Friday, December 18, 2009

Номын нээлтэн дээр хэлсэн үг

Шинэ номын нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхний амар амгаланг айлтгая. Юуны өмнө энэ номыг бүтээхэд биечлэн оролцсон, сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье.

Энэ ном бол цоо шинэ санаа, цоо шинэ онолыг дэвшүүлсэн ном биш ээ. Харин дэлхий дээр олон түмний харилцаа гэж үүссэн цагаас хойш гарч ирсэн онолын үзэл үзэл баримтлалуудыг системтэйгээр, үндэслэлтэйгээр, цэгцтэйгээр монгол хэл дээр тайлбарлаж ойлгуулах гэсэн оролдлого юм шүү.

“Олон Түмний Харилцаа” хэмээх энэ ном сэтгүүлзүйн оюутны хувьд сурах бичиг, хүмүүнлигийн ухааны багш нарын хувьд гарын авлага, нийгэм судлаачдын хувьд онолын тулгуур ойлголт, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд практик үйл ажиллагааных нь тайлбар болох ёстой юм.

Ийм ном хийх санаа нэлээд олон жилийн өмнө төрж “Сэтгүүлч” сэтгүүлийн оньс буланд харилцааны тухайлсан онолын талаар цуврал бичиж эхэлсэн юм. Тухайн үедээ сэтгүүлзүйн багш нарт л зориулж байлаа. Харин өнгөрсөн хичээлийн жилд “Сэтгүүлч” коллежийн төгсөх ангийнханд олон түмний харилцааны онолыг заах болж сурах бичгийн хэмжээнд ашиглах ном хайгаад олсонгүй ээ. Тиймээс хичээлийн сэдэв бүрээр лекц бичиж и-мэйлээр илгээж оюутнууддаа уншуулж байлаа. Тэдгээр лекцээ боломжоор нь дэлгэрүүлэн баяжуулаад номын хэлбэрээр өнөөдөр та бүхний гар дээр тавьж байгаа минь энэ.

Хэвлэлийн Хүрээлэн, түүний дэргэдэх “Сэтгүүлч” коллеж орчин цагийн сэтгүүлзүйн сургалтыг явуулж эхэлсэн цагаасаа л ном сурах бичгийн бэрхшээлтэй тулгарч эхэлсэн билээ. Энэ саадыг давахын тулд олон арга зам хайж байгаагийн нэг нь багш бүр зааж буй хичээлээрээ сурах бичиг гаргахад сургуулийн захиргаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан явдал юм. Гагцхүү тэр ном нь сургуулийн хичээлийн хөтөлбөрийн агуулга, үзэл санаанд тохирсон, сурах бичгийн хэмжээнд ашиглаж болохоор байх ёстой юм. Энэ боломжийг л би бусад багш нараасаа түрүүлээд ашиглачихлаа.

Өнөөдөр Монголын сэтгүүлзүйн дутагдлын талаар нийгэм даяар шүүн хэлэлцэж байна. Тэр бүх дутагдлын үндэс нь явж явж нэг гол шалтгаан тийш хөтөлдөг нь бидний онолын хоцрогдол юм. Бусад ардчилсан нийгэмт улс орноос өч төчнөөн жилээр алслагдсан онолын хоцрогдлоосоо бид өөрсдийн хүч чармайлтаар шургуухан гарах ёстой. Юуны өмнө сэтгүүлзүйн багш нар онолын гүн бат мэдлэгтэй байж л үүнд тусалж чадна. Энэ номыг бичсэн гол шалтгаан энэ ээ.

Сэтгүүлзүйн багш нарыг хэвлэл мэдээллийн оюун санааг бүтээгчид (mind makers of the media) гэж нэрлэдэг билээ. Танхимд номын дуу сонсгодог багш нарын зэрэгцээ хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд ч сэтгүүлзүйн багш нарт зүй ёсоор тооцогддог. Учир нь тэд боловсорч гүйцээгүй шавь нарыг минь хүлээн авч сургалтыг ажил дээр нь үргэлжлүүлдэг юм.

Сэтгүүлзүйн төлөө цохилох зүрхнийхээ хэмнэлийг мэдлэг болгож шингээсэн онолоороо ухамсартайгаар зохицуулахад тань энэ ном тус нэмэр болох болтугай.

Энэ номонд мэдээж би бүх онолын тодорхойлолт, ойлголтуудыг багтааж чадаагүй. Тийм боломж ч байхгүй. Ямар ч байсан суурь гол онолуудыг оруулсан. Өдөр тутам судлагдан баяжиж байгаа Олон түмний харилцааны онолоор энэ номыг дэлгэрүүлэх боломж нээлттэй та бүхэнд байгаа шүү. Нөгөө талаас энэ номын талаар хэлэх санал, шүүмжлэлийг зохиогчид и-мэйл болон блог сайтаар минь дамжуулан хэлж болно.

Монголын сэтгүүлзүйн багш, хэвлэл мэдээллийн судлаачдыг олон улсын хуралдааны индэр дээр, нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүл дээр, Интернэт сайт дээр бусад орныхонтой онолын үндэслэлтэйгээр ана мана мэтгэлцэж сурахад энэ номын агуулга түлхэц өгөөсэй гэж би хүсэж байна.

Зүрх сэтгэлээ оюун санаагаараа удирдахыг гэгээрэл гэдэг. Тиймээс бүгдээрээ олон ном гаргаж гэгээрцгээе.

А.Оюунгэрэл

2009 оны 12 дугаар сарын 18

Monday, December 14, 2009

Ном маань хэвлэгджээ

"Олон Түмний Харилцааны Онол" нэртэй ном маань хэвлэгдэж гарсан тухай Л.Өнөржаргал багш баяртай мэдээ дуулгалаа. "Сэтгүүлч" коллежийнхон номын хурим хийх гэж байгаа талаар ч хэллээ. Ямар ч байсан сэтгүүлзүйн салбартаа хэрэгтэй хэд хэдэн ном бичих санааныхаа эхнийхийг гүйцэлдүүллээ гэж бодож байна. Ном гаргахад ямар их ажил болдгийг мэдэж авлаа. Хүмүүс яаж олон ном ээлж дараалан гаргаад байдаг юм бол оо? Хичнээн олон хүний хөдөлмөр орсон гээч. Редактор, дизайнер, хяналт уншигч бид хэд сүүлийн хэдэн сар хичнээн их и-мэйл солилцсоныг тоолох аргагүй.
А.Оюунгэрэл