СЭТГҮҮЛ ЗҮЙН БҮТЭЭЛД
БИЧИГЧИЙН ҮЗЭЛ БОДОЛ БАЙХ ЁСГҮЙ
А.Оюунгэрэл
Онолын үндэслэл
Сэтгүүл зүйн
мэдээллийн аливаа бүтээл нь товч мэдээнээс эхлэн эрэн сурвалжилсан даацтай
цуврал материал хүртлээ бичигчийн үзэл бодлыг агуулах учиргүй байдаг. Баримтыг
үзэл бодлоос ангид байлгах нь сэтгүүлч хүний эзэмшсэн байх ёстой гол ур чадвар
нь юм. Бичигч үзэл бодлоо оруулаагүйгээрээ мэдээллийн бодит байдлыг хангаж
өгнө.
Сэтгүүл зүйн
бичлэг дэх бодит байдал гэдэг нь тухайн сэтгүүлчийн мэдээллийг цуглуулж,
боловсруулж, түгээх хандлага юм. Өөрөөр хэлбэл нийтэлж, нэвтрүүлсэн зүйл нь
үнэн байна уу, үгүй юу, эсвэл бичигч өөрийн санаа бодлыг тулгаад байна уу, үгүй
юу гэдгийг өөрөө хэлээд өгдөг.
Мэдээллийн бодит
байдлыг хангахдаа хоёр зүйлийг чухалчилна. Үүнд:
1.
Баримтаар
нотлох
2.
Шударга
хандах орно
Бичиж илэрхийлж
буй санаагаа баримтаар нотлох ёстой гэдгийг сэтгүүлч биш хүмүүс ч мэднэ.
Хэрэлдэж маргахдаа ч бие биенээсээ баримт шаарддаг. Сэтгүүл зүйн бичлэгийн
хувьд баримтаар нотолно гэдгийг хоёр талтай авч үздэг. Нэгд, баримт үнэн байх
ёстой. Хоёрт, баримт учир холбогдолтой байх ёстой.
Шударга хандах нь
мөн хоёр талтай. Нэгдүгээрт, тэнцвэртэй байх ёстой. Хоёрдугаарт, төвийг сахисан
байх ёстой. Мэдээллийг цуглуулахаас эхлэн хэвлэн нийтэлтэл хийгдэх бүх үйл
ажиллагаанд эдгээр зарчмууд мөрдөгдөх учиртай.
Бодит байдлыг
хангах дээрх зарчмуудаас үүдэн бичигч сэтгүүл зүйн аливаа бүтээлд өөрийн үзэл
бодлыг шууд оруулахгүй гэсэн зарчим үүдэн гардаг. Бичигч үзэл бодлоо оруулах нь
баримтын үнэ цэнийг бууруулдаг. Түүнчлэн бичигчийг ч улмаар сэтгүүл зүйг ч
шударга биш харагдуулдаг.
Бичлэгтээ үзэл
бодлоо оруулж болохгүй гэхийг сонссон зарим хүн “Тэгвэл бидний үзэл бодол хаана
явах юм бэ? Бид бас үгээ хэлэх, өөрсдийгөө илэрхийлэх эрх чөлөөтэй биз дээ?”
гэж асуудаг. Үүнд бас хариулт бий.
Хэвлэл мэдээлэлд
ажиллаж буй хүмүүс сурвалжлагч, редактор, тоймч, эрхлэгч гэсэн албан тушаалыг
эзэмшээд сэтгүүлчийн хөдөлмөр эрхлэн юуг, яаж бичих, хэнтэй уулзах, хэзээ
гаргах вэ гэдгийг шийдвэрлэх эрхтэй байгаа нь тэдний үзэл бодлоо илэрхийлж буй томоохон
хэлбэр юм. Ардчилсан нийгэмд хүн бүр ингэх эрхтэй боловч иргэд өөрсдийнхөө тэр
эрхийг сэтгүүлч гэсэн мэргэжлийг эзэмшээд хийж чадах нэг хэсэгтээ өгсөн байдаг.
Тэгэхээр хэвлэл мэдээлэлд ажиллагсад зөвхөн өөрийнхөө биш бас бусдынхаа үзэл бодлоо илэрхийлэх, нийгэмд юу болж
байгааг мэдэх эрхийг эдэлж байдаг юм аа.
Түүнчлэн нэгж
бичлэг бүрийн сонгосон сэдэв, санаа өнцгөнд сэтгүүлчийн үзэл бодол шингэсэн
байдаг. Тухайн сэдэв, санааг хөндөхгүй ч орхиж болохоор байсан атал онцлон сонгож,
лавшруулан судлаад бичиж дэлгэнэ гэдэг бол үг хэлэх эрх чөлөөгөө гарцаагүй
эдэлж буйн тод илэрхийлэл юм. Тиймээс ямар ч уншигч бичлэгийн гарчгаас нь, өнгө
аяснаас нь бичигчийн үзэл бодлыг олж мэдэрдэг.
Сэтгүүлч хүн
сонгосон сэдэв, өнцөг, эх сурвалж, ашигласан үг хэллэгээрээ аль хэдийнэ үзэл
бодлоо илэрхийлчихдэг байж өөрөө бичлэг дотроо субъект болон орж ирээд санаа
бодлоо дахин тулгахыг мэдээ, сурвалжлага, өгүүлэл гэсэн мэдээллийн төрөл зүйлд
зөвшөөрдөггүй билээ. Сэтгүүл зүйн үзэл бодлын төрөл зүйл болох редакцийн
өгүүлэл, тойм, эссэнд ч гэсэн бичигч өөрийн үзэл бодлыг тулгадаггүй. Харин үзэл
бодлуудыг тайлбарладаг. Тэгээд юу ойлгож бодож улдэх нь уншигчийн асуудал болж
хоцордог.
Сонин бол
баримтыг үзэл бодлоос тусгаарладаг зарчмыг сэтгүүлчид хэрхэн баримталж байгааг
сонгодог утгаар нь харуулж чадах гол хэрэгсэл юм. Учир нь сэтгүүл зүйн
бичлэгийн төрөл зүйл бүрийн ялгааг гаргаж харуулдаг, мөн баримтыг үзэл бодлоос
зааглах зарчмын дагуу мэдээллийн төрөл зүйлийг үзэл бодлын төрөл зүйлүүдээс
тусад нь өөр нүүрт хэвлэдэг. Хэвлээд
гаргасан мэдээг нь дахин дахин уншиж дүн шинжилгээ хийхэд боломжтой байдаг.
Бичил судалгаа
Монголын өдөр
тутмын сониныхон сэтгүүл зүйн бичлэгт үзэл бодлоо оруулдгийг контент анализын
бичил судалгаа харуулж байна. Энэ судалгаанд
сонины бичлэгийн төрөлд Ц.Балдоржийн нэрэмжит шагналтан болсон гурван сэтгүүлчийн
тус бүр нэг материалыг сонгосон байна. Үүнд:
1.
“Өнөөдөр”
сонины Ж.Тэгшжаргалын “Салхи биднийг хөтөлнө” – 2013 он
2.
“Өдрийн
сонин”-ы Э.Хүрэлбаатарын “Зүүн гурван аймгийн хуульгүй ард зээрийн сүргээ хүйс
тэмтрээд дуусаж байна” – 2015 он
3.
“Засгийн
газрын мэдээ” сонины Ц.Цэвээнхэрлэнгийн “Чонон сүргийн сүүлчийн өчил” - 2016 он
орж байна.
Эл бичил
судалгааны зорилго нь зөвхөн бичлэг доторх үзэл бодлын хэлбэрүүдийг харуулахад
чиглэсэн. Тиймээс өнцөг, гарчиг дахь
үзэл бодол болон эх сурвалж хэрхэн ашигласан гэх мэт сэтгүүл зүйн бусад
зарчмуудыг хөндөөгүй. Бичсэн зүйлийг нь нийтлэл гэсэн төрөл зүйлд авч үзсэн
байна. Дэлхийн сэтгүүл зүйд ийм төрөл зүйл байдаггүй. Сонин, сэтгүүлийн нийт
агуулгыг л нийтлэл гэдэг. Монголд тоймч нараа нийтлэлч гэдэг юм байна.
Мэдээллийн төрөл зүйл бол мэдээ, сурвалжлага, өгүүлэл, эрэн сурвалжлага гэж
байх учиртай. Угаасаа өгүүллийн хэмжээнд авч үзэх гэхээр мэргэжилтний эх
сурвалж дутагдалтай байгаа учир сурвалжлагын хэмжээнд авч үзэж болохоор байна.
Ж.Тэгшжаргал,
Э.Хүрэлбаатар, Ц.Цэвээнхэрлэн нар хэдийгээр туршлагатай сэтгүүлчид боловч аль
аль нь бичлэгтээ үзэл бодлоо чөлөөтэй оруулдаг юм байна. Тэд “Би” баатрыг
болон шууд үзэл бодлуудыг бичлэгтээ хэдэн удаа оруулсныг тоон судалгааны
аргаар бүртгэж гаргаж, чанарын судалгааны аргаар тайлбарлаж байна.
Судалгааны дүн
Ж.Тэгшжаргалын
“Салхи биднийг хөтөлнө” бичлэгт 135, Э.Хүрэлбаатарын
“Зүүн гурван аймгийн хуульгүй ард зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна”-д 149,
Ц.Цэвээнхэрлэнгийн “Чонон сүргийн сүүлчийн өчил”-д 55 үзэл бодол
гарч ирлээ. Гэхдээ Ж.Тэгшжаргал бичлэгтээ нийт 6289 үг, Э.Хүрэлбаатар
5840 үг, Ц.Цэвээнхэрлэн 3830 үг ашигласан байсныг хэлэх нь зүйтэй.
Үзэл бодлуудыг илэрсэн
үгээр нь тоолсон тул нийт үгсийн дунд эзлэх жинг нь дараах хүснэгтээр тооцож
харууллаа.
Бичигч
|
Нийт үгийн тоо
|
Үзэл бодол: Тоогоор
|
Үзэл бодол: Хувиар
|
Ж.Тэгшжаргал
|
6289
|
135
|
2.15
|
Э.Хүрэлбаатар
|
5840
|
149
|
2.55
|
Ц.Цэвээнхэрлэн
|
3830
|
55
|
1.44
|
Нийт дүн
|
15959
|
332
|
2.12
|
Хэрвээ
сэтгүүл зүйн бичлэгт бичигч үзэл бодлоо
оруулахгүй гэсэн шаардлагыг хангасан бол үзэл бодлын тоо, хувийн аль аль нь
тэгтэй тэнцэх ёстой билээ. Эдгээр сэтгүүлчдийн ашигласан үгийн дунджаар 2.12
хувь нь үзэл бодлыг илэрхийлсэн байна.
Үзэл бодлын хэлбэрүүд
Бичигчийн үзэл
бодол ямар хэлбэрээр илэрснийг дараагийн хүснэгт харуулна. Нэгд, “Би” баатраар,
хоёрт, шууд үзэл бодлуудаар илэрсэн байгаа.
|
Би баатар
|
Үзэл бодол
|
|
||||||
Хэллэг, өгүүлбэр
|
Үйл үгээр
|
Төлөөний нэр
|
Хамаа-
туулсан
|
Бодол
|
Дүгнэлт
|
Таамаг-
лал
|
Сэтгэг-
дэл
|
Аяс
|
Нийт
|
Ж.Тэгшжаргал
|
44
|
23
|
17
|
18
|
15
|
9
|
9
|
0
|
135
|
Э.Хүрэлбаатар
|
52
|
21
|
7
|
16
|
21
|
7
|
11
|
14
|
149
|
Ц.Цэвээнхэрлэн
|
5
|
5
|
2
|
16
|
15
|
5
|
7
|
0
|
55
|
Нийт
|
101
|
49
|
25
|
35
|
46
|
35
|
27
|
14
|
339
|
“Би” баатар
Сэтгүүлч хүн
сурвалжлан судлах ажлыг хийхдээ ч, эвлүүлэн бичихдээ ч үйл явдлынхаа оролцогч
болж болохгүй. Хөндлөнгийн ажиглагч, шинжээч мэт байж, үйл үгийн гуравдугаар
биеэс бичиж танилцуулдаг. Тиймээс сэтгүүл зүйн бичлэгт “Би” баатар огт байж
болдоггүй.
Ж.Тэгшжаргал, Э.Хүрэлбаатар
нар “Би” баатрыг үйл үгээр ч,
төлөөний нэрээр ч илүүтэй илэрхийлжээ. Ц.Цэвээнхэрлэнгийн хувьд энэ нь арай
цөөн байна. “Би” баатрыг үйл үгээр илэрхийлэх гэдэгт “нэмж хачирлалгүй
буулгалаа”, “ороход”, “таарсан”, “асуухад”, “уулзахад”, “тоолов”, “гарлаа” гэх
мэт бичигч шууд үйл хөдлөлөө илэрхийлсэн үгсийг ангилж ялгасан болно. Төлөөний
нэрээр илэрхийлсэн”Би” баатарт “би”, “бид” , хамаатуулсан “Би” баатарт “маань”,
“минь”, “манай” гэх мэт үгсийг оруулсан болно.
Сэтгүүлчид
сурвалжлага гэхээр л “биднийг очиход...” гэж эхлээд идсэн уусан, үзсэн харсан
бүхнээ тайлагнаад эхэлдэг. Гэтэл сурвалжлагын зорилго өөр юм. Сэтгүүлч юу
хийсэн нь гол нь биш харин тухайн нөхцөл байдал, орчин, асуудалд уншигчийн
оруулах нь чухал байдаг. Тиймээс “Битгий яриад бай. Харуулаад өг” гэдэг
зарчмаар бичдэг. Тэгж үзүүлж харуулахдаа өөрийн нүдээр хийсэн ажиглалтыг
өөрийгөө оруулахгүйгээр хийж харуулна.
Гурван сэтгүүлч
материал дотроо хангалттай дүрслэлүүдийг хийсэн боловч дундаас нь өөрсдөө
шоволзож гарч ирээд бодол, сэтгэгдэл, таамгаа яриад байсан.
Судалгаанд
сонгосон гурван материалд “Би” баатар эхнээсээ дуустал нэвт шувт харагдаж
байна. Нийт 339 үзэл бодлын 175 нь буюу талаас дээш нь “Би” баатрыг илэрхийлсэн
байна.
Э.Хүрэлбаатар,
Ц.Цэвээнхэрлэн нар бичлэг дотроо ярилцлагын хэсэг оруулсан нь “Би” баатрын маш
том илэрхийлэл. Тэр хэсгүүдийг үзэл бодлын нийт тоонд бүртгээгүй. Хэтэрхий олон үгтэй учраас. Мөн хариулт дотор
нь баримт яваа учраас. Мэдээллийн төрөл зүйл дотор ярилцлага асуулттайгаа явж
болохгүй. Ярилцлага бидний мэдээлэл олж авах хэрэглүүр юм. Хэнтэй юу ярилцсан
нь сэтгүүлчийн гал тогооны асуудал. Ярилцлагаар олж авсан зүйлээ л танилцуулах
ёстой.
Тэр тусмаа сонины
бичлэгийн хувьд ярилцлага мэдээллийн төрөл зүйлд ордоггүй. Ярилцлага хүний үзэл
бодлыг илүүтэй гаргадаг учраас тэр юм.
Харин сэтгүүлч хоёр хүний харилцан яриа-диалогийг оруулбал тэр нь
баримт, эсвэл дүрслэл болох талтай.
Шууд үзэл бодол
Бичлэгт оруулсан
шууд үзэл бодлуудад бичигчийн бодол, дүгнэлт, таамаглал, сэтгэгдлийг орууллаа. Гурван
сэтгүүлчийн хувьд бодлоо эн тэнцүүхэн 16-18 удаа оруулсан мэт харагдаж байвч хамгийн цөөн
үгтэй, цөөн тооны үзэл бодолтой гарсан Ц.Цэвээнхэрлэнгийн хувьд 16 удаа бодлоо
тулгасан байгаа нь өндөр үзүүлэлт юм. Э.Хүрэлбаатар дүгнэлт хийх дуртай юм
байна. Тэр 21 удаа дүгнэлт хийсэн байхад нөгөө хоёр нь 15 удаа хийжээ.
Э.Хүрэлбаатарын хувьд сэтгэгдлээ их оруулсан байна. Мөн өгүүлбэрийг 14 удаа
“байна лээ”, “гэнэ” гэж төгсгөсөн нь
баримтыг илэрхийлсэн биш учраас үзэл бодлын өнгө аястай гэж бүртгэсэн болно. Нутагтаа болсон үйл явдлын дурсамж, зээрийн
тухай шүлэг үзэл бодлыг тодотгосон илүүц зүйл болсон байна.
Шууд үзэл
бодлуудыг баримт болгох нь сэтгүүлчийн гол үүрэг. Өөртэйгээ адилхан бодсон, таамагласан,
ижилхэн сэтгэгдэлтэй хүмүүсийг хайж олоод баримтжуулдаг. Баримт олж чадахгүй
бол тэр бодол, таамгаа орхих хэрэгтэй байдаг. Баримт энгийн тусмаа хүчтэй. Баримт
дутагдахаар “аймшигтай”, “эмгэнэлтэй”, “өрөвдөм”, “харамсмаар” гэсэн
сэтгэгдлүүдийг нэмдэг. Энэ үгсийг өөрөө биш хүмүүсээр хэлүүлэх учиртай. Нотолгоогүй
зүйл оруулснаас бичлэг дэх бодит байдал хэрхэн алдагдахыг дээр тайлбарласан.
Дүгнэлт
Агуулгын бичил
судалгаа тодорхой мэргэжлээр их дээд сургуулийг дүүргэн хэвлэл мэдээллийн
байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчид бичлэгтээ үзэл бодлоо ямар хэлбэрээр
оруулдгийг гаргаж ирлээ. Тэд “Би” баатар болж, эсвэл шууд бодол, сэтгэгдэл,
таамгаа бичих замаар үзэл бодлыг бичлэгтээ оруулдаг байна.
Тухайлбал, Ж.Тэгшжаргал “Өнгөрсөн
наймдугаар сард уг суманд анх удаа очихоос өмнө Матад өнөө хэр
цахилгаангүй байгаа гэж цөөнгүй хүнээс сонссон байлаа” гэж бичлэг дотроо
орж ирсэн бол, Э.Хүрэлбаатар “Би ч машины гэрэл гарч байгаа зүг рүү
сайтар харлаа” хэмээн, Ц.Цэвээнхэрлэн “Архангай аймгийн Цэнхэр сумын нэг
малчныхаар орлоо, өнгөрсөн намар. Гүү барьсан айлд албаар саатсан
минь энэ” гээд л бичлэг рүүгээ ороод ирж байна. Өөр олон жишээ гаргаж
болно.
Ц.Цэвээнхэрлэн “Алж
л байвал сэтгэл нь ханадаг, буудаж л байвал хорхой нь дарагддаг гаж донтнуудыг
үнэндээ ойлгохгүй юм” гэсэн бодлоо, Э.Хүрэлбаатар “Зээр хядаж байгаа
хүмүүст амьтныг хайрлах энэрэх гэсэн ойлголт огт алга. Уусан архиндаа халамцаж,
улаан зээрд болсон яахаас ч буцахааргүй дүр төрхтэй хэдэн нөхөд хуульгүй юм шиг
л аашилж байна, зүүн аймгуудад. Хууль хяналтынхан дур зоргоороо аашилж байгааг
мэдсэн ч мэдээгүй юм шиг өрөөндөө шигдэн, бичиг цаастай зууралдан сууж байна”
гэсэн дүгнэлтээ хуваалцаж байна. Харин Ж.Тэгшжаргал“ Өрнө, Дорныг
зааглан урсах Мармара тэнгисийн дээгүүр хөлөг онгоцнууд гэрэл татуулан зөрөлдөх
нь энэ дэлхийн хамаг л гайхам бүхэн нүдний өмнө зураглан байгаа мэт сэтгэл
сэргээнэ. Гэвч эндээс холдон алхах бүрт, Истанбулын захад байх Цогтоогийн гэр
рүү дөхөх тусам энэ хотын талаарх сайхан сэтгэгдэл сэмэрсээр л байв” гэсэн сэтгэгдлээ
бичиж үлдээжээ. Энэ бүхэн шууд үзэл бодлууд юм.
Эдгээр
материалууд өдөр тутмын сонинд хэвлэгдээд, улмаар сэтгүүл зүйн шагнал
хүртсэнээс үзэхэд Монголын сэтгүүл зүйн салбарт ажиллагсад сэтгүүл зүйн баримт
үзэл бодлыг тусгаар байлгах зарчмыг мөрдүүлэхэд төдийлөн анхаардаггүй юм байна.
Барууны орнуудад
баримт ба үзэл бодлыг ялгах тухай хичээл дунд сургуулийн 5-6 дугаар ангид ордог
тул сэтгүүлчид төдийгүй жирийн иргэд ч мэддэг. Монголд зарим их дээд сургуульд
энэ талаар заадаг ч хэвлэл мэдээллийн байгууллагад өөр арга барилаар
удирдуулдаг талтай байж болох юм.
Өдөр тутмын
гурван сониныхон үзэл бодлоо оруулж бичихийг харуулснаар сэтгүүл зүйн буруу
практик тогтоох аюултай.
Баримт ба үзэл
бодлыг ялгаж сураагүй сэтгүүлчид эрэн сурвалжлах байтугай мэдээ бичиж чадаж
байна уу гэдэг асуулт гарч ирж байна.
No comments:
Post a Comment