Sunday, June 27, 2021

ТА БҮҮ ЯРИГТУН, ХАРИН ҮЗҮҮЛЭГТҮН!

 

ТА БҮҮ ЯРИГТУН, ХАРИН ҮЗҮҮЛЭГТҮН!

 

А.Оюунгэрэл, Сэтгүүл зүйн багш-судлаач

 

Дүрслэх ур чадварын тухайд

Бүхий л төрлийн бичлэгт дүрслэл тун чухал үүрэгтэй. Тэр тусмаа сэтгүүлчид сурвалжилж, судалж олсон баримт мэдээллээ уншигчдадаа хүргэхдээ байнга дүрсэлж, зураглах шаардлагатай тулгардаг. Зөвхөн сэтгүүл зүйн бичлэгт ч биш бас уран зохиол, эрдэм шинжилгээний бүтээл, техникийн арга ажиллагааны зааварт хүртэл дүрслэл бий.  Харин бодит байдлыг дүрсэлж байна уу, болоогүй зүйлийг дүрсэлж байна уу гэдгээрээ ялгаатай. Сэтгүүлчид бодит байдлыг дүрслэн харуулах учиртай. Тэд зохиолчид шиг бүтээлдээ чимэг үг, хэтрүүлэл, егөөдөл, ёгтлол зэрэг хэлний уран яруу дүрслэх хэрэглүүрийг ашиглаад байх шаардлагагүй. Учир нь зохиолчид бодож олсон санаагаа уран сэтгэмжээр зохиомжилдог бол сэтгүүлчид ажиглалт, судалгаагаар олж авсан мэдээллээ байгаагаар нь хүний ой тойнд буулгах хэрэгтэй болдог.

Яагаад сайн бичих ёстойг энгийнээр тайлбарлая. Сэтгүүл зүй нь үнэний төлөө явах үүрэг бүхий нийгмийн дуудлагатай мэргэжлийн үйл ажиллагаа бөгөөд тэрхүү үнэн нь баримт дээр тулгуурладаг. Мэргэжлийн хэлээр эх сурвалж гэж нэрлэдэг хүмүүст байдаг мэдээллийг баримт гэнэ. Баримт мэдээлэл цуглуулахын тулд үйл явдал өрнөсөн газар нутагт очоод холбогдох хүмүүстэй нь уулзаж, тодорхой ажиглалт хийгээд бичиж танилцуулахыг сурвалжлах гэдэг. Хичнээн олон хүнтэй уулзаж, хичнээн хэрэгтэй мэдээллээ авсан ч уншиж буй хүний ой тойнд буутал, хүн бүр өөрийн дүгнэлттэй үлдтэл бичиж чадахгүй бол зорилго хангаагүй бичлэг болно.

Сайн бичих чадвартай болохын тулд ярих ба үзүүлэх хоёрын ялгааг ойлгох нь чухал байдаг. Бичигч өөрөө хэлж ярьж өгөөд байвал уншигчид ерөнхий мэдээлэл л хүрнэ. Харин зураглан дүрсэлж нүдэнд харагдахуйцаар, санаанд буухуйцаар бичвэл хүн тодорхой ойлголт авах буюу эсвэл өөртөө дүгнэлт хийгээд үлддэг. Хүнийг бичлэг дотор зүгээр л “өндөр” гэсэн байвал бичигч өөрөө л тэр хүнийг өндөр гэж хэлж байгаа юм. Харин өндрийнх нь яг хэмжээг нь хэлэх буюу хэн нэгэн, ямар нэг зүйлийн өндөртэй харьцуулж харуулбал уншигчид зориулсан дүрслэл болно. Үүнтэй адил “ядарсан” гэхийн оронд “байн байн эвшээнэ”, “нүдний нь зовхи бөлцийж бараантжээ”, “мөр нь унжиж, хөлөө чирнэ” гэдэг ч юм уу бичиж болох. Түүнчлэн “хүйтэн” гэж хэлэхийн оронд хүмүүс хэр дулаан хувцасласныг нэг бүрчлэн дүрсэлж харуул. Ямар малгай, ороолт, дээл хувцсыг хэрхэн өмссөнийг нь ажиглаад бичнэ гэсэн үг. “Үстэй зузаан чихэвчтэй малгай өмсөөд зөвхөн нүдээ ил гарган ороолтоороо нүүрээ битүүлээд бээлийтэй гараа хармаандаа шургуулна” гэх мэтээр бичвэл үнэхээр хүйтэн байгаагийн дүрслэл болно.

Дүрслэлийн гол зорилго бол бичиж буй үйл явдал, асуудалд уншигчийг идэвхтэй оролцуулах юм. Донжийг нь олсон, хурц тод дүрслэлүүд уншигчийг сэтгэл хөдлөл, мэдрэмжээр нь хөтлөн тархи руу нь тодорхой мэдээллийг хүргэн улмаар оюун бодолд нь дүгнэлт хийлгүүлснээр тухайн үйл явдал, асуудлын оролцогч болгодог. Харах, үнэрлэх, амтлах, сонсох, хүртэх гэсэн хүний таван мэдрэхүйгээр хүлээн авч болох бүх мэдээллийг дүрсэлж болно. Байгаль, орчин, хүн, үйл хөдлөл, асуудал гээд юуг л бол юуг үзэгдэхуйцээр харуулж бичиж болдог. Дижитал хэрэгсэл тэр ч байтугай гэрэл зургийн аппарат байгаагүй үед хүмүүс бүгдийг үгээр дүрсэлж л байсан. Хүний дотоод сэтгэлийг гадаад байдлаар нь харуулж болно. Асуудлыг тоогоор, үйл явдлын өрнөлийг дэс дараалсан тайлбараар дүрсэлж болно. Үнэр, амт, чимээг үгээр дүрслэхдээ бодит зүйлстэй адилтгах, харьцуулах, зүйрлэх аргыг хэрэглэж болно.

Дүрслэлийг бичлэгийнхээ зохих газарт шигтгэж өгвөл тун үр дүнтэй. Зорилготойгоор, хэлж буй санаагаа товойлгох гэж дүрслэлийг ашиглана. Түүнээс эхнээсээ дуустал дүрслээд байх ёстой биш. Зарим мэдээллийг энгийнээр хэлж өгөх хэрэгтэй байдаг. Хүүрнэх байдлаар бичих нь давамгайлаад уншихад уйтгар төрүүлээд байдаг учраас “Яриад хэрэггүй, үзүүлээд өг!(Don’t tell, show it!) гэдэг зарчим сэтгүүл зүйд орж ирсэн билээ. Сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрөл зүйлд дүрслэл орж болно. Урт богино, том жижгээс нь хамаарахгүйгээр  дүрслэлийг ашиглах хэрэгтэй. Учир нь Америкийн Ассошэйтед Пресс агентлагийн тоймч Саул Петтийн хэлснээр “Өнөөдөр уншигчид юмны нарийн учрыг олохыг хүсэж байна. Тэд цар хүрээгээр нь, гүн гүнзгийгээр нь бүрэн дүүрнээр нь мэдээж үнэнээр нь мэдэхийг хүсэж байна”. Дүрслэл нь уншигчдын хүсээд байгаа нарийн, тодорхой, гүнзгий мэдээллийг өгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Дүрсэлж үзүүлэх нь хэлж ярихаас төвөгтэй ч үйл явдал, түүнийг тойрсон асуудал, оролцсон хүмүүсийг нь зөв олж тогтоон, сайтар судалж чадвал мэдээлэл нь улам нарийн, тодорхой болно.  Тиймээс юуг яаж дүрсэлж болох нь  сурвалжлах явцад ойлгогддог.  Угаасаа тодорхой биш ерөнхий зүйлийг дүрслэх нь бага мэдээлэл өгдөг.  Түүнээс гадна дүрслэлийг бичлэгт оруулах нарийн заавар гэж байхгүй. Хэрхэн оновчтой дүрсэлж, зураглах нь тухайн сэтгүүлчийн ур чадварыг харуулах асуудал юм. Дүрслэх ур чадварыг бичлэгээс бичлэгт сайжруулж болно.

 

Дүрслэлийн талаарх зарим ажиглалт

“Үндэсний шуудан” сонины Нийгэм, соёлын албаны сурвалжлагч Б.Энхмартаас  2017 онд  Балдорж сангийн шилдэг бүтээлийн уралдаанд ирүүлсэн хэмжээ, төрөл зүйл, хөндсөн санаагаараа ялгаатай гурван материалыг дүрслэлийн талаас нь ажиглалаа. Эхнийх нь “Нулимстай бөхөн” гарчигтай бөгөөд онлайнаас бичгийн цаасан дээр хэвлэж авахад 20 хуудас болсон нэлээд том хэмжээтэй асуудал хөндсөн өгүүлэл байна. Дараагийн хоёр нь “Мартагдахгүй хүн” хөрөг, “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охины түүх”  сурвалжлага юм. Эдгээр бичлэгт ярилцлага давамгайлсан ч бичсэн зорилгоор нь төрөл зүйлийг нь тодорхойлохыг хичээлээ. Энэ удаад зөвхөн дүрслэлийн талаас нь дүгнэх зорилго тавьсан учраас төрөл зүйлийн нарийн шаардлагыг ярихгүй орхилоо.

Б.Энхмарт бичлэг бүртээ дүрслэл ашигласан байна. “Нулимстай бөхөн” гэсэн гарчиг өөрөө дүрслэл болжээ. Нулимстай бөхөн чухам яасныг гарчигтаа тодотгоод хэлж өгсөн бол бүр хурц тод болох байлаа. Энэ өгүүллийг уншаад Говь-Алтай аймгийнхан мялзан төст халдварт өвчинд нэрвэгдсэн бөхөнгийн сүргийг Хүйсийн говиос Шаргын говь руу оруулахгүйн тулд есөн пост гаргаад зээлийн мөнгөөр үргээх ажлыг өвлийн хүйтнээр зохион байгуулж байгааг олж мэднэ. Хүйсийн говьд байсан 6000 бөхөнгийн тал нь нэг жилийн дотор үхсэн бөгөөд чухам яаж халдварладгийг яг олж тогтоогоогүй судалж л байгаа аж. Газар дээр нь очсон сурвалжлагч нэлээдгүй оновчтой дүрслэлүүд ашигласныг дор жишээ татаж харуулъя.

Байгалийн дүрслэл – “Хүйсийн говийн адаг Шаргын говийн эхэн. Амсхийх чөлөөгүй хүйтэн хавсарга говийн бударганат бор талыг тэр чигт нь хийсгэчих шахан тачигнана. Цас багатай жил болоод ч тэр үү их говийн уудам тал нэлэнхүйдээ бараантана.”

Өвчнөөр үхэж буй янзагын дүрслэл – “толгойгоо өргөж үл дийлэн тийчлэх янзаганы хоёр нүднээс урссан нулимс, нуух дарайн хөлдөж, хойд хөл, цавь нь тэр чигтээ хар ногоон чацгаар будагдсан нь мялзан төст өвчинд дийлдэж буйг нь илтгэнэ.”

Газар орчны дүрслэл(1)“Эргүүлийн хоёрдугаар постын гэрээс арав хүрэхгүй километрийн зайд байх жалга руу өнгийгөөд ортол арав гаруй тас бөхөнгийн сэг зэмэн дээрээс нисэн холгүйхэн очиж сууцгаав.” (2)“Тас шувуу хаа сайгүй хэд гурваараа нисэлдэж, заримдаа бүр арав түүнээс олуулаа нүүгэлтэнэ. Олз олсон нь тонголзож, олоогүй нь бараантан нисэлдээд байсны учир нь Дөргөний хүрэн талд идэш ууш болчихоор сэг зэм ихтэй байгаагийнх.”

Үйл явцын дүрслэл(1)“Бөхөнгийн сэг зэм устгалын цэгүүдэд гурав дахь өдөртөө ажиллаж буй иргэд нэг явахдаа хамгийн багадаа арван сэг зэм авчирч байв.”; (2)“Говь-Алтай аймгийн Хөхморьт сумтай хил залгаа Баян-Уул сумын нутагт устгалын нэг цэг бий. Энэ нутгаас түүх бөхөнгийн сэг зэмд 2.5 метрийн урттай, хоёр метрийн өргөнтэй ухсан нүх багадах магадлалтай учраас нэмж цэг гаргахаар болов. Өөрөөр хэлбэл, Хөхморьт сумын дараа орох хамгийн олон бөхөнгөө алдсан говийн бударганат нутаг бол энэ. Хүйтэн хавсарга нь энэлэн шаналах мэт тачигнах энэ ээрэм хөндийт талд  18 хүн дөрвөн машин, хоёр мотоцикльтой үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал үхсэн бөхөнгийн сэг зэм түүж байна. Сэг бөөн бөөнөөрөө нэг дор бус дандаа ганц ганцаараа л олдоно.”; (3)“Халдвартай бөхөнг эрүүл бүс рүү оруулчихгүйн төлөө тэнд арван постын 40 хүн дулаалгагүй, дан, шалгүй гэрт хивсэнцэр дэвсээд 20-30 километрийн цаанаас ундны усаа дайж, үстэй дээлээ тайлахгүй хонож, өдөржин, шөнөжин эргүүлд гарч байна. Устгалын цэгт ажиллагсад ч тэднээс ялгарах юмгүй нөхцөлд ажиллаж байна.”

Дээрх жишээнүүд сурвалжлагчийн хийсэн дүрслэлүүд бөгөөд эдгээрээс гадна эх сурвалжууд нь яриандаа асуудлыг тодорхой зурагласныг оновчтойгоор сонгож ашиглажээ.  Тоон баримтыг ч дүрслэлд сайн ашигласан байна. Хэдийгээр Б.Энхмарт дүрслэлийг хангалттай, зохих газруудад нь хэрэглэсэн ч зохиогч өөрийн үзэл бодлыг олонтаа оруулснаар, бас зарим баримт, санаагаа олон давтсанаар  дүрслэлийнхээ ач холбогдлыг бууруулжээ.

Дараагийн бичлэгт гарч буй “Мартагдахгүй хүн” нь Говь-Алтай аймгийн Наран сумын өндөр настан Дэмидийн Нямжав гуай юм байна. Сурвалжлагч сэтгэлээс нь гарахгүй байгаа “хөгжилтэй яриа, шалмаг хөдөлгөөн, залуу насныхаа гэрэлт өдрүүдийн дурсамжуудаа дуртай нь аргагүй ярин хөхрөх түүний дүр төрх”-ийг нь  дүрслэх гэж хичээсэнгүй. Харин гол баатрынхаа яриаг цувуулан өчил (монолог) маягтайгаар хөврүүлжээ. Өөрөөр хэлбэл гол баатраа нарийвчлан судалж хөрөглөх гэж оролдсонгүй. Хөрөгт тухайн хүний амьдралд эргэлт болсон гол үйл явдлуудыг товойлгон харуулах ёстой байдаг. ОХУ-ын Эрхүүгийн Их Сургуулийн профессор В.Владимирцев “Сэтгүүл зүй бол хүн судлал юм шүү” гэж оюутнууддаа хэлдэг байсансан. Хүнийг ганцхан удаа уулзаж ярьснаар судална гэж байхгүй. Тэр тусмаа дотоод сэтгэлийг нь ойлгохгүй.

Тиймээс Б.Энхмарт гол баатрынхаа гадна орчныг харуулснаар л дүрслэлийг хязгаарлаж байна. Тухайлбал, “...аймгийн Улаанзагалмайн хорооны дарга Г.Дулмаа “Ахмадын өргөө” гэсэн хаягтай нэг давхар байшингийн гадаа аваачив. Биднийг очоод удаагүй байтал Ахмадын өргөөний модон хаалгыг жаахан хүүхэд дотроос нь түлхээд байгаа бололтой хаалга үл мэдэг доргисноо больж, ахин түлхсээр арайхийн онгойв. Будаг нь арилж, цайрсан саарал модон хаалганы цаанаас ягаан дээлтэй шавилхан эмээ гарч ирсэн нь Дэмидийн Нямжав гуай” гэж бичжээ. Түүнчлэн “бидний урд орон таягаа бараг тулалгүй алхаж гарав. Ийн явсаар гэрт нь ирлээ. Ганцаараа амьдардагийг нь илтгэх шиг эргэнэг дээр ганц аяга, хөнгөн цагаан том халбага байх аж” гэсэн нь мөн л гадна талын өнгөц ажиглалтууд юм.

Олзуурхууштай нь ярианы хооронд “хэсэг бодолсхийлснээ”, “инээд алдав”, “гээд инээсэн”, “гэж үгээ тасдаад бор цайгаа дахин аягалах нь чимээ аниргүй болсон гунигтай уур амьсгалыг эвдэн сарниулав”, “гээд хөхрөв” зэрэг сэтгэл санааны байдал, сэтгэлийн хөдөлгөөнийг харуулах дүрслэлийг хийсэн байна. Гол баатар нь өөрөө нэлээд нээлттэй, нарийвчилж ярьж чаддаг хүн тулдаа нэг сэдвээс нөгөө сэдэв рүү үсчсэн ч гэсэн яриагаараа өөрийгөө нэлээн сайн дэлгэн харуулж байна. Гэхдээ л уншигчдын хувьд “Мартагдахгүй хүн” болж чадах болов уу?

Ажиглалт хийхээр сонгосон гурав дахь бичлэг нь “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охины түүх” юм. Гарчиг нь бичлэгийн санааг тодорхой хэлээд өгч байна. Б.Энхмарт гурван жилийн өмнө буюу 2013 оны 8 дугаар сарын 22-нд болсон үйл явдлыг 2016 онд нэхэн сурвалжилжээ. Цаг хугацаа өнгөрсний дараа хийж байгаа учраас газар дээрээс хийх сурвалжлагаас өөр байж таарна. Дийлэнх дүрслэл нь охин, түүний ээжийн тухайн үеийн дурсамжаас үүдэж гарч иржээ.  Охин зургаахан настай байсан ба бас модны хонгилд ороод унтчихсан тул гурав хоногт болсон зүйлийг нэгбүрчлэн санадаггүй ч гол үйл явдлыг хангалттай ярьж өгчээ. Харин ээж нь тэр үеийн цаг агаарын нөхцөлөөс эхлэн гурав хоног үргэлжилсэн эрлийн талаар, өөрийн сэтгэл санааны байдлыг хүртэл нэгд нэгэнгүй ярьсныг сурвалжлагч цаасан дээр сийрүүлж буулгах л ажил хийсэн мэт харагдаж байна.

Гэхдээ сурвалжлагчийн хийсэн дүрслэл хэд хэд байна. Тэр есөн настай Энхзулыг “алимны бөөр шиг улаанхан хацартай, сэргэлэн цовоо нүдтэй жаахан охин инээвхийлэн” ярьсан гэж дүрсэлсэн. Түүнчлэн “Д.Өлзийбатынх Их-Уул сумын төвөөс 40 гаруй километрт намаржиж байсан бөгөөд мэдээлэл ирсэн даруйд долоон аврагч сумын төвөөс охины аавыг машиндаа суулгаад иржээ.Өлзийбатынхтай айл, саахалт байдаг нутгийн иргэд, аврагчидтай нийлэн гурван баг болоод ойр орчмын нутгаар үүр цайтал самнасан байна.Гэвч охин усанд хаясан чулуу шиг л алга болжээ. Охин тухайн үед дан цамц, тод яагаан өнгийн өмд, кеттэй байжээ” гэсэн энэ хэсэгт доогуур нь зурж тодруулсан үг хэллэгүүд тэр үеийн болж байсан үйл явдлын талаартодорхой зураглаж өгч байна. Энэ дашрамд “дан цамц, тод яагаан өнгийн өмд, кеттэй” гэсэн дүрслэлийн хувьд нэг логикийн алдаа байгааг хэлэх нь зүйтэй. Энд өмдний өнгийг хэлж байгаа л бол өгүүлбэрийн доторх зэрэгцсэн гишүүн болон хамт дурдагдаж байгаа цамц, кетний өнгийг зайлшгүй хэлэх нь зүйтэй юм. Эх сурвалжууд хэлэхгүй байвал заавал эргээд тодруулж асуух хэрэгтэй.

Энэ сурвалжлагад гарч байгаа үйл явдал нь хүний сонирхлыг татахаар эрчимтэй, дээр ээжийнх нь ярианд хүчтэй дүрслэлүүд орсон тул ой тойнд төсөөлөгдөж буухаар байна. Б.Энхмарт  сурвалжлагч ч эцэст нь эрлийн цар хүрээг харуулахаар дүрслэлийг тоон баримтаар “Аймаг, сумын Онцгой байдлын аврах тусгай ангийн долоон машин, нутгийн иргэд болон ах, дүү хамаатан садных нь 10 гаруй машин, 35 мотоцикль, 160 гаруй иргэний оролцоотойгоор уг эрлийн ажиллагаа өрнөсөн байдаг” гэж харуулжээ. Аав ээжийнх сэтгэл санааны байдлыг мөн “Охиноо эсэн мэнд олсон аав, ээж хоёр сайхан сэтгэлт эрлийн багийнхныг долоо хоногийн дараа гэртээ урьж, нижгээд найр хийсэн гэсэн. Мөн хайртай охиныг нь олохоор хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нутгийн залуу Амгаланд ч гарын бэлэг, сэтгэлийн үгээ хэлж, одоо ч айл саахалт явдаг байна” гэж дүрсэлсэн аж. Энэ бичлэг дэх үйл явдал аль хэдийнэ болоод өнгөрсөн тул сурвалжлагчаас өөрийнх нь ажиглалтаар хийсэн дүрслэлийг шаардаж боломгүй. Харин ч эх сурвалжийнхаа ярианаас зарим хэсгийг нь тухайн үед аваачих зураглал, дүрслэлд ашигласан чадварыг нь үнэлэхээс өөр зүйл үлдсэнгүй. Гэхдээ зөвхөн охины гэр орныхон биш эрэлд оролцсон хүмүүстэй уулзаж олон талын санаа оноог сонссон олон эх сурвалжаар баталгаажсан сурвалжлага болох байсан болов уу.

Товч дүгнэлт

Б.Энхмартын  бүтээлүүд сурвалжлан бичихийн гол зарчим болсон “Яриад хэрэггүй, үзүүл” гэсэн зарчмыг гоц сайн хэрэгжүүлээгүй ч дүрсэлж, зураглаж бичих гэж өөрийнхөө хэмжээнд оролдож буй сэтгүүлч гэдгийг нь харуулж байна. Өөрийнхөө үзэл бодлыг бичлэгтээ чөлөөтэй оруулаад байгаа нь зураглаж дүрслэхэд нь хамгийн их саад болж байна. Учир нь үзэл бодол бичлэгийн бодит байдлыг бууруулж байхад нөгөө талаас  дүрслэл нэмэгдүүлж байдаг учир зөрчил үүсдэг. Угаасаа дүрслэл байгаа нь сурвалжлагч тэр газарт очсоны баримт болдог байхад “Би очлоо, үзлээ, явлаа” гээд байх шаардлага огт хэрэггүй.  Түүнчлэн давтаж, нуршсан хэсгүүд нь дүрслэлийг часхийлгэхийн оронд хуучирсан мэдээлэл мэт улиг болгож байна.

Дүрслэлийн ачаар  хоолны тухай бичихэд хүмүүс үнэрлэж, амталж, өвчтэй хүний тухай бичихэд хамт шаналж, эмтэрч, баатарлаг үйлсийн тухай бичихэд омогшиж бахархдаг билээ. Аливаа зүйлийг тоогоор, өнгөөр, дүрсээр, үгээр, амтаар, дуугаар, хүртэхүйгээр гээд олон аргаар зураглан дүрсэлж болно. Оновчтой, тод  дүрслэлээр уншигчдыг үйл явдлын орчинд аваачиж, асуудлын гол гогцоог тайлбарлаж, баримттай танилцуулах нь сэтгүүлчээс ур чадвар шаардсан ажил билээ.

 

Ашигласан бүтээл

Leiter K., Harris J., & Johnson S., Complete Reporter: fundamentals of News gathering, Writing, and Editing. 2000. Allyn & Bacon. Seventh edition. Page 175.

 

Jenkin’s J. Show, Don’t Tell: What You Need to Know. https://jerryjenkins.com/show-dont-tell/

 

Б.Энхмарт. Нулимстай бөхөн.http://baldorjsan.mongolnews.mn/post/3318

 

Б.Энхмарт. Мартагдахгүй хүн.http://baldorjsan.mongolnews.mn/post/3318

 

Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охины түүх. http://baldorjsan.mongolnews.mn/post/3312

 

No comments: