Monday, May 2, 2016

Хамгийн сүүлд Л.Өнөржаргал багштай энэ жил  хамтарч бичсэн сэтгүүл зүйн шүүмжээ тавьж байна. 
А.Оюунгэрэл

“Цагийн хүрд” хэрхэн эргэж байна вэ?

Сар шинийн баярын үеэрх “Цагийн хүрд” нэвтрүүлгүүд яг л социализмын үеийн мэдээний хөтөлбөрийг санагдуулж байлаа. Улсын сайн малчин эсвэл тэргүүний тариаланч болсон айлд албаны хүмүүс очиж шагнал гардуулж байгаа дүрс давтан хөвөрсөөр ... Социализмын үед л ингэж улсын аварга болоход зориуд зохион байгуулсан арга хэмжээнүүд болж, дарга нарыг дагаж очсон сэтгүүлчид үйл явдлыг нь аль болох гоёчлон харуулах гэж оролддогсон. Сэтгүүлчдийн бичсэн мэдээ нь бүгд “протоколын” гэгддэг тул “Юу, хэзээ, хаана ?” гэсэн гурван асуултад хариулахад хангалттай байсан.

Энэ жил монголчууд золгож байхад “Цагийн хүрд”-ээр яг тийм мэдээнүүд ар араасаа давтагдав. “Улсын аварга болсон тэр аймгийн тэр сумын тэр багийн малчин тэрэнд тэр дарга шагнал гардуулж байна” гэсэн утгатай. Өөр ямар ч асуудал тусгасан өнцөг байхгүй. Мэдээг ялгаруулж буй гол зүйл нь тухайн хүний ажлын амжилтыг харуулсан тоо баримт. Мөн дүрсээр харуулж буй өөр өөр айлуудын тавилга, идээ будаа, хувцас, газар орны байдал. Эрхбиш малчид өөр орон нутагт, өөр үүлдрийн, өөр тоо хэмжээний мал хариулж байгаа болохоор тэр үзүүлэлтүүд нь ялгаатай аж. Тариаланчид ч янз бүрийн сортын ургамал, янз бүрийн газарт, янз бүрийн хэмжээгээр тариалдаг тул хэлж байгаа тоо баримт нь өөр байв. Тэдгээр тоо баримтыг тус бүрт нь ухаж судалбал тухайн хүн хэрхэн яаж амжилтад хүрсэн, гол шийдвэрүүдээ яаж гаргасан, яагаад чухам тийм шийдвэр гаргасан гэдгийг олж мэдээд асуудал тусгасан мэдээний хэдэн ч өнцөг гаргаж ирж болохоор. Угтаа бол тийм л мэдээлэл хүмүүст илүү хэрэгтэй билээ.

Мэдээллийн хэрэгсэл болохынхоо хувьд аль ч телевиз олон түмнийг мэдээллээр хангах үүргийг хүлээдэг бөгөөд сэтгүүл зүйн эл үүргээ биелүүлэхийн тулд бүгд тусгайлсан мэдээллийн хөтөлбөртэй байдаг билээ. Харин арилжааны телевизүүд аль болох хүмүүсийн хүссэн мэдээллийг (news they want) өгнө гэсэн тайлбартайгаар мэдээллийн хөтөлбөрийн бодлогоо тодорхойлдог бол олон нийтийн телевиз хүмүүст хэрэгтэй мэдээлэл (news they need) өгөх үүрэгтэй байдаг. Энэ үүргийг “Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн 3, 4, 5, 9 дүгээр зүйлүүдэд тодорхой тусгасан байдаг. Хуулийн эдгээр заалтууд мэдээллийн хөтөлбөрт нь огт хэрэгжихгүй байгааг сар шинийн үеийн “Цагийн хүрд” харууллаа.

Олон нийтийн эрх ашигт бүхий л үйл ажиллагаагаараа түүний дотор мэдээллийн хөтөлбөрөөрөө ч үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл олон нийтийн телевизийн мэдээллийн хөтөлбөр нь ардчилсан нийгэм дэх сэтгүүл зүйн манлайлах үүргийг товойлгон харуулах ёстой байдаг. Тиймээс мэдээ нь хүмүүсийн цаашдын амьдралд хэрэгтэй, зайлшгүй чухал сэдэв, шийдвэрлэх асуудлыг тусгасан өнцөгтэй, чөлөөт сэтгүүл зүйн бүхий л зарчим, шаардлагын дагуу хийгдсэн байх ёстой бөгөөд түүгээрээ сонгодог сэтгүүл зүйн жишгийг тогтоодог. Энэ нь ч МҮОНРТ эрхэм зорилгод “Бид Монгол үндэстний онцлогийг илэрхийлсэн, олон нийтийн эрх ашгийг дээдлэгч, хараат бус, бие даасан, өргөн нэвтрүүлгийн мэдээллийн салбарт тэргүүлэгч байна” гэж уг нь тодорхой тусчээ.

Тэргүүлэгч байна гэдэг бол цаг үргэлж ямагт зарчмаа барьж, тогтоосон жишгээсээ ухарч няцахгүй байж, тэр л стандартаараа “Цагийн хүрд” эргэлдэх учиртай. Баяр ёслолын үеэр жишгээсээ хазайж, стандартаа бууруулаад байж болохгүй. Эхний мэдээнээсээ авахуулаад мэдээллийн хөтөлбөрт байгаа бүхий л мэдээ тодорхой санааг илэрхийлсэн өнцөгтэй, тухайн өнцөгт илэрхийлсэн санааг нь бүрэн тайлбарлахуйц хэн, хэзээ, юу, хаана, хэрхэн яаж гэсэн зургаан асуултад хариулт бүрдүүлэх баримт нотолгоотой, эх сурвалжийг тэнцвэртэй ашигласан гээд л мэдээний бүх шалгуурыг хангасан байх учиртай.  

Гэтэл дээр дурдсан мэдээнүүд нь сэтгүүл зүйн наад захын шаардлагыг хангахгүйгээр барахгүй зарлалаас ялгарахгүй байгаа учраас мэдээ хэмээн үзэж задлан шинжлэхэд үнэхээр учир дутагдалтай байна. Тиймээс зөвхөн мэдээнд тусгасан өнцөг, ашигласан эх сурвалжийн талаас нь авч үзээд яагаад иймэрхүү мэдээ хийж болохгүйг тайлбарлах л үлдэж байгаа юм. Нэгэнт сэтгүүл зүйн шалгуурт нийцсэн мэдээ биш учраас мэдээллийн багтаамж, дүрс ба бичвэрийн зохицол, хэл найруулгын чадвар, үргэлжилсэн хугацааны талаар хөндөх ч хэрэггүй.
Протоколын мэдээнүүд үйл явдлын араас явж юу болсныг л харуулдаг учраас асуудал тусгадаггүй. Тэр тусмаа баяр ёслол, хурал цуглаан, шагнал гардуулах үйл явдлыг харуулж байгаа бол тэр тухай мэдээ нь зохион байгуулагч, оролцогч нарыг нь танилцуулсан сурталчилгаа л болон хувирдаг. Ийм тохиолдолд сэтгүүлч өнцөг сонгох, эх сурвалж хайхаас эхлэн мэргэжлийн ур чадвараа харуулсан онцгой шийдлүүд хийхгүй. Учир нь үйл явдал болж байгаа газар бүх оролцогчид нь бэлэн, сурталчлуулах гээд хүлээж байдаг. Тиймээс ийм мэдээ бүхий мэдээллийн хөтөлбөрийн хувьд сэтгүүл зүй нийгэмд манлайлах үүргээ гүйцэтгэж буй эсэх талаар ярих ч шаардлагагүй.

Болж өнгөрсөн дараах зүйлсийг л үзэгчид эдгээр мэдээнээс мэдэж авч байна. Үүнд:
·       -  Монгол орны мал сүрэг 56 саяд хүрсэн.
·       -  118 хүн “Улсын сайн малчин” болсон.
·       - Гурван иргэн, нэг хоршоо “ Улсын тэргүүний фермер” болсон.
·       -  21 аж ахуйн нэгж “Улсын тэргүүний тариаланч хамт олон” болсон.
·        -21 ногоочин, механикжуулагч “Улсын тэргүүний тариаланч” болсон.
·        - Засгийн газар эдгээр хүмүүсийг тусгай болзлоор шалгаруулсан.
·         -Засгийн газар малчны зээлийн хүү жилийн 29,5 хувь байсныг 18 хувь болгож бууруулсан.
·        - Аймаг бүрт албаны чухал хүмүүс очиж шагналыг нь гардуулсан.
·         -Энэ жил малчдын гэргий нарт нь аваргын тэмдэг, шагналыг хамт өгч байгаа.
·        - Айл бүрд идээ будаатай ширээний ард, шинэ дээлтэйгээ зогсож байгаад хүмүүс шагналаа авсан.

·         МҮОНРТ бас “Алтан төл”-ийн эзэн гэж шагнал гардуулдаг гэсэн мэдээллийг авч байна.
Алга дарам цаасан дээр хэвлэлийн мэдээлэл болоод буучихаар, эсвэл байгууллагын цахим хуудсанд байрлуулчихаар, үгүй бол нийгмийн сүлжээгээр мессеж болоод дорхноо тарчихаар ийм мэдээллүүд мэдээ бүрт давтагдаж байгаа тул улиг болж баримтын үнэ цэнийг бууруулаад зогсохгүй хоёр дахь мэдээнээс нь эхлэн мэдээний шинэлэг байдал огт байхгүй болж байна. Ингэж давтсан баримтууд нь  “Цагийн хүрд”-ийг олон нийтийн телевизийн мэдээллийн хөтөлбөр биш харин төр засаг болон өөрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан кампанит үйл ажиллагаа болгожээ. Эл телевиз олон нийтийн статустай болохын өмнө улсын гэсэн харьяалалтай байхад мэдээллийн хөтөлбөр нь яг иймэрхүү байсныг судлаач Д.Цэрэнжав 2003 онд олон нийтийн өргөн нэвтрүүлэгт хийсэн ажиглалтандаа “Ялангуяа МҮТВ-ийн мэдээллийн хөтөлбөр, тухайлбал “Цагийн хүрд”-ийн 80-аас дээш хувийг ийм албаны мэдээ сурвалжлага эзэлжээ” гэсэн тэмдэглэсэн байдаг.

Тэр ч байтугай олон нийтийн телевиз болсон хойноо ч энэ байдал хэвээр үргэлжилснийг 2012 онд ММ агентлагийн захирал байсан С.Батзаяа “Өдрийн шуудан” сонинд ярилцлага өгөхдөө “Хэдийгээр хүмүүс их үзэж байна гэдэг боловч дарга нарын тухай түлхүү үзүүлэх гээд байна, эсвэл уйтгартай протокол үзүүлдэг гэж шүүмжлэх нь бий. Хуульдаа МҮОНРТ гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилнэ гэж заасан байдаг. Мэдээллийн хөтөлбөр ямар өнцгөөс үзэгчдэд хүрнэ, түүгээр нь дүгнэчих гээд байдаг талтай... Олон нийтийн санаа бодлыг сонсч, тэдний мэдэхийг хүсч байгаа зүйлийг хөндөж, асуудал дэвшүүлсэн мэдээ мэдээллийг түлхүү хүргэх болно” гэж хэлснээс харагдаж байна. Энэ байдал нь одоо ч хэвээр байгааг судалгаа хийсэн эдгээр өдрүүд гэрчиллээ.

Олон нийтийн телевизийн хувьд хүмүүсийн хүссэн биш, харин хэрэгтэй мэдээллийг өгөх ёстойг энд дахин сануулахад илүүдэхгүй. Ардчилсан нийгэм мэдлэгтэй иргэд дээр тулгуурладаг бөгөөд мэдлэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулагдаж тасралтгүй явагдах мэдээллийн урсгалаар баяжиж батжих учиртай. Гэхдээ хүн бүр ямар мэдээлэл хэрэгтэйгээ тодорхойлж мэддэггүй, зарим нь мэддэг ч өөрөө хайж явах боломжгүй учраас сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаараа нийгэм доторхи мэдээллийн энэ харилцаанд зуучлахаар орж ирдэг. Иргэд нийгмийн бүхий л харилцаанд ялангуяа улс төр, эдийн засгийн хувьд ямар сонголт хийхээс улс орны хөгжил ихээхэн хамаардаг, тэр сонголт нь ямар мэдээлэл авч байгаагаас шалтгаалдаг учир хэвлэл мэдээллийн хэрэгсэл бие даасан байдалд үйл ажиллагаагаа явуулж, сэтгүүлчид чөлөөтэйгээр, үнэн бодит, тэнцвэртэй мэдээ, мэдээлэл бэлтгэх шаардлага зайлшгүй тавигддаг. Үүнийг сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй ямарч хүн түүний дотор МҮОНТ-ийн болон ММ агентлагийн удирдлагууд, редактор, сурвалжлагчид эрхбиш мэдэж байгаа.

Ашиг хөөсөн мэдээллийн хэрэгслүүд хүмүүсийн хүссэн мэдээллийг нийтэлж, нэвтрүүлж байгаа нэрийдлээр шуугиан тарьсан мэдээлэл рүү хошуурч явцуурдаг. Ашгийн төлөө бус мэдээллийн хэрэгслүүд харин үүний эсрэг байж нийгмийн бүхий л салбар, давхарга, бүлгийг пропорционалиар тусгасан өргөн хэмжээний мэдээлэл нийтэлж, нэвтрүүлэх үүрэгтэй ч, боломжтой ч билээ. Нэг төрлийн ижил утгатай мэдээ хөвөрсөн, мэдээ нь зөвхөн хэн, юу, хэзээ, хаана гэсэн асуултад л хариулсан мэдээллийн хөтөлбөрийн хувьд ийм пропорцийн тухай дурдах ч хэрэггүй болж байна.

Дээр дурдсан “Цагийн хүрд”-ийн мэдээнүүдээс олон нийтийн телевиз үзэгчдэд хамгийн чухал болох хэрхэн, яаж, чухам яагаад гэдэг асуултын хариултууд л илүү хэрэгтэй байсан юм.

·         Тэргүүний болсон хүмүүсийн амьдралын чин хүсэл зорилгыг үзэгчид мэдэх хэрэгтэй. Хүн бүрийн зорилго өөр байгаа. Зорьж байгаад аварга болсон хүн байж болно. Зүгээр амжиргаагаа залгуулж яваад санамсаргүй аваргын болзолд хүрсэн хүн ч байж болно.
·         Сайн малчин болох 75 шалгуурыг малчид хэрхэн нэг бүрчлэн биелүүлснийг үзэгчид мэдэх хэрэгтэй. Үнэхээр 118 хүн бүгдийг биелүүлсэн үү? Амархан биелүүлчих болзол уу? Хэцүү юү? Ямар болзол хэний хувьд яагаад хэцүү байсан бэ?
·         Шалгуурыг давж аваргын болзол хангах хүртэл явахад ямар асуудал тулгарч байсныг үзэгчид мэдэх хэрэгтэй. Тулгарсан асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэж байсан бэ?
·         Өмнөх жилээс олон сайн малчин шалгарсан нь яг чухам ямар шалтгаантайг үзэгчид мэдэх хэрэгтэй. Мал өссөнөөс гэж тайлбарлаж байгаа ч сонгууль зэрэг өөр шалтгаан байж болзошгүй гэж зарим хүмүүс үзэж байгаа.
·         Хувийн аж ахуйтнууд мөртлөө яагаад “улсын” сайн малчин болдгийг үзэгчид мэдэх хэрэгтэй. Социализмын үед хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүн гэгдсэн хоршоологчид байхдаа “улсын аварга” болдог уламжлал үргэлжилж байна уу? Бусад салбарын хувийн аж ахуйтнуудад бас яагаад ийм аварга цол өгч болохгүй гэж?
·         Сайн малчин болсноо хэрхэн дуулсныг үзэгчид мэдэх хэрэгтэй. Хэзээ, хэрхэн аварга болсноо хэнээс дуулсан. Болзлыг хангасан эсэхээ яаж мэдсэн гэх зэрэг.
·         Тэдний амжилт аймаг,  сум, улс орны эдийн засагтай хэрхэн холбогдож нөлөөлж байгааг үзэгчид мэдэх хэрэгтэй. Хувь хүний амжилт нь нийтэд хэрхэн нөлөөлснийг бусад хүмүүсийн амнаас хийсэн дүгнэлтээр нь сонсох. Ялангуяа мэргэжилтнүүдийн үнэлгээ, тайлбар өгүүлэх.
·         Сар шинийн энэ өдрүүдэд улс орон даяар өөр ямар үйл явдлууд болсныг үзэгчид мэдэх хэрэгтэй. Энэ улс орон, бүс, аймагт үүнтэй зэрэгцэн ямар үйл явдлууд болсон бол?
·         Жирийн өдрүүдээр яагаад ийм хүмүүсийн талаар мэдээлдэггүйг үзэгчид олж мэдэх хэрэгтэй.  Ийм олон аваргуудын талаар өмнө нь жирийн малчин, тариаланч байхад нь мэдээлж, сурвалжилж байсан уу? Тийм бол хэзээ? Үгүй бол яагаад?
·         Сайн малчны болзлыг хангахын тулд малаа даатгуулсан үгүйг үзэгчид мэдэх хэрэгтэй. Ихэнх малчид малаа даатгалд хамруулдаггүй. Харин аварга болсон малчид хэрхэн даатгалын утга учрыг ойлгов, сайн малчид жилд даатгалдаа төлсөн мөнгөний хэмжээнээс илүү бусад малчдад хэрэгтэй мэдээлэл өгсөн эсэх?

Өнөөгийн үзэгчдэд хэрэгтэй ийм мэдээллийг нь л өгсөн бол олон нийтийн эрх ашигт үйлчлэх үүргээ биелүүлсэн хэрэг болох байлаа. Угаасаа үзэгчдэд хэрэгтэй мэдээлэл нь эх сурвалж гэгдэж буй хүмүүст байж л байдаг. Тэдгээр эх сурвалжаа зөв тодорхойлж байгаад олж уулзахад тэр хүмүүс нь нийгмийн олон янзын бүлгийн төлөөлөл болж л таардаг. Мэдээний өнцгийг зөв сонгоод, зөв эх сурвалжаа олсон байхад нэг талыг барьсан өрөөсгөл мэдээ болох нь ховор. 

Угаасаа амьдрал дээр нэг асуудалд хоёр ба түүнээс дээш талууд оролцдог бөгөөд тэдгээр бүх талыг олж уулзаад олсон баримт нотолгоог мэдээндээ ашигласан байхад мэдээ өөрөө тэнцвэржээд ирдэг. Сэтгүүлчдийн ур чадварын гол үзүүлэлт болсон өнцөг сонгох чадвар “Цагийн хүрд”-ийг бэлтгэсэн сурвалжлагч нарт дутмаг байгаа нь үйл явдал хөөн сурвалжилж, “сайн дураараа” бусдын хэвлэлийн төлөөлөгч болсноос нь харагдаж байна. Хэвлэлийн төлөөлөгч хүн үйлчилж байгаа байгууллага, албан тушаалтныхаа эрх ашгийн төлөө л ажилладаг шүү дээ. Хэвлэлийн мэдэгдэл, зохион байгуулалттай үйл явдал ашиглан мэдээ хийсэн болдог сэтгүүл зүйг “залхуу сэтгүүл зүй” (lazy journalism) гэдэг билээ. Хөдөө аж ахуйн чухал сэдвийг залхуу сэтгүүл зүйгээр аргалж болохгүй.

Хөдөө аж ахуй бол Монгол орны хувьд эдийн засгийн чухал салбар. Үүний дотор мал аж ахуй нь дангаараа ДНБ-ий 20 орчим хувийг үйлдвэрлэж байна. Ерээд оны эхээр 25 сая байсан мал одоо хоёр дахин нэмэгдчихээд байна. Ерээд оны эхээр малчид хамгийн түрүүнд хувийн аж ахуйтнууд болсон. Улсын хэмжээгээр ажил хөдөлмөр эрхлэгчдийн 35 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт  харьяалагддаг бөгөөд хүн амыг хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс хөдөө аж ахуйн сэдэв бол хэвлэл мэдээллийн тэр тусмаа эдийн засгийн мэдээллийн онцгой сэдэв мөн. Энэ салбарт байнгын үйлдвэрлэл, борлуулалт явагдаж, бараа бүтээгдэхүүн, мөнгө тасралтгүйгээр эргэлдэж байгаа. Хөдөө аж ахуйн сэдвийг мэдээнд тусгахдаа цаг үеийн үйл явдал мэт хандахыг зогсоох нь чухал. Улс төр, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөөд хорь илүү жил болж байхад ухуулгын хуучин сэтгүүл зүйн аргаар мэдээ бэлтгэсээр байгаа нь үнэхээр сэтгэлгээний асар том хоцрогдол юм.

1996 онд Монголын телевизийн сэтгүүлчдэд хичээл заасан Данийн Сэтгүүл зүйн сургуулийн багш Нэнси Холм тэр үеийн Монгол телевизийн мэдээллийн хөтөлбөрийг үзчихээд “Танайд УИХ-аас өөр ажил хийдэг газар байхгүй юмаа гэхээр сэтгэгдэл төрж байна” гэж хэлж байсан юм. Сар шинийн үеийн мэдээний хөтөлбөрийн тогтоож байгаа аженда сеттинг нь үүнтэй агаар нэг аж. “Засгийн газар малчдыг анхаарч шагнаж байна. Хүмүүс баярт бэлтгээд завгүй байгаа үед УИХ, Засгийн газрын гишүүд л орон нутагт явж байна шүү” гэсэн ойлголт төрүүлэхээр.
“Цагийн хүрд”-ийг бэлтгэдэг сурвалжлагч, редакторууд орчин цагийн сэтгүүл зүйн талаар чамгүй  сурч судалсан, сургууль курс дүүргэсэн л байж таарна. Дээр нь ММ агентлаг орон нутагт сурвалжлагчидтай.  Тийм ч учраас бусад телевизүүдийг бодвол орон нутгаас хөдөө аж ахуйн сэдвээр илүү олон мэдээ бэлтгэх боломжтой. 2014 онд  гэхэд “Сурвалжлагч, редакторууд 21 аймагт томилолтоор очиж ажиллажээ. Үүнээс хамгийн их нь Төв аймагт 19, Сэлэнгэд 16 удаа, Дархан-Уулд 15 удаа, Орхонд 10 удаа томилолтоор ажилласан байна” гэж МҮОНРТ тайландаа онцолсон байна. Томилолтоор явахдаа бэлтгэсэн хэд хэдэн мэдээгээ ирсэн хойноо цувруулж нэвтрүүлдэг байдал тодорхой ажиглагдлаа. Энэ нь шуурхай байдлын хувьд асуудал үүсгэмээр. Үүнийхээ оронд орон нутгийн сурвалжлагч нар нь өдөр тутам шинэ мэдээ бэлтгэж өгдөг бол жинхэнэ сэтгүүл зүйн шуурхай байдал хангагдах болно.

Сар шинийн буюу 2016 оны 2 дугаар сарын 8-наас эхэлсэн долоо хоногийн  хөтөлбөрт хөдөө аж ахуйн сэдэвтэй 74 мэдээ байснаас 65 нь сайн малчин, тэргүүний тариаланчдад шагнал гардуулж байгаа тухай байлаа. Эдгээр мэдээгээ ч сар шинийн өмнө бэлтгээд яг баярын үеэр өдөрт дунджаар есөн мэдээ дамжуулсан. Учир нь засгийн газар шагналаа цагаан сарын өмнө гардуулдаг уламжлалтай. Тиймээс мэдээндээ хэдний өдөр тэр айлд очсоноо дурдахгүй. Үзэгчид болохоор телевиз өнөөдөр болж буй үйл явдлыг гаргадаг гэсэн ойлголтоор хүлээж авдаг.

Баяр ёслолын бус жирийн өдрүүдэд  хөдөө аж ахуйн сэдэвт мэдээг ингэж ач холбогдолтой болгож байж уу гэдэг асуултын хариуг хялбархан олж болно. Нью Йоркийн Сиракусын их сургуулийн профессор  Шарлот Граймес хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш олон хүчин зүйлээр мэдээнд үнэ цэнэ оруулдгийг хэмжиж болохуйц томьёо гаргажээ. Граймесийн хоёрдугаар хууль гэж нэрлэгддэг энэ томьёо нь дараах байдлаар харагдана.

N / Di(prx) x I x Du x T x R x P x Cf/Cr x Ch x Hypcrsy x U x Factor X = News Value

Хүчин зүйлсийнх нь тайлбар :
Di = Хаанаас бэлтгэсэн байна вэ? (the physical distance those people are from the news organization's home community).
N = Үйл явдал, асуудал нь ямар хэмжээнийх вэ? Үндэсний, бүсийн, аймгийн, сумын, багийн гэх мэт (number of people affected by event, issue, policy).
I = Үйл явдал, асуудал нь эерэг үү, сөрөг үү? (the intensity of the effect, such as death being a more intense effect than injury, or injury more intense than damage to property).
Du = Үйл явдал, асуудлын үзүүлэх нөлөө хэр зэрэг үргэлжилж болох вэ? Удаан, дунд зэрэг, богино гэх мэт  (the duration of the effect, such as the longer-lasting effect of an atomic bomb or tsunami, compared to a temporarily closed bridge)
T = Үйл явдал, асуудал нь цаг үеэ олсон эсэх? Яг өнөөдөр тусгах зүйл мөн эсэх (the timeliness of the event–today, yesterday, last year)
R= Үйл явдал, асуудал нь ховор болдог уу? (the rarity of the event, issue, policy)
P = Нэр алдартай хүмүүс оролцсон уу? (the prominence of the people involved, as a plane crash in which one of the passengers is the president compared to a senator)
Cf/ Cr = Үйл явдал, асуудлыг тойрсон зөрчил байна уу? (the conflict or controversy surrounding the event)
Ch = Хэвийн үйл явдал, асуудал мөн үү? Эсвэл гажсан уу? (the change, and its degree, from the usual or normal)
Hypcrsy hypocrisy = Хоёр нүүр гаргасан зүйл байна уу?  (people saying one thing/doing another or contradicting their public images – always has high new value, especially for politicians)
U = Мэдээ үзэгчдэд хэр ашигтай вэ? (the usefulness to the audience of the information)
Factor X = Хүний сонирхолд нийцүүлэх хүчин зүйлүүд байна уу? (such variables as sex, money, children, pets, human interest, a slow news day when nothing else is going on, or an editor's whim)

Дээрх хүчин зүйлүүдийг судлагдахуун болгож авч хийсэн бичил судалгаагаар сар шинийн үеийн долоо хоногийн хөдөө аж ахуйн сэдэвтэй мэдээнд  бүх хүчин зүйлс нь байгааг гаргаж ирснийг дор харуулъя.
Di = Газар дээрээс нь бэлтгэсэн. Яг орон нутагт нь очиж гэр оронд нь шагналыг гардуулж, малчидтай малын хотноос ярилцсан.
N = Үндэсний хэмжээний үйл явдал. Улсын сайн малчин, тэргүүний тариаланч гэсэн цол өгч байгаа учраас.
I = Үйл явдал эерэг. Баярын үеэр шагнал олгож байгаа мөн хүмүүс шагнал авч байна.
Du = Удаан үргэлжилнэ. Лавтайяа ирэх жил хүртэл яригдана. Нэг насны бахархах зүйл болно.
T = Үйл явдал, асуудал нь цаг үеэ олсон. Орон нутагт өргөн тэмдэглэдэг сар шинийн баярын үе.
R= Ховор буюу жилд нэг удаа болдог үйл явдал.
P = Улс төрчид, засгийн газрын гишүүд, албаны хүмүүс оролцсон. Нэр дэвшсэн буюу дэвшиж болзошгүй нутгаараа явсан.
Cf/ Cr = Зөрчил нь хувийн аж ахуйтнууд яагаад улсын аварга болдог. МҮОНРТ-ийн удирдлагууд бас яагаад шагнал гардуулаад дүрсээ тавиулаад байдаг юм бол?
Ch = Өөр үйл явдал болоогүй мэт ийм үйл явдлуудын мэдээг дараалуулсан.
Hypcrsy hypocrisy = Улс төрчид өөрсдийгөө болон ажлаа давхар сурталчилсан. Сонгуулийн жил.
U = Ямар нэг байдлаар ашигтай. Үлгэр дууриал авах, нутгийн хүнээрээ бахархах, дарга нар малчдыг анхаардаг гэдгээ харуулах гэх мэт.
Factor X = Өгч байгаа шагнал нь сонирхолтой. Аваргын, алтан төлийн эзэний гээд олон төрлийн шагнал гардуулж байгааг харуулсан.

Ийм олон хүчин зүйлээс болоод эдгээр мэдээг “Цагийн хүрд” маш үнэ цэнэтэй болгожээ. Харин сар шинэ болохоос өмнө болон хойно хөдөө аж ахуйн сэдэвтэй мэдээ арай цөөн байлаа. Мэдээний үнэ цэнэд нөлөөлөх хүчин зүйл нь ч цөөн байв.

Сар шинэ болохоос өмнөх буюу 2016 оны нэгдүгээр сарын 25-наас эхэлсэн долоо хоногийн үеийн “Цагийн хүрд” хөтөлбөрт хөдөө аж ахуйн сэдэвтэй 11 мэдээ байлаа. Нэгдүгээр сарын 26-нд ийм сэдвээр мэдээ яваагүйг эс тооцвол өдөрт дунджаар хоёр мэдээ нэвтрүүлжээ. Үүнээс зургаа нь  хөдөө аж ахуйн сэдвээр бие даасан мэдээ байсан бол тав нь өөр мэдээний дундуур энэ сэдэвтэй холбогдож орж ирсэн мэдээ байлаа. Нэг албан мэдээлэл байсан нь өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын яаралтай авч хэрэгжүүлэх арга, хэмжээний тухай Онцгой байдлын ерөнхий газрынх байв.

Харин энэ долоо хоногийн хөдөө аж ахуйн сэдэвтэй үндсэн мэдээнүүд нь:

1.      “Хамтын хүч-нутгийн хөгжил” Үндэсний чуулган төрийн ордонд болж малчид хуримтлал үүсгэх хууль эрх зүйн орчин бүрэлдсэнийг УИХ мэдэгдсэн тухай
2.      Малчдыг хэрэглэгч биш үйлдвэрлэгч гэж үзээд зээлийн хүүг нь 30-аас 10 хувь хүртэл бууруулах боломжтой гэж УИХ үзсэнийг цагаан сараас өмнө Ерөнхий сайд мэдээлж байгаа тухай
3.      Аймагтаа хамгийн олон тэмээтэй Хэнтий аймгийн сайн малчин А.Цагаан-Өвгөн мал маллах ашиг тусын тухай ярьсан
4.      Зудтай байгаа аймаг, сумдад туслах аяныг МАН-ын хороо эхлүүлсэн тухай
5.      Завхан аймагт хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрч цаашлаад хаваржилт ч хүндрэх төлөвтэй байгаа тухай
6.      Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт Ирвэс хамгаалах сангийнхан малын даатгалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн тухай тус тус байлаа.

Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад айлчилсан тухай гурван өдрийн багц мэдээллийн дундуур хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан нь мэдээнд дурдагджээ. Түүнчлэн МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд хийсэн мал ахуйтай холбоотой 15 секундийн мэдээлэл, Өвөрхангай аймгийн залуучуудын чуулганы үеэрх малчин залуугийн яриагаар тухайлсан мэдээнүүдийг хөдөө аж ахуйн сэдэвтэй холбожээ гэж үзэж болох юм.

Сар шинийн дараах буюу 2016 оны хоёрдугаар сарын 22-ноос эхэлсэн долоо хоногт 20 мэдээ хоёр ярилцлагыг мэдээллийн хөтөлбөрт оруулсан байлаа. Мэдээнүүд нь:

1.  Баруун бүсийн таван аймгийн малын махыг Говь-Алтай аймгийн Бургастайн Боомтоор БНХАУ-руу экспортлохоор болсон
2    2. Орон даяар мал төллөлт 3 дугаар сарын 1 нээс голдуу эхэлдэг ч зуншлага муу байснаас малыг хожуу хээлтүүлсэн тул энэ жил мал оройтож төллөх төлөвтэй байгаа
3.      Өмнөговь аймгийн Даланзадгад сумд ХАА-н биржийг амжилттай зохион байгуулж туршилсан
4.      Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийг баталж, малчдын зээлийн хүүг 10 хүртэл хувь бууруулах боломжтой болсон
5.      Монголын Улаан загалмайн нийгэмлэг 300 сая төгрөгийн тусламжийн өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад үзүүлэх болсон
6.      МАА-н чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг практикт нэвтрүүлэх арга замыг эрэлхийлж, судалгааны ажлуудаас танилцуусан
7.      Увс аймагт хаваржилт хүндэрч, мал хээл хаяж эхэлсэн
8.      Хөвсгөл аймагт 12 суманд нөхцөл байдал хүнд 6 суманд хүндэвтэр байгаа
9.      Говь-Алтай аймагт өвөлжилт хэвийн. Малчин Авирмэдийн туршлагыг танилцуулсан
10.  Хүнс хөдөө аж ахуйн ажилтнуудын зөвөлгөөн болсон
11.  Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрсэн найман аймаг руу хүмүүнлэгийн байгууллагын тусламжийн цуваа хөдөлсөн
12.  Архангай аймагт 20 гаруй мянган мал хорогдсон
13.  Төв аймгийн Баян Чандмань суманд агропарк байгуулснаар нийслэлийн хүн амыг хүнсний ногоогоор хангах боломж бүрдэж байгаа
14.  Улаанбуудайг импортолсноос болоод талхны үнэ нэмэгдэхгүй
15.  Малын гаралтай түүхий эдийн үнэ буурснаас малчдын амьдрал хүндэрч хотод сурдаг оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлөхөд хүндрэлтэй болж байгаа
16.  Дундговь аймгийн Сайнцагаан суманд төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болсон
17.  Хүмүүнлэгийн тусламж эхнээсээ очих газартаа хүрсэн
18.  Говь-Алтай аймийн Баянтооройнхон алим, усан үзэм тариалах
19.  Газар тариалангийн бүс нутаг дахь Сэлэнгэ аймгийн малчид фермерийн аж ахуй хөгжүүлэх бүрэн боломжтой
20.  Увс аймгийн Баяд сумын малчин харзны усаар цай чанах соёлтой тухай тус тус байлаа.
Тэрчлэн хоёр ярилцлагын нэг нь Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэнтэй, нөгөө нь  Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дарментай студид хийсэн ярилцлага байлаа. Аймгийн дарга нарыг нийслэлд ирэхэд нь студидээ урьж уулздаг юм байна. 

Ийнхүү сар шинээс хоёр долоо хоногийн өмнө хөдөө ах ахуйн сэдэвтэй үндсэн мэдээ зургаа, харин хоёр долоо хоногийн дараа 20, яг цагаан сар болсон долоо хоногт 74 мэдээ цацжээ. Дотор нь хөндсөн асуудал янз бүр байгаа ч сэтгүүл зүйн шаардлагын дагуу авч үзэхэд учир дутагдалтай зүйл олон ажиглагдаж байна. Тухайлбал сар шинийн өмнөх долоо хоногийн зургаан мэдээнд 16 албаны эх сурвалж ашигласан хэрнээ долоохон малчнаас яриа авсан байв. Мэргэжилтнийг эх сурвалж болгосон тохиолдол ганцхан байлаа. Сар шинийн дараах долоо хоногийн 20 мэдээний хувьд албаны 24 эх сурвалж, 10 малчин эх сурвалж, 11 мэргэжилтний эх сурвалж ашиглажээ. Албаны эх сурвалж аль алинд нь илт давамгайлж байна. 

Эх сурвалжийн тэнцвэртэй байдлаас мэдээний тэнцвэртэй байдал хамгийн түрүүнд хамаардаг. Мөн албаны их сурвалж хэт давамгайлах нь мэдээлэл зөвхөн дээрээс ирээд байгааг харуулдаг. Ардчилсан нийгэмд мэдээлэл чөлөөтэй урсаж байх ёстой бөгөөд сэтгүүл зүй бол мэдээллийн тэр чөлөөт урсгалыг хангах учиртай. Өмнө нь дээрээс доош, доороос дээш чиглэсэн (two flow information)  мэдээллийн урсгалыг л тогтмол, жигд хангах тухай ярьдаг байсан бол одоо технологийн хөгжлийн ачаар баруунаас зүүн, зүүнээс баруун гээд хөндлөн гулдгүй хоорондоо солбицох олон мэдээллийн урсгалыг хангах шаардлага нийгэмд нэмэгдэж, техник технологийн хувьд бололцоо нь тавигдаад байгаа билээ.

Нэг үйл явдал ч байна уу, нэг асуудал ч байна уу юу ч байсан түүнд бие биеэсээ хамааралтай, хамааралгүй олон талын эх сурвалж оролцсон байдаг. Энэ нь сэтгүүл зүйн бүтээлийн агуулга, хэлбэрийг баяжуулж өгдөг. Гэтэл үндэсний хэмжээний цорын ганц олон нийтийн телевизийн хамгийн олон үзэгчтэй гэгддэг мэдээллийн хөтөлбөрт ядаж л хоёр талын (хоёр эх сурвалж биш хоёр талын эх сурвалж шүү) эх сурвалжтай мэдээ хийдэг жишиг тогтоогүй нь харагдаж байна.
Хэвлэлийн Хүрээлэн 2010 онд хийсэн “МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг – 2“ төслийн эхний шатны дараа “2007 онд “Мэдээллийн бодит, тэнцвэртэй байдлыг хангах мэргэжлийн стандартыг тэр бүр биелүүлэхгүй байна“ гэсэн дүгнэлт хийж байсан. 2010 оны дөрөвдүгээр сард энэ байдал өөрчлөгдөөгүй байна. Учир нь мэдээллийн хөтөлбөрийн эх сурвалжийн олон эшт байдал хангалтгүй хэвээр байна. Нэг хөтөлбөрт багтах мэдээний тал хувь нь нэг эх сурвалжтай байв. Хоёр ба түүнээс дээш эх сурвалжтай мэдээнд нэг эх сурвалжаар нөгөөг эсвэл баримт бичгээр баталгаажуулах нь ховор байна” гэж дүгнэж байжээ. 2016 оны гуравдугаар сард ч энэ байдал хэвээр байна шүү дээ. Үйл явдал хөөж протоколын мэдээ хийдгээ болихгүй л бол “Цагийн хүрд” хөтөлбөр мэргэжлийн түвшинд хүрсэн мэдээ бэлтгэж  сурахгүй, урагшилж ч чадахгүй дороо эргэлдсээр л байх болно.

Судалгаанд харьцуулахаар сонгосон энэ хоёр долоо хоногийн дийлэнх мэдээ мөн л үйл явдлыг хөөж сурвалжилсан байна. Тиймээс голдуу эерэг өнгө аястай, зөрчил багатай, хэвийн үйл явдал мэтээр өгөгджээ. Телевизийн мэдээний хувьд дүрс маш чухал атал Өмнөговь аймгийн Даланзадгад суманд туршилтаар зохион байгуулсан биржийн мэдээ гэрэл зургийн дүрс ч үгүй гарав. Дижитал эрин зууны үе шүү дээ. Интернэт ашиглан и-мэйл, эсвэл нийгмийн сүлжээгээр хөдөлгөөнтэй хөдөлгөөнгүй нь хамаагүй нэг ч гэсэн зураг хүлээн авч болохоор үе шүү дээ. Мөн нэгдүгээр сарын 27-ны Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбаны айлчлалыг дүгнэсэн тоймдоо малын махыг олон улсын зах зээлд гаргах тухай дурдахдаа дүрсжүүлсэнгүй. Үйл явдлын мэдээ бүрт ямар нэг хурал, цуглааны дүрс заавал гарч байгаа нь мэдээг дүрсний хувьд үнэхээр ядуу болгож байна. Тэр тусмаа хурал дээр очсон дарга нарынх дүрс ч давтагдаж, хэлсэн үгийнх нь хэсгээс ч заавал оруулах юм. Дахиад л протоколын мэдээний тухай ярих хэрэгтэй болох юм.

Олон нийтийн телевиз нь бусад мэдээллийн хэрэгслийг бодвол бизнесийн шинэ загвар хайгаад байх шаардлагагүй. Учир нь иргэдийн төлсөн татвар, хураамжийн мөнгөнөөс нь төсөв нь бүрддэг билээ. Гагцхүү тэр төсөвтөө мөнгийг нь авсан иргэдийг үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр хангахад л мэргэжлийн болон ёс суртахууны үүрэг хүлээсэн билээ. Хэрэгтэй мэдээллийг нь өгч чадахгүй бол иргэдээс авсан мөнгийг зөв захиран зарцуулж чадахгүй үрэн таран хийж байгаа хэрэг юм. Түүнээс гадна дарга нарыг дагаж оролцсон үйл явдлыг нь сурвалжилж явах нь маш их хараат байдалд байгаагийн илрэл билээ.

Фридрих Эвертийн сангаас эрхлэн гаргасан “Азийн хэвлэл мэдээллийн барометр-Монгол Улс 2012” товхимолд Монголын хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд  “Өнөөдрийн байдлаар тус телевизийн мэдээллийн хөтөлбөрийн агуулга нь арилжааны бусад телевизтэй харьцуулахад хамгийн “мөлгөр” буюу уйтгартай, нэг янзынх байдаг. Ихэнхдээ төрийн үйл ажиллагаа, тэр дундаа Засгийн газрын хэдэн гишүүнийг тойрсон мэдээлэл, сурталчилгаанд гол анхаарлаа хандуулж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг” судалгааны дүнгээр МҮОНТ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр цацсан нийт мэдээний 30 хувийг дан ганц эх сурвалжид тулгуурлан бэлтгэсэн, тэдгээрийн дийлэнх нь төрийн өндөр албан тушаалтан, сайд, дарга нар байна. Зөрчилтэй асуудлыг тойрч өнгөрөх хандлагатай бөгөөд шүүмжлэлт,дүн шинжилгээн дээр суурилсан бүтээл хомс гардаг” гэж дүгнэж байсан байна.
“Цагийн хүрд”-ийн талаар ийнхүү мэргэжлийн дүгнэлт санал олон жилийн туршид хангалттай хийж байжээ. Социализмын үеийн ухуулгын сэтгүүл зүйн мэдээ хийдэг аргыг халж, мэдээ бүрийг орчин цагийн сэтгүүл зүйн стандартаар хийдэг жишиг тогтоовол “Цагийн хүрд” урагшлах болно.
                                                                                                      
Миссурийн их сургуулийн сэтгүүлзүйн магистр Авирмэдийн Оюунгэрэл
Мурдокийн их сургуулийн хөгжил судлалын магистр Лханаагийн Өнөржаргал                                                 
Ашигласан бүтээл
Азийн хэвлэлийн барометр-Монгол улс 2012. Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар. http://library.fes.de/pdf-files/bueros/asia-media/10292.pdf
Аззаяа Б., Гандолгор Б., Сувдаа Ч.ММ-ийнхэн гэдэг их айлын эзэд. http://www.news.mn/content/121311.shtml
Даваадулам Д. Мал аж ахуйн салбарын хөгжил жилээр тооцсон тов, хүрэх газартай л байж таарна. http://mnb.mn/p/80669
Граймесийн хоёрдугаар хууль.
Монгол улсын Сайн малчин 118-аар нэмэгдлээ. http://www.mofa.gov.mn/new/index.php?option=com_content&view=article&id=755:118&catid=10&Itemid=101
МҮОНРТ-ийн хамгийн олон сонсогч үзэгчтэй нэвтрүүлгүүд тодорлоо. Олон нийтийн мэдээлэл судалгааны төв. https://zorigtsoc.wordpress.com/2009/12/24/%D0%BCv%D0%BE%D0%BD%D1%80%D1%82-%D0%B8%D0%B9%D0%BD-%E2%80%9C%D1%85%D0%B0%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD-%D1%81%D0%BE%D0%BD%D1%81%D0%BE%D0%B3%D1%87-v%D0%B7%D1%8D%D1%87%D0%B3/
МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ нэвтрүүлгийн агуулгын мониторинг-2 төслийн эхний шатны дүгнэлт. http://www.journalism.mn/content/34835.shtml
Олон нийтийн радио, телевизийн тухай Монгол улсын хууль. 2005 оны 01 сарын 27.
Цэрэнжав Д. Олон нийтийн мэдээлэдл авах эрх ба олон нийтийн өргөн нэвтрүүлэг. 2003

Цэцэгдэлгэр Б. Малчдад одон тэмдгээс илүүтэй малд нь өвс тэжээл хэрэгтэй байна.  http://www.sonin.mn/news/easy-page/57551
Улсын сайн малчин шалгаруулах журам.
Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга. http://www.mofa.gov.mn/new/index.php?option=com_content&view=article&id=364&Itemid=201