 2000
· Wilcox D., Cameron G., Ault P., Agee W. Public Relations: Strategies and Tactics. Pearson Education Inc. 2003
· “Дээдсийн Хүрээлэн” сонин. Асгатын мөнгөний ордыг хоёр сая доллароор Оросуудад өгөхийн тулд мөнгө тарааж, УИХ-ын гишүүд, сэтгүүлчдийг худалдаж авч байна. 2007-5-13. Дугаар 13 (507)