Saturday, October 11, 2008

Сэтгүүлч ба сурвалжлагч

Сэтгүүлч ба сурвалжлагч гэсэн нэр томъёоны тухай
Энэ бодлоо нэлээд эрт бичих гэж бодож байсан юм. Манайхан сэтгүүлч ба сурвалжлагч гэсэн хоёр үгийг зарим үед зохих утгаар нь хэрэглэхгүй байгаа нь нэлээд ажиглагдсан юм. Сэтгүүлч гэдэг бол эзэмшсэн мэргэжилтэй холбогдсон, сурвалжлагч гэдэг бол эрхэлж буй ажил, албан тушаалыг илэрхийлсэн нэр томъёо билээ. Аль нэг сургуульд буюу хэвлэл мэдээллийн байгууллагад суралцангаа буюу ажиллангаа мэдээлэл олж цуглуулах, цуглуулсан мэдээллээ тодорхой хэлбэрт оруулж эвлүүлэн бичих, тийнхүү бичсэнээ засварлаж өөрөө хянан тохиолдуулах чадварыг эзэмшсэн хүн сэтгүүлч гэсэн мэргэжлийг эзэмшдэг. Харин ямар нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж мэдээлэл олох, бичих, засварлах үүрэг хүлээх юм бол сурвалжлагч гэсэн албан тушаал дээр очиж байгаа билээ. Тиймээс ч Монгол ТВ-ийн сурвалжлагч Д.Дорж, "Өглөөний мэдээ" сонины сурвалжлагч Д.Дулмаа гэх ёстой. Гэтэл зарим үед тэр ТВ-ийн буюу тэр сонины сэтгүүлч тэр гэж бичээд байгаа нь харагддаг. Сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн хүмүүст л тухайн мэдээллийн хэрэгсэл сурвалжлагчийн ажлыг даатгасан нь мэдээж шүү дээ. Өөр мэргэжлийн дипломтой ч сэтгүүлчийн ажлыг хийж чаддаг хүмүүс ч мөн сурвалжлагчаар ажиллаж байдаг. Сэтгүүлч мэргэжлийн дипломтой нь тэднээсээ ялгарах гэж ингэж бичдэг юм болов уу?
Бас нэг зүйл миний анхаарлыг татсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр сэтгүүлч З.Алтай гээд л бичээд байсан. Нэр дэвшсэнийг нь анх удаа танилцуулж байгаа үед мэргэжлийг нь ингэж тодотгож болно. Гэтэл сонгуулийн сурталчилгааны турш ингэж бичээд байсан. Нэр дэвшсэн хойноо бол түүнийг зүгээр л бие даагч З.Алтай гэхэд болох байсан л даа. Учир нь тэр улс төрийн ажил хийхийн төлөө сонгуульд өрсөлдөж байсан. Сэтгүүлчийн ажил мэргэжил нь түүнд ямар ч хамаагүй. Улс төрд ороод тэр мэдээлэл олж, цуглуулах, бичих, засварлах ажил хийхгүй. Тэгээд ч сонгуульд нэр дэвшигчдийг тэр намаас нэр дэвшсэн тэр л гэж танилцуулдаг шүү дээ. Хэрэв тэгдэггүй бол бүх нэр дэвшигчдийг өвөртөлсөн диплом дээр тавигдсан мэргэжлээр нь жагсааж бичих ёстой болно. Түүнчлэн З.Алтай тэр үедээ ТВ-дээ удирдах ажил хийж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг удирдах ажил бол сэтгүүлчийн мэргэжлийн мэдлэгээс илүү менежмент, маркетингийн мэдлэг, чадвар шаарддаг албан тушаал. Түүнийг албан тушаалаар нь танилцуулах гээд байгаа юм бол яагаад ТВ-ийн захирал гээгүй юм бол? Одоо бол УИХ-ын гишүүн З.Алтай л гэж байгаа биз дээ?