Sunday, December 18, 2016

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн профессорын баг, БАЛДОРЖ сан хамтран 2016 оны 12 дугаар сарын 9-нд зохион байгуулсан “Сэтгүүлч, сэтгүүл зүйн бүтээл” сэдэвт онол практикийн бага хуралд сонсгосон илтгэлээ танилцуулъя.

 ИРГЭНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ

А.Оюунгэрэл
“Сэтгүүлч” дээд сургуулийн зөвлөх багш

ЭХЛЭЛ
Сүүлийн үед нийгэмд өрнөж байгаа маргаан хэлэлцүүлгүүд нь иргэний сэтгүүл зүй гэнэт гарч ирээд мэргэжлийн сэтгүүл зүйн нэр хүндийг унагаж байгаа мэт ойлголтыг хүмүүст төрүүлдэг. Үнэн чанартаа иргэний сэтгүүл зүй нь мэргэжлийн сэтгүүл зүйгээсээ өмнө үүссэн байдгийг аль ч орны хэвлэл мэдээллийн түүх харуулна.

Бичиг үсэг үүссэн цагаас л хүмүүс хоорондоо мэдээлэл солилцохын тулд захидал бичиг илгээж, үзэл санаагаа түгээхийн тулд ухуулах хуудас, товхимол хэвлүүлж эхэлсэн билээ. Тухай тухайн цаг үедээ мэдээллийг аль болох шуурхай солилцох арга эрэлхийлж байсан хүмүүсийн оролдлого болгон нь сэтгүүл зүй эхлэх үндсийг газар бүрт тавьж өгч байжээ.
Тэгэхээр иргэний сэтгүүл зүй нь хүмүүс мэдээлэл түгээж солилцох хэрэгцээ шаардлагаа бичгийн хэлбэрээр янз бүрийн хэрэгсэл ашиглан хангаж эхэлсэн тэр цагаас бий болсон гэсэн үг юм. Орчин үед иймэрхүү үйл ажиллагаа нь өндөр хурдны технологиор дамжин асар хурдацтай, үлэмж хэмжээтэй, их багтаамжтайгаар хийгдэж байгаад л онцлог нь оршиж байгаа юм.

Сэтгүүл зүй эхэлж байхад бичиг үсэг мэдэгч нь цөөн байсан тул боловсролтой гэгдэх тун цөөхөн хүмүүс нь ханын сонин, зурагт хуудаснаас эхлэн дараа нь сонин, номоор дамжуулан улмаар агаарын долгионыг ашиглан мэдээлэл, үзэл санаагаа хуваалцдаг байсан юм. Өөрөөр хэлбэл иргэн-сэтгүүлч маш цөөн байлаа. Харин одоо бол хүн бүр сэтгүүлч.
Иргэний сэтгүүл зүй нь эхнээсээ байсан бөгөөд харин мэргэжлийн сэтгүүл зүй нь 1908 онд АНУ-д Миссурийн Сэтгүүл зүйн сургууль байгуулагдсан цагаас бий болсон түүхтэй. Сонины сэтгүүлч байсан Уолтер Уиллиамс  нь Миссисипи мөрнийг гатлан ирж улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөнөөс хол орших Миссури мужийн Коламбиа хэмээх буйдхан хотод дэлхийн анхны сэтгүүл зүйн сургуулийг байгуулсан нь тун учиртай.

Улс төрийн чиг баримжаагаараа талцсан, эсвэл шалдар булдар мэдээллээр дүүрсэн сонинууд иргэн-сэтгүүлчдийн тусламжтайгаар цэцэглэн хөгжиж байсан тэр үед бие даасан хараат бус, тэнцвэртэй, бодит мэдээлэл ардчилалд ямар хэрэгтэйг ойлгож мэдсэн тэрбээр Миссурийн Сонины Холбооны дэмжлэгтэйгээр сэтгүүл зүйн сургуулийг байгуулахдаа өөрийн гараар “Сэтгүүлчийн тунхаг”-ийг бичсэн нь дэлхийд сэтгүүл зүйн мэргэжлийн стандартыг тогтоох эхлэл болсон юм. Тус сургуулийн Неффийн нэрэмжит хичээлийн байрны хоёрдугаар давхарт байрлуулсан эл тунхагийг сийрүүлье.

СЭТГҮҮЛЧИЙН ТУНХАГ
  • ·        Би сэтгүүл зүйн мэргэжилд итгэдэг.
  • ·      Би олон нийтэд зориулж хэвлэн нийтлэхийг олон нийтээс өгсөн итгэл гэдэгт; эл итгэлээр бүгд холбогдон хариуцлагыг хэмжинэ гэдэгт; олон нийтэд үзүүлэх үйлчилгээ дордвол уг итгэлээс урвасанд тооцогдоно гэдэгт итгэдэг.
  • ·       Би цэгцтэй бодох, ойлгомжтой илэрхийлэх, үнэн зөв, шударга байх нь сайн сэтгүүл зүйн үндэс гэдэгт итгэдэг.
  • ·        Би сэтгэл зүрхэндээ зөв гэж итгэсэн зүйлээ л сэтгүүлч бичих ёстой гэдэгт итгэдэг.
  • ·    Би нийгмийн сайн сайхны төлөө л чиглээгүй бол мэдээллийг нухчин дарах аливаа үйлдлийг зөвтгөшгүй гэдэгт итгэдэг.
  • ·    Би боловсон соёлтой хүн шиг бичиж чадахгүй л бол хэн ч сэтгүүлч хэмээн бичиж болохгүй гэдэгт; өөрийнхөө халаасанд хийсэн хахууль нь өрөөл бусдын халаасанд орох хахуультай адил тойрч зайлсхийж болох зүйл гэдэгт; өөр хүн заавар өгсөн эсвэл өөр хүний ашиг байсан гэдгээр шалтгаалж хувийн хариуцлагаас мултрах ёсгүй гэдэгт итгэдэг.
  • ·   Би зар сурталчилгаа, мэдээ, редакцийн өгүүллүүд уншигчдын ашиг сонирхлын төлөө байх учиртай гэдэгт; үнэн бөгөөд тодорхой байх гэсэн ганц стандарт тэдгээрт зонхилох ёстой гэдэгт; сайн сэтгүүл зүйн эрхэм дээд хэмжүүр нь олон нийтийн итгэл байх ёстой гэдэгт итгэдэг.
  • ·      Би амжилттай буюу амжилтад хүрэх сэтгүүл зүй нь Бурханаас эмээж, Хүнийг хүндэлдэг байх ёстой гэдэгт; няцалгүйгээр хараат бус байж, үзэл бодлын бардамналаар эсвэл эрх мэдлийн шуналаар хөтлөгддөггүй, оновчтой, хайхрамжгүй биш хүлээцтэй, өөрийгөө хянадаг, тэвчээртэй, уншигчдаа хүндэлдэг бөгөөд огт айдаггүй, шударга бус зүйлд эгдүүцдэг байх ёстой гэдэгт; онцгой эрхэнд татагдахгүй  эсвэл хошуурсан олны шуугиант нөлөөнд дайвалзахгүй байх ёстой гэдэгт; хүн болгонд боломж олгохыг эрж хайх, хүн хүндээ хандах ёс болон хуулийн дагуу хүн бүрд тэгш хандах ёстой гэдэгт; олон улсын хэмжээнд сайн үйлсийг сурталчлахдаа гүн эх оронч хандаж дэлхий дээрх нөхөрлөлийг бэхжүүлэх ёстой гэдэгт; өнөөгийн сэтгүүл зүй нь хүн төрөлхтөний сэтгүүл зүй гэдэгт итгэдэг.

Дээрх тунхаг сэтгүүл зүйн нийгмийн эрх ашгийн төлөө үйлчлэх анхдагч үүргийг тод тусгасан бөгөөд энэ үзэл санааг ч сургалтынхаа агуулгад тусгаж иржээ. Сэтгүүлчдийг ингэж мэргэжлийн стандарттай болгон нийгмийн институцид бэлтгэж эхэлснээр иргэн-сэтгүүлчдийн тоо илэрхий буурсан юм. Харин ч сэтгүүлч нь Үндсэн хууль дахь иргэдийн мэдээлэл авах, түгээх эрхээр хамгаалуулсан цорын ганц мэргэжил болсон билээ.

Мэргэжлийн сэтгүүл зүй (Professional journalism)

Сэтгүүл зүйг мэргэжил гэсэн талаас харуулах үнэлэмжүүдийг олон эрдэмтэд янз бүрийн цаг хугацаанд тодорхойлж гаргаж ирснийг Амстердамын Их Сургуулийн багш, судлаач Марк Дьюз 2005 онд нэгтгэсэн байна. Үүнд тэр олон нийтэд үйлчлэх, бодит байх, автономит байх, шуурхай байх, ёс зүйтэй байх гэсэн таван зүйлийг оруулсан байна. Эдгээр нь сэтгүүлчдэд үйл ажиллагаагаа явуулах хууль ёсны эрх, итгэлтэй найдвартай байдлыг мэдрүүлж, тэд мэргэжлийнхээ хэм хэмжээг тогтоосон юм.

Сэтгүүл зүйн олон нийтэд үйлчлэх ёстой гэсэн үнэлэмж нь ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэгтэй нь холбогдож гарч ирдэг. Сэтгүүлчид иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэж, найдвартай мэдээллийг цуглуулж түгээхдээ тэдний өмнөөс нийгэмд хоточ нохойн үүрэг гүйцэтгэдэг. Нийтэлж нэвтрүүлсэн мэдээ, мэдээллийг нь хүлээн авах олон нийт байгаа учраас л сэтгүүл зүй үүссэн билээ. Сэтгүүлчид ч өөрсдөө иргэд болохоор олон нийтийг төлөөлөх эрхтэй юм.

Сэтгүүл зүй бодит байхын тулд сэтгүүлчид зөвхөн баримтыг ямар ч тайлбаргүйгээр, үзэл бодлоо нэмэхгүйгээр, мушгиж гажуудуулахгүйгээр, нарийн тэнцвэртэйгээр, үнэн зөв танилцуулах ёстой. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүй зөвхөн “үнэнд үйлчлэх” үүрэгтэй.
Сэтгүүл зүй нь автономит байна гэдэг нь сэтгүүлчид нь бие даасан, хэнээс ч, юунаас ч хараат бус ажиллаж, ашиг орлогоос илүү олон нийтийн эрх ашгийг дээгүүр тавихыг хэлдэг. Сэтгүүлчид ингэж эрх чөлөөтэй ажилласнаар нийгэм доторхи институциудын үйл ажиллагааг тэнцвэржүүлж өгдөг.

Сэтгүүл зүй шуурхай байхын тулд сэтгүүлчид нь үйл явдал, асуудлыг цаг хугацааны хувьд хамгийн сүүлчийн өнцгөөс, шинэлэг талаас нь сурвалжилж мэдээлэхийг хэлдэг. Цагийг нь олж мэдээлэх гэдэг нь мэргэжлийн үнэлэмж учраас  шуурхай байх нь зүгээр л яаралтай мэдээлэх гэсэн үг биш юм.

Сэтгүүл зүй нь ёс зүйтэй байх нь сэтгүүлчид нийгмийн өргөн хүрээнд хүмүүстэй харьцдаг, тасралтгүй харилцаанд оролцдог учраас хууль зөрчихгүйгээр, ёс суртахууны хэм хэмжээг баримтлан шийдвэр гаргах эрхийг сэтгүүлчдэд өгдөг гэсэн үг юм. Ёс зүйн зарчим нь салбар дотроо өөрсдийн үйл ажиллагаагаа зохицуулах гол хөшүүрэг болдог.

Мэргэжлийнхээ эдгээр үнэлэмжийн дагуу хэдэн арван жил ажиллаж стандартыг тогтооход хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг маш олон хүний хүч хөдөлмөр оролцсон нь мэдээж. Сэтгүүл зүй мандан бадарч байсан 1970-аад онд “Си Би Эс” телевизийн оройн мэдээний хөтлөгч Уолтер Кронкайт олон нийтийн санал асуулгад Америкийн хамгийн итгэлтэй хүнээр шалгарч, “Нью Йорк Таймс” сонин Пентагоны бичиг баримтуудыг дэлгэж, “Вашингтон Пост” сонин Уотергэйтийн хэргийг илчилж байсан билээ. Тэр үед сэтгүүл зүйн сургуульд элсэгчдийн тоо ч суга өссөн байдаг.

Улмаар сонин, радио, телевиз гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олшрохын зэрэгцээ сэтгүүлчид улам мэргэших хандлагатай болж мэдээний төлөөх өрсөлдөөн нэмэгдэв. Хэвлэл мэдээллийн компаниуд томорч, арилжааны чиглэлээ түлхүү барьж, олон нийтэд биш эздэдээ, хувьцаа эзэмшигчдэдээ болон зар сурталчилгаа өгөгчдөдөө илүү үнэнч ханддаг болов. Сэтгүүлчдийн нийгэмд эзлэх байр суурь дээшилж, элит давхаргад хамрагдан хямсгар зантай болсон тэд бичлэгтээ энгийн иргэдийг эх сурвалж болгох нь ч эрс цөөрөв.

Сэтгүүлчид ардчилсан нийгмийн улс төрийн тогтолцооны гол механизмын нэг болсон сонгуулийг сурвалжлахдаа намууд, нэр дэвшигчдийн шийдвэрлэх асуудал, зарчмын гол сэдэв рүү гүнзгий орохоо больж морины уралдаан үзүүлж байгаа мэт зөвхөн рейтингийн судалгааг түшиглэх болсон нь мэргэжлийн стандартаасаа өөрсдөө ихэд гажсаныг 1988 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа харуулдаг.

Ерээд онд мэргэжлийн бус сэтгүүлчид бие даан бэлтгэсэн мэдээллээ блог, вэб сайтаар шуурхай түгээж эхэлснээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бие биенээсээ түрүүлж нийтэлж, нэвтрүүлэх гэсэн өрсөлдөөнийг бут цохисон байна. Буурь суурьтай сэтгүүл, сонины сэтгүүлчид багагүй цаг хугацаа зарцуулан эрэн сурвалжлан хариугүй гаргахаар бэлтгэж байсан Клинтон-Левинскийн асуудлын тухай материалыг сэтгүүл зүйд нэр нь үл тодорсон Матт Драж гэдэг хүн Холливүүд дэх гэрээсээ  www.drudgereport.com сайт дээр 1998 оны нэгдүгээр сарын 17-нд тавьснаараа цагийг нь олж мэдээлэх үнэлэмжийг эргэлзээнд оруулжээ.

Хамгийн гол нь мэргэжлийн сэтгүүл зүй нь олон нийтэд үйлчлэх ёстой гэсэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хөсөрдүүлж эхэлсэн учраас иргэдийг сэтгүүл зүй рүү татан оролцуулах зориудын кампанит ажил хэрэгтэй болсныг энэ салбарынхан өөрсдөө хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн билээ. Тиймээс мэргэжлийн сэтгүүлчид өөрсдөө ерээд оны эхээр олон нийтийн сэтгүүл зүйн хөдөлгөөнийг үүсгэсэн юм.

Олон нийтийн сэтгүүл зүй (Public Journalism)

Иргэд нь мэргэжлийн сэтгүүлчид болон техникийн ажилтнуудын тавьсан жүжгийг хөндлөнгөөс харж буй үзэгчид биш бөгөөд иргэдгүйгээр сэтгүүл зүй оршин тогтнохгүй гэдгийг сэтгүүлчид ойлгосон учир тэд олон нийтийн сэтгүүл зүйн хөдөлгөөнийг салбар дотроо эхлүүлжээ. Олон нийтийн сэтгүүл зүй нь нэгд хэвлэл мэдээллийг олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг болгох, хоёрт үүргээ биелүүлэхэд чиглэсэн зориудын үйл ажиллагааг зохион байгуулснаар сэтгүүлчдийг дадлагажуулах, гуравт эл хөдөлгөөнд бусад хүмүүс ба байгуулагуудыг татан оролцуулах зорилготой байлаа.

Эл хөдөлгөөнийхөн Германы философич Юрген Хабермас, Америкийн эрдэмтэн Жон Дюви, сэтгүүл зүйн багш Жэймс Кари, тоймч Уолтер Липпманн нарын бүтээл дэх олон нийт ба сэтгүүл зүйн хоорондын асуудлаарх үзэл санаануудаар онолын үндэслэлээ тайлбарласан юм. Бүтээл бүр нь янз бүрийн санаа тайлбартай ч  ерөнхийдөө тэд бүгдээрээ нийгмийн харилцаан дахь иргэдийн оролцооны тухай бичсэн юм. Арилжааны хэвлэл мэдээлэл нь иргэдийг идэвхгүй болгодог учраас хэвлэл мэдээллийн сэтгүүл зүйн агуулга нь олон нийтийн эрх ашгийн төлөөх асуудлаар байнга дуугарч, иргэдийг идэвхжүүлж байх учиртай байдаг аж.

Муж, хотын сонинууд хөдөлгөөнд идэвхийлэн оролцож иргэдийг нийгэмд өрнөж буй асуудалд зориуд татан оролцуулах чиглэлээр хэрхэн ажиллахыг сурвалжлагчдадаа зааж сурган дадал суулгаж эхэлсэн байна. Тухайлбал, Хойд Коралайна мужийн Шарлот хотын “Шарлот Обсервер” сонин 1992 оны ерөнхийлөгчийн сонгуулийг сурталчлахдаа морины уралдааны бус “иргэдийн хэлэлцэх асуудал” гэсэн өнцгөөс ханджээ. Нэр дэвшигчдийн хэлсэн үгийг судалж иргэдэд тулгарч буй асуудлуудтай тохирч байгаа эсэхийг тулгаж  үзээд “Нэр дэвшигчид иргэдийн саналыг авахын төлөө ажиллаж байна” гэхийн оронд “Шарлотын иргэд буурьтай хэлэлцүүлэг шаардаж байна” гэж бичдэг болсон байна. Бусад сониныхон энэ практикийг авч хэрэгжүүлснээр улс төрийн намуудын кампанит ажлын менежерүүдийг олонтаа уурлуулсан билээ.

Виржиниа мужийн Норфолк хотын “Виржиниа Пайлот” сонины редакторууд сурвалжлагчдаасаа “олон нийтийн амьдралын баг” бүрдүүлж төр, засгийн газрыг илүү “олон нийтэч” замаар сурвалжлах даалгавар өгсөн байна. Тэд төр, засгийн байгууллага дээрээс сурвалжилдаг байснаа больж харин тэнд яригдсан асуудлаар “орон нутгийн харилцан яриа” зохион байгуулан иргэдээс юуны талаар уншихыг хүсэж байгааг асуудаг болжээ. Ингэснээр сониных нь улс төрийн сурвалжлага шинэлэг өнгө аястай болж, дотор нь дурдагддаг албаны хүмүүсийн нэрс өөрчлөгдөж, иргэд эх сурвалж болох нь олширчээ.

Мэргэжлийн сэтгүүлчдийн санаачилсан олон нийтийн сэтгүүл зүйн хөдөлгөөнд ихэвчлэн өдөр тутмын сонинууд, цөөн тооны эрдэмтэд, хэд хэдэн байгууллага нэгдсэн юм. Тэд сэтгүүлчидтэй сургалт, иргэдтэй хэлэлцүүлэг, сэхээтнүүдтэй мэтгэлцээн байнга зохион байгуулж байв. Маргаан хэлэлцүүлгийн төвд ардчилсан нийгэм дэх хэвлэл мэдээллийн үүргийн тухай яриа байнга хөндөгдөж байлаа. Америкт эхэлсэн олон нийтийн сэтгүүл зүйн хөдөлгөөн даяаршлын ачаар бусад орнуудад хоромхон зуур нөлөөлсөн байна. Нийгмийн байгуулал нь ямар байгаагаас үл шалтгаалан газар сайгүй иргэд идэвхжин хэвлэл мэдээллээр дамжуулан нийгмийн харилцаанд шууд орохыг эрмэлзэх болсноор иргэнлэг сэтгүүл зүй үүсэв.

Иргэнлэг сэтгүүл зүй (Civic Journalism)

Иргэд хааяа нэг захидал, и-мэйл илгээх, эсвэл утсаар ярих, урилгаар ток шоуны зочин болох зэргээр хэвлэл мэдээлэлтэй холбогддог байсан юм. Харин интернэт, интерактив технологи тэдэнд мэдээ бүтээж, түгээхэд оролцох боломжийг өгчээ. Иргэд коммент бичдэг, вэбсайт ба блог хийдэг, тэр ч байтугай хэвлэл мэдээлэлд шууд агуулга (контент) нийлүүлдэг болов. Ийнхүү иргэнлэг сэтгүүл зүй нь олон улсын сэтгүүл зүй, эдийн засгийн сэтгүүл зүйтэй нэгэн адил оролцооны сэтгүүл зүй (Participatory Journalism) болсон юм. Мэргэжлийн сэтгүүлчид бичиж буй үйл явдлынхаа оролцогч байж болдоггүй, өөрийнхөөрөө тайлбарлаж болдоггүй зарчимтай бол оролцооны сэтгүүл зүй нь тайлбар өгдгөөрөө онцлог байдаг. Дээр нь иргэнлэг сэтгүүл зүйн хувьд иргэд өөрсдийнх нь ашиг сонирхолтой нь холбогдсон асуудлыг ч шууд хөнддөг учир мэргэжлийн сэтгүүл зүй дэх ёс зүйн зарчимтай зөрчил үүсгэж эхэлжээ.

Энн Ричардсоны (1983) бичсэнээр оролцооны сэтгүүл зүй нь хэвлэл мэдээлэлд дутагдаж байсан зүйлсийг нөхөх гэж гарч ирдэг юм. Хэдийгээр мэргэжлийн сэтгүүлчид өөрсдөө дэлхийг доргиосон хөдөлгөөн үүсгэсэн хэдий ч олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг хэлэлцэхэд хэвлэл мэдээлэл иргэдийг өргөнөөр, хангалттай, зохих хэмжээнд нь яагаад ч оролцуулж чадахгүй байлаа. Иргэдийн зөвлөгөө, оролцоогүйгээр бодлогын зөв шийдвэр яаж ч гарах боломжгүй. Зөв шийдвэргүйгээр аливаа хөгжил зөв голдрилоороо явахгүй билээ.

Түүнээс гадна иргэд тархиндаа өндөр боловсрол, мэдлэгтэй, гартаа компьютер, утас, таблет гээд мэдээллийн хэрэгсэлтэй болсноороо мэдээ ирэхийг хүлээж суудаг биш харин мэдээ хийхэд оролцдог хүмүүс болсон юм. Харин мэргэжлийн сэтгүүлчид тэднийг идэвхтэн бичигч (amateur), мэргэжлийн бусчууд (non-professionals), хувь нэмэрлэгчид (contributors) гэж цоллож угтсан билээ. Гэхдээ иргэнлэг сэтгүүлчдийн бэлтгэсэн агуулгыг ашиглахаас татгалзаагүй юм.

Үүний нэг тод жишээ нь Си Эн Эн телевизийн нээсэн Ай Репорт билээ. Энэ медиа платформ нь иргэдийг Си Эн Эн-ий сурвалжилж мэдээлж буй сэдвийг олон өнцгөөс дэлгэж харуулахад нэмэр үзүүлсэн зураг, бичлэгүүдээ хуваалцахыг санал болгодог. Энэ кабелийн телевизийн цахим хуудасны эхний нүүрэн дээр Ай Репорт гэж харагдахгүй. Линкнээс нь (http://www.cnn.com/specials/opinions/cnnireport) харах юм бол тусгай үзэл бодлууд болгон ангилдаг аж. Си Эн Эн тавьсан зүйлсийг хянаж шалгаж, редакторладаггүй боловч “CNN IReport” гэж тэмдэглэдэг. Иргэдийн хувьд хэвлэл мэдээллийн гол хэрэгсэлтэй ингэж холбогдох нь таатай ч бэлтгэсэн агуулгаа өөрсдийн платформ дээр тавих хүсэл, боломжууд олширсноор иргэний сэтгүүл эрчимтэй хөгжив.

Иргэний сэтгүүл зүй (Citizen Journalism)

Технологийн хөгжил түүний дотор нийгмийн сүлжээ иргэний сэтгүүл зүй хөгжихөд маш их түлхэц өгч байна. Мэргэжлийн сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгийг үйлдвэрлэж, түгээн тараахад тусалдаг техникийн ажилтнууд тусдаа ажилладаг байсан бол иргэн-сэтгүүлчид агуулга бэлтгэх, үйлдвэрлэх, түгээх бүх шат дамжлагыг өөрсдөө л хийчихдэг болжээ. Технологиор өдөөгдсөн энэхүү иргэний сэтгүүл зүйг судлаачид олон янзаар тодорхойлсон байдаг.

Шэйн Баумен, Крис Уилсс (2003,10) нар “Иргэний сэтгүүл зүй гэдэг нь мэдээ, мэдээллийг цуглуулж олоод сурвалжлан дүн шинжилгээ хийгээд тарааж түгээдэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог мэргэжлийн бус хүмүүсийн үйл ажиллагаа юм. Энэ оролцооны зорилго нь ардчилалд шаардлагатай хараат бус, найдвартай, үнэн зөв, өргөн, холбогдолтой мэдээллийг өгөх юм” гэжээ.

Жэй Роузен “Өмнө нь хэрэглэгчид гэгдэж байсан хүмүүс мэдээллийн хэрэгслийг ашиглан нэг нэгэндээ мэдээлэл өгөх”-ийг иргэний сэтгүүл зүй гэж тайлбарлажээ.

Сирена Карпентер иргэний сэтгүүлчийг нийгэм олон нийтэд ашиг тус өгөхүйц мэдээллийг хэвлэн нийтлэгч гэж тодорхойлсон байна.

2003 онд Жэй Ди Ласика “Онлайн Жорнализм Ревью” сэтгүүл дэх өгүүлэлдээ иргэний сэтгүүл зүйн хэлбэрүүдийг ангилан харуулжээ. Үүнд:
  1. 1Хэрэглэгчийн оролцоотой агуулга: коммент, блог, гэрэл зураг, дүрс бичлэг, оршин суудаг  газраасаа иргэдийн бичсэн мэдээ
  2. 2Бие даасан мэдээ ба мэдээллийн вэбсайт: http://www.consumerreports.org/cro/index.htm, http://www.drudgereport.com/
  3. 3.Дан хэрэглэгчийн оролцоогоор бүтээгддэг вэбсайт: http://www.ohmynews.com/, http://www.groundreport.com/
  4.  Хамтын, хувь нэмэр оруулсан медиа сайт: https://slashdot.org/, http://www.newsvine.com/
  5. 5Бусад төрлийн жижиг медиа”: и-мэйл хуудас, https://twitter.com/kenradio

Нээлттэй хэвлэн нийтлэх, хамтран редакторлах, агуулгыг түгээх гэсэн боломжуудаас хамааран иргэний сэтгүүл зүй олон хэлбэрээр эрчимтэй дэлгэрсэн гэж шинэ медиагийн онолч Терри Флью үздэг байна.

Ерээд оноос хойш хийгдсэн иргэний сэтгүүл зүйн талаарх олон улсын судалгаанууд эерэг ба сөрөг нөлөөнүүдийг нь аль алийг нь гаргаж ирсэн байдаг. Эдгээрийг тоймлон харуулъя.

Иргэний сэтгүүл зүйн эерэг нөлөө
  • ·         Иргэд хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө бүрэн утгаар нь шууд эдлэх болсон.
  • ·         Нийгмийн хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэхэд иргэд өөрсдөө биеэрээ оролцож эхэлсэн.
  • ·         Чухал асуудлыг олон талаас нь зай талбай, цаг хугацаанд хязгаарлагдахгүйгээр хэлэлцдэг болсон.
  • ·         Нийгмийн жинхэнэ хоточ нохой болж хэвлэл мэдээллийг хүртэл өөрийг нь шилэн болгосон.
  • ·         Мэдээллийн дээрээс доош явдаг байсан урсгалыг олон чиглэлтэй болгож өөрчилсөн.
  • ·         Нийгэмд эргэлдэх мэдээллийн хэмжээг эрс нэмэгдүүлсэн.
  • ·         Мэдээлэл бүтээх, түгээх үйл явцыг хялбаршуулсан.
  • ·         Мэдээллийг улам шуурхай болгосон.

Иргэний сэтгүүл зүйн сөрөг нөлөө
  • ·         Сэтгүүл зүйн мэргэжлийн стандартыг доошлуулсан.
  • ·         Нэг талыг барьсан мэдээлэл улам нэмэгдсэн.
  • ·         Ёс зүйн олон асуудал үүссэн.
  • ·         Оюуны өмчийн хулгай нэмэгдсэн.
  • ·         Иргэдийн “мэдээ үнэрлэх” чадвар нь мэргэжлийн сэтгүүлчдийнхээс дор учир сонголт хийхдээ муу.
  • ·         Хувийн нууц хэт нээлттэй болсон.
  • ·         Улсын нууц эрсдэлд орсон.
  • ·         Хүмүүс эсрэг талуудын мэдээллийн алинд нь итгэхээ мэдэхгүй болсон.

Иргэн-сэтгүүлчид одоо эвлэлдэн нэгдэх хандлагатай болж байна. Нэг тод жишээ нь Уикиньюс хэмээх даяарчлагдсан сайт (https://www.wikinews.org/) юм. Хамтын ажиллагаатай сайтууд үүсэж, нийгмийн сүлжээгээр тив алгасан холбогдож байна. Тэрчлэн иргэн-сэтгүүлчид үйл ажиллагааны бодлого боловсруулан стандарттай болох алхмууд хийж байна.

ДҮГНЭЛТ

Мэргэжлийн ч бай, иргэний ч бай сэтгүүл зүйг юу гэж нэрлэнэ ялгаагүй л бүгд адилхан зорилготой. Аль ч сэтгүүл зүй нийгэмд мэдээллийн урсгалыг тасралтгүй явуулахын төлөө л байдаг. Тэр мэдээлэл нь нийгмийн сайн сайхны төлөө л чиглэх учиртай. Өөрөөр хэлбэл онолын үндэслэл нь адилхан. Харин зорилгодоо хүрэх арга, хэлбэр нь өөр. Мэргэжлийн сэтгүүлчид салбарынх нь нэр хүндийг унагасан гэж иргэний сэтгүүлчдийг эхэн үедээ дайсагнасан угтаж авсан ч янз бүрийн орны олон эрдэмтэд, судлаачдын үе үеийн судалгаанууд тэднийг өөрсдөө нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээсээ иргэн-сэтгүүлчдийг хамтын ажиллагаанд дуудсан гэж батлаад байна.

Үүнийгээ ухамсарласан мэргэжлийн сэтгүүлчид ч олон нийтийн сэтгүүл зүйн хөдөлгөөнийг эхлүүлж, түүнд иргэд татагдан оролцохдоо иргэнлэг сэтгүүл зүйг үүсгэж, улмаар технологийн хөгжил иргэний сэтгүүл зүйг хөгжөөн дэвжээсэн байна. Эерэг, сөрөг олон нөлөөгөө нийгэмд чирч орж ирсэн иргэний сэтгүүл зүйн шинэ давалгаа одоо нийгмийн институци болох хандлагыг барьж байна. Хүн болгон сэтгүүлч болох боломжтой ч гэсэн чин үнэн санаанаасаа нийтийн эрх ашгийн төлөөх мэдээллийг бүтээж, түгээхэд тууштай цуцашгүй явж чадах нь тийм ч олон биш ээ. Сэтгүүл зүй угаасаа л эрхэлж буй хүнээсээ иргэний зориг зүрхтэй байхыг, өндөр ёс суртахуунтай байхыг шаарддаг билээ. Иргэн-сэтгүүлчид ч үүнийг ойлгодог болж байна.


Ашигласан бүтээл

Deuze.M. (2005). What Is Journalism? Professional Identity and Ideology of Journalists Reconsidered. Journalism 6: 4, 442–464
Bowman S. & Wills C. We media: How Audiences are shaping the Future of News and Information. 2003.
Richardson A. (1983). Participation. London. Routledge.
Rosen. J. (2006, June 27). The people formally known as the Audience. Pressthink.
Serena Carpenter, “News Quality Differences in Online Newspaper and Citizen Journalism sites. In Public journalism 2.0 The promise and Reality of a Citizen-Engaged press”-2010 Routledge.p69

2 comments:

Nommy said...

Sain baina uu? tanii "Olon niitiin hariltsaanii onol" nomiig haanaas hudaldaj awch boloh we? nomiin delguurt haragddaggue

Oyungerel Avirmed said...

Сайн байна уу?
"Олон Түмний Харилцааны Онол" номыг "Сэтгүүлч дээд сургуулиас очоод авч болно.