Sunday, June 7, 2009

Сэтгүүл зүйд эрс өөрчлөлт болж байна

"Сэтгүүлч" сэтгүүлийн 2006 оны хоёрдугаарт хэвлүүлж байсан энэ материалыг улам олон хүн уншаасай гэсэн үүднээс блог дээрээ тавилаа.

Дөнгөж нахиалж буй ардчиллыг хамгаалж тулах чөлөөт хэвлэл нь бөмбөрцгийн зүүн бөөрөнд байгаа зарим оронд гүйцэд бэхжээ ч үгүй, хэвлэл мэдээллийн болоод сэтгүүлчдийн ёс зүйн стандарт нь тогтож амжаа ч үгүй байхад барууны орнуудад уламжлалт сэтгүүл зүйнх нь хэм хэмжээ алдагдаж байгаа талаар хүчтэй маргаан хэлцэл өрнөж байна. Тэдний хувьд уламжлалт сэтгүүл зүй гэдэг нь хэдэн зууны турш онолыг нь гаргаж, практикаар хэрэгжүүлж ирсэн, эрх чөлөө болон хариуцлагын хоорондын тэнцвэрийг барьдаг, мэдээ ба зарыг холихгүйгээр ялгаж харуулдаг, мэдээ ба үзэл бодлыг тусгаарладаг, хэвлэл мэдээллийн байгууллага ба сэтгүүлчид нь бие даан ёс зүйн шийдэл хийдэг тэрхүү тэнцвэртэй сэтгүүл зүй нь билээ. Барууны сэтгүүл зүйд гарч байгаа зарим өөрчлөлтийн талаар АНУ-д сүүлийн үед болсон зарим нэг үйл явдлын жишээн дээр тулгуурлан товч тайлбарласу.

Шүгэл үлээгчдийн эрх чөлөөг хязгаарласан нь

Марк Фелт. Энэ бол гуч илүү жил нууцлагдсан нэр. “Вашингтон Пост” сонины сурвалжлагч Боб Вүүдуорд, Карл Бэрнштэйн нар ерөнхийлөгч Ричард Никсоныг огцроход хүргэсэн Уотергэйтийн хэргийн тухай материалдаа олон арван эх сурвалжийн нэрийг дурдсан боловч зөвхөн түүний нэрийг нууцалсан юм. Түүгээр ч барахгүй хоёр сэтгүүлч нас барсан хойно нь л түүний нэрийг хэлнэ гэж эх сурвалждаа амласан байлаа. Гэтэл 91 настай нууц эх сурвалж нь өөрөө 2005 оны тавдугаар сарын 31-нд гэрийнхээ босгон дээрээс өөрийгөө зарлаж орхисон юм. Америкийн сэтгүүл зүйн хамгийн алдартай нууц эх сурвалж бөгөөд төр, засгийн байгууллагад ажиллагсдын хувьд үлгэр жишээ авахуйц шүгэл үлээгч болсон Марк Фелтийн нэр ил гарсан нь зарим маргааныг тасалсан ч нийгэмд шинэ хэлцлийг өрнүүлсэн юм.

Юуны өмнө улс төрч, сэтгүүлчид олон хүний нэрийг гаргаж нууц эх сурвалжаар тодорхойлох гэж хичээж байсныг зогсоов. Марк Фелт тухайн үедээ Холбооны Мөрдөх Товчооны дээрээсээ хоёр дахь даргын алба хашиж байсан болохоор хамт ажиллаж байсан хүмүүс нь түүнийг урвагч гэж дуудав. Харин Марк Фелтийг нийгмийнхээ тусын тулд ажилласан гэж үзсэн үр хүүхдүүдээс нь эхлээд Америкийн олон нийт түүнийг эх оронч гэж хүндэтгэсээр байгаа юм. Ямартаа ч Марк Фелт ерөнхийлөгч нь эсрэг намынхаа байранд тагнах чагнах хэрэгсэл тавиулсан тухай мэдээллийг нийтэд өгснийхөө төлөө хариуцлага хүлээхгүй. Учир нь үг хэлэх эрх чөлөөг нь баталгаажуулсан Үндсэн хуулийнх нь нэгдүгээр нэмэлт өөрчлөлт болон бусад хууль түүнийг хамгаалсан юм.

Харин түүний нэр ил гарснаас яг нэг жилийн хойно байдал өөрчлөгдөж байна. АНУ-ын Дээд Шүүх ажлынхаа алдаа дутагдлын талаар нийтэд мэдээлсэн төр, засгийн байгууллагын ажилтны үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах тухай шийдвэрийг 2006 оны тавдугаар сарын 30-нд гаргалаа. Энэ нь олон нийт түүний дотор сэтгүүлчдийн дургүйцлийг маш ихээр хүргэжээ. Учир нь шүгэл үлээгчид мэдээллээ нийтэд хүргэхийн тулд хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд ханддаг билээ. Ажлаа алдахаас айсан хүмүүс дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхөөс гадна төр, засгийн байгууллагын үйл ажиллагаа улам нууц байдалд орж, ардчилсан нийгэм дэх нээлттэй байдал алдагдаж болзошгүйд хүрнэ.

Америкт төр, засгийн байгууллагад ажилладаг 21 сая гаруй хүн байдаг бөгөөд жил тутам дотоод мэдээллийг гадагш гаргасан асуудлаар 100 орчим хэрэг холбооны шүүхээр хэлэлцэгдэж байдаг аж. Дээд Шүүхийн энэ шийдвэр наад утгаараа зөвхөн мэдээлэл өгөгчдийн эрхийг хязгаарлаж байгаа мэт боловч цаад утгаараа мэдээллийг хүртэх эрхтэй олон нийтийн эрхийг давхар хязгаарлаж байгаа аж. Ийм нөхцөлд сэтгүүлчид ажиллах нь улам хүндрэлтэй болж, эх сурвалжийнхаа талаар улам нарийн шийдэл хийхэд хүрч байна. Ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүл зүйд саад тотгор нэлээд гарна. Учир нь шүгэл үлээгчид чухал мэдээллийн сэжүүрийг атгуулах гол эх сурвалж нь болдог билээ.

Интернэт ёс зүйн стандартыг эвдэж байгаа нь

Мэдээллийн хувьсгалын ид дунд яваа барууны сэтгүүл зүй дэх огцом хурдацтай өөрчлөлтүүд нь ёс зүйн стандартыг эвдэж эхэлжээ. Сателлайт ролбоо, кабелийн сувгуудаас эхлэн вэб сайт, текст мессэж хүртэл өнөөгийн хүмүүсийн мэдээллийн хэрэгсэл болж байна. Тэдгээрийг үндэстэн дамнасан компаниуд эзэмшиж, үйлчлүүлэгчдийгээ хэрэгцээ, сонирхлоор нь хуваан өмчилж авсан нь мэдээллийг бүтээж бий болгох, хүлээж авах явцыг уламжлалт сэтгүүл зүйн аргаас эрс өөрчилжээ. Ялангуяа Интернэтийн вэб сайтуудын нэг хэсэг нь бодитой хандахыг эрмэлзэж баримтыг нягтлах авч, нөгөө хэсэг нь тэр чигээрээ үзэл бодлыг тавьж байна. Гэтэл уламжлалт сэтгүүл зүйгээр бол сэтгүүлчид мэдээллийг бие биенээсээ хамаарахгүй эх сурвалжаар хоёр, гурван давхар шалгах зарчимтай. Түүгээрээ ч баталгаажуулдаг сэтгүүл зүй (journalism of verification) гэгдэж олон түмний итгэлийг хүлээж байлаа.

Урбана хот дахь Иллинойсийн их сургуулийн профессор Клиффорд Кристианс:

-Онлайн мэдээллийн хэрэгслүүдийн гарах хугацаа нь тогтмолжоогүй, зарим мэдээ нь тэр дороо тавигддаг, заримдаа редактор нь ч уншиж амжаагүй байдаг. Түүнчлэн зохиогч нь эх материалаа уншиж, иш татаж ашиглахын оронд шууд тэр чигээр нь холболт (hyperlink) хийсэн байдаг Мэргэжлийн бус ийм ёс зүйгүй ажиллагаанаасаа болж уншигчдынхаа итгэлийг алдан шүү дээ гэж Охайогийн их сургууль дээр болсон хурал дээр хэлсэн юм.

Хамгийн аюултай нь вэб сайт дээр тавигдсан зүйлсийн аль нь хатуу мэдээлэл, аль нь үзэл бодол, аль нь зугаа цэнгээний материал болохыг уншигчид ялгахгүй нэлээд төөрдөг байна. Тиймээс цахим мэдээллийн хэрэгслүүд ч өөрсдийн ёс зүйн стандарттай болох хэрэгтэй талаар судлаач, эрдэмтэд санал дэвшүүлж байна.

Сэтгүүл зүйн Юү Би Эс сургуулийн профессор Стифен Уорд шинэ тутам гарч ирсэн мэдээллийн хэрэгслүүд даяарчлагдсан хандлагатай тул хариуцлага нь ч даяарчлагдсан байх ёстой гэж үзэж байгаа юм. Учир нь сэтгүүлчид зөвхөн өөрийн орныхоо төлөө гэсэн эх орончид биш дэлхийн нийт иргэдийн тусын тулд, хүний эрхийн төлөө ажилладаг агентууд болж хувирч байна хэмээн тэрбээр тайлбарлажээ. Сэтгүүлч хүн гэж хэн бэ гэсэн ойлголт өөрчлөгдсөн ч уламжлалт сэтгүүл зүйнхээ гол зарчмуудыг бид орхихгүйгээр харин ч өргөжүүлж бодит байдал ба тайлбар хоёрын тэнцвэрийг зөв барих нь зүйтэй гэж профессор Уорд оюутнууддаа ярьжээ.

Сэтгүүл зүйн Шилдгийн төлөө Төсөл хэмээх байгууллагын өнгөрсөн оны жилийн тайланд Америкийн сэтгүүл зүйд дараах таван зүйлийн чиг хандлага байгааг тодорхойлжээ. Үүнд:

-Батлагдаагүй баримтууд нь хуурамч мэдээллийг ихэсгэж байна.

-Мэдээллийн хэрэглээ нь зөвхөн нэг талыг барьсан хэвлэлийг олшруулж байна.

-Сэтгүүл зүйн үйл ажиллагааг ил тод болгох замаар олон нийтийн итгэлийг олж авах шаардлага гарч ирж байна.

-Олон жилийн түүхтэй уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинэ хэрэглэгчдийг татахын тулд хөрөнгө оруулалт хийхгүй эргэлзэж байна.

-Сүлжээгээр ажилладаг телевизийн сэтгүүл зүй багасаж байна.

Түүнчлэн уг тайланд мэдээллийг түргэн зуур, өргөн хүрээнд, хямд өртөгтэйгээр тараах хэрэгслүүд үүсэж буй ч баримтыг шалгахгүйгээр, эх сурвалжийг баталгаажуулахгүйгээр, болж байгаа үйл явдалд оролцохгүйгээр бичих нь сэтгүүл зүйд хортой гэдгийг дурдаад хэрэглэгчдийнхээ итгэлийг алдсан Дөрөв дэх засаглал нь төр, засаг, сонирхлын бүлэглэлүүд эсвэл хувийн корпорацуудын л хамсаатан болж хувирна шүү дээ гэж тэмдэглэсэн байна.

А.Оюунгэрэл

2006 он

6 comments:

Gantulga said...

Сайн уу?
Сонирхолтой мэдээлэл тавьсанд баярлалаа.
эссэ болон сэтгүүл зүйн бичлэгийн талаар бичих бичлэгийг чинь хүлээж байна.Энэ талаар асуумаар юм их байна. Боломжтой бол емайлээр харилцмаар байна.
Gantulga
Australia
gntga@yahoo.com

ganga said...

Хоосон лозогнож үзэл сурталжсан социалист, үзэл бодол нь төлөвшөөгүй балчир ардчилал аль алинд нь ёс зүйтэй, эрх хариуцлага нь тэнцвэржсэн сэтгүүл зүй ажиглагдахгүй байх шиг.

A.Oyungerel said...

Сайн байна уу, Гантулга аа?
Би онлайнаар сэтгүүл зүйн ангийн оюутан болон сэтгүүлчдэд хааяа хичээл заадаг л даа. Харин одоо нийтэд бяцхан төлбөртэйгээр хичээл заах гэж бодож байгаа. Удахгүй вэб сайт нээж зарлана. Аль болох олон хүнийг сэтгүүл зүйн мэдлэгтэй болох хэрэгтэй байгаа юм. Мэдээллийн хэрэгсэл давамгайлсан нийгэмд ийм мэдлэггүй амьдрах аргагүй болоод байгааг олон хүн ойлгож байгаа байх.

Асуух зүйл байвал и-мэйл бичиж болно шүү. Миний хаяг: ogerel@yahoo.com

Оюунгэрэл

A.Oyungerel said...

Харин тийм ээ, Ганга аа. Сэтгүүл зүй тэнцвэргүй байвал тэнд ёс зүйн асуудлын талаар яриад байх зүйл байхгүй л болчихож байгаа юм. Социализмын үеийн ухуулгын сэтгүүл зүйг "ёс зүйгүй сэтгүүл зүй" гэж барууны ном, сурах бичигт дүгнээд хэлчихсэн байдаг. Чөлөөт нийгэмд орсон хэрнээ нэг талыг бариад байгаа бол үүнтэй л адилхан юм. Тэнцвэртэй байх гэж сэтгүүл зүйн нэг чухал зарчим байдаг. Энэ зарчим нэгж мэдээнээс эхлэн, нэг дугаар, нэжгээд нэвтрүүлэг болон нийт хэрэгслийн агуулга, хэлбэрт илэрч байх ёстой юм. Энэ зарчмыг баримталж ажиллахын тулд хэвлэл мэдээллийнхэн маш мэдлэгтэй, мэдрэмжтэй, зоригтой, дайчин, шаргуу ажиллах учиртай. Хэрэв бид тэнцвэргүй л байвал ажлаа хийж чадахгүй л байна гэсэн үг л дээ. Аливаа зүйл хүний үйл ажиллагаатай л холбоотой байдаг болохоор мөн чанар нь ямагт тэнцвэргүй хандлагатай байдаг. Мэдээллийн хувьд ийм тэнцвэргүй хандлагыг сөрж ажиллуулах гэж сэтгүүлч гэж мэргэжилтнийг бэлтгэдэг юм даа. Үүнийг одоо л нийгэм даяараа ойлгож эхэлж байх шиг байна. Урьд өмнө нь үг хэлний баялаг сайтай, уран цэцэн ярьдаг хүн л сэтгүүлч болдог ойлголт байсан шүү.
Оюунгэрэл

zulaa said...

сайн байна уу таньд энэ өдрийн мэнд хүргье. Сонирхолтой нийтлэл байна. Би сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутан байна. Таны бяцхан төлбөртэй сургалт хэзээ явагдах вэ. Бас хариуцлагын ёс зүйн талаар мэдээлэл өгөөч хариу. Би таныг add хийсэн шүү. Зулаагаас ,,,

A.Oyungerel said...

Сайн байна уу?
Бичсэн сэтгэгдлийг тань оройтож үзлээ. Сургалтын талаар www.mediamn.com сайтаас үзээрэй.
Оюунгэрэл