Wednesday, March 18, 2009

Сэтгүүл зүйн шинэ нэр томъёо

Сүүлийн үед “Convergence Journalism” гэдэг үгийг монгол хэлэнд хэрхэн оновчтой буулгаж болох талаар нэлээд бодож байна. Сэтгүүл зүйд шинэ нэр томъёо орж ирэх бүр монгол хэлэнд хэрхэн буулгах вэ гэж боддог юм. Ийм нэртэй хичээлийг Миссурийн сэтгүүл зүйн сургууль зааж эхлээд байгаа юм л даа. Сүүлийн 50 жилийн дотор анх удаа шинээр бий болгосон мэргэжлийн чиглэл юм байна. Энэ сайт руу орж сонирхоорой. http://convergence.journalism.missouri.edu/convergence.html Нэгэнт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг зааглаж байсан хүрээ хязгаар арилж байгаа тул дүрстэй, дуутай, бичвэртэй мэдээллийг цахим технологиор шинэ үеийн хэрэглэгчдэд хүргэх чадвар бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага тулгарснаас сэтгүүл зүйн ийм шинэ чиглэл үүсчээ. Багш нарыгаа ч “Convergence professors” хэмээн нэрлэх боллоо. Мэргэжил нэгт зарим хүнтэй энэ талаар санал солилцсон ч олигтой шийдэлд хүрсэнгүй. Зарим сурах бичиг дээр “Convergence” гэдэг үгийг “Нийтшил” гэсэн байна. Тэгэхээр “нийтшилийн сэтгүүл зүй” гэж болох л юм. Харин “нийтшилийн багш” гэвэл ямар сонсогдож байна? Анх 1990-ээд Хэвлэлийн Хүрээлэнд орчин цагийн сэтгүүл зүйн хичээл зааж эхлэхэд “lead” гэдэг үгийг “ЭХЛЭЛ”, “ТОЛГОЙ” гэж орчуулж үзээд сүүлд нь “ЛИЙД” гэж бичиж, дуудаж хэрэглэсэнсэн. “Мэдээний лийд” гэж хэлэхээр суралцагчид шинэ зүйл мэдэж авч байна гэж илүү ойлгоод байсан юм л даа.
А.Оюунгэрэл
2009 оны 3 дугаар сарын 18

11 comments:

mglaus said...

saihan blogtoim bainaa. tuhtai suuj baigaad neg unshiyaa. happy blogging & happy fool's day.

haaya neg negniiheeree zochilj baitsgaaya.

www.gegeen.com

A.Oyungerel said...

Блогоор минь зочилсонд баярлалаа. Би өөрийн чинь урьсан блогт урьд өмнө нь орж үзэж байсан. Өвөрмөц санагдсан. Дахин ч орж зочлох болно.
Оюунгэрэл

Tsetsegmaa said...

Deerh bichsen zuiliig tani unshlaa. Ooriin bodloo huvaaltsahad Mongolchuud gadaadiin ner tomyog ashiglaj zanshij baigaa ni neg talaar helnii medlegiig deeshluulj baij boloh ch mergejilten bur oorsdiin salbriin ner tomyog gadaadaar hereglej zanshval mongol hel ustah ayul nuurlene. Tiimees orchuulagdah boloh ugiig orchuulj heregleh ni zuitei.

A.Oyungerel said...

Тийм ээ, би өөртэй чинь энэ талаар санал нийлж байна. Тийм ч учраас аль болох мэргэжлийн нэр томъёог орчуулаад хэрэглэхсэн гэж боддог. Гэвч тухайн юмс, үзэгдийн ойлголт нь шинээр орж ирж байгаа нөхцөлд тохирсон нэр томъёог олж хүмүүсийн ой тойнд хоногшуулах тун хэцүү юм билээ. "Компьютер" гэдэг үгийг л гэхэд "тооцоолон бодох машин", "цахим тооцоолуур" гэх зэргээр олон янз орчуулаад байсан хэрнээ аль нь ч хэрэглээнд хэвшсэнгүй. Тэгсэн хэрнээ "колбаса" гэдэг орос үгийг монголчууд олон жил "галавсаа" гэж ярьж байснаа гэнэт бүгд "хиам" гээд яриад сурчихсан. Сэтгүүлч бид эх хэлээ хамгаалах ёстой хүмүүсийн хувьд орчуулгын нэр томъёог ихэд анхаарч байх ёстой юм. Таны саналд баярлалаа.
Оюунгэрэл

Anonymous said...

bagshaa tanii bichsen zuiliig unshlaa gehdee neg talaaraa gadaad nershil baih ni zuv ch yum shig nuguu talaaraa buruu sanagdaj bainaa.eh hel ugui boloh martagdah asuudal garch irj bn.nuguu talaara zuv gedeg ni bidnii ugiin sand neg ch gesen gadaad ug helleg nemegdej baigaa yum shig sanagdaj baina.

Anonymous said...

bagshaa bi nergui yavuulchihajee.amarzaya

A.Oyungerel said...

Амарзаяа, хэлж байгаа санаа чинь ойлгогдож байна аа. Гадаад үгийг монгол хэлэнд хэт олшруулчихгүйн тулд л би аль болох мэргэжлийн үг хэллэгийг орчуулах хэрэгтэй гэж бодоод энэ талаар хүмүүсийн саналыг асуугаад байгаа юм шүү дээ. Гэхдээ хичнээн орчуулаад ч, монгол үг болгож буулгаад ч үндсэн ойлголт нь хүмүүст хүрдэггүй үг ч байдаг юм. Тэр талаар би хэлэх гэж "лийд"-ийг жишээ болгож авсан юм. Аливаа хэл гадаадаас орж ирсэн үгсээр баяждагт хэмжээ хязгаар байх ёстой тухай үе үеийн хэлний эрдэмтэд, сэхээтнүүд ярьж хэлэлцэж ирсэн юм. Наяад онд намайг "Утга зохиол, урлаг" сонинд ажиллаж байхад энэ талаар олон материал нийтлэгдэж байсныг ч санаж байна. Тэр үеийн бусад сонин дээр ч бий. Тэдгээрийг сэтгүүл зүйн оюутнууд олж унших хэрэгтэй шүү.Хамгийн сүүлд энэ асуудалтай холбоотой зүйлийг М.Саруул-Эрдэнэ багшийн бичсэн номоос блог дээр нь тавьсныг уншсан. Дараах хаяг руу орж үзээрэй. http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=2750&Itemid=66
Саналаа бичсэнд баярлалаа.
Оюунгэрэл

jagdag said...

Гадаад үгийн орчуулгын талаар санаа нэмэрлэхэд энэ нээрээ уг нь их чухал зүйл. Мэргэжлийн улс нь хэлнийхэн бүгд санал солилцож зөв үгийг сонгож хэвлэл мэдээлэл, ном хэвлэлийнхэн түүнийг нь дагаж хэрэглэдэг байх хэрэгтэй болов уу. Маний үеийнхэнээс Доктор М.Саруул-Эрдэнийн олон нийтлэл, ном энд тэнд гарсан байдаг. Оюунаагийн нийтлэл, блог, сургалтын материал, бичсэн олон зүйлд энэ талаар их тусгагдсан байдаг. Их эрдэмтэд зохиолч нар ч үүнд маш их хувь нэмэр оруулсан нь бий. Залуусаас оюутан нараас энэ талаар санал гаргаж хэлэлцэж байгаа нь их сайхан санагдаж байна.

Өөрт тохиолдсон жаал жуул жишээ нэмэрлэхэд, мэргэжлийн дагуу юм байна - компьютер гэдэг үгийг авч үзье. Анх манийг сурч эхлэж байх үед тооцоолон бодох электрон машин гэдэг байлаа. Тухайн үед байсан мэргэжлийн гэх Гунгаабаатар гуайн ганц тайлбар толь дээр ч ингэж орчуулсан байв. Есдүгээр ангид байхад минь мэдээлэл зүйн хичээл заасан Цэрэнбат багш анх удаа компьютер гэдэг юм аа, тэр чигээр нь хэрэглэвэл илүү ойлгомжтой гэхэд тархи хүлээж аваагүй л юм. Гэхдээ хичээлийн дэвтэр дээрээ тэмдэглээд үлдсээсэнийг сүүлд нэг дэвтэрээ сонирхоод үзэж суухдаа харж билээ. Дараа нь Оюунаагийн жишээ дээрх тооцоолох машин, цахим тооцоолуур гэх зэргээр орчуулагдсан ч одоо гадаад нэр томьёогоороо илүүтэй хүмүүст хүрсэн байна. Миний хувийн бодлоор сэтгүүлч, эрдэмтэн Эрдэнэ гуай "тооцуур" гэж орчуулж болохыг монгол хэлний үг бүтэх ёс, эрт дээр үеэс гадаад үгийн монгол хэлэнд оруулж ирсэн жаяг, орчуулгыг судлан эргэцүүлж тайлбарлан бичсэн нь үнэхээр их таалагддаг. Алтан гурвалжин номондоо ийн бичсэн нь бий.

Компьютер гэснээс нээрээ манийг Ардын эрх сонинд ажиллаж байхад эр, эм үгийн нөхцөл дагуулна гэж нэг удаа коллегийн хурал дээр сүрхий маргаж билээ. Одоо Өнөөдөр сонины эрхлэгчээр ажиллаж буй С.Батбаатар эм үгийн нөхцөл залгах ёстой хэмээж эр үгийн нөхцөл хэрэглээд компьютерын гэж бичсэн мань өөрийгөө хамгаалж, улмаар гадаад үгийн орчуулга хэмээн маргаан үргэлжилээд шог зохиолч Шаг.Цэнд-Аюуш ах угаасаа гадаад үгийн орчуулахгүй хэрэглэж байгаа тул нэг стандарт барина хэмээн тасалж билээ. Баагий "компьютерээрээ" гэх тул "ий" байна гэсэн бол би "компьютероороо" гэж ярьдаг хэмээн зөрүүдэлж ... Үр дүн нь цаашид "ий" хэрэгдэх стандарт бий болж мань цалингаасаа 500 төргөрөөр торгуулсан юм. Би бичгийн хүн бус тул ер нь их торгуулдаг байсан л даа. Гэхдээ үүнээсээ маш ихийг сурдаг байсан бөгөөд уг торгуулийн "сургалтын" аргыг бүр маш их дэмждэг байлаа. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр сонин хэвлэл үгийг хүмүүст хүргэх их том хэрэгслүүр. Тэнд ажилладаг улс хариуцлагатай ажиллаж зөв бурууг дэнсэлчихдэг байх хэрэгтэй юм. Одоогийн хэвлэлээр гарч буй зүйлс мэргэжлийн бус, өөрөө алдаатай бичдэг маниар шүүмжлүүлээд өөлүүлээд байхаар хачин алдаатай хэвлэх болсон байгааг хэлэх гэсэн юм.

A.Oyungerel said...

Баярлалаа, Жагдаг аа. Оюутнуудад маань хэрэг болох тун сайхан зөвлөгөөг өөрийн ажил амьдралын туршлага дээр тулгуурлан хэлж өгчээ. Бидний сонин хэвлэлд ажиллаж байсан үед ганц үгэн дээр, нэг дүрэм дээр хэрхэн бичих талаар редакц дотроо ихэд нухацтай ярилцаж маргалддаг байсан шүү. Одоогийн сонин хэвлэл алдаа мадаг ихтэй байгаад багш бидний ч буруу бий. Гэхдээ тухайн хэвлэл мэдээллийн байгууллагууд огт бодлогогүйн тод жишээ юм шиг санагддаг. Сайн редактор, эрхлэгч ямар ч хүнийг, сургууль төгсөөгүй ч хүнийг сургаад авдаг шүү дээ. Эцсийн дүнд тэд л тухайн материалыг нийтлэх, нэвтрүүлэх зөвшөөрөл өгч байгаа хүмүүс шүү дээ. Дашрамд хэлэхэд, мэдээлэл технологийн салбарынхан нэр томъёог нэлээд анхаарч өөр хоорондоо ярилцдаг юм шиг санагддаг шүү. Анх "Интернэт" гэдэг үгийн сүүлийн эгшиг "е" биш "э" байна. "Вэб" гэдгийг "веб" гэхгүй гэдгийг тэд л тогтоосон. Тэгээгүй бол орос хэл дээр байдаг шиг л хэвших байсан байх гэж боддог.
Оюунгэрэл

Oyuntsetseg Ravdan said...

2006 ond Hevleliin hureelengiin urilgaar irj "Baigali ornii asuudliig survaljlah ni" sedevt surgaltiig udirdsan Tomsonii sangiin zuvluh bagsh Rassel Lyne anh bidend Convergence journalist -iin talaar medeelel ugch bsan. Ter ued yag iim Convergence journalist-eer Britanid 300-gaad hun beltgej tugsgusun gej baisan. Bid orchuulagchtaigaa zuvlulduj bgaad hurvuh chadvartai setguulch \ali ch heregseld ajillah medleg chadvar buhii gedeg utgaar\ humuust oilguulj bsan. Hevleliin hureelengees yavuuldag sutgaltiin ontslog, zorilgotoi oir sanagdaj ingej nerlesen. Convergence journalist gedegtei ene aguulga ni iluu duih ch convergence journalism-tai ni iluu niitshil gedeg ni tohitoh jisheetei. Uneheer gadaad ugiig orchuulahad aguulgiig iluu tushih uu, tuhain ugiin shuud utgiig avah uu gedegiig haritsuulalt hiih bolomjiig olgoh uudnees bichiv, naiz ni. Oyuntsetseg R.

A.Oyungerel said...

Саналаа бичсэнд баярлалаа, найз аа. "Хөрвөх чадвартай сэтгүүлч" гэхэд утга нь бууж байгаа хэдий ч их урт нэр томъёо болох нь ээ. Гол утга нь ч уламжлалт сэтгүүл зүйгээс гадна цахим сэтгүүл зүйн чиглэлээр ажиллах чадвартай гэсэнтэй холбоотой юм. Цахим сэтгүүл зүй дээр сэтгүүл зүйн бүх хэлбэрүүд нэгдэн нийлж байна шүү дээ. Тиймээс урьд нь зөвхөн сэтгүүл зүйн нэг чиглэлээр зааж байхад багш нарыг "телевизийн сэтгүүл зүйн багш", "радиогийн сэтгүүл зүйн багш", "Сонины сэтгүүл зүйн багш" гэж болоод байсан бол цахим сэтгүүл зүйн заагаад ирэхэд нь "цахим сэтгүүл зүйн багш" гэхээс илүү "convergence professor" гэдэг болж байгаа юм байна л даа. Сэтгүүл зүйгээс гадна Интернэтийн үйл ажиллагаа, компьютерийн программ, технологитой холбоотой зүйлүүд нэлээд зааж байгаа болоод ингэж нэрлэж байгаа болов уу. Тэрнээс биш цахим сэтгүүл зүйн элемент, агуулгыг заахад "online journalism professor" гэхэд л болно шүү дээ. Ямартаа ч гэсэн бид энэ талаар ярилцаж бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Тиймээс бусад багш нарын саналыг сонсмоор байна л даа. Та нар тухайн үедээ сургалт дээрээ утгыг нь сайн л гаргаж байсан байна. Арай л урт юм даа. Оновчтой богино үг монгол хэлнээс маань олдох байх, тийм ээ. Дахин цааш нь бодоцгооё, ярилцацгаая.
Оюунгэрэл