Monday, January 10, 2011

Багшийн ажлын үр дүнг юугаар хэмжих вэ?

Эрхэлж буй ажлынхаа утга учир, үр дүнгийн талаар эргэцүүлэн боддоггүй хүн цөөн биз. Харин багш хүн энэ талаар байнга бодохоос аргагүй байдаг юм байна. Гэхдээ багшийн ажлын үр дүнг юугаар хэмжих, хэрхэн үнэлэх ёстой юм бол? Хичээл заасан оюутны тоогоор нь уу? Нийгэмд нэр хүндтэй хүн болж алдаршсан оюутнаар нь уу? Бүтээл туурвилаар нь уу? Он удаан жил багшилснаар нь уу? Хариулахад төвөгтэй ийм асуултууд толгойд байнга эргэлдэнэ. Гэхдээ л би төгсгөсөн оюутны тоо, нэр хүндтэй шавь, хэвлүүлсэн ном зохиол, олон жил багшаар ажилласан зэргийг багшийн ажлын үр дүнгийн гол үзүүлэлтүүд гэж боддоггүй.

Багш хүний хувьд өдрийн, семестерийн, жилийн ажлаа ямар нэг байдлаар үнэлчих боломжууд бий. Хичээл дуусмагц оюутнууд “Хичээлээ ойлгосон” гээд л гардаг. “Асуулт байхгүй ээ” гэдэг. Өдрийн ажлын үр дүн гарчих шиг. Сэдвийн шалгалтыг ч гайгүй л өгчихнө. Бас л гайгүй үр дүн шиг. Харин оюутнуудын ангийн ажил, эцсийн шалгалтын дүнг хараад хичээж тайлбарласан зүйлсийг ойлгоогүйг нь хараад урам хугаравч энэ нь ажлын маань үр дүн хараахан биш гэдгийг мэдэх тул жаахан тайвширна. Сургуулиа дүүргээд хэвлэл мэдээллийн байгууллагад очсоны нь дараа хийж бүтээсэн зүйлээс нь сэтгүүлзүйн хичээлээ хэр ойлгосныг нь олж харахыг хичээнэ. Тэднийхээ сайн бичсэн зүйлийг хараад баярлаж, тааруухан бичсэнийг нь хараад гутрахдаа ажлын маань үр дүн бас л биш гэж боддог. Тэгээд ажлын минь үр дүн хаана байна аа?

Ингэж бодож явтал Уол Стрийт сонины 2010 оны 12 дугаар сарын 18-19-ний ням гарагийн дугаарын “Тойм” нүүрт хэвлэгдсэн “Толстой гэр бүлийг тань аврах уу?” гэсэн материал асуултад маань хариулчих шиг. Уг материалыг бичсэн Лондон дахь Амьдралын Сургуулийг үндэслэгч Алиан Де Боттон их дээд сургуулийг нийгэмд хүн шиг хүнийг бэлтгэн гаргаж өгөх гол зорилготойг онцлон тэмдэглэжээ.

Зохиогчийн үзсэнээр АНУ-д шаргуу ажиллах, прагматик хүмүүсийг, Хятадад инженер, нягтлан бодогчдыг бэлтгэхэд хэт анхаардаг гэж европчууд олонтаа шүүмжилдэг хэрнээ яагаад хүмүүнлигийн хичээлийг түлхүү заах ёстой талаар тэдэнд тайлбарлаж ойлгуулдаггүй байна. Хүмүүнлигийн хичээлийг хэрхэн заах ёстой талаар ч тодорхой хэлдэггүй аж. Аль ч орны их дээд сургуульд хүмүүнлигийн хичээл зохих хэмжээгээр ордог ч учир дутагдалтай ажээ. Уран зохиолыг заахдаа зохиолчдын намтарт, түүхийг заахдаа зөвхөн баримтад түшиглэдэг нь гол дутагдал нь юм байна. Гэтэл түүх, уран зохиол гээд хүмүүнлигийн салбарын бий болгосон соёлын тэр том агуулах түмэн үзэл санаагаар дүүрэн байдаг бөгөөд тэдгээр үзэл санааг судлах нь өнөөгийн хүмүүст хувийн болоод мэргэжлийн асуудлаа шийдвэрлэхэд туслах ёстойг зохиогч Алиан Де Боттон тайлбарлажээ. Соёлын сонгодгууд хэрхэн амьдрахыг бичээд үлдээсэн байхад их сургуулиуд тэр байдлаар нь зааж ойлгуулдаггүй ажээ.

Зохиогч бичлэгтээ “Их сургуулийн зорилго нь чадварлаг хуульч, эмч эсвэл инженерийг биш харин чадалтай, төлөвшсөн хүнийг бий болгоход оршино” гэсэн XIX зууны Английн соён гэгээрүүлэгч Жон Милтоны үгийг иш татжээ. Түүний бодлоор орчин үеийн их сургуулиуд оюутнуудаа айл хөршийнхнөө хайрладаг, хүний эргэлзээг арилгаж, зовлон зүдгүүрийг багасгаж чаддаг хүмүүс болгох ёстой ажээ. Өөрөөр хэлбэл сэтгэлзүй болоод ёсзүйн шийдвэрийг гаргах чадвартай иргэдийг бий болгох ёстой юм байна.

Хэрэв их дээд сургуулийн зорилго чадалтай, төлөвшсөн иргэдийг нийгэмд бэлтгэх юм бол багшийн ажлын үр дүн нийт оюутных нь хичнээн нь тийм хүн болж чадсанаар хэмжигдэх ёстой болох нь. Үүнтэй холбоотой багшлах философио ч жаахан өөрчлөх шаардлага гарах нь ээ. Алиан де Боттоны материалаас миний олсон хариу энэ юм.

А.Оюунгэрэл

2011 оны 1 дүгээр сарын 10

Alian De Botton “Can Tolstoy Save Your marrige?” Wall Street Journal (December 18-19, 2010): C3

www.theschooloflife.com

Жич: Доорхи үгийг би саяхан олж харсан юм. Багш нар мэддэг ч байж магад. Зүгээр л сонирхууллаа.

The mediocre teacher tells.

The good teacher explains.

The superior teacher inspires.

William Arthur Ward

5 comments:

B.Zolzaya said...

Тийм шүү. Оюутан миний хувьд,бид хичнээн сайн мэргэжил боловсролтой, том том сургуулиудын онц дүнтэй дипломыг өвөртөллөө гээд хүн чанартай, хувь хүн болж төлөвшиж чадаагүй бол сайн ажиллаж амжилтад хүрнэ гэдэг бараг л үлгэр дээ. Ганцхан сэтгүүлч ч гэлтгүй бүх л мэргэжлийн хүмүүс энд хамаатай. Хувь хүнийхээ хувьд төлөвшсөн хүн бол ажлаа цалгардуулж, хариуцлагагүй байдал гаргаад байх нь ховор болов уу. Тэгэхээр бидний хувьд амжилтын үндэс, багш нарын хувьд ажлын үр дүн нь энэ гэдэгтэй яалт ч үгүй санал нийлж байна.

A.Oyungerel said...

Санал бодлоо үлдээсэнд баярлалаа. Олон дипломтой, өндөр зэрэг цолтой хүмүүс Монголд олширч байна шүү. Тийм хүмүүс олон болсноор улс маань хөгждөг бол одоо байгаагаасаа илүү байх байсан болов уу. Дипломын төлөө өрсөлдөөн улам их болж байх шиг санагддаг. Тэр диплом дээрх дүнгүүд хүн чанарыг илэрхийлэхгүй шүү дээ, тийм ээ?
Оюунгэрэл

Migo said...

За яг хайж байсан зүйлээ олчихлоо шүү. Дараагийн долоо хоногт миний ажиллаж байсан эдийн засгийн сургуулийн оюутнууд намайг нэгэн лекц "уншиж" өгнө үү гэж урьсан юм. Бас залуу багш нар ч байна гэж байгаа.
Би багш нартаа, Монголд байгаа 170 гаруй сургуулийн оюутнуудаас илүү мэдлэгтэй хүн төгсгөж чадахгүй байж болно, харин тэднээс илүү ажил хийх чадвартай, хариуцлагатай хүмүүсийг бэлтгэхэд анхаараач ээ, оюутнуудад тийм дадал, чадвар олгох зүйлийг түлхүү ашиглаач, магадгүй үүнийгээ сургуулийнхаа имиж болгооч гэж хэлдэг юм.
Оюутнуудад хэлэх үгэндээ ч бид ажил олгогчид (хэхэ би чинь одоо 2 талд үйлчилдэг болоод байнаа хө) та бүхнээс ийм ийм юм л хүсээд байна, энэ чадваруудыг өөртөө бий болгооч гэж хэлэх гэж бэлдэж байхдаа танай бичсэнийг уншаад тун их баярлалаа.
Танай бичлэгээс, мөн Жон Милтон,Алиан Де Боттон нараас иш татах хэрэгтэй юм байна. Баярлалаа.

A.Oyungerel said...

Ажилд чинь хэрэг болохуйц санаа хөндсөндөө би ч баярлачихлаа. Манай сургуулийн хэд хэдэн багш ч бас и-мэйлээр саналаа ирүүлсэн. Багш нарын дандаа л бодож явдаг сэдэв болохоор анхаарлыг нь татах нь аргагүй биз ээ. Нэмж сонирхуулахад Алиан Де Боттоны санаа нэгтнүүдтэйгээ хамтарч байгуулсан Амьдралын сургуулийн ерөнхий эрдмийн хичээл нь философи, түүх, франц хэл гэж биш харин гэр бүл, хүүхэд хүмүүжүүлэх, ажил сонгох, амьдрал ба үхлийг өөрчлөх гэсэн нэртэй байдаг юм байна. Хичээл бүр дээр их соён гэгээрүүлэгчдийн бүтээлийг эх зохиолоор нь уншуулж хэлэлцүүлдэг гэнэ.

Anonymous said...

Сайн байна уу? Багшаа.Би хэвлэлийн хүрээлэнгийн төгсөгч байнаа. Би одоо монгол тв /HD TV/-д ажилладаг. Телевизийн сэтгүүл зүйн өнөө маргааш сэдвийн дор нэвтрүүлэг бэлтгэх гэж байгаа юм. Та үүнтэй холбоотой шүүмжлэл, санал, гаргалгааны тухай өөрийн санаа бодлоо бичиж болох уу? Өнөөгийн телевизийн сэтгүүл зүй ямар түвшинд байна гэж та үзэж байна? Энэ тухай бичвэл их сайн байна.
Сэтгүүлч коллежийн анхны төгсөгч С. Дэлгэрмаа