Monday, January 9, 2017

“Сэтгүүлч, сэтгүүл зүйн бүтээл” сэдэвт онол практикийн бага хуралд зориулж бичсэн, гэхдээ танилцуулж амжаагүй өөр нэг илтгэлийг энд тавилаа. 


ОРЧИН ЦАГИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ

А.ОЮУНГЭРЭЛ, “Сэтгүүлч” дээд сургуулийн зөвлөх багш

Эргэн тойронд “дин дон”, эсвэл “чад чад” гэсэн чимээ тасрахгүй байгаа нь хэн нэгний гар утсанд мэдээлэл ирж байгаагийн шинж билээ. Жижигхэн дэлгэцийг нь эрээн мяраан болтол татаж суулгасан аппликэйшний эрхий дарам цонхнуудын хамгийн наад зах нь таваас зургаа нь зөвхөн мэдээ хүлээж авахад зориулагдсан байгаа.

“Ийгль Ньюс ТВ”-ийн ерөнхий продюссер Ж.Хулан “Цаг  үеийн мэдээллийг байнга шуурхай авахын тулд BBC, CNN, The Guardian, Reuters, Huffington Post, IB Inf тулд гээд олон аппликэйшн утсанд суулгачихсан. Тийм болохоор байнга л ‘notification’ ирээд ер нь утаснаасаа холдох аргагүй болсон учраас хэрэгцээтэй онлайн эх сурвалжуудаа апп хэлбэрээр ашиглах болж” хэмээн бичжээ. 

Дижитал сэтгүүл зүй ингэж мэдээ мэдээллийг хэрэглэгч рүү шууд очдог болгожээ. Энэ бол орчин цагийн сэтгүүл зүй юм. Ерээд онд дэлхийд дижитал сэтгүүл зүй хөгжиж эхэлж байх яг тэр үед Монголд чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн үндэс суурь л дөнгөж тавигдаж байлаа. Өөрөөр хэлбэл бие даасан хараат бус сэтгүүл зүйтэй орнуудад шинэ хэрэгслээрээ нэрлэгдсэн сэтгүүл зүй үүссэн нь хорин таван жилийн дотор нийгэм болон сэтгүүл зүй нь хөгжлийнхөө ямар түвшинд яваагаас хамаарахгүйгээр бүхий л улс орныг хамраад байгаа билээ.

Сэтгүүл зүйн хөгжил технологийн хөгжилтэй шууд холбоотой байдаг. Хэвлэмэл сэтгүүл зүй буюу сонин, сэтгүүл нь хэвлэлийн машины технологи, электрон сэтгүүл зүй буюу радио телевиз нь дуу ба дүрсийг цахилгаан соронзон долгион болгон хувиргах технологитой холбоотой үүссэн. Аль аль нь тухайн үедээ мэдээлэл түгээх үйл явцыг хурдасгаж сэтгүүл зүйг ч, нийгмийг ч өөрчилж байлаа. Тараах түгээх хэрэгсэл солигдох бүр сэтгүүл зүйн нэр нь өөрчлөгдөж байв. Харин одоо сонин, сэтгүүл, радио, телевизийг уламжлалт сэтгүүл зүй гэх болжээ. Гэхдээ тэд байраа тавьж өгөөгүй. Харин ч шинэ сэтгүүл зүйн давуу талуудыг ашиглан улам хөгжих гэж тэмүүлж байна.

Цахим хэрэгслээр дамжин түгж байгаа сэтгүүл зүйн мэдээ мэдээллийг л шинэ буюу дижитал сэтгүүл зүй гэж байгаа юм

Өнөөгийн хүмүүсийн хэрэглэж буй компьютер, телевиз, радио, цаг, утас бүгд л дижитал болжээ. Аливаа мэдээллийг тоон мэдээлэл болгож хувиргадаг технологитой холбоотойгоор энэхүү орчин цагийн сэтгүүл зүй үүссэн билээ.

Шинэ сэтгүүл зүйн онолын үндсийг бүр 1960-аад онд Канадын эрдэмтэн Маршал Маклуян телевизтэй холбоотойгоор гаргаж ирсэн байдаг. Тэр “Хэрэгсэл нь өөрөө илгээлт мөн” гэж тунхаглахдаа орон зай, цаг хугацаагаар хягаарлагдахгүй даяарчлагдсан тосгон үүсэх тухай зөгнөн хэлж байсан юм. Тэр нь өнөөдөр цахим орчинд аль хэдийнэ үүсчихээд байна. Хэвлэл мэдээллийн хэрэглэгчид хэрэв Интернэтийн холболт нээлттэй л бол нэг улс орон, нэг бүс нутгаар хязгаарлагдахаа больжээ.

Шинэ сэтгүүл зүй үүссэнээс хойш сэтгүүл зүйд олон зүйл өөрчлөгдөж байгаа боловч гагцхүү түүний үүрэг, хариуцлага нь хэвээр үлдсэн юм.

ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

Хэрэгсэл нь хичнээн өөрчлөгдлөө ч сэтгүүл зүйн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг нь өөрчлөгдөхгүй. Ардчилсан нийгэм нь гэгээрсэн иргэд дээр тулгуурладаг. Иргэдийг гэгээрүүлэхэд нийгэмд болж буй үйл явдал, асуудлын талаарх бодит мэдээлэл тун чухал. Тэр мэдээлэл дээр түшиглэн иргэд нийгмийн амьдралд оролцож, улс орноо шууд ба шууд бусаар удирдах учиртай. Тиймээс иргэдийг бодит мэдээллээр хангах нь сэтгүүл зүйн гол үүрэг билээ.

Түүнчлэн ардчилсан нийгмийн сэтгүүл зүйн үүргийн хувьд авторитар, тоталитар нийгмийнхээс ялгаруулах гол ялгаа нь иргэдийг нийгмийн чухал асуудлаархи хэлэлцүүлэгт татан оролцуулах явдал юм. Эл онцлогийг ямагт хадгалахын чухлыг 1922 онд “Нью Йорк Таймс” сонины тоймч Уолтер Липпман дахин дахин анхааруулсан байдаг. Гэтэл уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх явцдаа энэ үүргээ биелүүлэхгүй хайнга хандаж олон түмнээсээ холдсон юм.

Харин шинэ мэдээллийн хэрэгсэл нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сулруулсан иргэдтэй тогтоосон холбоог эргээд чангалах, тасарсныг нь сэргээх үүргийг хүлээж байна. Технологийн ачаар энэ нь олон нийтийн, иргэнлэг, иргэний сэтгүүл зүйн оролдлогуудаар дамжин өргөн далайцтай явагдаж байна. Бүх хэлбэрийн, бүх төрлийн сэтгүүл зүйн уулзах талбар нь дижитал сэтгүүл зүй болж байна.

Дижитал сэтгүүл зүй нэг талаас маш их мэдээлэл түгээж байгаа боловч нөгөө талаас улс төр, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөө нь бага байна. Тиймээс Юү Пи Ай агентлагийн сурвалжлагч Тед Станнард “Хоточ, анч, манаач ноход маань эрх, залхуу, эсвэл шар нохой болоод хувирчихвал улс үндэстэн маань бэрхшээлд орно” гэж анхааруулж байна. Энэ үг сэтгүүл зүйг бүтээгч, хэрэглэгч бүгдэд нь хамаатай билээ.

ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛ

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа явуулахдаа мэдээллийг сонгон шүүгч (gatekeeper), хүмүүст юуны тухай бодох ёстойг нь хэлж өгөгч (agenda setter)  болдог байсан нь ч дижитал сэтгүүл зүйн үед өөрчлөгдөж байна. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг хяналтдаа байлгаж чадахаа больж, мэргэжлийн сэтгүүлчид мэдээллийг өмчилдөг эрх дарх, давуу байдлаа алдаж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээтэй хэлхэлдсэн дижитал сэтгүүл зүй мэдээллийн төвлөрсөн хяналтыг саармагжуулж, сэтгүүлчдэд байсан эрх мэдлийг тэгшитгэж байна.

“Технологи нь олон түмэнтэй харилцах чадварыг нэмэгдүүлж олон нийтийн томоохон хэсэгт хүрэх болтол өргөтгөсөн” гэж Робертс 2013 онд бичжээ. Нөгөө талаас хэвлэл мэдээлэлд ажиллагсад ч гэсэн уламжлал ёсоороо мэдээг сонгож шүүхийн оронд  хэрэглэгчдийг “нээлттэй хаалга” руу татан оруулсан гэж Пабло Босковски судалгаагаар харуулжээ. Тиймээс дижитал сэтгүүл зүй нь сэтгүүл зүйн хөндөх сэдэв, хэлэлцэх асуудал, ашигладаг эх сурвалжийг өргөжүүлж байна.

ДИЖИТАЛ МЭДЭЭЛЛИЙН ОНЦЛОГ

Дижитал сэтгүүл зүйн хэрэглэгчид хэвлэмэл хэрэгсэл дээр гарсан бүтээлийг онлайн дээр тавьсныг хүлээн авахаа больж, оронд нь оригиналь мэдээллийг хүсдэг болсон байна. Тиймээс агуулгыг нь бүтээхэд анхаарах зүйлс байгаа аж.

Нэгд, арилжааны сэтгүүл зүй дэх өрсөлдөөний улмаас бий болсон инфотайнмент буюу зөөлөн мэдээ шинэ сэтгүүл зүйн эхэн үес блог, сайтаар их хэмжээгээр түрэн орж ирээд байраа эзэлсэн хэдий ч гар утасны жижиг дэлгэц дээр унших мэдээ аппликэйшнээр дамждаг болж буй энэ үед гол зүйлээ эхэнд нь аль болох цөөн оновчтой үгээр хэлэхийг шаардаж байна. Тиймээс уруугаа харсан гурвалжингийн бүтцээр мэдээг бичих арга зайлшгүй шаардагдаж байгаа юм.

“Тринити Миррор” сонины редактор Эд Уокер “Аппликэйшн олшрох нь мэдээний хэрэглээний гол арга зам болно” гэж 2014 онд хэлж байжээ. Гар утсан дээрх аппликэйшн хэрэглэгчийн байгаа газар зүйн байршлаас шалтгаалан мэдээг (geo-targeted news) илгээж байна. Мэдээ “Яг одоо ирэхээс гадна яг байгаа газарт минь ирнэ” гэж Ай ТВ Ньюс-ийн онлайн редактор Жэйсон Миллер хоёр жилийн өмнө таамаглан хэлж байжээ.

Хоёрт, Фор Жи (4G) сүлжээ тархсанаар видео мэдээлэл хурдан дамжуулах боломж нэмэгдсэн бөгөөд хүмүүс ч үзэх нь ихэсчээ. Мултимедиа мэдээ нь онлайн сэтгүүл зүйн нэг төрөл болж өргөжлөө. Видео мэдээлэл тавьдаггүй сайт ч гэж байхгүй болсон.

”Би Би Си”-гийн Сэтгүүл зүйн Коллежийн Марк Сеттл “Зөөврийн хэрэгслүүд богино хэмжээний видеонд л зориулагдсан байдаг. “Нау Ти Ньюс” 15 секундын мэдээ хийдэг. Бас “Би Би Си” Инстаграм дээр тавих ярилцлагынхаа хэсгээр 15 секундын видео бэлтгэдэг” гэж хэлжээ. Ухаалаг гар утастай хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг мэдээллийн байгууллагууд ингэж хангаж байна.

Гуравт, Мэдээ, мэдээллийн бичлэгийг үгээр сайжруулахын зэрэгцээ интерактив ажиллагаа, дүрс бичлэг, виртуал бодит байдал гээд янз бүрийн элементүүдээр баяжуулахаар чармайдаг ажлыг “Нью Йорк Таймс” сонинд Дэвид Лионхардт хариуцаж ажилладаг.

Томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд зураг авах, мэдээ бэлтгэх, цаг агаарыг сурвалжлахдаа алсын удирдлагатай нисдэг хэрэгсэл (drone) ашигладаг болжээ. Ийм хэрэгсэл ашиглах бүтэн зардал нь нисдэг тэрэгний нэг цагийн зардалтай тэнцэхээс гадна хүрч болшгүй газрын зургийг авах боломжтой аж. Тухайлбал, “Си Эн Эн”-ээр үзүүлсэн Истанбулын Таксим талбай дээрх жагсаал, Хаяан хэмээх хар салхины дүрстэй мэдээллийг өөр аргаар авах ямар ч боломжгүй байжээ.

Дөрөвт, хэрэглэгчид үнэхээрийн нээлт хийсэн дүн шинжилгээг шаарддаг болсон учир тоймчдын баг шуурхай ажиллаж бодит байдлыг тухай бүрт нь ажиглаж, баримтыг задлан шинжиж, тайлбарлах хэрэгтэй болж байна. Орчин үеийн хэрэглэгчид удаан хүлээхийг больсон. Тийм ч учраас зөвхөн тойм, өгүүллээр дагнасан, дата сэтгүүл зүй дээр үндэслэсэн сайтууд ч үүсэж байна.

БИЗНЕС ЗАГВАР

Анх Интернэт дээр тавигдаж байсан үнэгүй мэдээллүүдийн улмаас  эвдэрсэн уламжлалт хэвлэл мэдээллийн бизнес загвар одоо сэргэж байна. Хэдийгээр мэргэжлийн болоод мэргэжлийн бус сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээллүүд онлайн дээр их хэмжээгээр үнэгүй байгаа ч чухам хэрэгтэй мэдээллээ үнийг нь төлөөд авах хүсэлтэй хэрэглэгчид олширч байна.

2016 онд Ройтерс Хүрээлэн Их Британи, АНУ, Герман, Франц, Испани, Японы хэрэглэгчдийн дунд онлайнаар мэдээ авахдаа үнэ төлөх эсэх талаар судалгаа хийжээ. Энэ зургаан оронд өмнө нь сонин худалдаж авч байсан хэрэглэгчид онлайн мэдээнд мөнгө төлж авах хүсэлтэй байсан аж. Ийм хүсэл франц, испани, америкчуудад илүү хүчтэй, герман, англичуудад арай сул байсан байна. 

Одоогоор онлайн мэдээг төлбөртэй хэрэглэж үзээгүй Герман, Франц, АНУ, Их Британийн залуус ирээдүйд төлбөр төлөх хүсэлтэйгээ илэрхийлсэн бол Японы хувьд ийм хүсэлд насны ялгаа харагдсангүй. Судалгаанд хамрагдсан орнуудын дунд “Би Би Си” нь  “Их Британид хамгийн өргөн хэмжээнд онлайн мэдээллийн эх сурвалж” болдог, харин Германы “Эй Ар Ди” ба “Зи Ди Эф” телевизүүд уламжлалт хэрэгслийн хувилбартайгаа харьцуулахад онлайнаар хамгийн цөөн хүмүүст хүрдэг аж. Японд онлайн мэдээнээсээ илүү сонины мэдээ хүчтэй хэвээр. АНУ-аас бусад таван оронд олон нийтийн телевиз нь хүчтэй хөгжсөн орнууд ажээ.

“Нью Йорк Таймс” сонин дижитал компани болох өөрчлөлтүүдээ хийж байна. “Шинэчлэлийн Тайлан 2020” хэмээх хөтөлбөрийг нь гардаж боловсруулсан Артур Грег Салзберг 2016 оны 11 дүгээр сараас хэвлэн нийтлэгчийн орлогч гэсэн албан тушаалд дэвшин ажиллах гэж байна. Шилдэг сэтгүүл зүйн уламжлалаа үргэлжлүүлэх, уншигчдадаа үнэнч байх, дижитал бизнесийг өргөжүүлэх гэсэн гурван зүйлийг тэр анхаарч ажиллана гэж амласан байна.

Дижитал агуулгаасаа 500 сая долларын орлого олдог энэ сонины хувьд оригиналь мэдээ, мэдээлэл бэлтгэхийг эрхэмлэж үздэг. Тиймээс газар дээрээс нь сурвалжлуулахаар хамгийн олон сэтгүүлчийг томилолтоор явуулдаг. Өнгөрсөн жил гэхэд дэлхийн 170 оронд сурвалжлагчаа илгээсэн байна. Гол нь сэтгүүлчдээ дижитал хэрэгслээр зэвсэглэн, ашиглах чадвартай болгох нь чухал аж. Редакцид ажиллагсдынхаа тоог цөөлөх ч, программ бичдэг сэтгүүлчдийг түлхүү авах боловсон хүчний бодлого барих юм байна.

Мэдээ, мэдээллийн агуулгатай холбогдох оригиналь зар сурталчилгаануудыг “Форбес” сэтгүүл дижитал зах зээл рүү хэдэн жилийн өмнө оруулж ирсэн юм. Одоо онлайн маркетингийн энэ аргыг бараг бүх хэрэгсэл ашиглаж байна.

Нийгмийн сүлжээнүүдээр дамжуулан мэдээ, мэдээллийг цааш нь түгээх арга нарийсна. Аав, ээжтэйгээ онлайн найз болохыг хүсээгүй залуус Фэйсбүүкийг олноор орхиж явахдаа ч бас өөр нэг нийгмийн сүлжээ рүү орж байгаа юм. Нийгмийн сүлжээний апп, сайт нэмэгдэж байна гэдэг бол сэтгүүл зүйн агуулгыг түгээх арга зам улам нэмэгдэж байна л гэсэн үг юм.

БУСАД АСУУДЛУУД

Дижитал эрин сэтгүүлчдэд хүмүүсийн и-мэйл, утсанд үлдээсэн мессеж, бусад хувийн нууцыг ил болгоход олон нийтийн мэдэх эрхээр удирдуулах уу, тухайн хүнийг хүндэтгэх хандлагаар удирдуулах уу гэдэг асуудлууд хоорондоо тулгарч байгаа нь ёс зүйн хувьд хамгийн гол асуудал болоод байна.

Түүнчлэн технологийн том компаниуд сүүлийн үес хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эрчимтэй худалдан авч байна. Амазоны эзэн Жефф Безо дампуурах гэж байсан “Вашингтон Пост” сониныг 2014 онд дижитал бизнес болгох гэж худалдаж аваад хамгийн түрүүд апп-тай болгосон байдаг.  Саяхан холбоо харилцааны “Вирайзон” компани Уахууг худалдаж авсан. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сард “Эй Ти Энд Ти” компани “Си Эн Эн”-ийг эзэмшдэг “Тайм Уорнер” кампанийг худалдаж авлаа. “Си Эн Эн” өөрийн апп-тай. Гэхдээ л бүрэн дижитал болгох шаардлагатай хэсгүүд байгаа. Иймэрхүү маягаар янз бүрийн мэдээллийн хэрэгслүүд бүхэлдээ дижитал болох чиглэл рүүгээ явж байна.

“Гардиан” сонины Мартин Велам бичихдээ “ ... дижитал эриний сэтгүүл зүй эргэлзээгүйгээр үргэлжилнэ. Бид мэргэжлийн хүний ч, мэргэжлийн бус хүний ч, санамсаргүй явж байгаад гар утсаараа зураг авсан хүний ч мэдээг бид эргэлзээгүй үзнэ. Он дарааллын тэмдэглэлээс дэлгэрэнгүй нийтлэл хүртэлх, том далбагар сониноос Ай Фоны апп хүртэлх технологи, шинэчлэлийн ачаар мэдээний хэлбэр, түгээлт өөрчлөгдсөөр ирсэн ч мэдээллийг илчилж, хүүрнэж, хуваалцах гэсэн хүний сонирхол ямагт хэвээр байх болно” гэжээ.

Утас “чад, чад” дуугарч мэдээ ирснийг илтгэж байна.

2016 оны 10 дугаар сарын 31

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Boczkowski, P. J. (2004a). Digitizing the news: Innovation in online newspapers. Cambridge: MIT Press.
Hong, Y. J. (2014) Framing Citizen Journalism in Mainstream News Coverage: A Quantitative and Qualitative Analysis (1999-2012)”.
Оюунгэрэл А. Олон Түмний Харилцааны Онол. 2009