Monday, September 29, 2008

Мэдээллийн шинэ хэрэгслийн онол

Маклуянизмын энэ онол анх телевиз, радио эрчээ аван хөгжиж эхэлсэн үед гарч ирсэн бөгөөд Интернэтийн энэ эрин үед эрдэмтэн, мэргэд уг онолыг олон шинэ санаа, судалгааныхаа үндэслэл болгон ашиглаж байна. Түүнчлэн энэ онол зар сурталчилгаа, олон нийттэй харилцах гээд олон салбарыг хөгжүүлэхэд түлхэц өгч байна. Ингээд онолын тайлбартай танилцана уу.
А.Оюунгэрэл

Маклуянизм буюу хэвлэл мэдээллийн тухай шинэ ойлголт*

Мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой олонхи онол нь түүний нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөний тухай байдаг. Харин 1960-аад онд Канадын эрдэмтэн Маршалл Маклуян (1911-1980) тухайн үедээ шинэ тутам хэрэгсэл гэгдэж байсан радио, телевизийн нийгэмд гүйцэтгэж буй үүргийг судалж үзээд хамгийн эерэг онолыг гаргаж иржээ. Энэ онол нь нийтлэг таамаглалаар холбогдсон нэлээд олон санааны цуглуулга юм. Харилцаа холбооны технологийн өөрчлөлт нь соёл, нийгмийн эмх журам хоёрт гүнзгий нөлөөг зайлшгүй авчирна гэсэн таамаглал тэдгээр санааны төвд оршдог байна.

Маклуян утга зохиолын шүүмжлэлээр мэргэшсэн хийгээд мэдээллийн харилцааны онол, түүхийн талаар ч чамгүй мэдлэгтэй нэгэн байжээ. Жараад он бол хэвлэлийн технологи нийгэмд аль хэдийн байр сууриа олчихсон, харин араас цахилгаан мэдээллийн хэрэгслийн эрин үе залгаж эхэлж байсан үе билээ. Чухам ийм үед улам бүр өргөжин хүрээгээ тэлж байсан радио, телевизийн нийгмийг өөрчилдөг үр нөлөөний талаар Маршалл Маклуян “Хэвлэл мэдээллийг ойлгох нь” (1964) хэмээх хожим хойчийн онолчдын гарын авлага болсон номоо хэвлүүлэн гаргасан юм. Энэ номдоо тэр харилцаа холбооны шинэ технологи нь нийгэмд шинэ эмх журмыг бий болгож, шинэ соёлыг үүсгэнэ гэдэг талаас нь өөрөө онолын концепци томъёоллыг гаргаж тайлбарласан байдаг. Түүнчлэн цахилгаан мэдээллээс болж хэвлэмэл мэдээлэл устах уу гэдэг асуултыг тавиад хариуг нь олоогүй орхисон байх аж. (Энэ асуултад түүнээс хойш үеийн олон эрдэмтэд “Үгүй, хэвлэмэл мэдээлэл устахгүй” гэж шинжилгээ судалгаагаараа хариулсаар байна. Сонин, сэтгүүл, номын аль нь ч эхлээд радио, дараа нь телевиз, одоо Интернеттэй өрсөлдөж ч чадна, бас зэрэгцэн оршиж ч чадна гэдгээ батлан харуулсаар байгаа билээ. А.О.)

Дээр дурдсан номоос гадна “Гутенбергийн галактик” (1962), “Хэрэгсэл бол илгээлт юм” (1967), “Даяарчлагдсан тосгон” (1968), “Халуун ба хүйтэн” (1969) номууддаа Маклуян хэвлэл мэдээллийн онолынхоо концепцийг дэвшүүлжээ. Түүнд нь дараах ойлголтууд голлодог.

1. Хэрэгсэл өөрөө илгээлт мөн
2. Даяарчлагдсан тосгон үүсэж бий боллоо.
3. Хүн олон талаар боловсорч өргөжинө.

Мэдээллийн “Хэрэгсэл өөрөө илгээлт мөн” гэж түүний бүтээлдээ тунхаглан зарласан үгийг өнөөдөр Интернетийн үүсгэж байгаа шинэ орчин нөхцөлийн үед онолчид олонтаа давтан хэрэглэсээр байна. Тухайн үедээ Маклуян уг хэллэгийг тайлбарлахдаа бид нийгмийнхээ болон өөрсдийнхөө туршлагыг шинэ хэлбэрийн мэдээллийн хэрэгслийг ашиглан өөрсдөө хүргэж байгаа нь хэлж ярьж байгаа зүйлийн маань агуулгаас ч илүүтэйгээр нийгэмд эрчимтэй өөрчлөлт авчирч байна гэжээ. Энгийн үгээр хэлбэл, хүмүүс дүрстэйгээ, дуу хоолойтойгоо олны өмнө гарч ирж байгаа тэр л байдал нь тэдний юу хэлж ярьснаас илүү бусдын анхаарлыг татаж даган дуурайх ч юм уу, ярианы сэдэв болох ч юм уу, ургуулан бодох санаа өгөх ч юм уу ямар нэг байдлаар нийтэд нөлөөлж байна гэсэн үг юм. Сонин хэвлэлийн хувьд урьд нь түүнд нийтлэгдсэн мэдээ материалыг л тухайн мэдээллийн байгууллагаас нийгэм, олон түмэнд хүргэж буй илгээлт гэж онолын хувьд үздэг байсан бол радио, телевизийн хувьд хэрэгсэл нь өөрөө илгээлт болон хувирчээ. Учир нь илгээлтийг явуулж буй хүмүүс нь хэлж байгаа зүйлтэйгээ (агуулгатайгаа) хамт ямар нэг дөрвөлжин хайрцгаар сонсогч, үзэгчтэй шууд учирч эхэлсэн юм. Ийм шууд учралын үед тэдний яриаг шимтэн сонсохоосоо өмнө хүмүүс хэн гарч ирэв, ямар нөхцөлд байна, юу өмссөн байна гэдгийг илүү анхаардаг тул дүрс, дуу хоолой, түүнийг дамжуулагч аппарат хэрэгсэл нь хэлж дамжуулах зүйлийн гол агуулгаас өмнө мэдээллийн чухал илгээлт болж хувирдаг байна.

Маклуяны шинээр гаргаж ирсэн өөр нэг томъёолол болох даяарчлагдсан тосгон гэдэг ойлголтыг хэвлэл мэдээллийн нийгэмтэй харьцах харьцааг тайлбарлахад өргөнөөр ашигладаг. Цахилгаан мэдээллийн хэрэгсэл нь дэлхий ертөнцийг нийгэм, улс төр, соёлын нэг тогтолцоотой нийгмийн байгуулал болгож хувиргалаа гэж Маклуян дүгнэжээ. Сансрын холбоотой болсон өнөө үед энэ томъёолол бүр хүчээ авч байна. Учир нь даяарчлагдсан тосгон бол орон зай, цаг хугацааны алинаар нь ч хязгаарлагдахгүй билээ. Харин эл эрдэмтэн хүмүүсийн мэдрэмжид хэвлэл мэдээлэл ямар нөлөөтэйг илүү сонирхож байсан болохоор даяарчлагдсан тосгонд мэдээллийн хяналт ямар байх вэ гэдэг асуудлыг огт хөндөлгүй орхижээ.

Маклуян хэвлэл мэдээлэл нь орон зай, цаг хугацааны орчилд хүний үзэх, сонсох, хүртэж мэдрэхийг өргөтгөх замаар хүнийг гэгээрүүлж өргөжүүлнэ хэмээн тунхаглажээ. Цахим мэдээллийн хэрэгсэл нь дундаж хүнийг хоромхон зуур газар бүрт хүргэхдээ харааг нь сунгаж, нүдийг нь нээнэ гэж тэр бичсэн бөгөөд харин тийнхүү мэдрэмж нь өргөжсөн жирийн хүмүүс цаашид юу хийх вэ, мэдээлэлд хэт дарагдвал яах вэ, тэд бодит ертөнцөөс зохиомол руу орох болов уу зэрэг асуултыг тавьж зарим үед өөрөө түүндээ ойлгомжгүй, толгой эргэмээр хариулт өгсөн байдаг.

Дээрх гурван дүгнэлтээс гадна Маклуян хэвлэл мэдээллийн халуун ба хүйтэн хэрэгслийн тухай санааг оруулж ирсэн юм. Чингэхдээ хэвлэмэл мэдээллийг халуун, цахим мэдээллийг хүйтэн гэж ангилжээ. Бүдэг бадаг, сүүдэртэй дүрс (60-аад онд зурагтын хар, цагаан дүрсний байдал тийм л байсан)-ийг харахдаа мэдээллийг орхигдуулахгүйн тулд маш их анхаарал тавих замаар дүрсийг бүрэн болгож гүйцээхэд хүн өөрөө идэвхтэй оролцох ёстой болдог учир телевизийг хүйтэн гэсэн байна. Өөрөөр хэлбэл хүйтэн мэдээллийг үзэгчид өөрсдийн оролцоогоор халааж байдаг гэж үзжээ. Энэ тайлбараараа телевизийн хувьд дүрс ямар чухал хийгээд ер нь дүрс үнэмшилтэй, утга учиртай гэдгийг тодотгож, цаашилбал олон хүнийг татах телевизийн нууц нь дүрсэнд оршино гэж Маклуян нотолсон байдаг.

Нөгөө талаас бидэнд хэрэгтэй зүйлийг бидний өмнөөс олж аваад цэгцэлж бүрэн мэдээлэл өгдгөөрөө хэвлэмэл мэдээллийг халуун гэж ангилжээ. Сонин сэтгүүлийн утга агуулгыг бий болгоход бид оролцохгүй бөгөөд харин аль хэдийн бэлэн болсон нийгмийн дүрслэлүүдийг олж мэднэ хэмээн тэр тайлбарлажээ. Ингэж ангилсныхаа дараа Маклуян “Халуун нь яваад хүйтэн нь ирэх нь” гэж зарлахдаа Жон Кеннеди, Ричард Никсон нарын АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан тохиолдлоор жишээ татсан байдаг. Ж.Кеннеди телевизээр олонтаа гардаг байсан учир түүнийг хүйтэн дүрстэй, Р.Никсон сонин хэвлэл дээр их гарч байсан тул халуун дүрстэй гэж үзээд улмаар өргөн нэвтрүүлэгдсэн ерөнхийлөгчийн сонгуулийн халз маргаанд Кеннеди ялсан нь телевизийн ач тус юм гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, Кеннедийн зурагтаар гарсан бүдэг бадаг дүрс Никсоны сонин дээр гарсан бүх зүйл нь тод зурагнаас илүү олны анхаарлыг татаж чадсан гэсэн үг. Түүнээс хойш улс төрийн зөвлөхүүд сонгуульд нэр дэвшигчдийг сонгохдоо олон нийтэд телевизээр хэр харагдах талыг бодолцдог жишиг тогтжээ.

Маклуяны дэвшүүлсэн мэдээллийн хэрэгслийн тухай онол нь олон нийтийн дунд дорхноо эрчээ авч түүнийг поп соёлын их багш болгосон юм. Шүүмжлэгчид нь түүнийг “Поп соёлыг номлогч”, “Цахим зууны зөнч” хэмээн сонин хэвлэлд бичиж байлаа. Хэдийгээр тайлбарт нь зөрчилтэй зүйлүүд байсан ч хэвлэл мэдээлэл, соёл, нийгмийн гэсэн гурван онолыг макро түвшинд авчирч зангидсанаараа бусдад урам зориг, чиг баримжаа өгсөн чухал онол болж өвлөгдсөн юм. Тухайн үед ийм алсын хараатай онолын дүгнэлт хийх хүн ч цөөн байсан юм. Цахим тооцоолуур, сансрын холбоо, кабелийн телевиз, дижитал хэрэгслийн өнөө үед Маклуяны онолыг хүмүүс сонирхох нь улам нэмэгдээд байгаа билээ.

Маклуянизм онолын давуу тал
-Маш ойлгомжтой
-Макро түвшинд боловсруулагдсан
-Олон нийтийг хамарсан
-Хэвлэл мэдээллийн агуулгын соёлын үнэлэмжийг өргөж өгсөн
-Цаг хугацаагаар хязгаарлагдахгүй

Маклуянизм онолын сул тал
-Туршилтаар нотолж болохгүй
-Технологийг хэт өөдрөг үнэлсэн
-Үр нөлөөтэй холбоотой бусад чухал сэдвийг орхигдуулсан
-Шугаман бус сэтгэлгээг шүүмжлэлд өртүүлсэн
-Цахим мэдээллийн хэрэгсэлд хэт хүлцэнгүй хандсан

А.Оюунгэрэл


*-Онолын тайлбарыг Стэнли Баран, Деннис Дэвис нарын 2000 онд хэвлүүлсэн “Олон нийтийн харилцааны онол” номоос авав.

4 comments:

batbayar said...

yag huseed baisan medeel man baina arg zam hiagaad baisiin oorin ashig sonirholiin zovolgoo bish mash ih bayrlaa urgelj orj baih bolnoo

A.Oyungerel said...

You are very welcome
Oyungerel

Anonymous said...

hi tand bayrllaa ta mail haygaa uguuch

A.Oyungerel said...

Minii e-mail ogerel@yahoo.com
Oyungerel