Tuesday, June 24, 2008

Бидний заавал мэдэж ойлгох ёстой онол

Сэтгүүл зүйн багш нарт
Сэтгүүл зүйн багш нарын онолын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Сэтгүүлч сэтгүүлд хөтөлж байсан Оньс буланд нийтлүүлсэн зарим тайлбар өгүүллээсээ толилуулъя. Манай сэтгүүл зүйн багш нар хэдхэн онолын дунд эргэлдэж хичээлээ заадгаас оюутнууддаа онолын баттай ойлголт өгч чадахгүй байгаа юм. Ном сурах бичгийн хүрэлцээ, хэлний мэдлэг дутмагаас гадаадын бусад хэл дээр хэвлэгдэж гарсан эрт эдүгээгийн бүтээл, судалгааны тайланг тэд уншиж чадахгүй байна. Тиймээс ойлгож мэдэж авсан нэг зүйлийнхээ тухай ч гэсэн эх хэлээрээ тайлбарлан бичиж байхаар шийдсэн билээ. Бусад орны сэтгүүлчид, эрдэмтэдтэй эн тэгш харилцдаг болохын тулд хэн бүхний мэдэж байх ёстой гол онолуудыг танилцуулъя. Доор толилуулах тайлбар өгүүлэл Сэтгүүлч сэтгүүлийн 2002 оны хоёрдугаарт нийтлэгдсэн болно.
А.Оюунгэрэл

Аженда сеттинг (Agenda setting) ба аженда бийлдинг (agenda building)*

Сэтгүүл зүйн түгээмэл үзэгдлийг тайлбарладаг зуу гаруй онолын дотроос нийтлэлийн бодлого, агуулгатай хамгийн их холбогдож судалгаа, шинжилгээнд ашиглагддаг аженда сеттинг түүнтэй холбоотой онолын товч ойлголтыг өгөхийг оролдлоо.

Олон түмэнд мэдээлж болох үй олон сэдвийн дотроос хэвлэл, мэдээлэлд хэдхэн нь ноёлж ирснийг аженда сеттингийн онолоор тайлбарладаг. Энэ нь хэвлэл мэдээллийнхэн хэдхэн сэдвийг чухалчилж, зарим сэдвийг хэдий олон нийтэд чухал байсан ч анзаарахгүй өнгөрөөх буюу анзаарсан ч мэдээгүй дүр үзүүлэн харин зарим үйл явдлыг байн байн өөр талаас нь мэдээлдэг аргатай холбоотой. Өөрөөр хэлбэл, хэвлэл, мэдээлэл нь хүмүүст юуг бодох талаар биш юуны тухай бодох талаар хэлж өгөхийг аженда сеттинг гэдэг юм.

Энэ онолын анхны санаа сонин хэвлэл нэг центийн зоосоор борлогддог байсан тэр үеэс гарч иржээ. Энэ нь XIX зуyны сүүлч үе бөгөөд Америкийн сэтгүүл зүйн түүхэнд пенни прессийн (penny press) үе гэж тэмдэглэгдсэн байдаг.

Нийгэм судлаач Уолтер Липманн 1922 онд “Олон нийтийн санаа бодол” гэдэг зохиолдоо хүмүүс толгойдоо бий болсон төсөөлөлдөө хариу барихыг оролдохоос бус орчин тойрны өөрчлөлтийг шууд анзаардаггүй гэж бичсэн нь бий. ”Бодит орчин бүхэлдээ хэтэрхий том, хэтэрхий төвөгтэй, танилцахын амжилгүй хурдан өөрчлөгдөөд алга болдог. Бид тийм нарийн, олон төрлийн, элдэв зохицолтой зүйлстэй харьцах чадваргүй. Тэр орчинд бид үйл ажлаа явуулахын тулд тухайн орчны хялбар загварыг бий болгох ёстой болно” гэж тэр тайлбарлажээ.

Энэ онолоос үндэслэн “Дундаж хүмүүс тийм хялбар загвар дээр үндэслэн улс төрийн чухал шийдвэр гаргаж болохгүй. Дундаж хүмүүс хамгаалагдах ёстой. Үйл ажиллагаагаа явуулахдаа удирдлага болгодог сайтар боловсруулсан загварыг ашигладаг технократууд л чухал шийдвэрийг гаргаж байх ёстой.” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Орчин цагийн аженда сеттингийн онол олон нийтийн нийгмийн онол (mass society) дээр үндэслэж байна. Бернард Кохен уг онолыг 1963 онд дахин тодорхойлохдоо “Хэвлэл бол мэдээлэл, үзэл бодлыг түгээгч гэдгээс үлэмж илүү зүйл. Хэвлэл хүмүүст юуг бодох талаар хэлэх нь амжилтгүй байж болох авч, харин юуны тухай бодох талаар нь хэлэх юм бол зүйрлэшгүй ашигтай байдаг аж. Энэ нь юунаас үүдэж гарах вэ гэвэл, хувийн ашиг сонирхлоос бус харин урьд нь уншсан цаасны чинь зохиогч, эрхлэгч, хэвлэн нийтлэгч толгойд чинь буй болгосон зураглалаас шалтгаалан хүн бүр орчлонг өөрөөр харна” гэжээ.

1972 онд Максвелл Маккомс, Дональд Шоу нар судалгаа хийж дээрх онолыг баталсан байна. “Мэдээний редактор, сурвалжлагч ба нэвтрүүлэгчид мэдээг сонгож авч танилцуулснаараа улс төрийн бодит байдлыг хүрээлж загварт оруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Мэдээнд агуулагдсан мэдээллийн багтаамж ба мэдээг хаана байрлуулснаас хамааран хүмүүс завхөн тухайн сэдвийг мэдэж авах биш бас тухайн сэдэвт ямар ач холбогдол өгөх вэ гэдгийг мэдэж авдаг гэсэн үг.” Ийм замаар хэвлэл, мэдээлэл кампаничлах чухал сэдвүүдийг хэлж өгдөг байна.

1968 оны 9, 10 дугаар сард санал өгөх нэр дэвшигчийнхээ талаар шийдээгүй 100 хүнээс судалгаа авчээ. Тэгээд хэвлэл, мэдээлэл дээр гарсан гол сэдвүүдтэй харьцуулж үзэхэд хоорондоо нарийн холбоотой нь харагдсан байна.

Шанто Айогэр, Дональд Киндер нар аженда сэттинг онол мөн үү гэдгийг батлах зорилгоор 1987 онд цуврал туршилт хийсэн байна. Үндэсний мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татдаг асуудлуудыг олон нийт мөн улс орныхоо хамгийн чухал асуудал гэж үнэлдэг байх гэсэн таамаглалыг энэ туршилтад дэвшүүлжээ.

Дээрх эрдэмтэд туршилтдаа прайминг (priming) гэдэг ойлголтыг сонгосон авсан бөгөөд бусад асуудлыг огоорон байж улс төрийн амьдралын зарим зүйлд хэвлэл, мэдээлэл анхаарал тавихыг буюу мэдээ, сурвалжлагын хурц тод байдал, материалын байршил зэргийг үүнд оруулжээ.

Уг туршилт нь америкчуудын нийгэм болоод үндэстний талаархи үзэл бодлыг телевизийн оройн мэдээ хурцалж өгдөг бөгөөд оройн мэдээгээр хэлсэн зүйлийг улс оронд тулгарсан гол асуудал, энэ талаар засгийн газар анхаарах ёстой гэж судалгаанд оролцогчид үздэгийг гаргаж ирсэн юм. Тэгэхээр аженда сеттинг гэдэг бол үндэсний хэмжээний мэдээлэлд юу нь чухлыг тодорхойлоход мэдээний үзүүлэх үр нөлөөний тухай онол юм. Харин прайминг бол улс төрийн шийдэл хийх тодорхой асуудлуудыг гаргаж ирэхэд мэдээний үзүүлэх үр нөлөөний тухай ойлголт билээ.

Аженда сеттинг нь микро түвшинд буюу нэгж хэвлэл, мэдээллийн байгууллага, нэгж хөтөлбөрийн хувьд яригдах онол юм. Харин макро түвшинд энэ онолыг аженда бийлдинг гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл аженда бийлдинг гэдэг бол хэвлэл, мэдээлэл, засгийн газар болон иргэд нийгмийн бодлогын асуудалд нөлөөлөхийн тулд явуулдаг хамтын үйл ажиллагаа юм. Энэ нь шийдвэр гаргах түвшинд зарим асуудал чухал болж ирэх нөхцөлд явагддаг төвөгтэй процесс юм.

Эрдэмтэн Курт Лан, Клэйди Лан нар 1983 онд баримтын судалгаа (case study) явуулж, Уотергэйтийн хэргийн үед аженда бийлдинг ямар байсныг гаргаж ирсэн байдаг. Судлаачид нь аженда бийлдинг танин мэдэхүйн үр нөлөөтэй (мэдлэгийг нэмэгдүүлдэг), хүмүүсийг идэвхжүүлдэг (хамтын ажиллагаа), нийгэмд нэлэнхүйд нь нөлөөлдөг (үндэстэн болон соёл) онол гэж үзсэн.

Аженда сеттинг онолын давуу тал
-Хүмүүсийн анхаарлыг тодорхой зүйлд татаж хэвлэл, мэдээлэлтэй хамтран ажиллахад чиглүүлдэг
-Хэвлэл мэдээллийн дэлгэж тавьсан зүйл ба нийтэд хамаатай асуудлын талаархи хүмүүсийн төсөөлөл хоёрын хооронд холбоо тогтоож өгдөг
-Праймин буюу материалын байршил, мэдээний хурц байдал зэрэг олон төстэй ойлголтыг багцалж өгсөн

Аженда сеттинг онолын сул тал
-Олон түмний нийгмийн онолтой язгуур нэг
-Мэдээ болон улс төрийн кампанит ажлаас хэтэрхий хамааралтай
-Аженда сеттингийн үр нөлөөний чиглэлийн талаархи асуудал маргаантай байгаа

* (Онолын тайлбарыг америкийн эрдэмтэн Стэнли Баран, Деннис Дэвис нарын 2000 онд хэвлүүлсэн “Олон түмний харилцааны онол” номоос авав.)

No comments: