Thursday, September 23, 2010

“Сэтгүүлзүйн өдөр”-т оролцсон минь

Эргээд оюутан болсон нэг өдрийн тэмдэглэл

Оюутнууд нь бужигнаж эхлэхийн яг өмнөх долоо хоногт Сиатл хот дахь Вашингтоны их сургуулийн Харилцааны тэнхим тус мужийн ахлах сургуулийн сонинд сурвалжлагч, редактораар ажиллах сурагчдыг хүлээн авч мэргэжлийн хичээлд суулгадаг уламжлалтай ажээ. Энэ жилийнх нь 2010 оны есдүгээр сарын 16-ны Пүрэв гаригт боллоо. Өөр хот, байгууллага руу аялахад сурагчдын эцэг эхээс нь зөвшөөрөл авахаар гарын үсэг зуруулдаг цаасыг уншихдаа энэ талаар мэдсэн юм. Намайг ихэд сонирхож байгааг мэдсэн охин маань “Би багшаасаа асуугаад таныг хамт явах зөвшөөрөл аваадахъя” гэж байна. Ингээд сурагчдыг дагалдаж явах эцэг эхийн тоонд орлоо.

Шовх оройтой готик маягийн улаан тоосгон байшин давамгайлсан кампусын голд орших Коммуникэйншнс гэсэн байшингийн гадаа олон хүүхэд хэсэг бүлгээрэ зогсоно. Охин маань сургуулийнхнаа нүдээрээ хайж байтал англи хэлний багш бөгөөд сонины зөвлөх мисс Девлин хүрч ирээд нэг товхимол өгч:

-Үдээс өмнө өөрсдөө сонгож хоёр хичээлд сууна. Эхний хичээл 9:30-10:20, дараагийнх нь 10:30-11:20-ийн хооронд болно. Үдийн хоолны дараа нийтийн лекцэн дээр 12:30-д бүгд уулзацгаая гэж хэллээ.

Маш олон хичээлийн сэдэв жагсааснаас дөнгөж хоёрыг сонгох төвөгтэй ажээ. Бүгдэд нь л сууж үзмээр байв. Даанч нэгэн зэрэг явагдах тул боломжгүй аж. Ингээд бид хоёр “Дүрсээр эрэн сурвалжлах нь”, “Мэдээ бичихүй” гэсэн хоёр сэдвийг сонгоод их сургуулийн оюутнууд шиг ангиа олохоор явлаа.

Эхний хичээл

Эхний хичээл Сэйвэри Холл гэдэг байранд орох байв. Товхимол дээрх кампусын зургаар төвөггүй оллоо. Хичээлийн байр чив чимээгүй. Багш нарын өрөө нь цоожтой, анги танхим нь эзэнгүй. Харин захиргааны бололтой ганц нэг өрөөнд хүмүүс компьютер шагайж сууна. Урт хонгилоор явсаар 206 тотод ирвэл бараг 200-гаад хүний суудалтай, том дэлгэцтэй танхимын тайзан дээр нэгэн эр цагаан өнгийн Эппль компьютер дэлгэчихсэн зогсож байсан нь бидэнд хичээл заах мултимидиа сэтгүүлч Тим Мацуй ажээ. Тэрээр 37 настай бөгөөд 1991 онд Вашингтоны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэжээ. Өдөр тутмын сонин, гэрэл зургийн агентлаг зэрэг олон байгууллагад ажиллаж байжээ. Харин одоо чөлөөт сэтгүүлчийн хувьд эрэн сурвалжлах чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг юм байна. Мацуй багш олон улсын түвшинд анхаарал татсан хүн хулгайлдаг сэдвээр хийсэн эрэн сурвалжлах ажлаа үзүүлэнгээ мултимидиа сэтгүүлзүйн талаар тайлбарлалаа. Түүний хичээлийг тэмдэглэж авснаасаа та бүхэнд хүргэе.

Мацуй багшийн өгүүлэх нь:

-Миний анхны гэрэл зургийн ажил оюутан байхдаа кафе дотор явцын шалгалтандаа бэлтгэж байгаа оюутнуудын зургийг авахаас эхэлж байсан. Ангийн бусад оюутнууд спортын үйл явдлын зураг авч байхад би яагаад тийм зураг авахаар шийдсэнээ одоо болтол мэддэггүй. Тэр үед гурван хөл дээр зоосон хальстай камераар зураг авахын тулд гэрлээ тааруулах гэж багагүй сандарсансан. Дараа нь дадлагад гарахдаа дунд болон ахлах сургуульд маш их зүйлийг мэдэж авалгүй өнгөрөөснөө ойлгосон. Одоо та нарт үзүүлэх эрэн сурвалжлагыг хийхдээ дунд сургуулийн эрүүл мэндийн хичээл ямар их хэрэгтэйг мэдэрсэн дээ. Та нар хүн хулгайлна гэж юу байдгийг мэдэх үү гэлээ.

Хичээлд сууж байсан хориод сурагчийн нэг:

-Хүнийг өөрөө хүсээгүй байхад нэг газар аваачаад сексийн зорилгоор ашиглахыг хэлнэ гэв.

Багш:

-Өөр газарт хүнийг тээвэрлэж аваачаад худалдахыг хэлдэг юм билээ. Зөвхөн сексийн ч биш ажил хийлгэх зорилгоор ч бас байна. Нэгдсэн Үндэстний байгууллага болон Америкийн байгууллагуудын тодорхойлолтыг уншвал энэ асуудлыг ойлгоход тусална. Гэхдээ яг чухам юу юм бэ гэдгийг өөртөө сайтар ойлгож авахад ийм тодорхойлолт хангалтгүй байсан гээд хэрхэн мултимидиа сэтгүүлч болсноо ярилаа.

Тэрбээр хоёр гол шалтгаанаас мултимидиа сэтгүүлч болжээ. Нэгд, сонинд ажиллаж байхдаа бичдэг сурвалжлагч нар асуудлын өөр өнцгөөс харж, өөр хүн дээр төвлөрдгөөрөө гэрэл зурагчнаас ялгардаг нь мэдэгджээ. Харин мултимидиа сэтгүүлч бол бичвэрээ ч хийнэ, дүрс дууг ч буулгаж авна. Тэгээд ч сурвалжлахуйн үндэс болсон судалгаагаа өөрөө хийнэ. “Өөрийнхөө гаргаж ирсэн асуултыг даган судалгаа хийж явах мөн ч сайхан шүү дээ” гэж Мацуй багш тодотгож байна.

Хоёрт, дижитал аппарат гарч ирсэн үеэс зөвхөн гэрэл зургаар мөнгө олж амжиргаагаа залгуулахгүй нь ойлгомжтой болжээ. Зураг авахад 110 доллар зарцуулаад 15 доллар олох хэмжээнд тулжээ. Засгийн газрын агентлагуудтай хамтарсан төсөл дээр ажиллахад олсон орлогынх нь 60 хувийг авч үлдээд 40 хувийг л өгч байсан байна. Тиймээс тэр Америкт бол ашгийн төлөө бус гэгддэг олон улсад болон төрийн бус гэдэг байгууллагуудтай хамтран ажиллах болжээ. Эрэн сурвалжлах сэдвийг сонгож судлаад төсөл бичиж тэднээс санхүүжилт авахад багагүй цаг зарцуулдаг ч Мацуй багш энэ ажилдаа дуртай.

-Зураг авахын тулд хүмүүстэй маш түргэн зуур харилцаа үүсгэх ёстой. Зургийг нь авах хүнтэй би дунджаар найман минутын дотор итгэлцэх харилцаа үүсгэж чадна. Гэтэл хүн хулгайлдаг энэ төвөгтэй асуудлыг сурвалжлахдаа зураг авах хүртэл таван долоо хоног зарцуулсан. Төрийн бус байгууллага л тэнд надад тусалсан. Төрийн бус байгууллагынхан л эх сурвалжуудын маань л итгэлийг надаас түрүүлж олж авч чадаж байлаа. Та нарт үзүүлэх энэ видеог авахад тусалсан ТББ-ыг Тайландын нэгэн караоке баарны үйлчлэгч нарын нүүрийг будах ажил эрхэлж байсан эмэгтэй байгуулсан юм. Тэр бааранд залуу охидыг үйлчлэгчээр аваад эрэгтэй үйлчлүүлэгчдийг өдөж айлгүйтэх замаар биеэ үнэлэх үүрэг тулгадаг байжээ. Тэр эмэгтэй нүүр буддаг ажлаараа дундаж цалингаас зургаа дахин их хөлс авч байсан ч нэгэн удаа сургалтад хамрагдсаныхаа дараа үйлчлэгч залуу охидыг тэндээс холдуулах зорилго бүхий ТББ байгуулахаар шийджээ. Тайландад биеэ үнэлэхийг хуулиар хориглодог ч янз бүрийн аргаар ийм үйлдвэрлэлийг явуулдаг байна. ТББ-уудтай нь холбоо тогтооход гурван жил болсон. Орон нутгийн хүмүүстэй ажиллахын тулд тэндэхийн ТББ-тай холбогдох нь тун чухал. Сошиал нэтвөркинг сайтууд их тус болсон гэлээ.

Тэрбээр эрэн сурвалжилсан мултимидиа бүтээлийн зураг авахад урьдчилан судалгаа хийх болон орон нутгийнхантай холбогдох тун чухал гэдгийг дахин дахин онцолж судалсан зүйлээсээ хуваалцлаа. Өдрийн цагаар очоод ТББ-ынхан танилцуулж өгөхөд асуудал бага үүсдэг байна. Тэр Кампучи, Вьетнамаас хулгайлагдаж ирсэн охидтой дайралджээ. Олон жил хямрал зөрчилд байсан тэдгээр оронд амьдрахын төлөө үр хүүхдээ худалдаж болдог ойлголт бараг нийтийн хэм хэмжээ болон тогтжээ. Африкт “цуст алмааз” гэгддэг зөрчил он удаан үргэжилснээс мөн хүн хулгайлан худалдах асуудал өргөн дэлгэрчээ. Олон улсын Хөдөлмөрийн байгууллага энэ асуудлын үндэс нь хүнийг боолчлох гэсэнтэй холбоотой гэж үздэг. Зарим эрчүүд буурай орны ядуу гэр бүлийг харж үзэж байгаа дүр үзүүлж “Бүх асуудал надаар дамжина” гэсэн ойлголт төрүүлдгийг “хүргэний орчин бий болгох арга” (groomy environment) гэдэг юм байна. Уулзсан охидын олонхи нь эцэг эх нь тэднийг өөр хүнд худалдсан тухай ярьж байжээ. Ээж нь хөршдөө худалдсан Кампучи охины тухай энэ линкийг дарж үзээрэй. http://timmatsui.com/multimedia-portfolio/cambodia-srey-neth/

ДОХ авснаа ч мэдэлгүй явсан энэ охин ТББ-ынхантай уулзсаны ачаар өөртөө итгэх итгэл олж аваад бусад охидод тусалж байгаа тухай ярихад хамар шархираад явчихсан шүү.

Мацуй багш:

-Мултимедиад ажиллаж байгаа хүн багаар ажиллах, судалгаа хийх, бичих ажиллагааны ур чадвар эзэмшиж мэргэжилтнүүдийн туслалцаа авч сурах шаардлагатай. Мөнгө их зарцуулдаг ажил шүү гэж хэллээ. Түүний компьютер 2500 доллар, ашигладаг программууд нь 900 долларын үнэтэй ажээ. Тэр Canon 5DMKII HDSLR аппаратаар зургаа авдаг. Сайт нь: www.timmatsui.com Орж бүтээлээс нь сонирхоорой.

Хоёр дахь хичээл

Арван минутын завсарлагаагаар амжиж Коммуникэйшнс байрны 226 тоот ангид ирлээ. Халзан толгойтой хижээл насны эр ширээ түшин зогсож байгаа нь “Мэдээ бичихүй” хичээл заахаар уригдсан Билл Шийтс юм байна. Битүү захтай хар цамцан дээр хар сааралдуу пиджак өмсчээ. Тэрбээр:

-Би сонины бизнест 25 жил болж байна. Одоо бол Вашингтон мужийн Эверет хотын Хералд сонинд тээвэр ба байгаль орчны сурвалжлагчаар ажиллаж байна. Манай сонин 55 мянган захиалагчтай. Байгаа цаг хугацааныхаа боломжоор үнэнийг гаргаж ирдэг учраас би сэтгүүлчийн ажилдаа дуртай. Би Пи Ар-ын ажил хийж үзсэн. Үнэнийг хэлж болдоггүй ажил юм билээ. Тиймээс орхиод сониндоо буцаж ирсэн. Сэтгүүлчийн ажилд би хоёр шалтгаанаар би дурладаг. Нэгдүгээрт, сэтгүүлч хүний цэгц чанар. Үнэнийг хэр хэмжээгээр хэлж чадах нь тухайн сэтгүүлчийн цэгц чанараас ихээхэн шилтгаалдаг. Хоёрдугаарт, сэтгүүлчийн хуримтлуулдаг туршлага. Бусад мэргэжлийн хүмүүст байхгүй их туршлагыг сэтгүүлч хүн хуримтлуулдаг. Би багш биш болохоор яриад баймааргүй байна. Та бүхэн асуу би хариулъя гэлээ.

Угаасаа ч Америкт бага, дунд, ахлах, дээд аль ч сургуульд Сократын арга буюу асуулт тавих замаар мэдлэг олж авах арга давамгайлдаг учир ийм аргад дассан сурагчид шууд л ээлжлэн асууж эхлэв. Зарим асуулт хариултыг хөрвүүлье.

-Та ажлын ердийн өдрөө зураглана уу?

-Зарим өдөр 3-4 сэдвээр мэдээ сурвалжлага бичих шаардлага гарч оволзоно. Зарим үед ганц мэдээ бичиж тайван өнгөрнө. Олон мэдээтэй өдрөө зарим нэгийг нь өөр хүнд шилжүүлэх ч хэрэг гарна. Гадуур их явна. Зарим үед байгууллага, хүмүүсээс ирсэн и-мэйлийг шүүхэд мэдээний сэдэв олддог. Утсаар мэдээлэл авахад цаг их зарцуулдаг. Хамгийн сүүлд нарны эрчим хүчний үүсгүүр хулгайлагдсан тухай бичсэн. Тэр мэдээг анх редакцид холбосон цагдаагийн радио мэдээний долгионоор барьж авсан. Ажлын цаг 10:00-6:30 хүртэл эсвэл үдээс хойш нэг юм уу хоёр цагаас үдэш хүртэл үргэлжилдэг.

-Та ямар цалин авдаг вэ?

-Ийм асуултад би хариулдаггүй л дээ. Гэхдээ та нарыг хамт ажилладаг хүмүүст минь хэлэхгүй гэж бодоод хэлчихье (Инээв). Би жилийн 35 мянган долларын цалинтай. Бага цалин л даа. Гэхдээ би ажилдаа дуртай. Анх энэ их сургуульд улстөр судлалаар сурч байхад минь профессор маань намайг “Сайн бичдэг юм байна” гэж урамшуулахад сургуулийнхаа эрхлэн гаргадаг Дэйли Ньюс сонинд ажиллаж эхэлснээр сэтгүүлзүй рүү орчихсон юм шүү дээ. Их үйлсийн төлөө явдаг учраас сэтгүүлзүйд би дуртай. Хэвлэмэл хэрэгслийн зар сурталчилгаа багасаж байгаа учир орон нутгийн сонин сурвалжлагч, редакторуудаа сайн цалинжуулж чадахгүй байгаа. Гэхдээ би сонин мөхөхгүй гэдэгт итгэлтэй байдаг.

-Та ямар машин унадаг вэ?

-Хонда. Өмнө нь Доож Неон унаж байлаа. Уг нь био түлшээр ажилладаг машин авах гэсэн боловч арай үнэтэй байсан юм.

-Био түлшээр ажилладаг машиныг залгаж цэнэглэдэг үү?

-Тийм. Цэнэглэгч нь машинтай хамт ирдэг юм. Түүнийг гараашдаа байрлуулчихаад залгах ёстой.

-Ажилдаа баримталдаг гол зарчим тань юу вэ?

-Нийтийн аюулгүй байдалтай холбоотой бүхнийг чухал гэж үздэг. Сэтгүүлч хүн өөрийгөө нэг тал руу хазайхаас сэргийлж байх ёстой. Би тэнцвэрийг барьж сурах тал дээр өөртэйгөө байнга ажилладаг. Үзэл бодолтойгоо байнга тэмцэнэ. Манай редактор дэлхийн уур амьсгал дулаарч байгаад итгэдэггүй. Эргэн тойрны уулын мөнх цас хайлаад байхад шүү. Гэсэн ч бид дэлхийн дулаарлын талаар бичиж л байгаа.

-Та сонирхлын зөрчилд ороод ёс зүйн ямар шийдэл хийж байсан уу?

-Олон тохиолддог л доо. Шууд санаанд орж байгаа нэг тохиолдлыг ярья. Эверетт хотын өмнө хэсэгт нийтийн тээвэр явдаггүй юм. Тэгээд тэнд жижиг онгоцны буудал барих санал гарч ирлээ. Эхлээд хэрэгтэй санал шиг санагдаад оршин суугчидтай ярьсан чинь чимээ шуугиан үүснэ гээд дийлэнх нь дургүйцлээ. Тэгэхээр нь өөрөө тэнд нүүж очоод амьдарч нийтийн унаа хэрэгтэй гэдгийг батлахаар шийдлээ. Гэтэл амьдарсан газраа дасаад тэр амгалан тайван орчинд шуугиан үүсгэх зүйл оруулж ирэх хэрэггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Нэгэнт нутгийн оршин суугч болсон болохоор тэдний талыг барьсан материал гаргавал сонирхлын зөрчил болно гэж бодоод редактортайгаа зөвлөвөл хэвлэх шийд өгсөн юм.

-Сэтгүүлчийн өдөр тутам анхаарах зүйл юу вэ?

-Сонгуулиар гарч ирсэн албан тушаалтнуудыг нүд салгахгүй харж байх нь чухал. Үргэлж худлаа ярьдаг хэрнээ сонгуульд өрсөлдөх дуртай нэг хүн байлаа. Намаа сольж сонгууль бүрт өрсөлдсөөр нэг удаа ус сувгийн газрын даргаар сонгогдчихлоо. Сонгогдсон дүүрэгтээ амьдрах ёстой атал өөр газар найз бүсгүйтэйгээ амьдраад байсан юм. Түүнийг тэр газраас хүчээр нүүлгэх шүүхийн шийдвэрийг биелүүлэх өдрийн өглөө сурвалжлагчид гадаа нь зогсож байтал тэр нэлээд шартсан хүний дүртэй гарч ирээд цэргийн ёсолгоо хийчихээд буцаад орчихсон. Араас нь дагаж ороход нэг өрөөндөө шигдчихээд гарч ирэхгүй байсан. Хонгил нь хураасан сонин, нохой муур, тэдний ялгадсаар дүүрсэн байсан нь бүр гайхашрал төрүүлсэн. Бид бүх зургийг нь аваад сонинд тавьж байсан. Албан тушаалтнууд ч нийтийн төлөө зүтгэж байгаа тул цэгц чанартай байх ёстой шүү дээ.

-Залуу сэлгүүлчдэд та юу зөвлөх вэ?

-Хурдан бичиж сурах хэрэгтэй. Сэтгүүлчид хурдан бичдэг. Бичихдээ тэмдэглэснээ бүү хар. Толгойдоо байгаагаа буулга. Тоо баримтыг санахгүй бол олон цэг тавьж зай орхиод санаагаа бичээд бай. Дараа нь тэмдэглэлээсээ тоог хараад тавьчихаж болно. Мэдэж байгаа бүхнээ бич. Тэгээд бүтцэд оруулж дараа нь тэмдэглэлийн дэвтрээ хар. Бодож санаснаа буулгасны дараа асуулт хөврөөд ирдэг юм гэж Билл Шийтс багш хэллээ. Түүний ажилладаг сонины сайт нь www.heraldnet.com юм байна. Ингээд хичээл дууссаны дараа оюутны гуанзанд орж хооллочихоод нийтийн уулзалтад ирлээ.

Нийтийн уулзалт

Сиатл Таймс сонины ерөнхий эрхлэгч Суки Дардариантай сурагчдыг уулзуулахарр төлөвлөжээ. Вашингтон мужийн ахлах сургуулиудаас ирсэн 600 гаруй сурагч, багш эцэг эхчүүдийнхээ хамт Кэйн холл хэмээх лекцийн их танхимыг дүүргэсэн байлаа. Суки Дардариан танхимыг нэгэнтээ тойруулан хараад:

-Энд цугласан та бүхнийг хараад сэтгүүлзүй мөхөөгүй юм байна гэж бодогдож байна. Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны хувьд би олон газарт, үүнээс олон хүний өмнө үг хэлж байсан ч өнөөдөр сэтгүүлзүйд хувь нэмрээ оруулсан нэртэй алдартай хүмүүс үгээ хүргэж байсан, тэдний сэтгэл нь хоргодсон Кэйн холл хэмээх энэ танхимд ирсэн та нар сэтгүүлзүй урьд өмнөх үеэсээ ч илүү амьдлаг болж байгааг харуулах гэрч болж байна. Би яриагаа сэтгүүлзүйн үнэт арга хэрэгсэл болсон хүүрнэх аргыг ашиглан нэгэн үйл явдлын мэдээний түүхийг өгүүлье. Энэхүү үйл явдлын мэдээлснэээр Сиатл Таймс сонин 2010 оны Пулитцерийн шагналыг шуурхай мэдээний ангиллаар хүртсэн юм. Сонин хичнээн олон арга замаар нэг үйл явдлын талаар мэдээлж болохыг манай редакцийнхан харуулсан юм гэж хэлээд хүүрнэлээ эхлэв.

2009 оны 11 дүгээр сарын 29-ний ням гаригийн өглөө Вашингтон мужийн Лэйквүүд хотын кофений жижигхэн газарт цагдаагийн дөрвөн ажилтан ээлжиндээ гарахаар бэлтгэж байлаа. Гурав нь ширээн дээр зөөврийн компьютер дээрээ мэдээлэл шалгаж, нэг нь лангууны дэргэд кофегоо аягалуулж байв. Гэтэл найман цаг 15 минутын үед буу барьсан хүн орж ирээд тэднийг шүршжээ. Нэг цагдаа нь шархадсан хэдий ч буугаа гарган хариу буудаж эсэргүүцээд нөгөө этгээдийг дийлэлгүй алджээ. Ингээд дөрвөн цагдаа алсан хүнийг эрэн сурвалжлах дөичн цагийн ажил муж даяар эхэлсэн юм.

Энэ үйл явдлыг сурвалжлахын тулд Сиатл Таймс сонины эрхлэгч дөрвөн редактортаа дор бүрд нь чиглэл өгсөн байна. Тэр чиглэлийн дагуу сурвалжлагчдаа баг болгон ажиллуулжээ. Эхний редакторын хариуцсан баг сэжигтнийг олох ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл цуглуулж мэдээлэх, хоёр дахь баг амь үрэгдсэн дөрвөн цагдаагийн талаар сурвалжилж бичих, гурав дахь нь сэжигтний нэртэй холбоотой эд хөрөнгийн бүртгэл, утасны ярианы мэдээлэл зэргийг олж мэдэх, дөрөв дэх багийнхан сэжигтэн хэрхэн суллагдсаныг шүүхээс олж мэдэх чиглэлээр ажиллажээ.

-Ингэхдээ бид уламжлалт болон эрэн сурвалжлах сэтгүүлзүйн судалгааны аргыг ашиглах, ёсзүйн шийдэл хийх, редакторлах, бичих, зураг авах, вэб сайт хийх, нүүрийн дизайн хийх, зурах, чимэглэх гээд сэтгүүлзүйн үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л хэлбэрийг ашигласан гэж ерөнхий эрхлэгч Суки Дардариан хэлэв.

Дөрвөн хүний аминд хүрсэн сэжигтэн Марис Клеммонсийг эрэн сурвалжлах ажиллагаа нийтдээ 40 цаг үргэлжлэхэд Сиатл Таймсынхан болж байгаа зүйлийг вэбсайт болон хэвлэмэл сониноороо тасралтгүй мэдээлж байлаа. Хэн нэгэн сурвалжлагч цагдаагийн радио долгионыг байнга сонсож байхаар хуваарилж, нэг гэрэл зурагчин онлайн дээрх зургийг цаг тутам солих үүрэг хүлээж, нэг хүн и-мэйл чатаар хүмүүстэй холбогдон мэдээлэл авч, нэг редактор цагдаагийнхантай холбоо барьж байлаа. Сэжигтнийг отож байсан нэг байрны тагтан дээр камераа агсан зогсож байсан гэрэл зургийн сурвалжлагчийнхаа байрлалыг өөрчлүүлээч гэж цагдаагийнхан ерөнхий эрхлэгч рүү утасджээ. Ажиг авахуулж магад гэж үзсэн нь тэр байж. Иргэдийн чатаар өгсөн мэдээллийн дагуу цагдаагийнхан дор нь шалгаад сэжигтэн тэнд байгаагүй тухай хариу өгч байлаа. Эд хөрөнгийн бүртгэлээр хамаатан садных нь хүмүүсийг амархан олж, тэд сэжигтэнд туслаад зугтаалгаад байгаа нь мэдэгдсэнийг нийтэд мэдээлэв.

Шуурхай мэдээллийн явцад сэжигтэн Марис Клеммонс Арканзас мужийн захирагчийн өршөөлөөр шоронгоос хэд хэдэн удаа суллагдсаныг олж мэдэв. Тэр үед тус мужийн захирагч байсан Майк Хакабийгийн ажлын арга барилтай ч холбогдоод ирэв. Учир нь тэр Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших кампанит ажлын үеэрээ маш олон хоригдлыг өршөөлөөр сулласан байв. Түүнчлэн Арканзас мужийн шүүх Вашингтон мужийн шүүхүүд хоорондоо энэ хүний талаар огт мэдээлэл солилцоогүй байсан нь шүүхийн систем харилцан уялдаагүйг харуулав. Дөрвөн цагдааг буудсан өдрөөс зургаан хоногийн өмнө Марис Клеммонс дүүргийн шүүхээс барьцаагаар суллагдсан байжээ. Дүүргийн шүүх сэжигтний гэр бүлийнхний хүсэлтээр хэргийн бичиг баримтыг өгөхгүй байсан тул Сиатл Таймс “Мэдээллийн эрх чөлөөний хууль”-ийн заалтын дагуу нээлттэй мэдээллийг нэхэмжлэх зарга үүсгэж АНУ-ын Дээд Шүүхэд ханджээ. Сэжигтнийг эрэн сурвалжлах үйл ажиллагааны мэдээлэл түүнийг замын цагдаад буудан алуулснаар дууссан ч энэ үйл явдалтай холбоотой мэдээлэл өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа ажээ.

Суки Дардариан эцэст нь хэлэхдээ:

-Хэдийгээр бид хүмүүсээ цөөлж, байраа багасгаж байгаа ч өнөөдөр бидэнд хүртээмжтэй байгаа арга хэрэгслүүдийг ашигласнаар сэтгүүлзүйг бид урьд өмнөхөөс ч илүү амьд болгож чадаж байна гэсэн юм.

Хэвлэмэл болон онлайн мэдээллийг хослуулж хийсэн тэдний шуурхай мэдээлэлтэй дараах сайтаас танилцаарай.

http://www.pulitzer.org/works/2010-Breaking-News-Reporting

http://seattletimes.nwsource.com/html/localnews/2010393433_webarrest01m.html

Нэмэлт үйл ажиллагаа

Нийтийн лекцийн дараа “Бичих эрхийхээ төлөө тэмц” холбооныхны ярианд сайн дураараа үлдэгсдийн тоонд орж сонслоо. Сиатлийн урдхан оршдог Пьюлап хотын гурван ахлах сургуулийн сонины эрхлэгч гурван охин индэр дээр гарч ирээд байгууллагынха зорилгыг тайлбарлаж, үе тэнгийнхнээ нэгдэхийг хүслээ. Тэдний яриа нэгэн түүхтэй холбоотой.

Пьюлап хотын Эмиральд Рийж ахлах сургуулийн Жагвайер сонин 2008 оны хоёрдугаар сарын нэг дугаартаа сурагчдын дунд аман секс дэлгэрч байгаа тухай сургуулийнхаа дөрвөн сурагчийн яриаг үзэл бодлын буландаа хэвлэжээ. Нэр дурдагдсан оюутнууд яриа авсан сурагч-сурвалжлагч нэрийг маань зөвшөөрөлгүй дурдсанаас нэр хүнд унасан хэмээн зарга үүсгэж сониныг санхүүгийн хувьд дэмждэг хэвлэн нийтлэгч нь болох Дүүргийн Боловсролын газрыг шүүхэд өгч нийт долоон сая доллар нэхэмжилжээ. Шүүхийн үйл ажиллагааны явцад сурагч-сурвалжлагч тэднээс зөвшөөрөл авсан гэдэг нь батлагдсан бөгөөд сурагч-сурвалжлагчдаас бүрдсэн редакц агуулгынхаа талаархи шийдвэрийг өөрсдөө гаргах нь хэвлэлийн эрх чөлөөг хангана гэж үзсэн тул тангарагтны шүүгчид 10:2 гэсэн харьцааны саналаар Дүүргийн Боловсролын газрын талд шийдсэн байдаг. Үндсэн Хуулийн эрхтэй холбоотой асуудал хөндөгдсөн энэ заргын талаар сэтгүүлзүйн салбарынхан судалдаг болсон байна. Гэтэл шүүх хурлаас хойш Дүүргийн Боловсролын Газар ахлах сургуулийн сонины материалуудыг захирлууд нь уншиж байх шийдвэр гаргажээ. Ингэж цензур тогтоохын эсрэг Пьюлап хотын бүх ахлах сургуулийнхан нэгдэж “Бичих эрхийхээ төлөө тэмц” холбоог байгуулсан юм байна.

Энэ холбоо Вашингтон мужийн сенаторуудыг лоббидож сургуулийн сонины агуулгыг захиргаанаас хянахгүй байх, сонины зөвлөгч болж ажилладаг багш нарт сонины агуулгаас болж захиргааны арга хэмжээ авахгүй байх, сурагч-сурвалжлагчдаас бүрдсэн редакц агуулгын бүх шийдвэрийг гаргадаг байх зэргийг багтаасан заалт бүхий хуулийг мужийнхаа хууль тогтоох байгууллагын хоёр танхимаар хэлэлцүүлж батлуулах гээд зүтгэж байгаа юм байна. Үүндээ л бусад хотын сургуулийнхныг нэгдэхийг хүсчээ. Тэдний үйл ажиллагаатай танилцъя гэвэл дараах сайтад зочлоорой. www.fightfortherighttowrite.com

Мэргэжлийн сэтгүүлчдийг бодвол сургуулийн сониныхон илүү дарамтад ажиллаж, их цензурт өртдөгийг ойлгож авлаа. Нэр томьёо нь ч өөр юм. Редакц нь өөрсдөө шийдвэрээ бүрэн гаргадаг нийтэд нээлттэй сониныг “нээлттэй индэр”, захиргаа буюу хэн нэгэн эсвэл бүлэг агуулгад нь хэсэгчлэн хяналт тавьдаг бол “хязгаарлагдсан индэр”, бүрэн хяналтад байдаг бол “хаалттай индэр” гэх жишээтэй. Өөр мужид ч үүнтэй төстэй асуудал үүсэж байсныг охид дэлгэрэнгүй тайлбарласан. “Хязгаарлагдмал индэр” болоод байгаа Жагвайер сонины эрхлэгч охины нэгэн материалыг гаргахыг зөвшөөрөөгүй тул хэвлэгдэх байсан зайн дээр нь томоо гэгчээр “Энэ материалыг цензурдэв” гээд бичээд хэвлүүлсэн байна. “Ийм зүйл та нарт бүү тохиолдоосой гэсэн үүднээс хамтрахыг уриалж байна” гэж тэр хэлсэн юм.

А.Оюунгэрэл

Жич: Хэвлэлийн эрх чөлөөний төлөө бага залуугаасаа ингэж тэмцэж байгаа хүүхдүүдийг харах үнэхээр бахархмаар байлаа. Хэдэн жилийн өмнө Соросын сангийнхан сургуулийн сонины төслийн хүрээнд нэгэн гарын авлага гаргасныг МУИС-ийн сэтгүүлзүйн нэг багш шүүмжлэх явцдаа “Сургуулийн сонин гэж байдаг юм гэнэ ээ” гэж ирээд л бичсэн байсныг энэ өдөр би тод саналаа. Тэр багшийг энэ танхимд суулгаад сургуулийн сонин гэж байдаг юм, сурвалжлагч нар нь ингэж тэмцдэг юм гэж харуулмаар санагдсан шүү.