Thursday, January 9, 2014

Блогоо сэргээе дээ

Блог дээрээ юу ч нэмэлгүй бүтэн жил өнгөрснийг охин минь сануулав. Онлайн хичээлдээ тусдаа сайт ашигладаг болсон тул блогоо мартах шахжээ. Юу ч болсон сэргээгээд Үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойн сэтгүүлд хэвлүүлсэн материалаа тавья.
А.Оюунгэрэл


Сэтгүүлзүйн үүрэг, зарчмыг биелүүлж байж л Монголын хэвлэл мэдээлэл жинхэнэ утгаараа хөгжинө

 

Өнгөц харвал Монголын хэвлэл мэдээллийн салбар гайхамшигтай хөгжиж байна. Тооны хувьд маш олон хэрэгсэлтэй болсон. Хэлбэрийн хувьд ч авч үзэхэд бүх төрлийн сонин, радио, телевизийн сувгууд, мэдээллийн янз бүрийн сайтууд үүсчээ. Харин тэдгээрийн агуулга руу нь өнгийвөл учир дутагдал даанч их байна. Нэг тийш хазайсан, нөгөө тийш хэлбийсэн, үзэл бодлоор дүүрсэн, түших баримтгүй,  шалгаж нотлоогүй, гүйцэд биш мэдээлэл давамгайлж байна. Нийгэм дотор мэдээллийн урсгалыг хангах гол үүргийг хүлээдэг нийгмийн институцийн хувьд  хэвлэл мэдээлэл нь ардчилсан нийгэмд гагцхүү үнэн зөв, найдвартай мэдээллийг л өгөх үүрэгтэй. Үүнийг сурвалжлагчаасаа эхлэн эрхлэгч, захирлаа хүртэл бүгд мэддэг л байх. Гэтэл тийм мэдээлэл үгүйлэгдсээр.

Тухайн байгууллага сэтгүүлзүйн үйл ажиллагаагаараа нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхийг агуулгаас нь хоёр чиглэлээр харж болно. Нэгд, мэдээний нүүр, хуудас,  мэдээллийн хөтөлбөрийн агуулгаар харна. Тодруулж хэлбэл мэдээ, сурвалжлага, өгүүлэл, мэдээллийн нэвтрүүлэг, баримтат кино гээд сэтгүүлзүйн төрөлд ордог аливаа мэдээллийн чанартай бичлэгүүдээс харна. Хоёрт, редакцийн өгүүлэл, тойм, эссэ, ярилцлага, мэтгэлцээн, шүүмж зэрэг үзэл бодлын чанартай бичлэгийн төрлүүдээс нь харна. Мэдээллийн ч бай, үзэл бодлын ч бай аль ч төрлийн бичлэгийн эд эс бүрт нь сэтгүүлзүйн зарчмууд нэвт шингэсэн байх ёстой юм. Тэгж байж л Монголд сэтгүүлзүйг бүрэн утгаар нь хөгжүүлнэ. Иймээс өнөөдөр ардчилсан нийгэм дэх сэтгүүлзүйн үүрэг, зарчмын талаар энд тодорхой өгүүлэхийг зорилоо.

 

Ерээд онд ардчилсан нийгэм рүү шилжин орох үед хэвлэл мэдээллийнхэн чөлөөт хэвлэлийн тухай номлолоос өөр ямар ч ойлголтгүй байсан. Энэ номлолыг хэрхэн ойлгосноороо хэн нь ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулж, ямаршуухан сэтгүүлзүйн үйл ажиллагаа явуулж ирснийг  сүүлийн гучин жилийн практик харуулж байгаа.  Бүх зүйл цоо шинээр эхэлж байсан тэр үед сургалт, семинар дээр гадаадын багш нарын зааснаас өөр өөрсдийн тархины хэмжээгээр тусгаж аваад чөлөөт хэвлэлийг эхлүүлсэн инерцээрээ өнөөг хүртэл явж байгаа болов уу.  Өнөөдөр сэтгүүлчдийг талцдаг, захиалгаар бичдэг, тал засдаг, тархи угаадаг, мэдлэггүй, худалдагдсан гэж өргөнөөр шүүмжилж байгаагаас үүдэн ийм дүгнэлт хийхээс аргагүй.  Эдгээр нь нийгмийн өмнө хүлээсэн тэрхүү үүргээ биелүүлдэггүйтэй л холбоотой гарч ирсэн тодорхойлолтууд юм.

Монголын нийгэм уруудан доройтож байвал тэр гэмийг хэвлэл мэдээлэл үүрэлцэх ёстой.

Харин Монголын нийгэм мандан бадарч байвал гавьяаг нь бас хуваалцах ёстой. Учир нь сэтгүүлчид нийгмийг манлайлагчид байдаг билээ. Манлайлагч хүн үүрэг зорилгоо сайтар мэдэж байвал бусад нь араас нь дагадаг учиртай. Сэтгүүлзүйн ямар зарчмуудын талаар яриад байгаагаа одоо тайлбарлая.

Сэтгүүлзүйн үүрэг ба зарчмыг олон орны эрдэмтэд, олон төрлийн ном зохиол, бүтээлдээ янз бүрээр тодорхойлсон байдаг. Чөлөөт ардчилсан орнуудад нийтээр биелүүлж мөрдөж болох үүрэг, зарчмыг 1997 онд АНУ-ын Пью Судалгааны Төвийн “Сэтгүүлзүйн Шилдгийн төлөө” төслийн явцад тодорхойлон гаргаж ирсэн байдаг. Богинохон хугацаанд Их Британийн колони байсныг эс тооцвол Америк бол жинхэнэ эрх чөлөөний үзэл санаан дээр бий болсон улс билээ. Тиймээс ч анхнаасаа л чөлөөт хэвлэл хөгжсөн байдаг. Хоёр зуу илүү жил чөлөөт хэвлэлийг хөгжүүлчихээд тэд өөрсдийгөө дахин хянан үзэж сэтгүүлзүйгээ цэгцэлж авсан нь энэ. Энэ нь бусад ардчилсан  орнуудад ч жишиг болж, их дээд сургуульдаа энэ зарчмуудыг зааж байна. Хоцрогдож яваа орнуудын хувьд хөгжингүй орнуудын алдааг давтахгүйгээр тогтоосон хэм хэмжээг нь богино хугацаанд жишиг болгон авах давуу тал бий.

Пью судалгааны Төвийн захирал Том Розенстил, ахлах зөвлөх Билл Ковач нар Америк орон даяар 20 гаруй удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, сэтгүүлзүйнхээ түүхийг судалж, сэтгүүлчдийн дунд үндэсний хэмжээний судалгаа хийж байж Сэтгүүлзүйн Нийтлэг Зорилгын Тодорхойлолт гэдэг нэртэйгээр үүрэг, зарчмыг томъёолон гаргаж ирсэн байна. Энэ үүрэг зарчмыг тодорхойлон гарган ирж байх үед хүнлэг ардчилсан нийгмийг чиг баримжаагаа болгож сонгосон Монголд төр, засгийн хоёр том сонин өдөр тутмын сонины зах зээлд ноёлж, үндэсний радио телевиз нь ч улсын харьяанд байлаа.  Тухайн үед ч, одоо ч Монголын хэвлэл мэдээллийнхний олж сонсоогүй үүрэг зарчмууд юу байв аа?

Том Розенстил, Билл Ковач нарын гаргаж ирсэн үүргийн тодорхойлолт болон зарчмуудыг “Сэтгүүлзүйн элементүүд” номоос нь авснаа толилуулж байна. 

 Сэтгүүлзүйн үүргийг тодорхойлох нь:

“Хорьдугаар зууны эцэст сэтгүүлзүйн шинж байдлыг сэтгүүлчдээр өөрсдөөр нь өргөнөөр шинжүүлсний дараа бид өөрсдийнхөө ажлыг тодорхойлох нийтлэг ойлголтыг дэвшүүлж байна. Сэтгүүлзүйн амин чухал зорилго бол иргэдийг  чөлөөт нийгэмд амьдрахад нь хэрэгцээтэй үнэн зөв ба найдвартай мэдээллээр хангах юм.

Энэ зорилго нь үйл ажиллагаагаа явуулах бүс нутаг хүмүүсийг нийтэд нь тодорхойлох, нийтлэг хэл ба мэдлэгийг бий болгох, тухайн нутаг орныхоо зорилго, баатрууд ба хорлонт этгээдүүдийг тодорхойлох, хүмүүсийг хайхрамжгүй хандлагаас нь холдуулж салгах зэрэг олон үүргийг хамарна. Түүнчлэн дээрх зорилго нь алжаал тайлах, хоточ нохой мэт хянах, дуу хоолой нь сонсогддоггүй хүмүүсийг гаргаж ирэх үүргийг ч багтаана.

Цагийн явцад сэтгүүлчид үүргээ биелүүлж ирэхдээ есөн үндсэн зарчмыг хөгжүүлэн бий болгожээ. Эдгээр зарчим нь сэтгүүлзүйн онол гэж үзэж болохоор ойлголтуудыг багтаасан юм.

  1.  ҮНЭНД ЗАХИРАГДАХ НЬ СЭТГҮҮЛЗҮЙН НЭН ТЭРГҮҮНИЙ ҮҮРЭГ МӨН.
  2. СЭТГҮҮЛЗҮЙН АНХДАГЧ ҮНЭН СЭТГЭЛ НЬ ИРГЭДЭД ХАРЬЯАЛАГДАНА.
  3. СЭТГҮҮЛЗҮЙН ГОЛ МӨН ЧАНАР НЬ НОТОЛЖ ШАЛГАХ ДЭГ ЖУРАМ МӨН.
  4. СЭТГҮҮЛЗҮЙГ ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД НЬ СУРВАЛЖИЛЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭСЭЭ ХАРААТ БУС БАЙНА.
  5. СЭТГҮҮЛЗҮЙ НЬ ЭРХ МЭДЛИЙГ БИЕ ДААН АЖИГЛАХ ЁСТОЙ.

6.    СЭТГҮҮЛЗҮЙ НЬ ОЛОН НИЙТИЙГ ШҮҮМЖЛЭЛ ӨРНҮҮЛЭХ БА ХАРИЛЦАН БУУЛТ ХИЙХ ИНДРЭЭР ХАНГАЖ ӨГӨХ ЁСТОЙ.

  1. СЭТГҮҮЛЗҮЙ  ЧУХАЛ ЗҮЙЛИЙГ СОНИРХОЛТОЙ, УЧИР ХОЛБОГДОЛТОЙГООР ХИЙХИЙГ ЭРМЭЛЗЭХ ЁСТОЙ.
  2. СЭТГҮҮЛЗҮЙ  МЭДЭЭГ ДЭЛГЭРЭНГҮЙ БӨГӨӨД ПРОПОРЦТОЙГООР ДАМЖУУЛЖ БАЙХ ЁСТОЙ.
  3. СЭТГҮҮЛЗҮЙГ ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ ХУВИЙН УХАМСРАА ИЛЭРХИЙЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЧ БАЙХ ЁСТОЙ.
Хэдэн зууны туршид чөлөөт хэвлэлийн үзэл санаанд чанагдсан орны сэтгүүлчид ийм үүрэг, зарчмуудыг гаргаж иржээ. Эдгээр нь аливаа ардчилсан сэтгүүлзүйд тохирох нийтлэг жишиг болсныг дээр хэлсэн. Учир нь чөлөөт хэвлэл нь ардчиллын нэг гол тулгуур багана билээ. Ингээд дээрх зарчмуудыг тус тусад нь хэрхэн тайлбарласныг харъя.

ҮНЭНД ЗАХИРАГДАХ НЬ СЭТГҮҮЛЗҮЙН НЭН ТЭРГҮҮНИЙ ҮҮРЭГ МӨН.

Ардчилал нь найдвартай, үнэн зөв баримтыг утга төгсөөр илэрхийлсэн байдлаар хүлээн авдаг иргэдээс хамааралтай. Сэтгүүлзүй нь үнэнийг философи утгаар нь биш харин практик утгаар нь эрж хайж чаддаг бөгөөд эрж хайх ч ёстой. “Сэтгүүлзүйн үнэн” нь баримтыг зохион байгуулж, нотолдог мэргэжлийн дэг журмаас эхэлнэ. Баримтыг баталсныхаа дараа сэтгүүлчид тухайн үедээ үнэн гэгдэх, цаашид судалж, эрэн сурвалжилж болох утгыг нь шударга бөгөөд найдвартай дамжуулна. Мэдээллээс хэрэгцээтэй зүйлээ өөрсдөө олж авахад хэрэглэгчдэд дөхөм болгохын тулд сэтгүүлчид эх сурвалж болон аргынхаа талаар аль болох нээлттэй ил тод хандлагатай байна. Дэлхий даяар олон янзын дуу хоолой өргөжиж байгаа энэ үед үнэн зөв байх нь мэдээллийн утга, тайлбар, тойм, шүүмж, дүн шинжилгээ, мэтгэлцээн гээд бүх зүйлийн үндэс болж өгнө.

СЭТГҮҮЛЗҮЙН АНХДАГЧ ҮНЭН СЭТГЭЛ НЬ ИРГЭДЭД ХАРЬЯАЛАГДАНА.

Хэдийгээр хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн хэрэглэгч, зар өгөгчид, хувьцаа эзэмшигчид гээд олон янзын бүлэг хүмүүсийн өмнө хариуцлага хүлээдэг ч нийт иргэдийн эрх ашгийг тэднийхээс дээгүүр тавьж огтхон ч айж эмээлгүй, тал засаж бялдуучлалгүйгээр мэдээг хүргэж байх ёстой. Ингэж найз нөхөр, хувьцаа эзэмшигчдэдээ тал засалгүй иргэдийг нэн тэргүүнд тавьснаараа хэвлэл мэдээллийн байгууллага итгэл найдвар олж авах үндсээ тавина. Мөн нийгэмд байгаа олон янзын иргэдийг сэтгүүлчид төлөөлж байх нь энд хамаарагдана. Иргэдийн аль нэг бүлгийг хэрэгсэхгүй байх нь маш хортой. Итгэл найдварыг олсон хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн үнэнч хэрэглэгчдийг бий болгодог. Ингэж үнэнч хэрэглэгчдийг бий болгох нь тогтвортой оршин тогтнох эдийн засгийн утгыг илэрхийлнэ.

СЭТГҮҮЛЗҮЙН  ГОЛ МӨН ЧАНАР НЬ НОТОЛЖ ШАЛГАХ ДЭГ ЖУРАМ МӨН.

Сэтгүүлчид мэдээллийг нотолж шалгах дэг журмаас хамааралтай. Хүн л юм болохоор сэтгүүлчид нэг тийш хазайхгүй байж чадахгүй. Тиймээс бодит байх гэдэг ойлголт гарч ирсэн. Баримтыг шалгах арга нь бодит байх ёстой. Сэтгүүлчид нь биш. Тэд угаасаа хувийн болоод ахуй соёлын хувьд ялгаатай, өөрсдийн үзэл бодолтой хүмүүс. Тиймээс аль болох олон гэрчтэй уулзаж, аль болох олон эх сурвалж ашиглаж, янз бүрийн тайлбар сонсох ёстой.

СЭТГҮҮЛЗҮЙГ  ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД НЬ СУРВАЛЖИЛЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭСЭЭ ХАРААТ БУС БАЙНА.

Сэтгүүлчийн бие даасан хараат бус байдал сэтгүүлзүйн үндсэн шаардлага мөн. Энэ нь сэтгүүлзүйн найдвартай байх үндэс болдог. Сэтгэл зүрх ба оюун санааны хувьд бие даасан байх нь төвийг сахисан байр сууринаас илүү чухал. Энэ зарчим дээр сэтгүүлч байнга анхаарлаа төвлөрүүлж  байх ёстой. Редакцийн өгүүлэл, тойм, тайлбар бичигчдийн хувьд төвийг сахисан байр суурь баримталдаггүй учир тэдний үнэн зөв, нямбай ажиллагаа, оюуны шударга байдал, мэдээлэх чадвар  нь итгэл найдварынх нь эх сурвалж болно. Сэтгүүлчид бие даасан хараат бус байдалтай үедээ их зан гаргах, элит болох, тусгаарлах, үгүйсгэх үзэлд автахаас зайлсхийж байх хэрэгтэй.

СЭТГҮҮЛЗҮЙ НЬ ЭРХ МЭДЛИЙГ БИЕ ДААН АЖИГЛАХ ЁСТОЙ.

Эрх мэдлээрээ иргэдэд нөлөөлдөг хүмүүсийг сэтгүүлчид хоточ нохой мэт ажиглан хянах ер бусын чадвартай. Америкийг үндэслэгчид чөлөөт хэвлэл нь нийгэмд дарангуйлагчийг төрүүлэхийн эсрэг цайз мэт хамгаалж чадахыг ойлгож мэдсэн юм. Энэ учрыг шүүх засаглал ч ойлгоод бие даасан хараат бус хэвлэл мэдээллийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иргэдэд ч хараат бус хэвлэл мэдээллээс хамаардаг. Хоточ нохойн энэ үүргийг сэтгүүлчид өөрсдөө хамгаалж, хөнгөн хийсвэр байдлаар эсвэл арилжааны зорилгоор ашиглахгүй байх ёстой.

СЭТГҮҮЛЗҮЙ  НЬ ОЛОН НИЙТИЙГ ШҮҮМЖЛЭЛ ӨРНҮҮЛЭХ БА ХАРИЛЦАН БУУЛТ ХИЙХ ИНДРЭЭР ХАНГАЖ ӨГӨХ ЁСТОЙ.

Хэвлэл мэдээлэл нь олон нийтийн хэлэлцүүлэг, маргааныг тээгч болохоор энэ хариуцлага нь бидэнд давуу байдлыг авчирдаг. Хэлэлцүүлэг нь мухар бодол, таамаглал дээр биш баримт дээр тулгуурлаж мэдээлэл өгч байвал нийгэмд тун тустай. Зөвхөн маргаантай хоёр талыг биш харин олон янзын үзэл бодол, сонирхлын төлөөллийг гаргаж ирэхийг хичээх ёстой. Олон нийтийн хэлэлцүүлгийг хөтлөгч, зохион байгуулагчид үнэн зөвийг эрхэмлэж, асуудал шийдвэрлэх тохиолдол гарвал нийтлэг байр суурийг барьж, харилцан ойлголцлыг бий болгох учиртай.  

СЭТГҮҮЛЗҮЙ ЧУХАЛ ЗҮЙЛИЙГ СОНИРХОЛТОЙ, УЧИР ХОЛБОГДОЛТОЙГООР ХИЙХИЙГ ЭРМЭЛЗЭХ ЁСТОЙ.

Сэтгүүлзүй нь мэдээллийг зорилготойгоор өгдөг. Мэдээ нь хэрэглэгчдийг татах эсвэл чухал зүйлийг ангилж харуулахаас хавьгүй ихийг бүтээж чадна. Хүссэнээс нь илүү өөрсдөд нь хэрэгцээтэй гэж тааварлаа ч үгүй байгаа мэдээг хүмүүст өгөх хэрэгтэй. Товчоор хэлбэл мэдээгээ үнэнхүү сонирхолтой бөгөөд учир холбогдолтой болгохыг чармай. Сэтгүүлзүйн материал бүрийн үр ашиг нь хэр олон иргэдийг татсан болон хэр олныг гэгээрүүлснээс хамаарна. Иргэдэд ямар хэлбэрийн, ямар мэдээлэл хэрэгтэйг тасралтгүй  асууж бай. Сэтгүүлзүй нь Засгийн газар, нийтийн аюулгүй байдал гэсэн сэдвээс давж цааш олон зүйлд хүрэх ёстой ч хуурмаг ач холбогдолд хэт хөтлөгдөн шалдар булдир нийгмийг үүсгэдэг.

СЭТГҮҮЛЗҮЙ МЭДЭЭГ ДЭЛГЭРЭНГҮЙ БӨГӨӨД ПРОПОРЦТОЙГООР ДАМЖУУЛЖ БАЙХ ЁСТОЙ.

Мэдээнд тооны харьцаа буюу пропорц барьж, бас чухал зүйлийг орхигдуулахгүй байх нь үнэнч байдлын суурь нь болдог. Сэтгүүл зүй нь өөрөө нийгмийн зурагзүй гэсэн үг. Тиймээс сэтгүүл зүй хүмүүст нийгмийг жолоодох зургийг гаргаж өгч байдаг. Үйл явдлыг өсгөж дэвэргэх, бусдыг үл хайхрах, төсөөллөөр хэв шинжид оруулах эсвэл хэт сөрөг хандах зэрэг нь нийгмийн найдваргүй зураглалыг бий болгодог. Нийгмийн зураглал нь зөвхөн хүн амын аятайхан төрхтэй хэсгийн тухай биш харин бүх орон нутаг, хүмүүсийн талаар мэдээ агуулах ёстой. Редакцдаа янз бүрийн намтар түүх, алсын бодол санаатай хүмүүсийг ажиллуулбал энэ талаар амжилтад хүрдэг. Зураглал нь төсөөлүүлсэн ойлголт бөгөөд тоон харьцаа ба түүнийг хэрхэн ойлгох нь хүмүүсээс шалтгаалах ч эдгээрээс зугтсанаар ач холбогдлыг нь бууруулахгүй.

 
СЭТГҮҮЛЗҮЙ Г ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ ХУВИЙН УХАМСРАА ИЛЭРХИЙЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЧ БАЙХ ЁСТОЙ.

Сэтгүүлч бүр хувьдаа ёсзүйн мэдрэмж  болон хариуцлагыг ёс суртахууныхаа луужин болгох ёстой. Хэрэв үнэн зөв ба шударга байдал шаардаж л байвал сэтгүүлч хүн редакц дотроо эсвэл даргын өрөөнд хамт ажиллагсдаасаа өөрөөр бодож байгаагаа хэлж чаддаг байх ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хувь хүмүүсийн бодсон санасныг чөлөөтэй яриулснаар хараат бус байдлыг нь дэмжинэ. Угаасаа алаг нийгмийг үнэн зөвөөр ойлгож сурвалжлахад редакцид байгаа хүмүүсийн оюун санааны ялгаатай тал тун сайн түлхэц үзүүлнэ.Оюун санааны олон талтай ялгамжтай орчин нь зөвхөн хүний олон цөөн тоогоор биш харин бодол санаа, дуу хоолойгоор сэтгүүлзүйд бий болдог юм.

Ийм л зарчмуудыг Монголын сэтгүүлзүйд мөрдөж чадвал ардчиллыг бэхжихэд тусалж чадна. Үүний тулд хэрхэх вэ гэвэл юуны өмнө хэвлэл мэдээллийн менежментийн түвшинд өөрчлөлт хийх ёстой. Даруйхан хийж эхлэх өөрчлөлтүүдийг жагсааж харуулъя. Үүнд:

 
1.      Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг агуулгыг бүтээхэд оролцуулахгүй байх. Эзэд гэдэг нь нийгмийг найдвартай , үнэн зөв мэдээллээр хангахын чухлыг ойлгоод энэ чиглэлээр бизнес эхлүүлэхэд хөрөнгөө оруулж байгаа талууд юм. Үүнээс өөр зорилгоор хөрөнгө хаяж байгаа бол энэ салбарыг ойлгохгүйгээр барахгүй үйл ажиллагааг нь буруу чиглүүлнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн нэг хүн ч байж болно, нэг хэсэг түншлэгчид ч байж болно, аль нэг байгууллага ч байж болно, хувьцаа эзэмшигчид ч байж болно. Хэн ч байсан редакцийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Тэд байгууллагын эрхэм зорилго, дүрэм журмыг баталж, редакцийг хариуцах эрхлэгч, захирал зэрэг удирдах ажилтныг сонгож томилно. Эзэн нь сэтгүүлч мэргэжилтэй хүн байсан ч хамаагүй редакцийн ажилд оролцохгүй. Эзнийхээ л ажлыг хийхээс сурвалжлагч, тоймчийн ажил хийхгүй. Харин редакц алдаа гаргаж шүүхэд дуудагдан торгууль төлбөрт унавал, эсвэл санхүүгийн хувьд дампуурвал эзэд хөрөнгөөрөө хариуцлага үүрнэ. Редакцийг эздээс хараат бус байлгах нь хэвлэл мэдээлэл олон түмнээс итгэл олж авах, сэтгүүлчид чөлөөтэй ажиллах үндсийн эхийг тавьж өгдөг. Тиймээс ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн эздийг ил тод зарлаж мэдээлж байдаг юм.

2.      Хэвлэл мэдээллийн байгууллагууд дүрэм журамдаа үйл ажиллагааны тусгаар байх гурван зарчмыг тусгаж практикт мөрдүүлэх. Дор тайлбарлах гурван зарчмыг агуулга, хэлбэр, бүтэц зохион байгуулалтдаа тусгах ёстой юм.

·         Мэдээ ба үзэл бодол тусгаар байх. Сэтгүүлч бичиж буй зүйлдээ өөрийн үзэл бодлыг оруулахгүйгээс эхлээд материалын байршил, нүүр хуваарилалт, дизайнд хүртэл энэ зарчим нэвт харагдах ёстой. Хэрэглэгчид энэ мэдээ юу, үзэл бодол уу гэдгийг шууд хараад ойлгохоор байх шаардлагатай. Одоогийн практикаас харахад сонин, мэдээллийн сайтуудад мэдээллийн болон үзэл бодлын нүүр тусад нь ангилсан нь харагддаггүй.

·         Мэдээ ба зар сурталчилгаа тусдаа байх. Мэдээг сэтгүүлчид, зарыг худалдааны мэргэжлийн хүмүүс бэлтгэх учиртай. Мэдээ нь өөрийн гэсэн шалгууртай бүтээгдэхүүн атал түүнийг зарлал шиг бичих нь газар авчээ. Телевизийн бизнес мэдээнүүд үнэн чанартаа зар сурталчилгаа юм. Захиалгатай материал, нэвтрүүлэг гэдэг бол бас л зар сурталчилгаа. Сэтгүүлчид хэзээ ч төлбөртэй материал бичиж болохгүй. Зар олох гэж хөөцөлдөж болохгүй. Зар сурталчилгааны менежерээс үүрэг даалгавар авч болохгүй. Зар сурталчилгаа л гагцхүү төлбөртэй байж байгууллагын санхүүгийн эх үүсвэр болно.

·         Мэдээ ба бизнес тусгаар байх. Редакц нь үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн албадаас тусдаа бие даан үйл ажиллагаагаа явуулна. Сэтгүүлчдийг хэзээ ч сонины захиалга, борлуулалтад явуулж болохгүй. 

3.      Сэтгүүлчдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх. Сэтгүүлчид бусдын цалингийн төлөө дуугардаг хэрнээ өөрсдийнхөө талаар ярьж чаддаггүй. Тиймээс Үйлдвэрчний эвлэл, Сэтгүүлчдийн эвлэл холбоод эзэдтэй нь гурвалсан гэрээ хийдэг болох шаардлагатай. Эзэд ч бүтээлч ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, урамшуулах эрмэлзэлтэй байх ёстой. Энэ нь цаашид оюуны хөдөлмөрийн бусад салбарт ажиллагсдын цалингийн  үнэлгээг нэмэгдүүлэхэд ч эерэг нөлөө үзүүлнэ.

4.      Хэвлэл мэдээлэл дэх оюуны өмчийн хулгайг зогсоох. Бусдын хийснийг зөвшөөрөлгүй авч ашиглах, нэрийг нь дурдахгүй байх зэрэг нь оюуны өмчийн хулгай учир үүнийг даруйхан болих шаардлагатай. Мэдээллийн сайтууд бусад хэрэгслийн материалыг авч тавих, сонинууд гадаад мэдээг орчуулаад эх сурвалжийг дурдахгүй тавих, кабелийн телевизүүд гадны киног зөвшөөрөлгүй үзүүлж байгаа зэрэг нь нийгэмд оюуны өмчийн хулгайг өөгшүүлэхэд үлгэрлэж байгаа хэрэг юм. Хэрэв тэр бүтээлийн эзэд нь Монголыг тоогоод зарга үүсгэвэл олон хэвлэл мэдээллийн байгууллага дампуурах болно.

5.      Шүүх дуудахад сэтгүүлч биш редакцийн төлөөлөгч болсон удирдах ажилтан, эсвэл хуульч очдог болох. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн сэтгүүлчийн материалыг нийтэлж нэвтрүүлснээрээ зохиогчийн эрхийг өөртөө авдаг. Өөрөөр хэлбэл гаргахаасаа өмнө шалгасан байх ёстой юм. Шалгаад редактор, эрхлэгч гарын үсэг зураад зөвшөөрчихсөн материалын талаар ярьж байгаа бол үүнийг шүүхийн өмнө редакц л хариуцах ёстой. Редакц сурвалжлагчтайгаа хариуцлага тооцох механизм байх ёстой. Монголд бичсэн хүн нь хариуцлага үүрдэг буруу практик тогтоод байна. Хэрэв сэтгүүлч редакцид мэдэгдэлгүйгээр, редакцийн дүрмийг зөрчин мэдсээр байж хууль зөрчсөн бол шүүхэд очих ёстой бөгөөд редакц хуулийн үйлчилгээгээр хангаж өгөх ёстой. Сэтгүүлчээ ямар ч хамгаалалтгүй орхисноос тэд төрийн бус байгууллагуудад ханддаг болоод байна шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсад нь тухайн байгууллагын хамгийн үнэт хөрөнгө юм. Бүтээлч, ухамсартай энэ хөрөнгийг байнга сургаж, өсгөж тордон мэргэжлийн алдаа гаргуулахгүй байх нь удирдах ажилтнуудынх нь үүрэг байдаг.

6.      Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдыг ялангуяа бүтээлч ажилтнуудыг төр засгийн байгууллагын шагналд тодорхойлохоос татгалзах. Чөлөөт хэвлэлд ажиллагсад нь төр засгаас юу ч горьдож болохгүй. Тэдний ажлыг олон түмэн үнэлэхээс төр засаг үнэлдэггүй. Төр засгаас шагнал авч байгаа нь хэвлэл мэдээллийг хараат байдал оруулна. Бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлснийхээ төлөө яагаад тэднээр шагнуулах ёстой юм бэ? Салбарыг нь сурвалжилсны төлөө яамдаас шагнал авч байгаа нь маш буруу. Энэ нь сэтгүүлзүйг худалдаж хэсэг хүний өмнө өөртөө нэр хүнд олж авч байгаа хэрэг юм. Гэтэл бид тэр хэсэгт биш нийгэм даяар хүрч ажиллах хүмүүс шүү дээ. Үүнийхээ оронд салбар дотроо бий болсон Ц.Балдоржийн нэрэмжит, “Болор Үзэг”, спортын сэтгүүлчдийн гэх зэрэг шагналуудыг дэмжих нь чухал. Тэгвэл бид бусдаас хараат бус болж сэтгүүлзүйгээ хүндэтгүүлэх болно.

7.      Хэвлэл мэдээлэлтэй холбоотой хуулийг боловсронгуй болгох. Хэвлэл мэдээлэлтэй холбоотой гарах гэж буй хууль, эсвэл одоо мөрдөгдөж байгаа хуулийн хэлэлцүүлэгт өргөнөөр оролцох нь чухал. Хэвлэл мэдээллийн менежерүүд үүнд тэргүүлэх ёстой. Сайн хуулийг хадгалж үлдэн, саарыг нь байхгүй болгохын төлөө тасралтгүй, эрчимтэй ажиллах нь чухал. 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэрэгжүүлэлт хэтэрхий  олон жил дамналаа шүү дээ. Төр засгийн харьяаны хэвлэл мэдээлэлгүй байна гэсэн заалт нь гүйцэд хэрэгжээгүй л байна. Эрүүгийн хуульд гүтгэлэг, доромжлолын заалт оруулахад хэвлэл мэдээллийнхэн таг дуугүй байсан. Яг батлагдахын өмнөх өдөр Сонины Холбооны удирдлага нэг дуугараад яаж ч чадаагүй шүү дээ. Ардчилсан нийгмийн нэг сайхан зүйл нь хуулийг гарахаас өмнө хэлэлцэхэд нийтээрээ оролцох шүү дээ. Хэвлэл мэдээлэлтэй холбоотой хуулиуд зөвхөн энэ салбарт ажиллагсдынх биш нийт иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй хэлэх эрхтэй нь холбогддог тул хуулийн хэлэлцүүлэгт сайн оролцож байх хэрэгтэй байдаг.

Хэвлэл мэдээлэл менежментийн түвшиндээ иймэрхүү өөрчлөлтүүдийг хэнээс ч хамааралгүйгээр хийж чадна. Харин ч эрт хийх боломж байсныг алджээ. Гэвч оройтох юу байх билээ? Ийм өөрчлөлтүүдийг хийхгүй бол өнөөгийн хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд хариуцлага хүлээхээс зайлсхийдэг, сэтгүүлзүйн зарчмыг огт ойлгодоггүй, эсвэл ойлгосон ч зориуд буруу хийдэг мэт ойлголтыг нийгэмд төрүүлээд байна. Ийм байдал контент анализын ямар ч судалгаа хийхгүйгээр нийтлэл, нэвтрүүлгийн агуулгыг нь харахад л илэрхий байдаг. Ардчилсан орнуудын хэвлэлд Монголын сонинуудынх шиг “Зохиогч нь бичсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээнэ” гэсэн утгатай өөрийнхөө хариуцлагагүйг илэрхийлсэн зарлал байдаггүй. Цааш олон жишээ бий. Дурдах ч шаардлагагүй биз ээ. Хэвлэл мэдээллийн салбараа өөрчилж, сэтгүүлзүйн мэргэжлээ хүндэтгэцгээе.

2013 оны 2 дугаар сарын 27

 
principles of journalism

1.      Journalism's first obligation is to the truth

2.    Its first loyalty is to citizens

3.    Its essence is a discipline of verification

4.    Its practitioners must maintain an independence from those they cover

5.    It must serve as an independent monitor of power         

6.      It a forum must provide for public criticism and compromise

7.    It must strive to make the significant interesting and relevant

8.    It must keep the news comprehensive and proportional

9.    Its practitioners must be allowed to exercise their personal conscience

Bill Kovach, Tom Rosensteil.  The Elements of Journalism

 

 

No comments: