Saturday, December 29, 2012


Шинээр бичсэн зүйлээрээ шинэ оны мэнд хүргэж байна


“Сэтгүүлч” коллежийн М.Ганхүү багш гурав ба дөрөвдүгээр күрсийн оюутнуудын мэндчилгээг  надад и-мэйлээр  дамжуулсан юм. Жижиг хүүхдийнхэрхүү хэлбэртэй бичгүүд нь том  үгсийг бичсэн байлаа. Тэдгээр нь бүгд надад ханджээ. Урам өгөх, халуун дулаан, сэтгэлийн тэр үгсийнх нь хариуд би хэрхэн талархах вэ гэж бодсоны эцэст хэвлэл мэдээллийн менежментийн тухай номдоо оруулахаар бэлтгэсэн, редактортаа ч үзүүлээгүй материалаа  блог дээрээ тавьж оюутнууддаа уншуулахаар шийдлээ. “Баярлалаа” гэсэн ганц үг багадаж магад гэж бодсоных юм шүү. Хүлээн авна уу.

Ёсолсон,

А.Оюунгэрэл


Мэдээллийн менежмент мэдээнээс эхэлдгийг биеэрээ үлгэрлэгч

Канад гаралтай Петер Женнингс (1938-2005) Америкийн телевизэд 40 гаруй жил ажиллахдаа хүмүүсийн амьдрал, бодол санааг тодорхойлохуйц мэдээ хийхийн тулд сэтгүүлч хүн үнэнийг хэрхэн байнга эрэлхийлж байх ёстойг биеэрээ үлгэрлэсэн юм. Тэр мэдээллийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг маш сайн мэдэрдэг байв.

Петер Женнингс оройн 6 цаг30 минутанд эхэлдэг нэвтрүүлэгтээ бэлтгэхийн тулд өглөө 6 цаг 30 минутанд ирдэг байжээ. Тэгээд оройн 6 цаг 29 минут  хүртэл сурвалжлагч нартайгаа мэдээнийх нь талаар ерөнхий зүйл ярилцана.  Мэдээнүүдийг нь редакторлана. Өөрөө хөтөлбөрийнхөө мэдээг хайрцаглана. Сурвалжлагч нартаа “Мэдээний хөтөлбөрийн дундуур зүгээр л надтай ярилц” гэж хэлнэ. Сурвалжлагч нар нь түүнийг дэлгэцэн дээр яг юу асуухыг мэддэггүй байв. Тиймээс сурвалжлагчид нь гэрийн даалгавраа сайн хийж, мэдээгээ сайн судалсан байхаас өөр аргагүй.

Дунд сургуулиа ч дүүргэлгүй орхиж байсан Петер Женнингс сэтгүүлч болох хүнд диплом байх нь чухал биш, харин үнэний тухай бие сэтгэлээрээ ойлгон мэдэрч, сэтгүүлзүйн үйл ажиллагааны зарчмуудын талаар сэнхэрч ухаараад, өөрөө тэдгээрийг хэрэгжүүлж чаддаг байх нь чухал юм гэдгийг амьдралын замналаараа харуулсан ч яг өөрөө тэр талаараа дурсамжийн нэг ч ном, сурах бичиг үлдээгээгүй аж. Харин нас барсных нь дараа хамтран зүтгэгч, найз нөхөд нь гэрийнхэнтэй нь нийлэн өөрсдийн дурсамж, Петерийн амьд сэрүүн ахуйдаа хэвлэлд өгч байсан ярилцлагаас эвлүүлэн “Петер Женнингс: Сурвалжлагчийн амьдрал ” гэсэн ном бэлтгэж гаргажээ. Хэвлэл мэдээллийн менежер хүнд байх бүхий л шинж чанар түүнд байсныг эл номын агуулга гэрчилнэ. Тэр өөрөө мэдээллийн хөтөлбөрийнхөө манлайлагч нь, ёс суртахууны төв нь, цэгц чанарын хэм хэмжээ нь байсан юм.

Үзэгчдийг мэдрэгч

Петер Женнингс юуны өмнө мэдээллийнхээ зах зээл буюу үзэгчдээ маш сайн мэдэрч, хүндэлдэг байжээ. Энэ талаар Жийн Мари Кендон хэлэхдээ:

 -Петер шиг үзэгчдээ хүндэтгэдэг сэтгүүлчтэй би уулзаж байгаагүй. Тэр үзэгчийг хэзээ ч басамжилж байгаагүй. Аливааг байгаагаас нь илүү хялбаршуулж байгаагүй. Үзэгч төвөгтэй нөхцөл байдлыг харуулсан баримтыг ойлгохгүй гэж бодож байгаагүй. Асуудал төвөгтэй болох тусам тэр үзэгчтэй ярилцахыг хичээдэг. Тиймээс үзэгч ойлгохгүй гэж хэлэхээр дургүйцдэг байсан гэсэн байна.

Сурвалжлагчид өөрсдөө сонирхолтой гэж үзсэн хэрнээ үзэгчид ойлгохгүй гэж хэлэхээр Петер тийнхүү дургүйцэж хэлснээ батлах судалгаа, шинжлэх ухааны баримт авчрахыг шаарддаг байжээ. “Үзэгчид сонирхохгүй, анхаарахгүй” гэх нь түүнд сэтгүүлзүйг ядууруулж, асуултыг хариултгүй орхиж байгаатай адил санагддаг байж.

Петер мэдээг сонирхоод эхлэхээрээ шинээр олж мэдэж байгаа зүйлээ гайхан сониучирхагч болж хувирна. Яагаад үүнийг чухал гэж үзэж байгаагаа үзэгчдэд хэлэх ёстой гэж үзнэ. Үзэгчид өөртэй нь адил оюунлиг хүмүүс тул түүн шиг ертөнцийг сониучирхаж, үүссэн асуудлыг сонирхоно гэж тэр итгэдэг байв. Тэр үзэгчийг хэзээ ч тэнэг гэж бодож байгаагүй аж.

Петер Женнингс нэгэн ярилцлагатаа:

-Би мэдээний туйлын гол зүйлийг л хайдаг. Үнэртэй ус олон төрлийн найрлагатай ч түүнд нэг л гол үнэр байдаг. Тиймээс би тухайн мэдээ хүмүүсийн амьдралтай хэрхэн холбогдож болох тэр гол зүйлийг олж хэлэхийг хичээдэг. Хүн бүрийн амьдралтай нэг мөчид зэрэг холбож чадахгүй л дээ. Гэхдээ л Ирак дахь дайн байна уу, эдийн засгийн дотоод бэрхшээл ч байна уу, алан хядлагаас хамгаалах бодлого ч байна уу алинд нь ч тэр гол чухал зүйл байдаг. Тэр гол зүйлийг олж чадах юм бол түүн дээр суурилсан бусад зүйл нь ээдрээ л нэмж өгсөн байдаг. Би мэдээний гол үнэнийг л олж хүмүүст үлдээхийг хүсдэг гэж хэлсэн байдаг.

Хүмүүсийн хэлснийг цуглуулж мэдээ бэлтгээд дамжуулахыг сэтгүүлчийн үүргийг буруу ойлгосон явдал гэж тэр сурвалжлагчдадаа ойлгуулна. Сэтгүүлч хүн юу болж байгаагийн учрыг ойлгосныхоо дараа мэдээлэх учиртай гэж тэр үзнэ. “Тэгж чадвал хүмүүс тухайн асуудлыг анхаарч эхэлнэ. Мэдээ гэдэг бол хүмүүсийн мэдэхгүй байгаа тэр зүйл гэж тодорхойлдог шүү дээ. Хүмүүсийн мэддэг зүйл биш. Мэдэж байгааг нь та дахин дахин хэлээд байвал та сэтгүүлч биш. Петер үүнд сэтгэл зүрхнээсээ итгэдэг байсан” гэж Том Эллен дурсчээ.

Түүнчлэн ойлгомжтой бичихийг тэр сурвалжлагчдаасаа шаарддаг байв. Энэ талаар Жон Кочран:

-Петер цэцэрхсэн бичлэгт дургүй. Тэр анх удаа сонссон хүмүүс ойлгохоор бичихийг биднээс хүснэ. Сонин уншиж байгаатай адил “Түрүүн юу гэж байлаа?” гээд догол мөрүүдийг дахин унших аргагүй. Мэдээ хөврөх явцад л бүх зүйлийг хэлсэн байх ёстой. Петер дуудаад л “Үүнээс энгийнээр хэлж болохгүй юу? Та сүрлэг үг хэрэглэсэн байна л даа. Жаахан энгийн үг олж болохгүй юу?” гэнэ. Тэр үзэгчдэд л хялбар болгож өгөхийг хичээдэг байв. Хэцүү бэрх ажлын өдрөө ардаа үлдээгээд телевизийн өмнө сууж байгаа үзэгчийг л тэр бодож ингэж шаарддаг байсан. Тэртэй тэргүй тааламжгүй мэдээг “Юу хэлчихэв ээ?” гэж үзэгч хэлтэл бид бичлэгээрээ ээдрээтүүлж хэрэггүй л дээ хэмээн ярьжээ.

Петер Женнингс:

-Би насанд хүрсэн цагаасаа л сурвалжлагч байсан. Ямар нэг сонин газар анх удаа ч, эсвэл 15 дахь удаагаа ч очсон би тэнд ямар нэг зүйл яагаад болоод байгааг ойлгохыг хүсдэг. Үзэгчдийн маань дотор ч юу болоод байгаагаас гадна яагаад болоод байгааг олж мэдэхийг хүсдэг хүн олон байгаа гэж би боддог. Тиймээс эрүүл мэндийн асуудал ч байна уу, Иракийн дайн ч байна уу, алан хядлагын эсрэг эцэс төгсгөлгүй хийж байгаа төвөгтэй тэмцэл ч байна уу юу ч байсан чухам юу болж байгааг үзэгчдэд сайтар ойлгуулахад би туслахыг хүсдэг гэж бас нэг ярилцлагатаа тодотгон хэлсэн байдаг.

Петер Женнингс үзэгчдийг ингэж л хүндэтгэдэг байжээ. Мэдээний агуулгыг үзэгчдэд хүргэхийн тулд сурвалжлагчдыг чадваржуулах ёстойг тэр маш сайн мэддэг байлаа.

Сурвалжлагчдыг сургагч

Петер мэдээний үнэнийг олж илтгэх талаар сурвалжлагч нараа өдөр тутам сургадаг байв. Өглөөний шуурхай зөвлөгөөн дээр тэр “Өнөөдөр биднийг бусдаас ялгаруулах юу хийх вэ?” асууна. Олдож буй багахан хугацаандаа тэр мэдээний өнцөг, хэллэг, үг сонгох талаар жижиг ч атугай бусад телевизээс ялгарах зүйлийг хийх дуртай байлаа. Тиймээс тэр тааварлах, дундажлах, залхуурахыг жигшинэ. Үүнээс сурвалжлагчдаа зайлуулахын тулд байнга сургана. Энэ талаар хамт ажиллаж байсан сурвалжлагчид ингэж дурссан байдаг.

Боб Вүүдраф:
-Петер ертөнцийг нарийн дуран авайгаар харж чаддагийг би их үнэлдэг. Орчлон дэлхий хэвлэл мэдээллээр үзүүлж харуулж байгаагаас илүү төвөгтэйг би байнга мэдэрдэг. Юм болгон зоос шиг хоёр талтай гэдгийг тэр мэддэг, бидэнд ч байнга хэлдэг. “Та нар нэг талыг нь харж байвал эргүүлээд үз. Дэлхийн хаана ч очсон хялбархан мэдээ гэж байгаагүй юм шүү” гэж тэр надад сануулдаг байв. “Давхарга давхаргаар нь, түвшин түвшингээр нь авч үз. Тэгвэл л юу болж байгааг ойлгоно” гэдэгсэн.

Жеорж Степенаполис:
-Петер намайг телевизэд зориулж хэрхэн бичихэд сургасан.  Өргөн нэвтрүүлэгт зориулсан телевизийн мэдээнд аль болох бага зүйл бичих нь чухал. Чөлөөтэй, оновчтой, цагтаа тохируулж бичих, олон үг нуршихгүй байх. Үг бүр мэдээний жингээс хуваалцах үүрэгтэй гэнэ. Энэ бол маш чухал хичээл байлаа.

Майкл Клементс:
-Петер дахин дахин засварлана. Телепромптер дээр ч засна. Тэр хүмүүстэй мэдээгээрээ ярилцахын тулд тэгж засдаг байсан.

Тод Брьюстер:
-Цаасан дээр тун сайхан харагдаж байгаа зүйлийг ч засна. Уншихад, сонсоход ойлгомжтой болгож байгаа нь тэр.

Стү Шүцмэн:
-Петер өөрөө маш цэвэр тод бичдэг байсан. Илүү үггүй, шууд ойлгогдохоор, маш хялбар бичнэ. Тэр хүүрнэн өгүүлж байхдаа үг бүр, хэллэг бүр, санаа бүр дээр ажиллана. Төгс төгөлдөр хийхийг хичээж дахин дахин засдагсан. Бидэнд сонсгож, уншиж, зөв болтол нь дахин уншиж сонсгоно.

Түүний гараар бэлтгэгдсэн сурвалжлагчид ийнхүү дурсчээ. Тэдний ажиллаж байсан Эй Би Си телевиз Америкт байгаа хүмүүсийн мэдээллийн цорын ганц эх сурвалж биш учраас өөрсдийгөө бусдаас үнэ цэнтэй, ялгамжтай болгохын тулд Петер Женнингс юу болоод байгааг учир холбогдолтойгоор хэлж өгөхөд сурвалжлагчдаа сургадаг байжээ. Өөрөө ч сурвалжлагч хүн ямар ч нөхцөлд үзэгчдэдээ мэдээ хүргэх ёстойг биеэрээ үлгэрлэдэг нэгэн байв.

2005 онд хамгийн сүүлчийн гадаад томилолтоороо тэр Иракт очиж тэр улсын ерөнхийлөгч байсан Саддам Хусейнийг баригдсаны дараах анхны шүүх хурлыг сурвалжлах болжээ. Шүүх хуралд сэтгүүлчдийг оруулна, оруулахгүй гэсэн маргаан гарч байгаад өмнөх өдөр нь гадаадын сэтгүүлчдийг оруулахгүй шийдвэр гарчээ. Эй Би Си-гийнхэн шүүх хурлын талаар сурвалжлахгүй өнгөрөх нь гэж бодоод байж байтал “Гүүд морнинг, Америка” хэмээх өглөөний нэвтрүүлгийнх нь дундуур утасны дуудлага орж ирэхэд нөгөө үзүүрт нь Петер Женнингсийн дуу сонсогдов. Өглөөний хөтөлбөрийн нэвтрүүлэгч Чарли Гибсон “Шүүх хурлыг дүрсэлж чадах уу?” гэж асуухад Петер Женнингс “Тийм ээ Чарли, би чадна” гээд дараах дүрслэлийг хэлсэн байдаг.

“Бидний 16 хүн, нэг шүүгч, шүүхийн бичээчийн сууж байгаа шүүх тасалгаанд  Саддам Хусейн орж ирээд шүүгчээс хол буюу гурван фүүтийн зайд байгаа сандалд суулаа. Нэрийг нь асуухад “Би Саддам Хусейн. Би бол Иракийн ерөнхийлөгч” гэж хэлэв. Тэр маш удаан, гайхсан  байдалтай ярьж байсан. Олон жил хянаж байсан өрөөндөө өөрөө ингэж алхаж орж ирнэ гэж төсөөлөөгүйгээс тэр ингэж гайхширсан болов уу гэж би бодож байна. Тэр ажиглахаар сууж байсан бидний зургаан хүн, шүүгч, Ирак болон бусад орны телевизийн 4-5 камер бүхий өрөөг тойруулан харахдаа түгшсэн, эргэлзсэн байдалтай байв. Дараа нь суухдаа үнэхээр ууртай дүртэй болсон.

Тэр үсээ сайхан зассан, бараан костюм, цагаан цамц өмссөн байна. Гэхдээ зангиагүй.  Сүүлчийн удаа бидний харсантай харьцуулахад үс нь богино, аятайхан самнасан байна. Үзүүрт нь цагаан сор суусан сахлыг нь засчээ. Гэхдээ тэр эхнээсээ л түгшсэн, гайхширсан харагдаж байна.”

Шүүх хурлын танхимын гадна гараад гар утсаараа  түүний дамжуулсан нь энэ. Урд орой нь гадаадын сурвалжлагч оруулахгүйгээр шийдсэн байсан ч Петер шүүх хуралд орж чадсан төдийгүй мэдээ дамжуулах үүргээ гүйцэтгэжээ. Олон жил гадаад орноос сурвалжлага хийсэн түүнийг хаана ч таньж, хүндэтгэдэг байжээ. Тэр Канадын ч биш, Америкийн ч биш дэлхийн сурвалжлагч байсан юм. Тэр нэр хүндээрээ шүүх хурал руу орох эрх авч чадсан байдаг.

Дэлхийн сэтгүүлч

1995 онд Америкийн бүх телевиз цагаан арьст эхнэрийгээ, хамт байсан залуутай нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хар арьст хөлбөмбөгч Оү Жэй Симпсоны шүүх хурлыг олон цагаар тасралтгүй үзүүлж байсан юм. Өрсөлдөгч Эн Би Си телевизийнх нь оройн мэдээний хөтлөгч Том Брокоу “Соёлын хувьд чухал үйл явдал байсан учраас шүүх хурлыг бид нэвтрүүлж байсан. Манай рэйтинг ч өссөн” гэж хэлж байлаа. Харин олон жил дараалан рэйтингээрээ тэргүүлж байсан Эй Би Си-г энэ шүүх хурлын үеэр үзэгчдээ алдсан, рэйтинг нь унасан гэж хэвлэл мэдээллийн шүүмжлэгчид зарлаж байлаа.

Хожим нь арваад жил өндөрт явсан телевизийнхээ рэйтинг унагасан тухай яриа гарахад Петер Женнингс “Үзэгчдээ алдаж магадгүй  гэж айгаад Оү Жэйн адал явдлыг хөөцөлдөх нь хэрээс хэтэрсэн учир би эсрэг зогссон. Өрсөлдөөнт орчинд бид ямар хязгаартайгаар мэдээлэх вэ гэдэг хэцүү асуулт. Зөвхөн энэ хэсэг мэдээнээс болоод өрсөлдөөнөөс хоцорч байна гэдгээ хэрхэн мэдэх вэ? Хэлж байгаа зүйлийнхээ үр дагаврын талаар бодох илүү цаг бидэнд байна уу?” гэж хариулсан байдаг.

Үнэхээр өрсөлдөөний талаар бодоод суух зав тэдэнд байгаагүй юм. Тэр бүх телевизүүд шүүх хурал руу хандсан тухайн үед үзэгчдийнхээ анхаарлыг дэлхийн нөгөө бөөрөнд болж байсан өөр асуудалд чиглүүлж байсан юм. Энэ нь Боснийн хэрэг явдал байлаа. Эй Би Си телевиз 1992-1996 онд Босни, Герцовигонид болж байгаа дайныг тасралтгүй мэдээлж байсан цорын ганц телевиз юм. Хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд анхаарал тавиагүй байхад тэнд болж байсан геноцидийн талаар Петер Женнингс сонирхож өөрөө ч хэд хэд явж тусгай нэтрүүлгүүд хийсэн байдаг. Тэр хожим нь:

-Боснийн эмгэнэл нь ЗХУ-гүй ертөнцөд АНУ гадаад бодлогоо дахин тодорхойлох ёстой болсныг харуулсан. Намжаах бодлого явуулдаг айдас нь намаг балчигт живэх айдас руу чиглэсэн байв. Дэлхийн том гүрэн гадаад бодлогоо айдас дээр суурилуулж болох уу? Жорж Буш дайн нь өөрөө дуусаг гэж үзээд Америкийг зай бариулахаар шийдсэн. Билл Клинтон ч мөн адил. Гэтэл дайн нь өөрөө дуусаагүйгээр барахгүй аймшигт аллагын дараах олон нийтийн хилэн, Цагаан ордонд ямар нэг зүйл хийгээч гэсэн шахалт болсон. Эцсийн эцэст Боснийн эмгэнэл төвөгтэй болж, цус ургасны дараа Билл Клинтон шахалтанд орж арга хэмжээ авсан л даа. Америкийн нүдэн дээр тэр онцгой хэрцгий дайнд хүмүүс мянга мянгаараа үхсэн. Босничуудад маш их гарз учирсан, хөндлөнгөөс нь харж байсан хүмүүс ч хохирсон гэж дурссан байдаг.

Петерийг Боснийг аварсан хүн гэж боддог Дэвид Гелбер “Хэрэв христосчууд, эсвэл еврэйчүүд Европт хэдэн зуун мянгаараа устгагдсан бол дэлхий зүгээр л хараад байж байхгүй байсан. Лалын шашинтнууд алагдаж байсан болохоор тэд зай бариа юу? Петер үүнийг ойлгож байсан бөгөөд Боснийн гол үнэн энэ юм. Лалын шашинтнууд алуулж байхад дэлхий зүгээр л харж байсныг Петер хүмүүсийн анхааралд хүргэхийг зорьсон юм” гэж тайлбарлажээ.

Петер Женнингсийн “Энхийг сахиулагчид: НҮБ Боснид хэрхэн ялагдав?” нэвтрүүлгийн хэсгийг дор толилуулъя.

“Энэ орныг Югослав гэж нэрлэдэг байлаа. Сүүлийн гурван жил энд Нацистын Германаас хойш Европт болж байгаагүй хэрцгий түрэмгийлэл болсныг дэлхий нийт харсан. НҮБ үүнийг зогсоож чадаагүй. 1992 оны хавар Боснийн Засгийн газар Сербийн арми хүмүүсийг нь устгаж байгаагаас аврахыг НҮБ-аас хичээнгүйлэн хүссэн юм. НҮБ татгалзсан. Сербичүүд Боснийн хотоос хот руу очиж аллага, хүчирхийлэл үйлдсэн. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг мянга мянгаар нь хорих лагерьт аваачсан. Олон сая хүн дүрвэн гарсан. НҮБ-ын энхийг сахиулагчид ирэхэд тэнд хамгаалж сахиулаад байх энх тайван байдал нь алга болсон байлаа.”

Европын зүрхэн тус газарт энгийн номхон хүмүүсийг аймаглан устгаж байсныг илчилсэн олон хүний нэг болсон Петер Женнингс асуудлыг олон улсын тавцан дээр гаргаж чаддагаараа ялгарсан юм. Албан ёсны боловсролгүй тэр 25 жилийг олон улсын үйл явдал  сурвалжилж өнгөрүүлсэн билээ. Тэр аялах дуртай бөгөөд бусад орны хүмүүсийн амьдрал, соёл, тэдний даяаршсан нийгэмд оруулж буй хувь нэмэр, асуудал, хэл яриаг сонирхдог нэгэн байв. Тэр үнэхээр дэлхийн сэтгүүлч байлаа.

Иракт дайн эхэлсний дараа 2002 онд Эй Би Си болон түүнийг эх оронч мөн эсэх тухай яриа гарахад энэ талаар Кен Олетта сонирхож ярилцжээ. Петер түүний асуултад:

-Би хийдгээ л хийж байна. Би асуулт тавьдаг. Миний хийдэг ажил энэ. Сэтгэл хөдөлсөн үйл явдлаас болоод би асуулт тавихаа зогсоож чадахгүй. Үй олноор хөнөөх зэвсэг байна уу? Би мэдэхгүй. Бид харах л хэрэгтэй. Үнэхээр тийм зэвсэг байгаа юу, үгүй юу талаар асуух нь, түүнээсээ дүгнэлт хийх нь миний ажил. Түүнээс биш биднийг дэмжээгүй учраас Франц муу орон гэж баталж нотлох миний ажил биш. Харин яагаад АНУ-ын байр суурийг дэмжихгүй байгаа талаар асуух ёстой. Энэ нь Францыг дэмжиж байгаа хэрэг биш. Асуулт асуух нь сэтгүүлчдийн л хийдэг ажил гэж хариулжээ.

Энэ үед 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагад цочирдсон Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Засгийн газрынхаа дуу хоолой болж Иракийн дайныг нэгэн дуугаар дэмжиж байсан билээ. Тэдэнтэй нэгдээгүй болохоор Петер Женнингсийг эх оронч эсэх талаар маргаан үүссэн байна. Сэтгүүлч хүн ямар ч үед сэтгэлийн хөөрөлд авталгүй  ажиллах ёстойг тэр ийнхүү харуулсан юм. Тэр үед Иракт үй олноор хөнөөх зэвсэг байгаа хэмээн албаны эх сурвалж түшин мэдээлж байсан хэвлэлүүд тэр мэдээлэл худлаа байсныг хожим нь мэдээд ёс суртахууны хувьд бүгд эвгүй байдалд орсон билээ.

Соёлтой харилцагч

Петер Женнингс телевизийн сэтгүүлзүйд болж байгаа асуудлуудад маш санаа зовдог байжээ. Тэр нэг ярилцлагадаа:

-Үндэсний хэмжээн дэх ярилцлага гол төлөв чанга хашгирах талбар болж, өшөө хорсол болон хувирч байна. Би гэнэн хүн биш, бүх хүн эвлэн нэгдсэн дэлхий ертөнцийг төсөөлдөггүй. Гэхдээ барууны ба зүүний аль нэг үзлийг сонгож аваад ууртайгаар радио ток шоу, эсвэл сонины тойм хийх хэрэгтэй гэж бодохгүй байна. Асуудлын төвд байгаа хариуцлагагүй хүмүүсийг үүнд оролцуулснаараа бид ямар нэг хэмжээгээр буруутай.  Орчин цагийн холбоо харилцааны систем бусад технологиуд олон нийтийн маргааныг жигшүүртэй шуугиан болгон хувиргаж байна. Үүний үр дүнд манай үндэсний хэмжээний ярилцлага тун ядуурчээ. Эелдэг байх нь зөвхөн нийтлэг ёс журам биш, энэ нь бас санаа бодлыг шударгаар солилцоход болон бидэнд тулгарсан асуудлыг шийдвэрлэх тохиромжтой шийдлийг олох их боломжид хүргэдэг юм гэсэн байдаг.

Петер телевиз дэх соёл иргэншлийн дуу хоолой байлаа. Түүнээс эелдэг хүн байсангүй. Хөмсөг зангидан уурламаар маргаан өрнөхөд “За хүлээж байгаарай. Энэ талаар дэлгэрүүлж ярилцъя” гэж түүнийг хэлэхэд сөргөлдөөн, бүдүүлэг байдал арилна. Энэ тухай Коки Робертс дурсаад “Өнөөдөр телевизийнхэн бие биедээ яагаад бүдүүлэг хандаж байгааг би ойлгодоггүй. Хүүхдүүдээ эелдэг байдалд сургаж ядаж байхад зочдын өрөөнд чинь бүдүүлэг маргаан сонсогдохыг хэн хүсэх билээ дээ” гэж нэмжээ.

Барбара Уолтерс “Камер над дээр төвлөрөхөөс хоёр секундын өмнө Петер огт санаад ороогүй зүйл асууна. Хариултыг нь хайж олох хооронд нүд ирмээд бишрэм инээмсэглээд өнгөрдөгсөн гэж дурсжээ.

Петер Женнингс амьдралынхаа сүүлчийн 22 жил Америкийн сүлжээний гурван том телевизийн нэг болох Эй Би Си-гийн “Дэлхийн оройн мэдээ” хөтөлбөрийг дангаараа хөтлөхдөө мэдээллийн менежментийг хэрхэн хийх ёстойг тодоор харуулж чадсан билээ. Түүн шиг хориод жил ганцаараа мэдээний хөтөлбөрийг удирдсан хүн одоогоор хаана ч гараагүй байна.

А.Оюунгэрэл
2012
 

Monday, December 17, 2012


Семинарын хичээлийн даалгавар

 

Хэвлэл мэдээллийн байгууллагууд судалгааг үйл ажиллагаандаа хэрэглэсэн жишээ олж танилцуулна. Үүний тулд аль нэг редакц дээр очиж холбогдох хүмүүстэй уулзаж ярилцана.

1.       Тухайн байгууллага өөрсдөө судалгаа явуулдаг эсэх:

·         Бие дааж хийдэг үү?

·         Судалгааны байгууллагатай хамтардаг уу?

2.       Хэвлэл мэдээлэлтэй холбоотой судалгааг хэрхэн ашигладаг вэ?

·         Мэдээлэл бэлтгэхэд

·         Ажлаа өөрчлөх, сайжруулахад

3.       Нэг тодорхой жишээ дурдана уу?

·         Ямар байгууллагын хэзээ хийсэн ямар судалгааг яаж хэрэглэсэн

 

Олж ирсэн мэдээллийг www.mongolianjournalism.blogspot.com блогийн саналын хэсэгт 2012 дугаар сарын 20-ны хичээл эхлэхээс өмнө тавина.