Wednesday, March 10, 2010

Ёс зүйн хэлэлцүүлэгт ашиглах жишээ

Эзнээ алдаршуулаад эргээд аминд нь хүрсэн зураг

Тохойгоороо газар тулан бөхийсөн хар арьст хүүхдийн ард суух махчин шувуу. Ийм л зүйлийг Нью Йорк Таймс сонины уншигчид 1993 оны гуравдугаар сарын 26-ны баасан гаригт энэ зургаас олж харсан юм. Хүүхдийн царай харагдахгүй, мөн шууд зөрчлийг тусгаагүй, тэгээд ч фокус нь тодорхойгүй энэ зургийн зохиомжийн хувьд онцлоод хэлэх зүйл үгүй. Гэтэл энэ зургийг авсныхаа төлөө гэрэл зурагчин Кёвин Картер дараа жил нь Пулитцерийн шагнал хүртээд удалгүй амиа хорлосон байдаг.

Эл зурагт “Барууныхныг тайвшруулахын тулд Суданы засгийн газар улс орныхоо урд хэсгийг гамшгийн үр дагаврыг арилгах ажиллагаанд нээж өглөө. Гэвч энэ нь зарим хүний хувьд хэт оройтсон хэрэг боллоо. Өлсөж туйлдсан охин Эйод дахь хүнс түгээх тєв рүү очих замдаа ухаан алдаж унав. Ойролцоо нь махчин шувуу хүлээнэ” гэсэн тайлбар зүүжээ. Зургийг http://www.fossilizedcustoms.com/vultureJPEG.jpg сайтаас үзнэ үү.

Хамт нийтлэгдсэн мэдээнд нь тэр охины талаар юу ч дурдаагүй байв. Тэгэхээр зургийг зөвхөн үзүүлэн болгож л хэвлэсэн аж. Мэдээ нь хүнс түгээх төв рүү очихын тулд хүмүүс хэдэн өдөр зарцуулсан тухай байлаа.

Хэдийгээр махчин шувуу охиныг харж байгаа эсэх нь зургаас тодорхойгүй, охин өлсөж туйлдсан уу өвдөж зовсон уу гэдэг нь тодорхойгүй ч зургийг харсан хэн боловч “Африк дахь өлсгөлөн”-гийн дүр зураг хэмээн тайлбарлаж байв. Ямартаа ч гэсэн энэ зураг уншигчдын сэтгэлийг ихэд хөдөлгөж, мэргэжил нэгтнүүдийнх нь ч анхаарлыг татсан билээ. Тухайлбал, Лондоны Сандэй Мэйл сонин энэ талаар “Суданд болж байгаа гамшгийн аймшигт байдлыг НҮБ-ын хүнс түгээх төв рүү мөлхөж байгаа өлсгөлөн хар арьст охин болон түүнийг тэвчээртэй хүлээн байгаа бэлцгэр шувуугаар төлөөлүүлж харуулсан хөрөг юм. Нэг зургаар хүнд суртлыг хєндсєн бөгөөд мөнгө хөрөнгө, эм тан, сайн дурын ажилтнууд их хэрэгтэй болох нь гэдгийг үгээр хэлэхээс илүүгээр сэтгэл зүрхээрээ ойлгоход тусалж сэтгүүл зүйн хүч чадлыг харууллаа” гэсэн бол Тайм сэтгүүл “Хүүхэд дөнгөж амь голтой байна. Махчин шувуу сэг хүлээж сууна. Зураг Суданы гамшгийн нийтлэг шинжийг буулгажээ” хэмээсэн байна.

Америкийн Үндэсний олон нийтийн радиогийн Скотт Саймон “Зураг өлсөж цангасан жаал охиныг нам унахыг эсвэл бүр үхэхийг нь хүлээж байгаа махчин шувууг харуулжээ” гэсэн байхад Ройтерс агентлагийн Өмнөд Африкийн Йохансбург хот дахь сурвалжлагч Жүдит Марлоф (Кёвин Картертай нэг байранд хамт амьдарч байсан найз) “цатгалан махчин шувуу өлсгөлөн охиныг мөшгинө” гэжээ. Зарим хүүхдийн байгууллагууд эл зургийг сурталчилгаандаа ч ашигласан нь бий.

Гэвч энэ зургийн талаархи маргаан өөр нэг чиглэлтэй байсан нь сэтгүүлчийн ёс зүйн асуудал юм. Хүмүүсийн уур эгдүүцлийг хүргэсэн, амьдралын эмгэнэлт талыг харуулсан зураг авч байгаа сурвалжлагчид тухайн болж байгаа үйл явдлыг ажиглагчийн байр суурийг баримталдаг. Дуран авайгаа чиглүүлж, нүдээ чилээж байхдаа гэрэл зурагчид бусад сэтгүүлчдийн нэг адил мэргэжлийнхээ үйл ажиллагааны зорилго чиглэлийг удирдамж болгон тогтсон систем, арга хэлбэрийн хүрээнд ажилладаг билээ. Маргаан өдөөсөн энэ зургийг авахдаа Кёвин Картер хэвлэл мэдээллийн бусад ажилтан шиг л ажилласан. Гэлээ гэхдээ түүнээс хүмүүс охинд тусалсан эсэх талаар нь асуусан байна.

Гэрэл зургийн ёс зүйн асуудлаархи олон улсын арга хэмжээн дээр Японы шүүмжлэгч Мэйо Иссобе гэрэл зурагчид зургийг нь авч байгаа хүмүүсдээ туслах ёстой эсэх асуудлыг хөндөж ярихдаа дээрх зургаар жишээ татжээ. Картерийн өөрийнх нь найз өгүүлэхдээ тэр хүүхдийг яасан бэ гэж намайг асуухад Картер зовсон байртай “Яагаа ч үгүй, тэнд мянга мянган тийм хүүхэд байсан шүү дээ” гэж хариулсан хэмээсэн байдаг. Жао Сильва гэдэг өөр нэг найз нь гэрэл зургийн редактор Крис Мэйрэсээс “ Тэр тийм үед юу хийх ёстой байсан гэж?” асуужээ. Учир нь өвчний халдвар авч болзошгүйн улмаас нутгийн иргэдэд хамаагүй гар хүрч болохгүй гэж НҮБ-аас тэнд ажиллаж байгаа сэтгүүлчдэд заавар өгсөн байдаг байна.

Нэг орой Кёвин өөрийгөө өмгөөлөн ярьж сууснаа гэнэт “Тэр охиныг татаж босгоогүй намайг үнэхээр уучлаарай” гэсэн тухай Жао Сильва дурссан юм.

Гэтэл Кёвины энэ зураг хэвлэгдэж гарахаас өмнөх арван жилд Суданд болсон иргэний дайны явцад 1,3 сая хүн өлсгөлөн, өвчин, хүчирхийллийн улмаас нас барсан байсан юм. Иргэний дайн нь умард зүгт байрлах лалын шашинт арабчууд ноёрхсон засгийн газар ба өмнөдөд орших христосын шашинт хар арьстнуудын хооронд гарсан байжээ. Тухайн зургийг авсан 1993 онд америкчууд Сомалид цэргээ оруулсныг хараад Суданы засгийн газар түүнтэй ижил төстэй зүйл өөрийнх орны хувьд гарч болзошгүй гэж болгоомжилж байсан үе юм. Тиймээс олон улсын буяны байгууллагуудыг оруулж нутгийн иргэдэд туслах нөхцөл бий болгочихоод байжээ. Өмнөд Суданд 800-гаад мянган хүн өлсөж байгаа гэсэн тооцоог ч тусламжийн байгууллага гаргаж байсан байна. Тэгэхээр охины зовлонт байдалд гэрэл зурагчин буруутай юу гэдэг асуулт гарч ирнэ.

Хүмүүсийн уур хилэнг бадруулагч иймэрхүү зургийн цаад учир шалтгааныг олонхи хүн мэддэггүй бөгөөд уг зургуудыг гол төлөв ухуулга сурталчилгааны зориулалтаар ашигладаг тул тийнхүү төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэдэг болой. Учир нь дүрс нь маш олон зүйлийг өгүүлж байгаа учраас сурвалжлагч тэр зургийг авсан байж таарна. Үүний сацуу буулгасан нөхцөл байдал нь амьдралд давтагдаж байдаг билээ. Тиймээс үүгээр гэрэл зурагчин, редактор, тоймч, түүхчид ямар нэг утга санааг илэрхийлэх гэж оролджээ. Гэтэл үзэгч, уншигчдад тэдний санаа, болж байгаа үйл явдлын цаад учир шалтгаан огт хамаагүй санагдана. Тэд энэ зургийг махчин шувуу, хүүхэд хоёрын зураг л гэж хүлээн авна. Тиймээс зурагчны ёс зүйтэй холбоотой асуудлыг гаргаж ирдэг.

Уншигчдын шүүмжлэлд олонтаа өртсөнийхөө дараа Нью Йорк Таймс сонин нэгэн өгүүлэлдээ охиныг амьд мэнд байгаа тухай мэдээлсэн байна. Зургийг огт өөрөөр ойлгох ч хүн бий. Тухайлбал, Тайм сэтгүүлийн нэг уншигч захидалдаа “Кёвин Картер өөрийнхөө амьдралыг буулгаж харуулсан мэт зураг авснаараа Пулитцерийн шагнал хүртсэн нь егөө юм. Газар тулж атийсан охин бол Кёвин өөрөө, махчин шувуу бол үхлийн эрлэг юм” гэсэн байдаг.

Зургийг авснаас хэдэн жилийн хойно амиа хорлохын өмнө үлдээсэн бичигтээ Кёвин Картер “Намайг өлсгөлөн, шархтай хүүхдүүдийн цогцос, уур хилэн, өвчин зовлонгийн тухай тод дурсамж мөшгиж байна” гэжээ. Зураг авах үедээ тэр Йохансбургийн Мэйл сонинд ажиллаж байсан бөгөөд Өмнөд Африкт болж байгаа хүчирхийллийн талаар нэлээд зураг авсан байжээ. Мэргэжлийн ажлаасаа хөндийрч чухам түр амсхийх ёстой байсан үед Кёвин Суданы өлсгөлөнгийн зураг авахаар явах томилолт хүссэн байдаг аж. Сонины газар нь томилолт өгөхөөс татгалзахад өөрөө банкин дахь дансаа улайлган байж Суданыг зорьжээ.

Энэхүү зураг нь түүний Суданд авсан анхны зургуудын нэг бөгөөд зураг авсныхаа дараа модны дор суугаад уйлсан хийгээд дараа нь махчин шувууг хөөж зайлуулсан тухайгаа тайлагнасан байдаг.

Уг зургийг авахаас өмнөх болон авсны дараах үе түүний амьдрал хүний хувьд төлөвшин тогтох ёстой үе нь байсан юм. Гэтэл тэр дайн тулаан, аллага хүчирхийллийн зураг авч, бас ажил үүргээ гүйцэтгэж явсан хэд хэдэн нөхдөө алдсан байв. Пулитцерийн шагнал авсан нь ч амьдралд нь сайнаар нөлөөлсөнгүй. Улам хямралд орж, архи ууж, ажлаас халагдаж явсаар амьдрал нь эмгэнэлээр төгсжээ.

А.Оюунгэрэл

2001

Зургийн тайлбар

Судан, 1993

Кёвин Картер. Сигма

3 comments:

Unknown said...

сонирхолтой түүх байна.

Anonymous said...

хүнд мэргэжил юм даа.амархан юм шиг хэрнээ

Unknown said...

Хүмүүс амархан гэж бодоод юм уу, эсвэл амарчилж хийгээд сэтгүүлзүйн мэргэжлийн түвшинг доошлуулаад байгаа юм. Сэтгүүлзүйн нийгэмд гүйцэтгэх үүргийг ойлгохгүйгээр энэ ажлыг хийх хийх хэцүү. Ойлгоод хийсэн ч алхам тутамд зөвхөн өөрөө л шийдвэр гаргах ёстой төвөг бэрхшээл тулгарна. Энэ залуу бол сэтгүүлчийн үүргээ сайн биелүүлсэн л дээ.
Оюунгэрэл