Saturday, January 30, 2010

УИХ-ын ажиллагааг олон нийтэд нээлттэй болгоход сэтгүүлчдийн үүрэг оролцоо

Энэхүү материалыг нэлээд хэдэн жилийн өмнө бичиж “Сэтгүүлч” сэтгүүлд хэвлүүлж байсан бөгөөд хэвлэлийн эрх чөлөөний хууль хэлэлцэх гэж байгаа үед ач холбогдолтой санагдсан тул блог дээрээ тавихаар шийдлээ.

УИХ-ын үйл ажиллагааг нээлттэй болгоход сэтгүүлчдийн үүрэг оролцоо үлэмж гэдэг нь ойлгомжтой. Хуралдаан дээр яригдсан асуудлыг нийтэлж, нэвтрүүлээгүй цагт мэдээлэл олон түмэнд хүрэхгүй. Аливаа мэдээллийг хайж, олж, түгээх нь хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм. Эл үндсэн үүргийнхээ хүрээнд парламентийн сурвалжлагчид ажлаа явуулдаг. Тодорхой салбараар мэргэшиж, хууль тогтоох явцыг энгийн хүнд ойлгомжтойгоор тайлбарлан бичих, улс төрийн хүрээнийхэнтэй эх сурвалжийн хувьд ойр харьцах шаардлагатай болдог зэрэг нь тэдний ажлын онцлог билээ.

Олон орны туршлагаас үзэхэд хууль тогтоох явцыг сурвалжлах ажлын журмыг нэг талаас төр захиргааныхан, нөгөө талаас сэтгүүлчид заавал хамтран ярилцаж гаргасан байдаг. Нийтлэг зүйл нь гэвэл парламент нь сэтгүүлчдийг мэдээлэл авах, мэдээллэээ дамжуулах боломжийг бүрдүүлсэн ажиллах нөхцөлөөр хангах үүргийг, харин янз бүрийн хэвлэл, мэдээллийн байгууллагыг төлөөлсөн сэтгүүлчид нь хуралдааны үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр сурвалжлах ажлаа хоорондоо зохицож хийх үүргийг тус тус хүлээнэ.

Парламентийн сурвалжлагчид ердийн мэдээний сурвалжлагчдыг бодвол мэдээ хайж гүйгээд байх шаардлага тун бага байдаг. Зөвхөн парламентийн танхимын хуралдаанд сууснаар гэхэд л маш олон сэдэв, маш их мэдээлэлтэй болно. Олсон бүгд нь сонин хэвлэл, радио ТВ-д нь орох зай талбайгүй, цагийн боломжгүй учраас уншигч, үзэгчдэдээ алийг нь яаж хүргэх вэ гэдэг талаар нарийн сонголт хийх хэрэгтэй болдог. Тэгэхээр парламентийн сурвалжлагчийн гол ажил нь аль сэдвийг нь орхих вэ, хасах вэ гэдэг асуудал юм. Бичих зүйлээ сонгохын тулд єєрт нь уйтгартай санагдсан ч уншигч, үзэгчдэд нь тун чухал байж болох асуудлыг хэлэлцсэн хуралдаанд олон цагаар тасралтгүй суух хэрэгтэй болно.

Парламентийн сурвалжлагчийн ажилд нөлөөлөх өөрөөс шалтгаалах болоод шалтгаалахгүй хүчин зүйл маш олон байдаг. Өөрөөс шалтгаалах хүчин зүйлд нь улс тєрийн болоод парламентийн тогтолцооны тухай мэдлэг, хууль тогтоох үйл явцын тухай ойлголт, эх сурвалжийн сүлжээтэй болох зэрэг орно. Сэтгүүлчээс өөрөөс нь шууд шалтгаалахгүй зүйлд тухайн парламентийн үйл ажиллагаа хэр зэрэг нээлттэй эсэх байдал орно. Парламентийн нээлттэй байдал гэдэг бол иргэддээ мэдээллийг аль болох чөлөөтэй өгөөд зогсохгүй санал хүсэлтийг нь янз бүрийн хэлбэрээр сонсож хууль журамд тусгах хүртэл эргэх холбоотой ажиллахыг хэлнэ. Парламентийн нээлттэй байдлыг бүрдүүлэхэд дараах асуудлууд чухал үүрэгтэй.

Мэдээлэл олж авах эрхийг хуулиар баталгаажуулах нь парламентийг нээлттэй байлгах макро түвшингийн гол асуудал юм.

1992 оны Монгол улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16 ба 17 дугаар хэсгийн заалт иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайж олох эрхийг хангадаг. Хэвлэл, мэдээллийн байгууллага сэтгүүлчид мөн энэ хуулийн хүрээнд үйл ажиллгагаагаа явуулдаг. Тэдэнд иргэдээс илүү дархан эрх байхгүй. Харин иргэн бүр парламентад өөрийн биеэр очиж мэдээлэл авах боломжгүй учраас сэтгүүлчид ажил мэргэжлийнхээ дагуу тэдний өмнөөс мэдээллийг нь олж түгээж өгөх үүргийг хүлээж байгаа билээ.

Түүнчлэн 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёрдугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж заасан. Энэ хоёр хуулийн дээр дурдсан заалтууд тєр, засгийн байгууллагын мэдээлэл нээлттэй байх ёстойг илтгэн харуулж байгаа хууль эрхийн үндсэн акт юм. Онолын хувьд ийм хүчтэй хоёр заалттай байхад иргэд мэдээллээр бүрэн хангагдаж болмоор. Гэтэл үнэн хэрэгтээ хуулийн ийм тодорхой заалттай хэрнээ тєр засгийн мэдээлэл нээлттэй байж чадахгїй байгаа. Тэгэхээр эдгээр заалтууд хангалтгүй юм биш үү гэсэн асуулт гарч ирнэ. Энэ талаар Харвардын Их Сургуулийн Жоан Сорэнстэйний төвийн захирал Мэрвин Кэлб “Чєлєєт хэвлэлд хууль зүйн болон үндсэн хуулийн баталгаа зайлшгүй байх боловч үүгээр бүх юм шийдэгдсэн гэсэн үг огтхон ч биш” гэж хэлсэн.

Үнэхээр иймэрхүү хуулийн заалтууд хангалтгүй байдаг учраас янз бүрийн орнууд өөр хуулийн заалт буюу журам боловсруулах зэргээр мэдээллийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг шийдэж иржээ. АНУ гэхэд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг хангалтгүй гэж үзэж иргэд ямар мэдээллийг хэрхэн авч болохыг заасан хоёр төрлийн хууль нэмж гаргасан аж. Нэг хууль нь нэгдсэн улсын хэмжээнд мөрдөгддөг Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, нөгөө нь муж улсуудад мөрдөгдөх Олон нийтийн мэдээллийн тухай хууль болно. Эдгээр хууль нь сэтгүүлчид ажил үүргээ биелүүлэхдээ эрх баригчдаас үл хамаарахыг баталгаажуулж өгч байгаа юм.

Мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд төр, засгийн байгууллагууд иргэн хүнд хурлаар хэлэлцэх асуудал, хурлын протокол, шийдвэр, бодлоготой холбоотой бичиг баримт болон албан хаагчдын бүртгэл бусад зүйлсийг хуулбарлан авах боломж олгох үүрэгтэй гэж заасан байдаг. Төр, засгийн байгууллага цаад тал нь арав хоногийн дотор хариу өгөх ёстой бөгөөд хэрэв мэдээлэл өгөхөөс татгалзвал түүнийгээ хуулийн дагуу үйлдэж байгаагаа нотлох ёстой.

Конгрессийн хувьд хэдийгээр ном товхимол, танилцуулга болон цахим хуудсаар, мөн аман хүсэлтээр мэдээллээ нээлттэй байлгахыг ямагт хичээдэг боловч иргэд ирж мэдээлэл авахыг хүлээх нь хангалттай бус байдаг. Гишүүд нь сонгуулиар улс төрийн тавцанд гарч ирсэн хүмүүс учраас єєрсдийн үйл ажиллагаагаа бараг өдөр тутам хүмүүст мэдээлж, үзэл бодлоо хуваалцах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл конгрессийн гишүүд, сэтгүүлчдийн харилцан ойлголцсон хамтын ажиллагаа нь парламентийн үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгах суурь болж өгнө.

Тиймээс АНУ-ын конгресс хэвлэлийн галерей хэмээн нэрлэгддэг хоёр төвийг сэтгүүлчдэд зориулж дээд доод танхимдаа байгуулжээ. Хэвлэлийн тєвүүд нь утас, цахим тооцоолуур, факс зэргээр тоноглогдсон бөгөөд парламентийн танхим руу хүссэн үедээ шууд орж ажиглах боломжтой аж. Хэвлэлийн төвд сэтгүүлчдийг ирэхэд тэр өдөр хэлэлцэх асуудлын тов, конгрессийн гишүүдийн хэлэх үг, бусад бичиг баримт бэлэн байхаас гадна хэвлэлийн төвд ажиллагсад сэтгүүлчдийг конгрессийн гишүүдтэй холбож өгөх ажлыг зохион байгуулдаг байна.

Ард иргэд, албан тушаалтан нь бүгд чөлөөт хэвлэлийн нийгмийн үүргийг ойлгодог байх нь мөн мэдээлэл нээлттэй байх макро түвшингийн асуудал юм.

Ард түмэн улс үндэстэн болоод өөрсдийнх нь эрх ашгийг хөндсєн аливаа мэдээллийг авах эрхтэй боловч хүссэн мэдээллээ тэр болгон авч чаддаггүй. Үүнийг хуульч судлаачид тэдний эрх зүйн мэдлэг сул байгаатай холбож үздэг боловч төр засгийн байгууллагаас мэдээлэл түгээж буй арга, хэвлэл мэдээллийнхний мэдээ үнэлэх чадвар, албан тушаалтан ба сэтгүүлчдийн хоорондын харьцаа зэрэг өөр олон шалтгаан энд бий.

Монголд мэдээлэл тийм ч нээлттэй биш түүнчлэн чөлөөт хэвлэл сул дорой байгаагийн нэг гол шалтгаан нь нийгэм даяараа ардчиллын тулгуур зарчимд тооцогддог чөлөөт хэвлэлийн тухай цэгцэрсэн ойлголтгүй байгаатай холбоотой. Тиймээс мэдээллийг өмчлөх, хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ялгавартай хандах зэрэг мэдээллийг аль болох нуугдмал байлгах сөрөг үзэгдэл ажиглагдаж байна. Энэ нь эх сурвалж хэрэгтэй гэсэн үедээ өмчилсєн мэдээллээсээ сэтгүүлчдэд өгч сэтгүүлчдийг хооронд нь сөргөлдүүлэх, өөрт хэрэгцээтэй гэж үзсэн үедээ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглах магадлалтай байдаг.

Иргэд нь мэдээлэл сайтай байвал улс нийгэм хүчтэй байна. Иргэд хүссэн мэдээллээ төр засгийн ажилтнаас ч, хэвлэл мэдээллээс ч шаардаж авч чаддаг хүчтэй хэрэглэгч байхын тулд чөлөөт хэвлэлийн тухай болоод эрх зүйн зохих мэдлэгтэй байх ёстой. Тиймээс хүчтэй хэрэглэгчдийг бэлтгэхийн тулд хүүхдүүдэд дунд сургуулиас нь эхлэн сэтгүүлзүйн үндсэн ойлголтын талаар хичээл оруулах нь зүйтэй. Нийт иргэдэд радио, теле хичээл болон зайны сургалт ч явуулж болно.

Үнэн бодит мэдээлэл авах болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж солилцох механизм бүрдэхэд ухамсартай иргэдийг төлөвшүүлэх явдал чухал билээ. Чөлөөт нийгэм чөлөөт иргэд дээр тогтож өөрөө өөрийгөө хөтөлж явах ёстой. “Хүмүүсийг хөдөлшгүй баримтаар хангаад өгөхөд улс орон оршин тогтнох болно” гэж Америкийн ерөнхийлөгч агсан Авраам Линколн тэртээ олон жилийн өмнө хэлсэн байна.

Сэтгүүлч ба эх сурвалжийн харилцаа бол хууль тогтоох явцыг нээлттэй болгох микро түвшингийн гол асуудал мөн.

УИХ-ын гишүүд ба сэтгүүлчид хоёулаа улс тєрийн хүрээнд хяналт тогтоодог хоёр бие даасан байгууллагад ажилладаг. Нөгөө талаас хоёулаа ард түмнийг мэдээллээр хангах үүрэг хүлээдэг. Гэхдээ гол зэвсэг нь сэтгүүлчдийн гарт, гол мэдээлэл нь гишүүдэд байгаа. Тийм учраас бие биенгүйгээрээ оршин тогтнож чадахгүй нэг ёсондоо зоосны хоёр тал болж ажиллахаас өөр аргагүй болдог. Үүний тулд тэд маш ажил хэрэгч, найрсаг харьцаа тогтоох шаардлагатай болдог. Гэхдээ тэд мэдээлэл түгээхдээ өөр өөрийн ашиг сонирхолтой байдаг билээ. Зарим үед сонирхлын зөрчил гарч ч болзошгүй. Заримдаа тэд хэт найрсаг эсвэл хэт дайсагнасан харьцаа тогтоосноос сэтгүүлчийн бичлэгт тэнцвэрт байдал алдагдаж, тухайн парламентч нь улс тєрийн тавцанг орхих үед сэтгүүлч ч улс төрийн сэтгүүлзүйн ажлаасаа холдох хэрэгтэй болдог.

Сэтгүүлчид хууль тогтоох явцыг сурвалжлах үндсэн үүргийнхээ дагуу аливаа хуулийг төрөхөөс нь өмнө, төслийн шатанд байхад нь нийтэд танилцуулж эхэлснээр лоббийн ажиллагаа эхэлдэг. Английн парламент сэтгүүлчдийг зориуд нэг бие даасан бүлэгт оруулдаг. Сэтгүүлчдийн лобби бол нийт ард иргэдийн өмнөөс хийгддэгээрээ бусад салбарын эрх ашгийг барьсан идэвхтэнүүдийн лоббигоос ялгаатай байдаг аж. Дээр єгүүлсэн бүхэн парламентийн сурвалжлагыг нээлттэй болгоход сэтгүүлч, албан тушаалтнуудын харилцан ойлголцсон хамтын ажиллагаа тун чухал гэдгийг харуулж байгаа юм.

Парламентийг нээлттэй болгоход техник технологийг ашиглах нь микро түвшинд шийдэх эн тэргүүний асуудал юм.

Аль ч орны парламентийн цахим хуудас иргэддээ улс төрийн тогтолцооны тухай ойлголт, хууль эрхийн үндсэн мэдээлэл, мэдлэг өгөхөөс гадна и-мэйлээр дамжуулж сонгосон гишүүдтэйгээ шууд харилцах боломжийг олгодог. Гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч мэдээлэл олох, түгээхэд улам шуурхай хандах үүднээс сурвалжлагч нартаа эх сурвалжтайгаа цахим шуудангаар харьцаж мэдээллээ авч болох зөвшөөрлийг өгч эхэллээ. Тиймээс өөр орны парламентийн гишүүнээс ч тухайн улсад нь зорчин очилгүйгээр ийм аргаар мэдээлэл авах боломжтой болсон байна.

Утсан харилцаа боловсронгуй болсон энэ үед ажлынхаа өрөөнд байхгүй тохиолдолд нь иргэд түүний дотор сэтгүүлчид асууж хэлэх зүйлээ бичүүлж мессеж үлдээхэд улс төрч эргээд заавал холбоо барьж хариу өгдөг соёл мєн нэвтрээд удаж байна. Технологийн ийм шийдлүүд нь зөвхєн ажлынхаа байранд байгаагүй, өөр газар хуралтай байсан гэх шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзах арга хэрэглэхийг хааж байгаа юм.

Угаасаа мэдээллийг нээлттэй байлгах олон аргыг үгүйсгэн “Би завгүй. Хуралтай, дараа ир” гэх ч юм уу, үзүүлэх бичиг цаас нь өөр хүнд байгаа, даргаас зөвшөөрөл ав, нарийн бичгийн дарга амралтаа аваад явсан гээд л элдэв шалтгаан дурдан иргэдийг чирэгдүүлэхийг тухайн албан тушаалтан мэдээлэл хайж олох гэсэн иргэний эрхийг зєрчиж байгаа асуудал гэж үздэг аж. Тиймээс 1908 онд байгуулагдсан дэлхийн анхны сэтгүүлзүйн сургууль болох АНУ-ын Миссурийн Сэтгүүлзүйн сургууль мэдээлэл олж авах хууль эрх зүйн орчинг байнга тогтвортой байлгах болон иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө хангагдаж байгаа эсэхийг ямагт шалгаж байх зорилгоор оюутнуудаа төр, засгийн янз бүрийн шатны байгууллагаас мэдээлэл олж авах дадлагын хичээл хийлгэдэг. Хэдийгээр зарим мэдээллийг цахим хуудаснаас авч болох боловч тийм хичээлийн хүрээнд оюутнууд байгууллага дээр биеэр очиж сенатын гишүүдийн өдөр тутмын ирцээс эхлэн хэн ямар хуулийн заалтанд ямар санал өгсөн, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хэргүүд, шүүхээр шийдвэрлэгдсэн хавтаст хэрэг, төр засгийн аль ч байгууллагын төсөв, шоронд хоригдож буй хүмүүсийн нэрсийн жагсаалт гээд л олон баримтыг олж авдаг. Хамгийн сонирхолтой нь албан тушаалтнууд юу гэж хэлж мэдээлэл өгөхөөс цааргалсан тухай тодорхой өгүүлэн бичсэн оюутнуудын тайлан байдаг бөгөөд тэдний бичсэн тайланг орон нутгийн сонинд хэвлэх буюу Эрэн Сурвалжлагч Сэтгүүлч редакторуудын холбооны цахим хуудсан дээр (http://www.ire.org) тавьж олны хүртээл болгодог юм. Уг цахим хуудаснаас бусад мужуудад ч иргэдийг мэдээллээр хангах байдал ямар байгааг мэдэж болно. Сонгуулиар гарч ирдэг улс төрчид болон томилолтоор ажилладаг гүйцэтгэх ажилтнууд ямар ч нөхцөлд санаатайгаар буюу санамсаргүй байдлаар мэдээллийг дарагдуулах, нууж хаах үйлдлүүд гаргадаг тул иргэдийн үндсэн хуулийн эрхийг зөрчүүлэхгүйн тулд сэтгүүлзүйн сургалтын болон мэргэжлийн байгууллагууд ийм аргаар хуулийн хэрэгжилтэнд байнга хяналт тавьдаг байна.

Иргэд нь наад захын үндсэн мэдээллээр хангагдаагүй орныг ардчилсан оронд тооцдоггүй. Иргэдээ мэдээллээр шуурхай хангах аргын нэг нь хэвлэлийн бага хурал юм. Хэвлэлийн бага хурлыг санаачлагч хамгийн сүүлийн үеийн мэдээллийг сэтгүүлчдээр дамжуулан ард түмэндээ хүргэхийн тулд 10-20 минутанд багтаан энэ ажиллагааг зохион явуулдаг. Эхлээд мэдээллээ өгөөд дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулах журамтай. Шуурхай мэдээлэлд зориулагдсан учраас богино хугацаанд гол мэдээллээ томьёолон хүргэх чадварыг тухайн хурлыг санаачлагч эзэмшсэн байх ёстой болдог. Тийм ч учраас хэвлэлийн бага хурлыг ихэвчлэн зогсоогоороо хийнэ. Сэтгүүлчид ч гол мэдээллийг сонсоод дараа нь бичлэгтээ оруулах санаандаа таарсан баримт олохын тулд асуултаа цэгцтэй тавих ёстой. Гэтэл Монголд болж байгаа хэвлэлийн бага хурлуудыг ажаад байхад нэг л тайлангийн хурлын шинжтэй болж байгаа нь харагддаг. Үндсэн мэдээлэл нь нийтэд нээлттэй биш учраас хурал болгон дээр оршил ярьсаар ихэнх цагаа өнгөрөөх нь бий. Сэтгүүлчид ч лекц мэт сунжирсан асуулт тавьдаг.

Сайтар тоноглогдсон хэвлэлийн бага хурлын өрөө нь хэвлэлийн бага хурлыг зохих ёсоор шуурхай явуулах нөхцөлийг хангаж єгдєг. Америкийн конгрессийн гишүүдийн хэвлэлийн бага хурлын өрөө нь өргөөшөө зургаа уртаашаа найм орчим метрийн хэмжээтэй. Хэвлэлийн бага хурал хийж байгаа хүн нь конгрессийн гишүүний тэмдгийн дүрс бүхий индрийн ард зогсож мэдээллээ өгдөг. Урд нь ганцхан микрофон байх бөгөөд тэр нь танхимын ард зоосон видео камер болон бусад хэрэгслийг холбох аппараттай холбогдоно. Радиогийнхан дуу хураагуураа тэр аппаратант залгачихна. Тиймээс микрофон, диктофон, репортероо бариад урагшаа тэмүүлээд байх албагүй. Түрүүлж ирсэнд нь эхэлж үйлчилнэ гэдэг системээр түрүүлж танхимд орж ирсэн сэтгүүлчид сандал дээр суух боломжтой. Сүүлдэж ирсэн бол танхимд багтах хэмжээгээрээ ороод зогсчихно. Капитолын ордонд орох үнэмлэхийг хүссэн байгууллага, сэтгүүлчдэд ялгаварлалгүй өгөх бөгөөд харин ордон дотор хэрхэн ажиллахыгаа сэтгүүлчид өөрсдөө зохицуулдаг. Түүнээс хэвлэлийн бага хурлын танхимын сандлын тоонд тохируулж үнэмлэх олгодоггүй.

Парламентийн мэдээллийг нээлттэй болгоход хэвлэл, мэдээллийн байгууллагуудын уялдаа холбоо тун чухал.

Хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчид мэдээлэл хайж олох ажлаа хамтарч зохион байгуулдаг жишээ тун олон. Тухайлбал, мэдээллийн агентлагууд хатуу, шуурхай мэдээг түгээдэг. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд тухайн агентлагт гишүүнээр элсэж татвар төлснөөр мэдээг нь ашиглах эрхтэй болно. Агентлаг гишүүн байгууллагадаа цахим хуудсаар бэлтгэсэн мэдээллээ цаг минут тутам хүргэнэ. Энэ нь хэвлэл, мэдээллийн байгууллагад шуурхай мэдээний сурвалжлагчийн орон тоогоо хэмнэж, байгаа сурвалжлагчдаа даацтай дэлгэрэнгүй материал хийлгэх цаг заваар хангах боломж өгдөг. Парламентийн сурвалжлагч ч шуурхай мэдээ хөөж явахын оронд ул суурьтай материал бичих цагтай болно.

Японы кешаклабын систем төр, засгийн бүх шатны байгуулагын олон нийттэй харилцах ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болдог байна. Кэшаклаб гэдэг нь сэтгүүлчдийн клуб гэсэн үг юм. Тухайлбал улс төрийн сэдвээр бичдэг сэтгүүлчид Ерөнхий сайдын танхимын дэргэдэх хэвлэлийн төвд байнга байрлана. Өдөр тутмын сонин, радио, телевизээс дунджаар таван хүн тэнд ажиллана. Нэг нь зэргэлдээ өрөөнд хэвлэлийн бага хуралд ороход, нөгөө нь засгийн газрын төлөөлөгчөөс ярилцлага авахаар өрөө рүү нь явна. Гурав дахь нь материалаа бичин компьютерийн ард сууна. Бас нэг нь утсаар ярьж уулзалтаа товлоно. Үлдсэн нэг нь телевизийн сувгуудыг сольж ямар мэдээ дамжуулж байгааг харж сууна. Сэтгүүлчид ингэж багаар ажиллахад гол мэдээлэл хоцорно гэж үгүй.

Английн парламентийн рефрешмэнтийн алба 1979 оноос эхлэн Вэстминстерийн ордонд олон ресторан, кафе, баар байгуулж парламентийн гишүүд зочин дагуулж орох боломжтой болгожээ. Гэхдээ зарим нэг газар зөвхөн парламентийн гишүүдэд, зарим нь тодорхой бүлэг хүмүүст үйлчидэг аж. Тухайлбал, Эннийс баар зөвхөн лоббич сэтгүүлчдэд үйлчилдэг гэнэ. Ийм систем нь улс төрч, сэтгүүлчид харилцан ойлголцоход чухлаас гадна ямарваа лоббийг олон түмний хяналтанд байлгахад тус үзүүлнэ.

Тухайн улс оронд ардчилал хэр хөгжсөнийг чөлөөт хэвлэлээр нь дүгнэдэг. Чөлөөт хэвлэл нь нийтлэл, нэвтрүүлгээрээ тухайн нийгэм дотор мэдээллийн чөлөөт урсгал байгаа эсэхийн толь болж өгнө. Аливаа орны төр засаг нь иргэдээ мэдээллээр хангах үүргээ биелүүлж байна уу гэдгийг нийгэм судлаачид иргэдийн дунд судалгаа явуулж тодорхой хэдэн асуултад хариу авах замаар дорхноо дүгнээд гаргаад ирдэг. Эдгээр нь тун энгийн мөртлөө зарчмын асуултууд байдаг. Тухайлбал:

  • Төр, засгийн аль нэг байгууллагаас та мэдээлэл авах гэж оролдож байсан уу?
  • Тухайлбал аль байгууллага, яам, хэлтэст хандсан бэ?
  • Та утсаар ярьсан уу, цахим хуудсыг нь шүүж үзсэн үү, биеэр очсон уу, и-мэйл-ээр харилцсан уу?
  • Мэдээлэл авахад төлбөртэй юу?
  • Мэдээлэл өгсөн хүн танаас шан харамж нэхсэн үү?
  • Нэг хуудас материалыг танд ямар үнээр олшруулж өгсөн бэ?
  • Хэрэгцээтэй мэдээллээ олж авч чадсан уу?
  • Мэдээллээ хайж олж авахад ямар хугацаа зарцуулсан бэ?
  • Төр засгийн мэдээлэл олон нийтэд нээллтэй байх талаар ямар хуулийн заалт байдаг вэ? гэх мэт

Ардчиллын замаар олон жил замнасан орнууд өнөөдөр шинжлэх ухаан, технологийн хөгжлийг ашиглан төр засгийн мэдээллийг яаж улам нээлттэй, олон түмэнд шуурхай хүргэдэг болгох вэ гэдэг талаар хэлэлцэн ярилцаж байна. Харин ардчиллын замд дөнгөж хөлөө тавьж байгаа орнууд буюу бидний хэлж заншсанаар улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа нь төлөвших шилжилтийн үе шатандаа яваа улс орнууд төр засгийн мэдээллийг нээлттэй болгох талаар анхны алхмуудаа хийж байгаа юм. Манай орны хувьд нэг давуу тал байгаа нь бусад ардчилсан орнуудын мэдээллийг нээлттэй байлгахын тулд хийж ирсэн ажлыг нь үе шат бүрээр нь нарийвчлан судалж шаардлагатай, тохирно гэж үзсэнийгээ туршиж хэрэгжүүлэх өргөн боломж нээлттэй байгаа явдал юм.

А.Оюунгэрэл/2001/12/21