Thursday, June 11, 2009

Төгсөгчдөдөө хандаж хэлэх нь

Дөнгөж сая "Сэтгүүлч" коллежийн 2009 оны төгсөлтийн ёслолын ажиллагаанд онлайнаар оролцон мэндчилгээ дэвшүүллээ. Төгсөж буй оюутнууддаа хандаж хэлсэн үгээ блог дээрээ тавьчихъя. Аливаа төгсөлтийн ёслол дээр үг хэлэхээр сэтгэл хөдлөөд хоолой, зангирч нулимс гараад явчихдаг юм. Энэ удаа уйлахаасаа өмнө амжиж үгээ дуусгалаа.

Энэхүү ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхний амар амгаланг айлтгая.

Монголын сэтгүүлчдийн эгнээнд өнөөдөр “Сэтгүүлч” коллежийг дүүргэсэн арван хүн бүл нэмэн орж ирж байна. Юуны өмнө төгсөгчид та нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Маш олон зүйл хэлмээр байвч заримыг нь хичээлийн явцад хэлснээ санаж энэ удаа хэлээ хазан өнгөрөөе дээ. Харин дараах цөөн хэдэн зүйлийг заавал хэлж захимаар байх юм.

“Ашгүй, ингээд төгсчихлөө. Багш нараасаа дахин гэрийн даалгавар авахгүй дээ” хэмээн та нар дотроо бяцхан баярлаж байгаа. Тийм ээ, биднээс та хэд дахин даалгавар авахгүй. Гэхдээ та нарын гэрийн даалгавар дуусахгүй ээ. Сэтгүүлч хүн ямагт гэрийн даалгавартай явдаг юм. Түүнийг редакц чинь, нийгмийн хэрэгцээ шаардлага болон өөрийн чинь сэтгэл зүрх өгч байх болно. Хугацаанд шахагдсан олон даалгаврыг бичиж толилуулсны чинь дараа биднээс ч олон хүн дүн тавина шүү дээ. Өөрөөр хэлбэл уншигч, үзэгч, сонсогчид л хэр зэрэг сэтгүүлч вэ гэдэг үнэлгээг та нарт өгөх болно. Тэдний дүн биднийхээс илүү хатуу чанга байх болно. Тиймээс даалгавраа сайн хийцгээгээрэй дээ гэж хүсье.

Үргэлж шинэ зүйл рүү тэмүүлж, ихийг мэдэхийн тулд уншиж судалж байхгүй бол сэтгүүлч хүн амархан хоцрогддог юм шүү. Коллежийн дөрөвхөн жилд үндсийг нь тавьж авсан мэдлэг боловсролоо бүхий л талаар тордож, бүр цааш нь дээшлүүлэн ахиулж яваарай гэж хүсэх байна.

Түүнчлэн мэдээ үнэрлэх чадвараа алдахгүй улам сайжруулаарай гэж хэлмээр байна. Энэ чадвар л сэтгүүлчийг бөхөөлгүй барьж байдаг юм шүү. Мэдээг хэрхэн олж, баримтыг хэрхэн цуглуулж бичих талаар багш нар чинь улиг болтол ярьж, та нар ч өөрсдөө уйгагүй хийж багагүй дадал олж авсан байгаа. Мэдээ үнэрлэх чадвар чинь хэр хөгжсөн нь бичиж хийсэн зүйлээс чинь тод харагдах болно.

Тархинд чинь шингэсэн бодол, гутал угласан хөл чинь өнөөдөр та нарыг хааш зүглүүлэхийг мэдэхгүй. Ямар ч газар очиж ажиллалаа ч гэсэн сэтгүүл зүйн төлөө гэсэн сэтгэлээ хэзээ ч, хэнд ч бүү худалдаарай. Та бүхний хүлээн авч буй диплом бол сайхан амьдрахын баталгаа биш. Харин Монголын сэтгүүл зүйд орон зайгаа олж, олон сайхан өөрчлөлт хийхийн баталгаа юм шүү.

Сэтгүүлчийн ажил та бүхнээс нийгэмч, иргэнлиг, зоригтой, шийдэмгий хамтран ажиллагч байхыг шаардана. Энэ бүх шаардлагыг биелүүлэхдээ нэг үзэл санаатантайгаа, ангийнхантайгаа, Хэвлэлийн Хүрээлэн болон “Сэтгүүлч” коллежийн үе үеийн төгсөгчидтэй мэргэжлийн эв нэгдэлтэй ажиллахыг хичээгээрэй.

Хамгийн сүүлд хэлэхэд боломжийг ашиглагтун гэж та нарт уриалмаар байна. Энд би та бүхний олж авсан шинэ сэтгүүл зүйн онолын мэдлэг, цаг үеийн мэдрэмж, технологийн хөгжил, залуу насны чинь сэргэлэн ой ухаан гэсэн боломжуудыг ашиглах тухай ярьж байгаа юм шүү.

Боломжийг ашиглагтун.

Гэрийн даалгавраа сайн хийгээрэй.

Та нартаа амжилт хүсэж гүнээ мэхийн ёсолсон багш А.Оюунгэрэл чинь

АНУ-ын Вашингтон муж

2009 оны 6 дугаар сарын 11*

*Монголд бол 2009 оны 6 дугаар сарын 12 болж байсан.

2 comments:

gegeen said...

setguulch college ni mongold baidag bish yum u

A.Oyungerel said...

Тийм ээ. Би онлайнаар хичээлээ заадаг юм. Анх 2001 онд сургалтын чиглэлээ тогтоож хөтөлбөрөө бэлтгэхэд нь оролцож байсан энэ коллеж энэ жил хоёр дахь төгсөлтөө хийлээ.
А.Оюунгэрэл